“Сайн яруу найрагчийн дотоод сэтгэлийг мэдье гэвэл нутагт нь оч” гэдэг үг бий. Яг л үүн шиг говь нутгийхан тал шигээ уужим сэтгэлтэй хүмүүс аж. Тиймдээ ч амьжиргаагаа залгуулдаг мал сүргийнхээ хажуугаар зэрлэг амьтдыг хайрлан хамгаалж, өсгөж үржүүлж буй нь өрөвч нинжин сэтгэлийг илэрхийлж буй хэрэг биз ээ. Бид Л.Энх-Амгалан гуайнд одод гялалзсан шөнө дунд очсон юм. Гэрийн эзэгтэй биднийг дээш суухыг урьж, аагтай шаргал цай, хөмүүл үнэртсэн хуушуур ширээн дээр тавиад “Хол газраас ирсэн хүмүүс сайн идээд ав. Замдаа нэлээд сэгсрэгдсэн биз. Хол замд явах тийм ч амар биш шүү” хэмээн найр тавин угтсан юм. Харин гэрийн эзэн “Маргааш эртхэн босоод хойд хэц рүү гарцгаая. Янгир гэдэг чинь хясаан дундаас эвэр нь түрүүлж харагддаг сүртэй амьтан шүү дээ. Хот газрын та хэд бэлчээр дээрээс нь олж харахад бэрх. Тиймээс ах нь хамт явахгүй бол горьгүй” гэв. Гэрийн тооноор одод гялалзаж, салхинд яндан үе, үехэн ганхах нь юутай сайхан. Хоточ ноход гэр тойрон хуцаж, хаа нэгтэйгээс шувуу дуугарч, чоно улих нь цаанаа л дотно. Ямаа эврээрээ хот хороогоо шөргөөж, хонь хаа нэг майлаад Хар амны бууцанд амгалан шөнө боллоо.
-ХЭЦ ДАМНАН ДАВХИХ ЯНГИРЫН СҮРЭГ-
Бөмбөг ойх мэт тэртээ талын дайдаас гэнэт л нар хөөрөн гарч ирлээ. Тэмээний бөх шиг толгодыг эмжсэн зогдор мэт хадан хясаанууд гэрэлтэн байх авай. Шинэ өдрийн шинэхэн нарыг угтах ёл шувуу амандаа бутны мөчир зуун нисэхийг харав. Энэхүү үзэгдлийг бид Сангийн далайн хэц хэмээх бүс нутгийн Аман усны өвөлжөөн хойд уулан дээрээс үзлээ. Тал нутгийн жижигхэн шовгор уулс, хадан хясаанаас таанын үнэр хамар цоргино. Хэдийнэ өвлийн эхэн сар гарсан гэхэд энэ нутагт намраараа байгаа нь сонин. Л.Энх-Амгалан гуай өврөө ухаж, дурангаа сунгаад “Чимээгүй хүүхдүүд ээ, чимээ гаргах юм бол янгир давхичихна шүү” хэмээн шивнэх шахам хэллээ. Өглөөний цэнгэг агаарыг бахдан суутал хойд хэцээр хэдэн улаан ямаа гараад ирэх шиг харагдав. Айлын ямаа болов уу хэмээн бодож байтал Л.Энх-Амгалан гуай хажуугаас нудчин “Тэр хар даа, нөгөө хэд маань гараад ирлээ” гээд дурангаа өгөв. Хоёр нүдний орос дуранг сунган харвал хойд хэцэд гарч ирсэн ямаанууд янгир болж таарав. Говийнхоо хурц, шовх хадан цохио шиг сүрлэг эвэртэй янгирууд тайван налайж харагдана. Тэдний дундаас хамгийн том эвэртэй хөх зүстэй янгир нь сүргээ ахалдаг тэх аж. Сүрэгт 20 гаруй янгир байх бөгөөд ишигнүүд нь хад дамжин тоглох нь нэн өхөөрдөм. Шувуу гуагчин нисэхэд зарим цочих шиг болно. Нар нэлээд дээш хөөрч, толгодын цаанаас янгирын сүрэг нэмэн гарч ирлээ. Гэтэл юу юугүй Л.Энх-Амгалан гуай дурангаа булаах шахам аваад “Нэг, хоёр, гурав” гээд тоолж эхлэв. Учир байдлыг нь асуувал “Энэ сүрэгт 32 янгир байх ёстой. Гэтэл энд 31 байна. Муусайн хулгайн анчид л тоншсоноос гарцаагүй. Ойрд би идэш, уушаа хийгээд эргэж чадаагүй юм. Чоно борооноор гэгчээр муусайн хулгайчид сиймхий андахгүй шүү. Ядаж байхад нас гүйцсэн сайхан хөх тэх алга байна” хэмээн бувтнав. “Одоо яах билээ” хэмээн асуухад “Сум орж цагдаад хэлнэ дээ” хэмээв. Янгир нь алга болсон гэдэгт итгэж ядан ойр орчноо нэвт харах мэт дурангаа сунган сунган хараачилна. Шувууд нисэж, талд үхэр бэлчиж харагдана. Тэнгэрт нимгэн цагаан үүлс гарч ирээд юу, юугүй сүүдэр татуулан бүрхлээ. Бутны мөчир салхинд ганхаж, мөлгөр хар чулууд гэрэлтэн байв. Ингэж байтал Л.Энх-Амгалан гуай “Аятай юу даа хүү минь, нөгөө муу хөх тэх чинь тэр хадны араас гараад ирлээ” хэмээн хэлээд босоход нь хойд хэцэд бэлчиж байсан янгирын сүрэг үргэж, их тоос босгож, чулуу бутарган эхнээсээ толгод давлаа.
Доод аманд харагдах худгийн зүг үхэр цуварч, ятуу шувуу аялгуу түгээн нисэх нь говь нутгийн амар амгалан мэт.
Энэ үед Л.Энх-Амгалан гуайн нүүрэнд инээмсэглэл тодроод малгайных нь бүч салхинд хийсэн байлаа. Янгирууд туурайн чимээ нижигнүүлэн хойш, урагш толгод дамнан давхисаар. Л.Энх-Амгалан гуай дээлийнхээ хормойг засаж, завилан суугаад тал нутгаа тольдох мэт нүдээ гүйлгэн хараад ихэд баясгалантайгаар “Янгир гэдэг амьтан ямар ч үед төрсөн нутгаа орхиж явдаггүй юм даа. Хэчнээн зудтай, гантай байсан ч төрж өссөн уулсаа тойроод л бэлчдэг жамтай. Харин аргал, зээр бол бэлчээр хайн дайжаад явчихдаг. Янгир гэдэг төрсөн нутагтаа л үхэх жамтай юм шиг байна лээ. Өнгөрсөн жилийн зуднаар хамар хатгах өвсгүй байсан. Тиймээс сумын төвөөс өвс худалдан авч, өдөр бүр энэ хэддээ тавьж өгч байлаа. Мэдээж хөгшин хонины насгүй би энэ бүгдийг хийнэ гэвэл тамир тэнхээ хүрэхгүй. Тиймээс миний хүү Сэр-Од л нааш, цааш өвс их зөөсөн. Машинаа уулын бэлд тавьчихаад л өвсөө үүрээд, уул, хад, агуй хэсэж явсан даа. Хүү минь хэрэв туслаагүй бол би янгир харах дуртай өвгөн л байх байсан биз. Түүнээс биш, янгирынхаа тоо толгойг өсгөж, үржүүлж чадахгүй нь мэдээж. Тэгэхээр манайх гэр бүлээрээ янгирчин байгаа биз дээ” хэмээн маадгар гэгч нь инээнэ. Нар хэдийнэ дээш хөөрч, салхи намдаад янгирын сүрэг тогтон бэлчээрлэж байлаа. Доод аманд харагдах худгийн зүг үхэр цуварч, ятуу шувуу аялгуу түгээн нисэх нь говь нутгийн амар амгалан мэт. Зах нь үл харагдах элсэн шаргал говийн нэгхэн хэсэгт аж төрөн суугаа Л.Энх-Амгалан гуай “Байгаль эхийнхээ үр өгөөжийг хангалттай хүртлээ. Үлдсэн насандаа байгаль эхдээ ачтай, тустай юм хиймээр санагддаг. Тиймээс өвгөн ах нь мод тарьж, ногоо ургуулж, янгир, аргал, зээр услаад өөрийнхөө чадахыг л хийж явна даа. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр муусайн хулгайн анчид буу дуугаргаж, хэдэн янгиры г минь ийш, тийш нь хөөж, улам л зэрлэгшүүлээд байх юм” хэмээн хэсэг чимээгүй сууснаа “Алив хүү минь, Гэр рүү очиж унд уучихаад 15:00 цагт худаг дээр очъё” гээд босон дээлийнхээ хормойг гөвөөд уул уруудан түрүүлэн алхлаа. Хойд хэцэд янгирын ишигнүүд үсэрч, наадан, цовхчин мөргөлдөх нь нэн өхөөрдөм. Үүнийг энд дурдах нь зүйн хэрэг биз ээ.
Л.Энх-Амгалан гуай “Байгаль эхийнхээ үр өгөөжийг хангалттай хүртлээ. Үлдсэн насандаа байгаль эхдээ ачтай, тустай юм хиймээр санагддаг. Тиймээс өвгөн ах нь мод тарьж, ногоо ургуулж, янгир, аргал, зээр услаад өөрийнхөө чадахыг л хийж явна даа. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр муусайн хулгайн анчид буу дуугаргаж, хэдэн янгиры г минь ийш, тийш нь хөөж, улам л зэрлэгшүүлээд байх юм” хэмээн хэсэг чимээгүй сууснаа “Алив хүү минь, Гэр рүү очиж унд уучихаад 15:00 цагт худаг дээр очъё” гээд босон дээлийнхээ хормойг гөвөөд уул уруудан түрүүлэн алхлаа.
-НАМАЙГ ЯНГИРЧИН АМГАА ГЭДЭГ-
Үд дундад гэрийн эзэгтэйн хийсэн амтат хоолыг идэж, аагтай шаргал цайг нь ууж, хол ойрын сонин сайхан хөөрөлдлөө. Л.Энх-Амгалан гуай радиогоо асааж, цаг агаарын мэдээ сонсон суув. Гэрийн эзэгтэй Э.Ундрахбаяр “Энэ хүн цаг агаарын мэдээ гэхээр ухаанаа алдана. За, тэгээд тэнгэр муухайрч, цас шуурах болбол ийш, тийшээ утас цохиж, хэдэн хүүхдээ сандаргаад л өвс сураглаад мөн ч сандруу хүн шүү дээ” хэмээн учирлаж дуусахтай зэрэгцээд Л.Энх-Амгалан гуай “Маргааш цас орно гэж байна. Сэр-Од руу залгаад өвс дөхүүлж, гэж хэл. Суманд өвс ирсэн сурагтай байсан” гэв. Ханийнхаа хэлснийг цааш дамжуулахаар гэрийн эзэгтэй утсаа аван сүлжээ барьдаг довцог руу явлаа. Үүний дараа Л.Энх-Амгалан гуайтай хэсэгхэн хугацаанд хөөрөлдсөн юм.
-Та түрүүнд уулан дээр байхдаа хууль бус анчид янгир зэрлэгшүүлээд байгаа талаар ярьж байсан. Хууль бусаар янгир агнах гэсэн хүн олон байдаг уу?
-Элбэг байсан, сүүлийн үед арай гайгүй болоод байгаа. Хэдэн жилийн өмнө янгирыг маань элдэж, хөөгөөд хоёр гурвыг агначихсан байв. Үүнийг цагдаад хэлсэн. Гэвч тус хэрэг хэрэгсэхгүй болж хаагдсан. Ер нь үе, үе анчид янгирыг маань айлгаад авдаг. Үүнээс болж янгир чимээ сонсоод л зугтдаг болчихсон. Уг нь бол хүнээс огт үргэдэггүй байлаа. Хол ойрын хүмүүс худаг дээр ирж, янгирын зураг дараад явдаг байв.
-Янгир хөөж, элддэг анчид нутгийн хүмүүс байх уу, эсвэл энэ нутагт янгир байгааг мэдээд өөр нутгаас ирэа үү?
-Энд янгир байгааг өөр нутаг, хошууны хүн тэр бүр мэдэхгүй шүү дээ. Ихэнхдээ л нутгийнхан байна. Хол нутгаас ирсэн анчид байдаг ч нутгийн хүмүүс газарчилж явдаг. Буу агссан анчидтай улаан нүүрээрээ таарч, хэрүүл хийгээд буцааж байсан тохиолдол цөөнгүй.
Нэрийг нь Муухай царайт гэдэг юм. Харин ишгийг нь Хөөрхөнөө гэдэг
Ийнхүү хөөрөлдөн суутал гаднаас гэрийн эзэгтэй орж ирээд “Хэлснийг чинь хүүхдүүддээ хэлчихлээ. Маргааш ургах нарнаар өвс ачаад ирье гэж байна” хэмээв. Л.Энх-Амгалан гуай толгой дохиод “Ахыг нь нутгийнхан маань янгирчин Амгаа гэдэг” гэв. Үүнийг сонссон гэрийн эзэгтэй “Битгий худлаа хөөрөөд бай. Янгирчин гэж ямар мэргэжил байдаг юм” гээд гэр дүүрэн инээд боллоо. Хэсэг хугацааны дараа Л.Энх-Амгалан гуай “Ах нь сайн дурын байгаль хамгаалагч, улсаас ямар нэгэн цалин, хангамж авдаггүй. Өөрийнхөө бор зүрхээрээ л энэ хэдэн янгирыг өсгөх гэж яваа жирийн нэгэн малчин” гэв. Гэрийн эзэгтэй “Сая үнэн хэллээ. Миний өвгөн хөөрөхөөрөө өөрийгөө янгирчин, аргалчин, зээрчин гээд хэлнэ. Зарим хүн бүр итгээд толгой дохих нь бий” гэлээ. Гэрийн хойморь голлон байсан нарын туяа хэдийнэ зүүн хана руу ташуу татан тусжээ. Тоонон дээгүүр болжмор жиргэх нь хангай дэлхий тайван амгалан байгааг илтгэн байлаа. Гэрийн эзэгтэй галдаа аргал нэмээд авдраа ухан зургийн цомог гаргаж, янгиртай хамт авахуулсан зургаа үзүүлэн “Энэ янгир анх ишигээ дагуулан худаг дээр ирж байлаа. Нэрийг нь Муухай царайт гэдэг юм. Харин ишгийг нь Хөөрхөнөө гэдэг. 2008 онд ишгээ дагуулж ирээд худгаас ус уугаад маргааш нь сүргээ дагуулаад ирж байв. Тэр цагаас хойш бид “Муухай царайт” гэж дууддаг болсон. Хөөрхий минь 2009 оны хавар цасан шуурганаар үхсэн дээ. Түүний ишиг Хөөрхөнөө ус уух болгондоо өвгөн бид хоёрт эрхэлж, хойгуур, урдуур тонгочдог сон” хэмээн ярьж суутал “Хурдлаарай, хурдлаарай” гээд Л.Энх-Амгалан гуай бидний яриаг таслаад “15:00 цаг болчихсон байна. Одоо нөгөөдүүл чинь худаг руу цуварч байгаа. Ус уухаас нь өмнө очоод хүлээж байя” гээд хоёр сав бариад түрүүлээд гарлаа.
Битгий худлаа хөөрөөд бай. Янгирчин гэж ямар мэргэжил байдаг юм
-ХУДАГ ДЭЭР-
Л.Энх-Амгалан гуай янгир ирэхээс өмнө онгоцоо дүүргэхээр ховоо татна. Түүний гэргий машинаасаа хоёр сав гаргаж, ус дүүргэлцээд “Янгирууд маань энэ амыг уруудаад цуварч ирнэ шүү дээ” гээд заав. Удалгүй том эвэртэй хөх зүстэй янгир гарч ирээд, урд хөлнийхөө нэгийг өргөөд зогсчихлоо. Үүнийг анзаарсан Л.Энх-Амгалан гуай “Янгир ингэж зогсоод чимээ чагнадаг юм. Ер нь янгир чимээ чагнах, үнэрлэх хоёртоо нэн сайн. Харин аргал бол харахдаа сайн юм билээ. Танихгүй хүний үнэр авчихаад л ингэж зогсоо байх даа. Энэ хөх тэх бол сүргийн ахлагч” гэв. Салхи сэрчигнэж, хүйтний эрч нэмэгдсээр байлаа. 40 гаруй минут өнгөрсний дараа нөгөөх хөх тэх тэвчээр алдсан бололтой газар ширтэн худаг руу дөхөж эхэллээ. Араас нь янгирын сүрэг сүүдэр татсан уулын амнаас нуруун дээрээ нарны туяаг өргөх мэт тонголзон гарч ирлээ. Зөөлөн, зөөлөн алхалсаар янгирын сүрэг худаг өөдөө айсуй. Бут, сөөгөн дээгүүр болжмор, тагтаа, ятуу зэллэн суугаад хаа нэг нисэж, худгийн уснаас тогшино. Толгодын сүүдэр зүүн тал руугаа унаж, нарны элч буурав. Өвлийн эхэн сар болохоор хүйтэн жавар үлээж, дэрсний толгой салхинд ганхан исгэрнэ. Хэсэг хугацааны дараа янгирууд худагт ирж, сүргийн эзэн хөх тэх онгоцтой уснаас хүд хүд залгилав.
Өнгөрсөн жилийн хавар явж чадахаа болиод манай саравчинд сар байсан юм
Бусад янгир ч онгоцтой ус руу дайрлаа. Ус ууж ханасан хөх тэх эврээ сэрийлгэн зогсоход завж сахлаас нь ус дуслах нь сүртэй гэж жигтэйхэн. Янгирууд худаг тойрон давхиж, ховоо татаж буй Л.Энх-Амгалан гуайг хошуугаараа шөргөөх нь холгүй эрхэлнэ. Энэ үед Э.Ундрахбаяр гуай “Тэр хар даа, өвгөнийг ноолоод байгаа улаан ямааг. Өнгөрсөн жилийн хавар явж чадахаа болиод манай саравчинд сар байсан юм. Хүүхдүүд бүр чихэр идүүлээд сургачихсан гээд бод. Бодвол чихрээ нэхэн хошуугаа өгч байгаа энэ биз. Гэхдээ зэрлэг амьтан гэдэг зэрлэг л байдаг юм билээ. Тэнхээ орох тусмаа хашаа, хороон дээгүүр цовхчин давхиж, гэрийн бүрээс зулгалаад, хонь, ямаа мөргөж хөөгөөд байдаг юм. Нэлээд тэнхээ орсныхоо дараа манай хоньтой хэд хоног бэлчээрт гарч байгаад сүрэгтээ нийлсэн. Нэрийг нь Солби эвэрт гэдэг. Харин түүний цаана зогсож байгаа улаан ямааг Сайран хөлт гэдэг. Яагаад энэ нэрийг өгсөн бэ гэхээр хэдэн жилийн өмнө доод дэрсэн дээгүүр том, том шувуу эргэлдээд байлаа. Өвгөн дуран сунган харж, “Ямар нэг амьтан хорогдсон бололтой” гэсэн. Тэгээд л өвгөн бид хоёр мотоциклоо асаагаад давхиад очтол энэ маань харангадаад хэвтэж байв. Жаахан л удсан бол шувууны хоол болох байсан даа. Бид мотоциклтой дүүрч худаг дээр авч ирэн цангааг нь тайлсан. Хэсэг хугацааны дараа бостол хөл нь тойгоо хүртэл хужир болчихсон байсан юм. Тиймээс Сайран хөлт гэж нэрлэсэн дээ” гэтэл Л.Энх-Амгалан гуай “Ай, бас ховоо татах чанга байна шүү” гэсээр дэргэд ирэн суугаад “Тэр дэрсний цаана зогсож байгаа халтар тэхийг харж байна уу. Нэрийг нь Сайрга хөлт гэдэг. Явж байгаа нь хүртэл сайрганаад аргагүй л сайрга амьтан даа” гэв. Үдшийн бүрий болж, цагаан гэгээ татах үед янгирын сүрэг ирсэн замаараа цувран буулаа. Л.Энх-Амгалан гуай савтай усаа машиныхаа тэвшинд ачаад эхнэрээ суулган гэрийн зүг хөдлөв. Од чуулсан тэнгэрийн дор, говийн намхан толгод дунд амгалан шөнө айлчлан ирж буй нь энэ.
Од чуулсан тэнгэрийн дор, говийн намхан толгод дунд амгалан шөнө айлчлан ирж буй нь энэ
Говьд цас орохтой зэрэгцээд янгирын сүрэг хөх хадат уулаа барааддаг юм байна. Хүйтний эрч чангарах тусам уулын орой руу тэмүүлдэг ажээ. Цагийн аяс зөөлөрч хаврын урь орохтой зэрэгцээд эвэр нь сэрийсэн хөх тэх сүргээ дагуулаад л энэ л жижигхэн худаг дээр хүрээд ирдэг гэнэ. Ингэж л ижил дасал болсон янгирын сүрэгтэйгээ Л.Энх-Амгалан гуай уулздаг. Бидний зогсож байгаа Хар дэлийн аман усны худгаас холгүйхэн байх нөмөр нөөлөгтэй бор хондонд жил бүрийн хавраар янгирын сүрэг төллөж, нялх ишиг хад цуурайтуулан майлж хаврын найраг болдог гэсэн.
Газрын хэвлийг хүү татаж, баялгийг нь ховх сорсноос болж ангамал цөл болж байгаа өмнийн цэнхэр говьд зэрлэг амьтад уух усгүй харангадах аюул нүүрлэж байна. Энэ хүнд хэцүү цагт худгаас ус ховоодон зэрлэг амьтдыг услан зогсож байгаа Л.Энх-Амгалан гуай болон гэр бүлийнхэнд нь баярлалаа. Ирэх хавар униар татсан энэ талд бороо шаагин орж, үндэс болгон өөдөө тэмүүлэн ургаасай билээ.
Л.ЭНХ-АМГАЛАН: ГОВИЙН БОР ТОЛГОД ДУНДАА ХЭДЭН ЯНГИРАА УСЛААД ЗОГСОХ ШИГ ЖАРГАЛ АЛГА ДАА, ДҮҮ МИНЬ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |