• Өнөөдөр 2024-05-03

Монголын "ХААН", коронагийн "БООЛ" Засгийн газар

2021-06-18,   735

             Засгийн газар “Ковид-19” цар тахалд далан таваар буугаад өгчихсөн гэлтэй. Хоногт бүртгэгддэг халдварын тоо 2000 давж, нас баралтын тоо тогтмол 10 дундажтай болж, халдварын тархалтаар тивдээ тэргүүлж, ард түмэн тэвдэж, төрөөс шийдвэр хүлээж суухад Засгийн газар тоож байгаа янз алга.
 
“Ковид-19” цар тахал гурван Засгийн газар, гурван сонгууль дамжиж, эцэст нь Монголыг бүхэлд нь “эзэллээ”. 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед “Ковид-19” цар тахал аюул заналхийлж эхэлсэн. Түүнийг 31 дэх Ерөнхий сайд болсных нь дараа дотоодод халдвар тархаж, улс даяар хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Хоёр Засгийн газрыг хүчин мөхсөдүүлсэн “Ковид-19” цар тахал 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Ковид-19” улам “галзуурч” байна. У.Хүрэлсүх “Ковид-19” цар тахлын өмнө өвдөг “сөхөрч”, нөгөөтээгүүр Ерөнхийлөгч болох чандын амбицдаа хөтлөгдөж, тавчик, халадтай эхээр халхавчлаад “зугтаж” одсон. Орондоо ирээдүйтэй, итгэл даахуйц хүн үлдээлээ гэж ард түмнээ тайтгаруулсан. Улмаар Л.Оюун-Эрдэнэ залуу, эрч хүчтэй, “Харвард”-ын боловсролтой гэж баахан шагшуулж, эхний 100 хоногтоо багтаан нийт хүн амыг вакцинжуулж, цар тахлын аюулаас гэтэлгэх амлалт өгч Ерөнхий сайдын сэнтийд заларсан. Харамсалтай нь, “Хурандаа” У.Хүрэлсүхийн хүчрээгүй “Ковид-19” цар тахлыг дарж устгах даалгавар авсан Л.Оюун-Эрдэнэ бас л хүчрэхгүй нь бололтой. Цар тахлын аюул айл бүрийн хаалгыг тогшиж байсан бол одоо “балбаж” байна. 

Уг нь зөөвөрлөгдөж орж ирсэн анхны тохиолдол Франц улсын иргэн “Анх-отгон”-оос хойш нэг жил хагас, эмнэлэгт алдагдсан анхны тохиолдол ХӨСҮТ-ийн сувилагчаас хойш нэг жил, дотоодод илэрсэн анхны тохиолдол тээврийн жолооч Д-гээс хойш найман сарын хугацаа өнгөрлөө. Өөрөөр бол, “Ковид-19” цар тахалтай тэмцэх арга барилаа олбол олохоор цаг хугацаа өнгөрлөө гэсэн үг. Гэтэл яаж нэгдсэн зохион байгуулалтад орох, хэрхэн тэмцэх учраа олохгүй явсаар л. Учраа олохгүй гэхээс илүүтэй сэтгэл, зүтгэл гаргахгүй байна гэх нь зөв ч юм уу. 

 
           У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын аль аль нь эхэндээ “Хөл хорио бол цар тахлаас гэтлэх хамгийн шилдэг арга” гэж ухуулсан. Ард түмэн итгэсэн, хамаг аж ахуйн нэгжүүдийнхээ хаалгыг лацдаж, хот, хөдөөгийн бүх замаа хаагаад хатуу хөл хорионд орсон. Орцныхоо үүдэнд цагдаатай, гудамжныхаа үзүүрт цэрэгтэй олон өдөр хоногийг өнгөрүүлсэн. Үр дүн гараагүй. Эсрэгээрээ аж ахуйн нэгжүүд дампуурч, ажилгүйдэл, ядуурал хавтгайрсан. Ард түмэн “Хөл хорио бол шийдэл биш юм байна” гэж эсэргүүцэж эхэлмэгц сүүлийн хөл хориогоо 300 мянган төгрөгийн “цалинтай” тогтоосон. Бас л үр дүн гараагүй. Одоо хоногт 2000 давсан шинэ халдвар бүртгэгдэж байгаа ч хатуу хөл хорио тогтоох “эрх” Засгийн газарт байхгүй. Тогтоосон хөл хориогоо зохион байгуулалттай, үр дүнтэй байлгаж чадалгүй ард түмнийг төлөвлөгөөгүйгээр туйлдуулж, хөл хорионы бүх эрхээ шавхчихсан учраас тэр. 
 
Дараад нь “Вакцин бол цар тахлыг устгах хамгийн шилдэг арга” гэж ухуулсан. “Ковидгүй зуны төлөө”, “Вакцинтай Монгол хүн” гэж баахан сэнхрүүлсэн. Вакцингүй бол хөдөө явж болохгүй, үсээ засуулж, гоо сайхандаа анхаарч, худалдааны төвүүдээр үйлчлүүлж болохгүй гэж “хавчсан”. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өдөр бүр шахуу дархлаажуулалтын цэгүүдэд очиж, “Дэлхий нийтэд вакцины бараа хараагүй хэдэн арван улс байна. Гэтэл бид вакцинтай, алийг нь хийлгэх вэ гээд сонгоод сууж байгаадаа талархах хэрэгтэй” хэмээн ардын баатрын дүрээр ярьж, дархлаажуулалтаараа тивдээ тэргүүлж байгаагаа сайрхаж байсан. Гэвч бас л “Вакцины бол эцсийн шийдэл биш” болж хувирлаа. Хоёр дахь тунгаа хийлгээд сар болчихсон, “айдгаа авдартаа хийчихлээ” гэж сэтгэж явсан иргэд захаасаа халдвар авч, нас барж байна. Халдвар хүүхэд, хөгшид, хөл хүнд эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд, “Вакцинтай Монгол хүн”-ийг ялгахаа болилоо. Одоо халдварын тархалтаараа тивдээ тэргүүлж байна. 
 
Ингээд харвал Засгийн газар “Ковид-19” цар тахлын өмнө үнэнхүү хүчин мөхсөдөж байна. Уг нь Ингэхдээ УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль угсраа, үнэмлэхүй ялалт байгуулж, ноёрхлоо тогтоосон эрх баригч МАН-ын Засгийн газарт бүх эрх мэдэл, хөрөнгө санхүү, хүн хүч нь байгаа ч зөв зохион байгуулж, сэтгэл зүтгэл, ур чадвар гаргаж чадахгүй байгаа учраас хүчин мөхсөдөж байна. Энэ янзаараа улсын бүх хүн халдвар авч, тэндээсээ суурь өвчтэй, дархлаа муутай бүх хүн нь нас барж байж л цар тахлын халдвар зогсох бололтой юм. 

Монголын "ХААН", коронагийн "БООЛ" Засгийн газар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-20 19:51:06
    зочин : ОДОО ЯАНА . ЮУ БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА БОЛ? МАН УЛС ТӨРИЙН ШИЙДВЭРЭЭ ГАРГААЧ. ОДОО ИНГээД АРЧААГҮЙГЭЭР ХҮМҮҮСЭЭ АЛДААД БАЙХ УУ? ТООНЫ ЦАНАА ХҮНИЙ АМЬ, АМИН ЗУЛГАА, ӨНЧРӨЛ ХАГАЦАЛ БАЙНА. ОДОО ЮУГ ХҮЛЛЭЭГЭЭД ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БАЙНА. ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИНЬ ХАШИР БУРХИ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ, ЦЭЭЖЭЭЭ ДЭЛДСЭН, ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ЯРЬХААС ӨӨР ЗҮЙЛГҮЙ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-18 14:58:36
    Zo: Ard tumen chini tuildaj bnaa.Ene uls oron haashA yavaad bnaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-18 13:15:49
    МаамГанцогт: Оюун-эрдэнийн засаг огцор.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188