• Өнөөдөр 2026-11-02

ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2026-11-02,   44

Казахстан Улсын Астана хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  боллоо. Эрэгтэйчүүдийн 58 дахь, эмэгтэйчүүдийн 37 дахь удаагийн  ДАШТ аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөв. ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд ОУХМ Энх-Амарын Даваанасан, 59 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд МУГТ Төмөр-Очирын Тулга  нар тус тус хүрэл медаль хүртэв.

    Монгол Улсын гавьяат тамирчин, “Белград-2023” ДАШТ-ий 65 кг-ын жингийн хүрэл медаль, “Загреб-2025” ДАШТ-ий 70 кг-ын жингийн мөнгөн медальт ,Азийн наадмын аварга, Азийн аваргын хошой мөнгөн медальт, МУГТ Т.Тулга  “Астана-2026” ДАШТ-ий 70 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, “Бөмбөрцөгийн бөх” гэдгээ нотлон харуулж чадлаа.  Тэрбээр энэ удаагийн ДАШТ-д үнэхээр сайн барилдсан. Т.Тулга 70 кг-д жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж, эхний тойрогт гоц мөргөн, ялалт авсан. Улмаар дараагийн тойрогт Казахстаны тамирчин, Азийн аварга Санжар Досжановтой барилдаж 3:1-ээр ялсан юм. Шигшээ наймд үлдэх барилдаанд Т.Тулга  Ираны Сина Махди Халилитэй барилдсан.  Ираны тамирчин Сина Халилийг  6:1-ээр буулган авснаар шөвгийн  дөрөвт шалгарч үлдсэн юм.

    Дэлхийн аваргын хагас шигшээ барилдаанд тэрбээр ОХУ-ын тамирчин, Европын аварга Ибрагим Ибрагимовтой хүч сорьсон. Тус барилдааны турш манай Т.Тулга илүүрхэн 2:1-ээр хожил авах байлаа. Гэтэл шүүгч барилдааны цаг дуусахад 35 секунд дутуу байхад манай бөх Т.Тулгад оноо, торгууль өгч, хоёр бөхийн оноог 2:2 болгон тэнцүүлж, сүүлийн оноогоор ОХУ-ын бөх Ибрагим Ибрагимовд ялалтыг өгсөн үнэхэээр харамсалтай байлаа.  Шүүгчийн давуу эрхийн луйврыг эсэргүүцэж, манай багийн дасгалжуулагч “Challenji” дарсан юм. Гэвч дэвжээний шүүгчийн шийдвэрийг ерөнхий шүүгч зөв гэж үзсэн. Ингээд манайх “Challenji” –аа алдаж, шүүгчид  Оросын бөхөд нэмээд нэг оноо өгч 3:2-оор Т.Тулга ялагдал хүлээхээс өөр аргагүй болсон.  Хэрэв дэвжээний шүүгч түүнийг барилдааны  цагийн төгсгөлд оноо, торгуулиар торгоогүй байсан бол Т.Тулга дэлхийн аварга болох боломжтой байв.

   Үүний дараа гавьяат тамирчин Т.Тулга, Молдавын бөх Васили Диаконтой ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй үлдсэн.  Тус барилдаанд Т.Тулга 9:0-ээр оноо салгаж, илүүрхэж, залгаад  дархан тонгорох мэхээ хийж,  даралтаар цэвэр ялсан юм.  Ийнхүү тэрбээр сүүлийн таван дэлхийн аваргад барилдаж гурав дахь медалиа хүртэж байна.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож,  ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальтай боллоо.

    Т.Тулга 2023 онд Серби Улсад болсон  “Белград-2023” ДАШТ-д  65 кг-ын жинд барилдсан юм. Тэрбээр эхний тойрогт Германи Улсын тамирчин Александр Семисоровыг 9:2-оор ялж байлаа. Улмаар наймны нэг шигшээ барилдаанд Азербайжан Улсын тамирчин олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга алдарт Хажи Алиевыг цэвэр дарсан хэдий ч дэвжээний шүүгч түүнд ялалтыг өгөлгүй 3:3-аар оноо  тэнцүүлж, сүүлийн авсан оноогоор ялалтыг Хажи Алиевт өгч луйвардаж байв.

    Тэр үед МЧБХ-оос албан мэдэгдэл гаргаж, Т.Тулгын барилдаантай холбогдох өргөдлийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны техникийн зөвлөлд гаргасан байдаг. Нэгэнт шүүгчийн гаргасан шийдвэрийг ДБХ-ны техникийн зөвлөл  өөрчлөхгүй гэж шүүгчээ өмөөрөөд л өнгөрч байсан билээ.  2024 оны ДАШТ-д Т.Тулга явж чадаагүй юм. УАШТ-д ОУХМ Ц.Цогбадрахад хожигдсон гээд л үлдсэн юм. Т.Тулга МЧБХ-д өргөдөл гаргаж, ОУХМ Ц.Цогбадрахтай сорилт хийлгэж өгөөч гэсэн боловч, түүнийг хүсэлтийг хүлээн аваагүй юм. Ингээд л Т.Тулга 2024 оны ДАШТ-ийг өнжиж байлаа.

   Харин Т.Тулга “Ханжоу-2022”  Азийн XIX наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө дэлхийн аварга Ираны Рахман Амузид Халилитай барилдаж 11:1- ээр ялж Азийн наадмын аварга болж байсан билээ.  Т.Тулга жиндээ Казахстаны Мухтар Санжарыг 10:0-ээр, Камбожийн Ён Бу Наг 10:0-ээр, Өмнөд Солонгосын Ким Ча Суныг 10:0-ээр, зооны аваргын төлөөх барилдаанд  Хойд Солонгос буюу БНАСАУ-ын тамирчин Ким Кван Жиныг 11:0-ийн харьцаагаар буулган авсан юм. Тэрбээр Азийн наадамд анх удаагаа оролцож, 65 кг-ын жинд аваргын алтан медаль хүртэхдээ  нийт таван барилдаан хийж зөвхөн шигшээ шатанд, шүүгчийн заалтаар торгуулийн нэг оноо алдаж, бусад бүх өрсөлдөгчөө цэвэр хожсон юм.

   Т.Тулга “Загреб-2025”  чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 70 кг-ын жинд анх удаа жин өгсөн барилдсан. Тэрбээр эхний тойрогт Молдавын Дикон Василег 2:0-ээр, хоёрдугаар тойргийн барилдаанд  Болгарын Георгиев Илиевийг даралтаар цэвэр ялж, шигшээ наймд үлдсэн. Улмаар Гүржийн бөх, Европын аваргын мөнгө, хүрэл медальт Акаки Кемертелидзег 11:0-ээр  оноогоор цэвэр ялж, хагас шигшээд шалгарч байв.  Хагас шигшээд Казахстаны бөх, 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2024 оны дэлхийн аварга, Азийн гурван удаагийн аварга Нуркожа Кайпановыг 5:2-оор ялж, ДАШТ-ий алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн.  Дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы бөх, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Ёшиносүкэ Аоягитой барилдан хожигдож, “Загреб-2025”  ДАШТ-ий мөнгөн медальтан болж байлаа. Харин жилийн дараа “Астана-2026” ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн гурван медальтай “Бөмбөрцөг”-ийн бөх боллоо.

 


 

 


ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188