• Өнөөдөр 2024-03-29

Хийсвэр амлалт, хийдэггүй ажлынхаа зүсийг хувиргасан нийслэлийн сонгууль

2020-10-12,   561

Мөрийн хөтөлбөрүүд мөрөөдөл биш байгаасай

Амьдарч буй орчин тань эрүүл, аюулгүй, таатай нөхцөлийг хангаж чадаж байна уу гэх асуултад хүн бүр ам уралдан болж бүтэхгүй зүйлсээ тоочно. Арга ч үгүй биз, сүүлийн жилүүдэд иргэдийг бухимдуулах, санаа зовоосон олон асуудал ар араасаа хөвөрч байгаа. Хот, хөдөөгийн алинд нь ч ялгаагүй. Хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, машины зогсоол, хог, утаа, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ  гэхчилэн асуудал олон бий. Дөрөвхөн хоногийн дараа бид энэ асуудлаа шийдэх үү, болих уу гэдэг сонголтыг хийх гэж байна. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийнхээ ИТХ-ын төлөөлөгчийг бид дөрөвхөн хоногийн дараа сонгоно.

Орон нутгийн сонгууль уриа лоозонгийн шинжтэй болж, иргэдийн анхааралгүй байдлаас дарга болох хүсэлтэй хүмүүс завшиж байгааг нуух  юун. Иймдээ ч орон нутгийн сонгуулийг ирцийн босгогүй болгож, санал өгөх хугацааг нь багасгасан. Ер нь бол жаран чавганц уралдаад, нэг нь түрүүлэхээс өөр гарцгүй гэсэн үг.

Энэ удаагийн орон нутгийн сонгууль урьдын адил нам, гүмхэн болоод л өнгөрөх нь. Нам, гүм гэж тодотгосны учир иргэдийн амьдралд төдийлөн нөлөөлөх өөрчлөлт гарахгүй нь бололтой. Сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр бодлогоо танилцуулах ажил шувтарч байгаа. Гэвч тэдний дунд бодлогоороо цойлоод гараад ирэх хүн байхгүй бололтой.

Мөнөөх л олон жил ярьсан мөрөөдлийн амлалтууд цаасан дээр дурайж байгаа харагдав. Ийм л байдалд итгэл алдарсан иргэд сонгуульд ач холбогдол өгөхөө болиод уджээ. Сонгосон ч ялгаагүй, хариуцлага хүлээх хүн байхгүй гэдэгтэй нэгэнт эвлэрчихсэн гэсэн үг. Сонгуулиар бодлого, мөрийн хөтөлбөрөөр уралдахаас илүүтэй нэгнээ сайн “харлуулж”, өөрийгөө дөвийлгөж, сайн, муу аргаар олонд танигдсан нь ялалт байгуулдаг жишиг тогтчихсон.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөнө. Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901,  сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд зургаан нам эвслээс 696 нэр дэвшигч дэвшиж байгаа. Үүнээс сонгогч саналаа өгөхдөө хоёр шатны ИТХ-ын төлөөлөгчийг сонгох учиртай. Тодруулбал, нийслэлийн иргэд нийслэлд төлөөлөх төлөөлөгчөө дүүргийн төлөөлөгчтэй хамт сонгох бол орон нутгийн иргэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сумын ИТХ-ын төлөөлөгчтэй нь хамт сонгох юм.

МАН: Орчин үеийн метрополитан хот бий болгоно

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН орон нутгийн сонгуулийн пи-араа дахиад л “Хүчээ нэгтгэе” уриалгаар эхлүүлсэн. “Хотын хөгжилд хүчээ нэгтгэе” хэмээн уриалсан МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд 231 заалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байна. Тэд орчин үеийн метрополитан хотыг бий болгоно гэж ээ. Үүнээс түгжрэлийг бууруулах ухаалаг шийдэлдээ  олон төрөлт ухаалаг тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар тусгасан нь анхаарал татаад буй. Метротой болно гэх олон жилийн мөрөөдөл өдийг хүртэл биеллээ олоогүй байхад агаарын дүүжин тээврийг нэвтрүүлнэ гэх амлалт өгчээ.

Мөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хэд хэдэн заалт тусгасан. Тухайлбал жил бүр доод тал нь 1000 гарааны бизнесийг дэмжих бодлого боловсруулна, 0-2 настай хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдийн аль нэг нь хүүхдээ асрах тохиолдолд амьдралд хүрэлцэхүйц баталгаатай орлого олгодог тогтолцоонд үе шаттайгаар шилжих бодлогыг боловсруулна. Жирэмсэн, 3-5 настай хүүхэдтэй ажилтныг цалин бууруулахгүй, богиносгосон цагаар ажиллах тогтолцоо бүрдүүлэх санаачилгыг дэмжинэ гэжээ. Гэвч үнэн хэрэгтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэх бодлого нь халамжид дулдуйдсан, эзнээ олдоггүй хөтөлбөр болж замхардгийг иргэд мартаагүй биз.

Түүнчлэн “Хүнд ээлтэй хот” хөтөлбөрийг санаачлан стандартад нийцсэн явган замыг шинээр болон шинэчилж сайжруулах, тусгай хэрэгцээт иргэдийн эрх, оролцоог хангах, дүүрэг бүрд тусгай хэрэгцээт хүүхдийн төвийг байгуулах, хотын захиргааны шинэ байрыг түшиглэн залуус, оюутны жишиг төвийг байгуулах зэрэг хэд хэдэн саналыг боловсруулан хэрэгжүүлэх гэнэ.

АН: Гэр хорооллыг орон сууцжуулна

УИХ-д хоёр удаа далаараа тавиулсан АН энэ удаагийн нийслэлийн сонгуульд бусад нам эвсэлтэй нэгдэн орж буй. АН нийслэлд таван хэсэгтэй  200 гаруй амлалт бүхий мөрийн хөтөлбөр боловсруулан өрсөлдөж байна. “Нийтийн тээврээр үнэгүй зорчуулдаг болгоно” гэж мөрийн хөтөлбөрөө танилцуулсныг сонсоод л иргэдийн итгэл алдарч эхэлсэн. Нийтийн тээврийн үнээс болоод суухгүй байгаа хэрэг биш шүү дээ гэх сэтгэгдэл хөвөрч эхэлсэн нь АН-ыг хөрсөн дээрээ буусан хөтөлбөр боловсруул гэсэн иргэдийн сануулга байв. АН энэ удаагийн нийслэлийн сонгуульд гэр хорооллыг хөгжүүлэхэд түлхүү анхаарна гэжээ. Тэд “Ухаалаг засаглалтай Улаанбаатар”, “Ажил орлоготой Улаанбаатар”, “Нээлттэй төлөвлөлттэй Улаанбаатар”, “Эко Улаанбаатар”, “Ээлтэй Улаанбаатар” гэсэн үндсэн таван чиглэлд нийслэл хотоо хөгжүүлэхээр мөрийн хөтөлбөрийг боловсруулсан гэнэ. Энэ нь нийслэлчүүдийн хувьд олон жил сонсож, дасал болчихсон үгс. Час хийсэн хөтөлбөр боловсруулаагүй ч доод шатандаа олонх болчихвол ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг АН-ынхан энэ сурталчилгааны хугацаанд харуулах ёстой байв. Гэвч тэд үүргээ гүйцэтгэж чадалгүй сонгуулийн дүнгээ тавиулах нь.

ХҮН: Нийслэлийн түгжрэлийг 50 хувь бууруулна

Нийслэлийн сонгуульд оролцох эрхээ алдах шахсан ХҮН-ыхэн сонгуулийн кампанит ажлаа бусад нам эвслээс хожимдож эхлүүлсэн ч сурталчилгааны ажилдаа шуурхайлан орсон. УИХ-д ганц суудалтай тус нам энэ удаагийн сонгуульд нэлээд эрчимтэй оролцож байна. Иргэдтэй уулзаж, сурталчилгаа явуулж байгаа нь бусад намаас арай өөр, илүү сэтгэлтэй хандаж байгаа нь илэрхий. Тэд мөн л түгжрэлийн асуудлыг хөндөж, НИТХ-д өрсөлдөх 27 нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа “Нийслэлийн түгжрэлийг 50 хувь бууруулна” хэмээн нийслэлийн ХҮН-ын дарга П.Наранбаяр мэдээлж байв.

Ингэхдээ тэд такси үйлчилгээний чанар, үйлчилгээний хүртээмжийн асуудлыг сонгож, сурталчилгааны ажлаа бодит жишээгээр харуулж байна. Хэн нэгэнд зурагт хуудас тараахаас илүү бодит байдалтай нийцүүлсэн бодлого баримтлахыг хичээж байгаа бололтой. ХҮН-ынхан “Хүнд ээлтэй хот”, “Технологижсон хот”, “Ногоон хот”, “Хүндээ үйлчилдэг хот”, “Бизнест ээлтэй хот” гэх таван хэсэг бүхий мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн байна. Тэд бусад намын жишгээр нийслэлийн тулгамдсан асуудлыг ийн нэрлэсэн ч ухуулга, сурталчилгааг бодитоор явуулж байгаа нь сайшаалтай.

Ийн манай улсын нийт хүн амын тал хувь нь буюу 1.5 сая хүн амьдарч буй нийслэлд нэр дэвшиж буй нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг задалж үзвэл олон жил ярьсан утаагүй, түгжрэлгүй, цэвэр, цэмцгэр хот болно гэсэн амлалтууд урьдын адил дурайж байна. Мөнөөх хийсвэр амлалт, хийдэггүй ажлуудаа нэр, нэршлийг нь өөрчлөөд, зүсийг нь хувиргаад уралдуулж байна гэсэн үг. Мөрийн хөтөлбөрүүд мөрөөдөл биш байгаасай.


Хийсвэр амлалт, хийдэггүй ажлынхаа зүсийг хувиргасан нийслэлийн сонгууль
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188