• Өнөөдөр 2026-06-18

Э.ТӨГСЖАРГАЛ: "ОДДЫН ГЭГЭЭ" КИНОНЫ ГЭГЭЭГИЙН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ

    Залуу жүжигчин Э.Төгсжаргалтай ярилцлаа. Тэрбээр “Оддын гэгээ” киноны   Гэгээгийн дүрд тоглосон юм. 

-“Оддын гэгээ” кинонд энхрий зөөлөн, эрх танхи атлаа хэрсүү, ухаалаг охины дүрийг бүтээсэн байна лээ. Анх энэ дүрийн саналыг хэрхэн хүлээн авч байв?
 
      -Хоёр  ч удаа хоёр дүр дээр проб өгөөд Гэгээгийн дүрд тэнцсэн. Энэхүү дүрд ажиллахаа мэдээд баярлахаас гадна “Чадах болов уу” гэсэн багахан айдас төрж байлаа. Энэ ч үүднээс чадлаараа хичээж тоглосон, дүрдээ ч их хайртай.
 
-Эмэгтэй хүн эрэгтэй хүнд түрүүлж хайраа илчилж, бүр араас нь гүйж болохгүй гэх хандлага хүмүүсийн дунд нийтлэг байдаг. Гэтэл Гэгээнээ Одод хайртайгаа илэрхийлчихдэг шүү дээ. Дүрийнхээ хувьд, мөн энэ асуудалд хувь хүнийхээ зүгээс ямар бодолтой явдаг вэ?
 
       -Дүрийнхээ бүх зүйлийг өмөөрч, зөвтгөж тоглохыг хичээсэн. Мөн миний хувьд сэтгэлээ илчилнэ гэдэг зөвхөн эрэгтэй хүний хийх үйлдэл гэж боддоггүй. Адилхан л сэтгэл хөдлөлтэй хүмүүс байж яагаад болохгүй гэж.
 
-Эргээд арван жилийн сурагч болох хамгийн сайхан мэдрэмж байсан байх. Гэгээн шиг сурагч байв уу. Эсвэл огт өөр үү?
 
     -Сурагчийн дүрэмт хувцсаа өмсөөд дүрдээ тоглоход яг л эргээд арван жилийн хүүхэд болчихсон мэт хөнгөн жаргалтай мэдрэмж төрж байсан. Гэгээгийн дүр надтай үнэнч, идэвхтэй зан чанар, зурах дуртайгаараа ижил боловч сэтгэл хөдлөлийн тал дээр би Гэгээнээс арай тогтвортой, тогтуун байдлаараа өөр.
 
-“Оддын гэгээ” киногоор өсвөр насны хүүхдүүдийн зөв харилцаа, хандлага, үерхэл хайрыг харуулахыг зорьсон юм болов уу гэж бодсон. Оролцон тоглосон уран бүтээлчийн хувьд киноныхоо тухай тодотгон хэлэх байх гэж бодож байна?
 
       -Хүний амьдралын нандин цаг хугацаан дор нөхөрлөлөө бүтээж, хайраа олж, зөв, буруу ойлголцож, гомдож, гуних, баярлаж, догдлох мэдрэмжийг хөндсөн, олон ч хүүхэд, залуус үлгэрлэл авах хэмжээний гэгээлэг кино болсон гэдэгт итгэлтэй байгаа.
 
-Өмнө нь “Дасгалжуулагч” кинонд тоглож байсан шүү дээ. “Оддын гэгээ” хоёр дахь уран бүтээл нь болж байна уу?
 
    -“Оддын гэгээ” анхны гол дүр бүтээсэн кино. Өөр хоёр ч кинонд туслах дүр бүтээж байсны нэг нь “Дасгалжуулагч”. Мөн л арван жилийн нөхөрлөл, хүн чанар зэргийг харуулсан бүтээл бөгөөд эл дүрийн хувьд Гэгээнээс сурлага төлөвшлөөрөө ялгаатай.
 
-Жүжигчин мэргэжлийг сонгосон хүмүүсийн түүх өөр өөр байдаг шүү дээ. Өөрийн чинь тухайд яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?
 
       -Багаасаа л гэртээ жүжиг тоглож байна хэмээн тоглож, кино үзэхээрээ “Энэ киноноос ийм зүйлийг ойлгож авах ёстой юм байна” гэх бодол төрдөг байлаа. Иймээс том болоод өөрөө хүмүүст мөн энэ мэдрэмжүүдийг дамжуулж мэдрүүлэх юм сан гэх бодлоос үүдэн мэргэжлээ сонгосон.
 
-Хэн үлгэрлэж, хөтөлсөн бол?
 
      -Дуртай зүйлд минь дэмжиж, хөтөлдөг аав, ээж минь намайг мэргэжилд минь хөтөлсөн. Тэд минь “Чадна” гэх урмыг өгдөг болохоор бүх зүйлд чадна гээд л хичээдэг дээ.
 
-Дүр бүтээхэд юуг голчлон анхаардаг вэ?
 
    -Энэ дүр яаж энэ хүрсэн бэ, тухайн дүрийн үзэл бодол, биеийн хэлэмж хүртэл яагаад ийм байна вэ гэдэг дээр төвлөрч, намтрыг нь нарийн бичих, дүрдээ итгэж, амьдарч ажиллахыг хичээдэг.
 
-Тоглохыг хүсдэг дүр бий байх?
        -Өөрийгөө тал талаас нь хувиргасан дүрүүдийг бүтээхийг хүсдэг. Тэр дундаа монгол ахуйтай түүхэн кинонд тоглох сон гэж боддог.
-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
 
      -Мэргэжлээрээ тууштай ажиллахын зэрэгцээ урлаг судлалаар гүнзгийрүүлж суралцах ойрын зорилготой байгаа.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
     -Баярлалаа.

Э.ТӨГСЖАРГАЛ: "ОДДЫН ГЭГЭЭ" КИНОНЫ ГЭГЭЭГИЙН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188