• Өнөөдөр 2026-06-12

Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ

2026-06-12,   51

Д.БАТБАЯРЫН “ХАЙРЫГ ХАЙРЛА” ЖҮЖГИЙН ЭХ БАРИГЧ ЭМЧИЙН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ

Хүүхэд Залуучуудын Театрын жүжигчин Л.Өлзийнаранг энэ удаагийн “Залуус” буландаа урьж, ярилцлаа.

-Сургуулиа төгсөөд Улсын хүүхэд залуучуудын театрт орсон уу. Яагаад театрын жүжигчин болохоор шийдсэн бэ?

         -Би 2021 онд СУИС-ийг Ариунжолоо багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр сурч төгссөн. Төгсөөд заавал театрт жүжигчнээр ажиллана гэж боддог. УДЭТ жилд хоёр удаа шалгалт авч шинэ жүжигчин авдаг байсан. Намайг төгсдөг жил шалгалт авдаггүй жил нь байж таарсан. Тийм болохоор нэг жил хүлээхдээ УДЭТ-ын тоглогдож байгаа бүх жүжгүүдийн олны хэсэгт ажилласан. Гэтэл дараа жил нь дахиад шалгалт аваагүй. Энэ удаад бүр хэзээ шалгалт авах нь тодорхойгүй байсан.  УДЭТ олны хэсэгт орох үедээ ороод бусад үеэр нь гоо сайхны дэлгүүрт худалдааны зөвлөх хийдэг байлаа. Мөн найзуудаараа нийлээд хүүхдийн жүжиг дээр ажилласан.  “Юм хий”е гэсэн асар их тэмүүлэлтэйгээр тэнэг зориг гаргаж сургуулиа дөнгөж төгссөн долоон  найз хөдөө гараад явчихаж байгаа шд.  Жүжгээ аваад баруун зүгийн бүх аймгаар л бараг явсан даа. Залуу хүний л омголон зан байх даа.

               УДЭТ гэнэт шалгалт авахаар болоход би хөдөө байж таараад хоёр жил хүлээсэн ч  шалгалтандаа орж чадаагүй. Тэгээд театрын шалгалт ч өнгөрч би ч хотод ирээд сэтгэл санаа гундуухан байхад Д.Уянга найз маань нэг өглөө унтаж байхад залгаад “Шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа Хүүхэд Залуучуудын Театрт жүжигчин шалгаруулж авна гэнэ. Хоёулаа очиж шалгалт өгье” гэсэн. Энэ үед л би цоо шинэ зүйлд өөрийгөө бэлдээд хоёр жил хүлээсэн юм байна гэж бодоод Д.Уянгаатайгаа хамт очиж шалгалт өгөөд хоёулаа тэнцэж орж байсан юм.  Театр гэдэг өөрөө амьд урлаг, өдөр бүр үзэгчидтэйгээ хамт амьдарч, тэдний алга ташилтаар бүх хөдөлмөрийнхөө үр дүнг шууд хүлээж авч болдог урлаг болохоор дэндүү аз жаргалтай байдаг юм.

-Хамгийнхаа анхны дүрийг авахад ямар санагдаж байв?

          -Театрт шалгалт өгөөд тэнцэж орсон 30 гаруй жүжигчин байсан. Олон сайхан жүжигчидтэй хамтарч ажиллахаар болсон. Хүүхэд залуучуудын театр Д.Батбаярын “Хайрыг хайрла” драмын жүжгээр хөшгөө нээхээр төлөвлөсөн. Энэ жүжиг тоотой цөөхөн хэдэн дүртэй. Тийм болохоор нээлтийн жүжгээс огт дүр хүлээгээгүй, олны хэсэгт гүйсэн ч би тэнд жаргалтай ажиллахаар байсан.  Тэгсэн бүр хамгийн эхний үзэгдлийн хамгийн хүнд мэдээг дуулгах эх барих эмчийн дүрийг надад өгсөн. Анхны том тайзан дээрээ анхны жүжигтээ цөөхөн ч гэсэн текст хэлнэ гэдэг их хайрламаар санагдаж байсан. Нэлээн судалгаа хийж утга зохиолын ажилтан Н.Уранзаяа эгчтэйгээ ярилцаж, текстээ дахин дахин боловсруулж байж тогтож байсан. Тийм л хайрламаар санагдаж байсан даа. Гэхдээ ганцхан эхний үзэгдэлдээ гараад зогсоогүй ээ, дараа дараагийн үзэгдлүүдийнхээ олны хэсэгт мөн адил ороод л явсан. Тэнд би театрын жүжигт ажиллаж байгаа минь л тэр чигтээ аз жаргал байсан даа.

-Залуучууд голлон ажилдаг театрын уур амьсгал ямар байдаг вэ?

            -Үеийнхэнтэйгээ ажиллаж, хамт хөгжинө гэдэг сайхан шүү дээ. Миний хувьд хөрвөх чадвартай уран бүтээлч байхыг эрхэмлэдэг. Найруулагч юу хий гэнэ тэр бүгдийг хийдэг байхыг зорьдог. Тиймдээ ч манай театрт долоо хоногт гурван удаа дуу, бүжгийн хичээлүүд ордог. Мөн дотроо нэг хүний жүжгийн, хоёр  хүний жүжгийн уралдаанууд зарладаг. Ямар ч дүр дээр ажиллахад бүгдийг чаддаг байхын тулд үргэлж бэлтгэлтэй байдаг.

-Хамгийн их урам зориг авч, хүндэлдэг ямар уран бүтээлч байдаг вэ?

            -Манай Хүүхэд Залуучуудын Театрын ахмад жүжигчин А.Цэгмэд эгчээс жүжигчин хүний гал цогийг маш тодоор мэдэрдэг. Анх “Хайрыг хайрла” жүжигт урилгаар ирж ажиллаж байсан. Тэр үеэс л А.Цэгмэд эгчээрээ бахархсан. Биднээс дутахгүй эрч хүчтэй, ажиллая бүтээе гэсэн урам зоригтой ахмад уран бүтээлчээсээ үлгэр дуурайлал авч ажилласаар өдийг хүрч байна.

-Бага насныхаа талаар яриач. Хаана, хэрхэн өссөн бэ?

          -Би унаган Дарханы хүүхэд. Багаасаа л их сахилгагүй, хөдөлгөөнтэй ер нь яг эрэгтэй хүүхэд шиг л байсан. Бага ангидаа бол дандаа эрэгтэй хүүхдүүдтэй нийлж хөл бөмбөг тоглож, хашаа давж, грашин дээгүүр гүйж гадаа л өнждөг. Дунд ангиасаа охидуудтай нийлдэг болж арай өөр болсон ч сахилгагүй хэвээрээ л байсан. Ахлах ангиасаа Улаанбаатарт нүүж ирээд шилжилтийн насан дээрээ эмэгтэйлэг болж эхэлсэн гэж боддог доо.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Урлагийн өөр салбарыг сонгож болох байсан шүү дээ. Юу нөлөөлсөн бэ?

            -Манай аавын талынхан бүгд математикийн чиглэлээр сураад ажилласан хүмүүс байдаг болохоор аав хамгийн ихээр эсэргүүцсэн. Тиймдээ ч намайг дунд ангид ороход математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль руу шилжүүлж, математикийн гүнзгий ангид шалгалт өгүүлж оруулсан. Яг тэр үеэс би хичээлдээ ялангуяа математикийн хичээлд их муудсан. Сэтгэлээр унаад л тэгсэн юм шиг байгаа юм. Тэгээд хотод нүүж ирсэний дараахан аав маань “За миний охин өөрөө л мэд дээ” гэж хэлж миний нар гийж байсан юм. Тэгээд би хичээлдээ ялангуяа математикдаа бүр гоц гойд сайн болж ангиа тэргүүлдэг болсон. Яалтачгүй л сэтгэлзүй байсан байгаа юм. Гэхдээ аавд маань саяхныг хүртэл театрт орох хүртэл маань математикийн хүн болгох хүсэл нь байсаар байсан.

Ер нь бол манай үеийнхний жүжигчин болох хүсэл эрмэлзэл төрсөн шалтгаан ихэнхийнх нь адилхан байдаг. Биднийг яг анх ухаан ороод бүх зүйлийг сонирхож эхлэх тэр үеэр хошин урлагийн продакшнууд эрчийг авч байсан юм. Дарханы Залуучууд театрт хошин урлагийн продакшнууд тоглолтоор ирэх болгонд алгасахгүй ээж аавыгаа дагаж очоод л үздэг байсан. Тэр үеэс л тэр хүмүүстэй хамт тайзан дээр байхыг хүсдэг болсон. Үзэгчдийг инээлгэж, уйлуулж бүхий л сэтгэл хөдлөлийг нь гаргаж чадаж байгаа нь бахархмаар санагдсан. Үзэгчдийн алга ташилтан дор улам жавхаажиж байгаа т жүжигчид хамгийн аз жаргалтай хүмүүс шиг харагдаж, тайзан дээр гардаг жүжигчин хүн болмоор байна гэсэн хүсэл эрмэлзэл бий болж тэр мөрөөдлөө даган явсаар л СУИС-д орохоор шийдсэн дээ. 

-Оюутан нас хүний амьдралын хамгийн сайхан үеүдийн нэг байдаг. Ангийнхныхаа талаар дурсамжаасаа бидэнд хуваалцаач?

          -Тийм шүү, оюутан нас хамгийн сайхан нас байсан. Тэр дундаа миний ангийн хүүхдүүд бол ямар ч муухай дурсамжийг надад үлдээгээгүй. Нэгнээ маш их хүндэлж, хайрлаж, эрхлүүлж дөрвөн жилийг өнгөрөөсөн. Оюутан насны хамгийн сайхан дурсамж бол дипломын жүжиг дээр ажиллах үе байдаг санагдсан. Бид ковидын үеэр төгссөн оюутнуу. Арваннэгдүгээр сарын 11-нд дипломын жүжгээ хамгаалахаар есдүгээр сараас хойш бэлдсэн. Гэтэл арваннэгдүгээр сарын 10-ны өглөө сэрсэн чинь хөл хорио зарласан байсан даа. Бүгд ёстой л шоконд орсон доо. Таван сарын дараа дипломын жүжгээ ямар ч үзэгчгүй. Зөвхөн шалгалтын комисст үзүүлж хамгаалж байсан юм. Бас л хүнд үед төгссөн оюутнууд шүү. Одоо бол миний ангийн хүүхдүүд бүгд мэргэжлээрээ ажилладаг. Урлагт хамгийн нүүр бардам явж байгаа залуучууд байдаг юм.

-Цаашдаа дэлгэцийн уран бүтээлд тоглох уу?

-Дэлгэцийн уран бүтээлд гол дүрд бол ажиллаж байгаагүй ээ. Тоотой хэдэн кинонд л туслах дүрд ажиллаж үзсэн. Харин миний өөрийн хийж байсан кино байдаг. Театрт ажилд орсон жилийнхээ өвөл хийж байсан юм. Театрын ажлын хажуугаар кино хийнэ гэдэг миний хувьд нойргүй л өдрүүд өнгөрч байсан. Кино маань 2023 оны арванхоёрдугаар сард үзэгчдэд хүрсэн. Бас л залуу насныхаа омголон зангаар Н.Нархажид, Б.Хунцэнгүүн хоёр найзтайгаа “Кино хий”е гэж санаа нийлсэн.  Шууд л суугаад зохиолоо бичээд, өөрсдөөсөө тал мөнгөө гаргаад өөр продюсер хийх хүмүүс хайж гадуур явж ангийнхаа хөвгүүдээрээ пост продакшнаа хийлгэж нэгэн том бүтээлийн ард гарч байлаа. “Чамтай учирснаас хойш” гээд шинэ жилийн холбогдолтой уран сайхны кино одоо iptv-гүүдэд байж л байдаг. Бид гурав бүх зүйлээ тэгээс эхэлж өөрсдөө бүх арын ажлаа хийж энэ уран бүтээлийн ард гарсан. Бас Д.Уянга найзыгаа дурдахгүй өнгөрч болохгүй. Бид гуравт хамгийн их нөмөр нөөлөг, түшиг тулгуур болж өгч чадсан. Бас бид өөрсдөө ч киноныхоо дүрүүдэд ажилласан. Хунаа маань Нандингийн дүрд, Нараа маань Намууны дүрд, би өөрөө Хулангийн дүрд ажилласан. Дөнгөж сургуулиа төгссөн охид гэхэд л бас их зориг тэвчээр шаардагдсан ажил байсан даа. Мэдээж үргэлж өөрийгөө сорьсоор байх болно.

 


 


Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188