• Өнөөдөр 2026-05-20

ТҮҮНИЙ ДҮРҮҮД ИНЭЭМСЭГЛЭНЭ…

2026-05-20,   215

       “Намрын синдром”-ын үзэсгэлэнт Ариунаа, “Сайн уу, амьдрал минь” киноны оюутныхаа төлөө санаа зовних шударга багш, “Мөнгөний гахай”-н даруухан дурлалт бүсгүй тэргүүтэй дүрээр жүжигчин Н.Цэнд-Аюушыг бид хэдийнэ мэдэх билээ. Энхрий зөөлөн, эрхэмсэг, энгийн, хайр гэгээ дүүрэн дүрүүдээрээ тэр Монголын дэлгэцийн урлагт үргэлж тод өнгө төрх татуулж, гэгээ болсоор байдаг билээ. Тэрбээр “Оюутан байхдаа Хүүхэд залуучуудын театрт дадлага хийдэг байсан. Ардын жүжигчин А.Очирбат, Н.Жанчивдорж гэсэн сайхан хүмүүсээс их зүйл сурах боломж надад олдсон. Тэр үед хэчнээн туслах дүр бүтээж байсан ч өөрийнхөө дааж авсан дүрээ амьдруулахыг зорьдог байсан” гэж ярьсан байдаг.

       Н.Цэнд-Аюуш жүжигчин дунд сургуулийн сурагч байхаасаа л урлагийн авьяастай, концерт, жүжигт үргэлж л гол дүрд тоглож онцгойрдог охин байжээ. Сургуулиа төгсөх жил “Усан нүдэн гүнж” жүжгийн эрх охины дүрд тоглож. Ингээд Кино урлагийн дээд сургуульд шалуулж тэнцээд, жүжигчний мэргэжил эзэмшсэн байна. Улмаар “ТВ коктейль” хамтлагийг байгуулж, “Халуун чинжүү” нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж байсан. Тэрбээр 2005 онд “Дурласны маргааш” кинонд тоглож, үргэлжлүүлэн “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай”, “Худалч залуу”, “Омарын эрэлд”, “Хязгааргүй”, “Цэцэг шиг нас”, “Love story”, “Гэнэтийн зочид”, “Нууцын нууц”, “Soulmate”, “Хохирогч”, “Зуулт”, “Эргэх учрал” зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит уран сайхны киноны гол дүрд тогложээ.Түүнчлэн тайзны уран бүтээлийн тухайд оюутан ахуйдаа Улсын хүүхэд залуучуудын театрын “Бага нас минь баяртай”, мөн “Хувьсал” продакшны “Би эр хүнд хайртай”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Хоёр ертөнцийн буудал” жүжигт гол дүр бүтээн, “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн гол дүрээрээ театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг гол дүрийн шагналыг хүртсэн байдаг.
     
  Дүрийн тухай тэрбээр “Жүжигчин болгон бүтээсэн дүрүүддээ хайртай байдаг. Гэхдээ би түүхэн сэдэвтэй кинонд тоглох юмсан гэж боддог. Монголчуудын бахархал болсон эмэгтэйн дүрийг бүтээхийг хүсдэг” гэсэн юм. Түүний мөн үзэгчдийн хайрыг татсан нэгэн зүйл нь ТВ5 телевизээс зохион байгуулсан бүжгийн тэмцээнд оролцсон нь байв. Энэ тухай өөрөө “Барилдаж чаддаггүй эр хүн байдаггүй шиг хүн бүр л ямар нэг хэмжээгээр бүжиглэдэг. Би өмнө нь бүжиглэдэггүй байсан. Бүжиглэх сонирхолтой учраас шоу нэвтрүүлэгт орсон. Тэмцээнд ороод мэргэжлийн багшаар заалгаад их зүйл сурсан. Цаг зав гарвал бүжгээр хичээллэнэ гэж боддог” гэжээ.

 
      Ийнхүү дүр бүхэндээ адтай, сэргэлэн, үзэсгэлэнтэй, цоглог эмэгтэйг бүтээдэг тэрбээр сүүлд гэхэд “Нийгмийн дайсан” кинонд дүр бүтээсэн. Түүний дүрүүдээс “Гэнэтийн зочид” киноны нөхөртөө эрх танхи, тэгсэн атлаа хүүхдүүддээ санаа зовж, тэднийгээ үргэлж баярлуулахыг боддог ээжийн дүрийг нь онцлохгүй өнгөрч болохгүй. Үзэгчид ч энэ дүрд нь их хайртай байх. Учир нь эмэгтэй хүн, ээж хүн ямар байдан вэ гэдгийг тэр харуулж чадсан. Ингээд бүтээлүүдээр нь бодохоор түүний дүрүүд үргэлж инээмсэглэсэн, гэрэлтсэн байх аж. Түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

ТҮҮНИЙ ДҮРҮҮД ИНЭЭМСЭГЛЭНЭ…
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188