-Сайн байна уу. Энэ онд уран бүтээлийн олз их байгаа харагдсан. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач?
-“Царцаа Намжил-Гурван ертөнцийн аялал” жүжгийн гол дүрд ажиллаж байна. Орчин үеийн өнгө төрх, хэм хэмнэлээр Намжил хүүгийн адал явдалт аялал нь монгол ардын үлгэрүүдийн нийлмэл ертөнцийг шинээр бүтээж, орчин үеийн сэтгэмж, агуулгаар шинэчилсэн цоо шинэ бүтээл юм. Жүжигт холографик дүрслэл, орчин үеийн тайз, дэлгэцийн шийдэлтэй уялдуулан бүтээсэн ер бусын гурван ертөнцөөр хүүхдүүдийг аялуулахаар УДЭТ-ын уран бүтээлчид зорин ажиллаж байна. Энэхүү жүжгийг гэр бүлээрээ үзээсэй гэж хүсэж байгаа. Хүүхдүүд үлгэрийн ертөнцөөр, аав, ээжүүд хүүхэд насаараа аялаасай. Энэ жүжгээрээ хүүхэд багачуудад тууштай, зоригтой байхыг үлгэрлэнэ.
-Одоогийн хүүхэд багачууд энэ жүжгийн талаар төдийлөн мэдэхгүй байх. Жүжгийнхээ талаар товч танилцуулаач?
-Тэнгэр, газар дэлхий, харанхуйн орноор аялж буй хүүхдийн тухай гарна. Намжил хүү буруугаа ухамсарлаж амжаагүй байхдаа гурван ертөнцөөр аялна. Аливаа зүйлд сэтгэлээсээ хандвал ямар эерэг үр дүн гарна. Ер нь хүүхдүүдэд ухаарал хайрлах, сонирхолтой жүжиг.

-“Үгүйлэгдсэн хайр” жүжгийн гол дүрд тоглох мэдрэмж ямар байсан бэ?
-УДЭТ-ын 95 жилийн ой, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг дахин тайзнаа амилуулсан. Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар багш минь найруулсан. Миний хувьд жүжгийн гол дүр Отгоолойгийн дүрд жүжигчин Б.Мөнх-Учралтай дублёрдож ажилласан. Анхны гол дүр учраас догдлол, сандрал дүүрэн байсан.
-Анхны гол дүрээ авах жүжигчний хувьд хамгийн сайхан мөч байхдаа?
-УДЭТ-ын жүжигчин болно гэдэг өөрөө залуу жүжигчинд том аз. Тэгээд гол дүр авна гэдэг түүнээс ч илүү аз завшаан байдаг. Манай театрт мэргэжлээрээ арав гаруй жил ажиллаж байгаа хэрнээ гол дүрд тоглож үзээгүй хүмүүс бий. Жүжгийн эхний уншлагад би чөлөө аваад ирээгүй юм. Хоёр дахь уншлага дээр Отгоолойгийн дүрийг уншаад дотроо “Би энэ дүрд ажиллаж үзвэл сайхан даа” гээд бодогдоод сууж чадахгүй байсан. Яагаад гэвэл дүрийн хувьд миний амьдралтай ойр байсан. Отгоолой яг л над шиг өсвөр насандаа аавыгаа алдсан залуугийн дүр. Нас нь миний нас байсан л даа. Тэгээд найруулагч “За Б.Мөнх-Учрал, Г.Эрдэнэболд хоёр Отгоолойгийн дүрд явна шүү” гэхэд дотроо бараг нисэж байгаа юм. Жүжгээ тайзан дээрээ тоглоод бүх уран бүтээлчийн хамгийн сүүлд аавынхаа нэртэй хамт зарлуулах мэдрэмж үнэхээр сайхан. Нэг мөрөөдөл минь биелэсэн гайхалтай өдрүүд байсан.
-Сургуулиа төгсөөд театрт орох бодол байв уу?
-Бидний үеийнхэн жүжигчин гэхээр хошиг шог эсвэл киноны жүжигчин болно гэсэн ойлголттой байсан байх. Хошиг урлаг эд хүчээ авч байх үед өссөн болохоор тэр биз. Тэгээд СУИС-д орохоор дэлхийн театрын түүх, тайзны хөдөлгөөн, яриа зэрэг театр голлосон хичээл үздэг. Багш нар, ахмад жүжигчид маань “Жүжигчин хүнийг ур чадварын хувьд хамгийн их өсгөдөг. Өөрийн чадвартайгаа тулдаг, ажилладаг гэж” ярьдаг. Мөн ихэнх мундаг жүжигчид театраас эхэлсэн байдаг. Театраас төрсөн жүжигчин илүү чадвартай болдог юм байна гэж театрт орохыг хүссэн.

-Яагаад шууд театрыг сонгоогүй юм бэ?
-Оюутан байхаасаа УДЭТ-ын жүжгүүдэд туслах ажилтан хийсэн. Сургуулиа төгсөөд гурван жил чөлөөт уран бүтээлчээр ажилласан. Ковидын үед төгссөн болохоор театрт орох боломж гараагүй. Өөрийгөө театрт ороход арай болоогүй гэж ч боддог байсан. Тэгээд 2023 онд театртаа шалгалт өгсөн. Тэгээд хоёр жил гаруй студи ангийн жүжигчин байсан. Харин 2025 оны наймдугаар сараас үндсэн жүжигчин болсон.
-Театрт орохоосоо өмнө дэлгэцийн уран бүтээлд тоглож байв уу?
-Оюутан байхаасаа эхлэн “Эможи”, "Нийслэл хүүхэн", "Зура", "Single Ladies 4" зэрэг киноны арын албанд ажиллаж байсан. Мөн уран олны хэсэг, туслах дүрд нь ажиллаж байлаа. 2021 онд “Search” богино хэмжээний олон ангит киноны гол дүрд тоглосон. Мөн “Хишиг” продакшны найзууд, ах нартайгаа хамтран 2022 онд “Зурвас” уран сайхны киног хийж байлаа.

-Урлагийн сургуулийг сонгож суралцах эхлэл хэзээнээс тавигдсан бэ?
-Би дөрөвдүгээр ангиасаа дуулж, бүр хамтлагтай байлаа. Соёл Урлагийн Их Сургуульд дуулаачийн ангид шалгалт өгөх гэж байсан ч жүжигчний мэргэжил хүнийг илүү задалж, хөгжүүлдэг юм шиг санагдсан. Тэгээд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар багшийнхаа шавь болж байлаа. Багшийхаа ангид орсондоо их сүрдэж, эмээсэн. Тэр том найруулагч миний багш болно гэж төсөөлөөгүй явсан шүү дээ. Эхний хичээл дээр багш “За миний хүү, миний охин өөрийгөө танилцуул. Аль аймгаас ирсэн. Айлын хэд дэх хүүхэд үү” гээд л 50 хүүхэдтэй нэг бүрчлэн танилцаж байгаа юм. Тэгснээ намайг “За, Дорноговийн хүү дөрвөн жил ангийн дарга болно шүү” гэсэн. Шавь нь болсондоо итгэж ядан буй надад бүр ч том баяр байлаа. Хүмүүс багшийг янз бүрээр л ярьдаг. Гэхдээ багш минь шавь нараа яг л өөрийн хүүхэдтэй адил хайрладаг. Зөөлөн зантай, хайраар дүүрэн хүн.
-Ахмад жүжигчдээсээ их зүйл сурч байгаа байх?
-Анх театрт ороод “Энэ мундаг хүмүүстэй нэг тайзан дээр жүжиглэнэ гэж үү” гээд итгэж ядан байсан даа. Ахмад, дунд үеийн жүжигчид маань бидэнд өөрсдийнхөө биеэ авч яваа байдал, ажиллаж байгаа байдлаараа үргэлж үлгэрлэж байдаг. Үгээрээ биш үйлдэлээрээ заадаг гэсэн үг. Заримдаа “Миний дүү ингэж тоглоод үз. Тэгж хийвэл болох байх. Тэгээд найруулагчдаа шалгуулаад үү” гэж зөвлөдөг. Тэр нь ихэнхдээ онодог.
-Мэргэжлээрээ ажиллаж эхлээд өөрийгөө голох үе байв уу?
-Мэргэжлийн уран бүтээлч, үндсэн жүжигчин байх оюутан цагаас тэс ондоо шүү дээ. Тайзнаас инээх, ярих, мэдрэх гэдэг тэр чигээрээ өөр. Орой харьж явахдаа, ийш тийш алхах үедээ дүрийнхээ талаар их бодно. Би ингэх хэрэгтэй. Надад ийм дутагдаж байна. Ийм зүйл бодвол тайзан дээр амархан уйлж, инээж чадах юм байна гэж боддог. Тэгээд тольтой харьцаж, өөрийгөө бэлдэнэ. Хурцална, голно. Жүжигчин хүн өөрийгөө “Би болчихлоо” гэж бодох үедээ зогсдог байх. Тиймээс үргэлж өөртэйгөө ажиллаж, голж байх хэрэгтэй. Өнөөдөр би жаахан амжилт гаргалаа. Маргааш болоход өнгөрсөнд үлдэнэ. Урам авах хэрэгтэй гэхдээ цадаж болохгүй. Салбарынхан маань ч тэгж ярьдаг.
-Бэлтгэлийнхээ үеэр цаг гарган ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.


| Г.ЭРДЭНЭБОЛД: “ЦАРЦАА НАМЖИЛ” ЖҮЖГЭЭР ХҮҮХЭД БАГАЧУУДАД ТУУШТАЙ, ЗОРИГТОЙ БАЙХЫГ ҮЛГЭРЛЭНЭ |
|
Улаанбаатар марафоны үеэр төв замыг хаана
2026-05-20 11:45:01
ТҮҮНИЙ ДҮРҮҮД ИНЭЭМСЭГЛЭНЭ…
2026-05-20 08:14:38
Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын “OIF”-ын Гөмбөш Шандортой уулзав
2026-05-20 07:58:17
2026-05-20 07:20:00
МҮОХ Азийн таеквондо-гийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав
2026-05-20 07:10:00
ДАРААГИЙН ХОТЫН ДАРГЫН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ АЖЛУУД
2026-05-20 07:00:00
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ НОЁНЫ СЭНТИЙД ТҮР ТУХАЛЖ БУЙ Б.МӨНХБАТ ГЭЖ ХЭН БЭ
2026-05-20 07:00:00
Г.ЭРДЭНЭБОЛД: “ЦАРЦАА НАМЖИЛ” ЖҮЖГЭЭР ХҮҮХЭД БАГАЧУУДАД ТУУШТАЙ, ЗОРИГТОЙ БАЙХЫГ ҮЛГЭРЛЭНЭ
2026-05-20 07:00:00
А.БИЧИГМАА: Аав минь намайг бөх болгох гэж илүү их хүсдэг байсан
2026-05-20 07:00:00
С.ОДОНТУЯАГИЙН БРЭНДИЙН ХУВЦСЫГ КОМИССЫН БАРАА БОЛГОСОН ХОТЫН ГААЛИЙН ОРЛОГЧ О.ЦОГТБААТАР НАРЫН ЯЛ АВСАН ХЭРГИЙН ҮНЭН
2026-05-20 07:00:00
АТГ: Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2026-05-19 17:38:49
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
2026-05-19 16:15:41
Кураш бөхийн УАШТ-д “Тэргүүн хүчтэн” дэвжээ тэргүүлэв
2026-05-19 15:55:29
Нийслэлийн боловсролын салбар цахим гэрээний шилжилт хийж хоёр сая хуудас цаас хэмнэжээ
2026-05-19 14:00:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-05-19 13:30:34
ЦЕГ: Хог ачиж байхдаа гавлын яс олдохоор нь машиныхаа ард зүүсэн гэх байдал тогтоогдсон
2026-05-19 13:24:13
Б.МӨНХБАТ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд шийдэл гаргана
2026-05-19 12:50:14
С.Янжиндулам таеквондо-гийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-05-19 12:07:02
ХОТЫН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-19 12:02:40
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-19 10:43:04
2026-05-19 09:25:50
2026-05-19 08:53:20
2026-05-19 08:35:19
Чех Улс хүүхдэд олгох эцэг, эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэв
2026-05-19 08:23:38
Оттава дахь Монгол хүүхдүүд “ГРУВИ ЮРТС” танилцах аялал хийв
2026-05-19 07:52:24
2026-05-19 07:35:00
2026-05-19 07:30:00
Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо
2026-05-19 07:20:00
МҮОХ-ныхон Япон Улсын Элчин сайдтай уулзалт хийв
2026-05-19 07:10:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
МАН-ЫНХАН ЭРХ МЭДЛИЙН БЯЛУУГАА ХУВААЖ ДУУСААД, БҮХ ХУЛГАЙЧАА "ӨРШӨӨНӨ ДӨӨ"
2026-05-19 07:00:00
2026-05-19 07:00:00
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯРЫН ҮЕЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ
2026-05-19 07:00:00
ТАЙЗНАА “ХАЙРЫГ ХАЙРЛА”, ДЭЛГЭЦНЭЭ “ГАРЫН ТАВАН ХУРУУ” ТЭРГҮҮТЭЙ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |