“Тэнгэрийн уудамд аялсан
Тэргэл цагаан сар уу даа
Тэртээ өндөр ууландаа
Тээглээ ч үгүй сэтгэл үү дээ” хэмээх “Ийм нэгэн сэтгэл” дуу олны хүртээл болоод 63 жил болжээ. Төдий хугацаа өнгөрсний хэрээр энэхүү бүтээлийн үнэ цэн улам бүр нэмэгдэж, сонсогчдын зүрх, сэтгэл дэх “амьд” дурсамжуудыг сэргээж басхүү "эдгээж" чаддаг сайхан дуунуудын нэг болсон байна. Хүний залуу насны дурсамжийг дуу хөгжим төдийгүй ганцхан сайхан аялгуу дүүргэж, хань болдог ч байж мэднэ. Тэр ч утгаараа олон хүний зүрх сэтгэлийн гүн дэх буй бүхнийг нь "хуваалцдаг" энэ сайхан дууны үгийг Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Ө.Балчиндорж нутгийнхаа сайхан бүсгүйчүүдийн нэг болох Д.Балчинтуяад зориулж, 1962 онд бичиж байжээ. Зарим хайр зүгээр л дуу болоод үлдчихсэн байдгийн нэгэн жишээ нь энэ юм. Түүний
“...Алхан тамгатай хээрийгээ
Арилжиж битгий солиорой
Амрагаа гэсэн сэтгэлээ
Алсдаа ч битгий мартаарай...” гэж бичсэний учир нь энэ дууны гол эзэн болох Д.Балчинтуяа нь адуунд эрмэг, мориор гангардаг сайхан бүсгүй байсантай нь холбоотой юм билээ. 63 жилийн түүхтэй “Ийм нэгэн сэтгэл” дуу хэрхэн бүтсэнийг уншигч танд хүргэж байна.

Энэ дууны гол дүр болох Дашнямын Балчинтуяа өдгөө 93 настай. Дөрвөн хүүхэдтэй айлын хамгийн бага охин нь байв. Тэрээр бага залуудаа суналзсан урт үсээ хоёр салаа сүлждэг, өндөр нуруутай, цагаан царайтай нутгийн залуучуудын нүдийг эрхгүй булаасан үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэдэг. Айл саахалтынхаа эрэгтэй хүүхдүүдтэй адуу малд байнга явж, эмнэг сургадаг шаггүй бүсгүй байжээ. Ялангуяа УИХ-ын асан Х.Болорчулууны аав Хаянгаагийнхтай олон жил айл, саахалт байсан учир түүнтэй үй зайгүй нөхөрлөж, үе тэнгийнхэнтэйгээ цуг ямааны адасга дээр дээлээ хувааж нөмрөөд унтдаг байсан гэнэ. Тийм эршүүд ч гэмээр юм уу, цовоо сэргэлэн нь дэндсэн түүнийг чимээгүйхэн хайрлаж явсан нутгийн залуусын нэг нь Ө.Балчиндорж аж. Тэрээр сэтгэлтэй эмэгтэйдээ зориулж "Ийм нэгэн сэтгэл" дууны үгийг бичсэн нь хожмоо олны сонсох дуртай дуу болон түгжээ.
Бид дууны гол дүрийн эзэн болох Д.Балчинтуяатай холбогдож, залуу насных нь тухай болон "Ийм нэгэн сэтгэл" дууг хэрхэн хүлээж авсан талаар нь тодруулахад “Эгч нь тэр хүнийг 63 жилийн өмнө надад зориулж тийм сайхан дууны үг бичсэн гэдгийг нь мэддэг байсан боловч чухам нарийн учрыг нь хүмүүст хэлэлгүй өдий хүрсэн байна. Хамгийн дотнын хүмүүс болох гэр бүлийнхэндээ, үр хүүхдүүддээ ч ярьж өгөөгүй байтал тэд хожим олны ярианаас сонсож, мэдсэн байна лээ. Надад зориулсан дуу байдгийг мэдсэн даруйдаа л дууны тухай, эрт цагийн тухай асууж, лавлаж байсан. Би ч тэдэнд “Тэр дууг надад зориулсан гэдэг нь үнээн үнэн” гэснээс өөрийг хэлж байгаагүй. Хүүхдүүд ч надаас дахиж лавлаагүй. Ер нь бидний дунд тийм ч айхавтар хүн, амьтнаас нуугаад байхаар харилцаа холбоо байгаагүй. Гэхдээ зүгээр сууж байгаад хэн нэгэнд дуу, шүлэг зориулж бичнэ ч гэж юу байх вэ. Тэр үеийн бид чинь бие биедээ хайртай, дуртай гэдгээ тийм ч амархан хэлчихдэггүй байлаа шүү дээ. Залуу насны сайхан дурсамж, залуучуудын дундах ариун, нандин, гэгээн харилцаа, сэтгэл зүрхнийх нь илэрхийлэл болсон тэр шүлэг дуу болон мөнхөрсөн түүхтэй юм. Түүнээс өөр яриад байхаар сонин хачин зүйл байхгүй дээ. Эгч нь яг үнэндээ дуу хуурт муу, солгой хоолойтой болохоор залуудаа ч дуу хөгжим бага сонсдог байсан. "Ийм нэгэн сэтгэл" дууг олон түмний хүртээл болсноос нь хойш нууцхан сонсчихдог л байсан байх. Сүүлдээ нас өндөр болоод хүний ярьж байгааг ч олигтой сонсохоо больсон би юун дуу сонсох манатай байна даа, хөөрхий” гэсэн юм.
Д.Балчинтуяа гэдэг энэ эмэгтэй насаараа төмөр замд ажилласан төмөр замын анхдагчдын нэг. Тэрээр орос эмэгтэйтэй хамт дадлага хийж байгаад Монголын анхны сумчин болсон гэдэг. Дараа нь вагоны үйлчлэгч, зочид буудлын эрхлэгчээр ажиллаж байгаад олон сайхан гавьяа, шагнал хүртэж, хугацаандаа тэтгэвэртээ гарчээ. Мөн түүний гэр бүлийн хүн болох Пүрэв нь Монголоос Орос руу гарсан анхны вагоны жолооч байсан гэнэ.

/Д.Балчинтуяа гэр бүлийн хамт/
"Ийм нэгэн сэтгэл" дууны үгийг бичсэн Өлзийтийн Балчиндорж нь Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч П.Бадарч гуайн хадам дүү гэдэг. Тэрээр "Дөл" сонины сурвалжлагчаар ажиллаж байгаад дараа нь Дорноговь аймгийн гал командад ажиллаж байжээ. Тэр хугацаандаа яруу найргийн гурван ном хэвлүүлсний хоёрыг нь П.Бадарч гуай редакторласан юм байна. Хожим тэрээр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд ажиллаж, амьдарч байгаад бурхан болжээ. Түүнийг бурхан болоод удаагүй байтал өөртэй нь төстэй нэртэй Балчинсүрэн гэх эмэгтэй "Ийм нэгэн сэтгэл" дууны үгийг би нөхөртөө зориулж бичиж байсан" хэмээн оюуны өмчид нь халдсан явдал ч гарсан гэдэг. Хамгийн гол нь Ө.Балчиндорж "Халх-Нөмөргийн голоор" яруу найргийн номдоо "Ийм нэгэн сэтгэл" дууны шүлгээ бичиж үлдээсэн нь түүний бүтээл мөн гэдгийн хөдөлшгүй баримт болдог байна.

Мөн үе үеийн олон авьяаслаг дуучны "амилуулж" буй "Ийм нэгэн сэтгэл" дууны аяыг Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат М.Норсонжав бичжээ. Тэрээр 1953 онд Улсын хөгжимт драмын чуулгад дуучнаар орж, "Учиртай гурван толгой" дуурийн Балган, “Гологдсон хүүхэн” киноны Долингорын дүрийг бүтээж байсан дуучин, жүжигчин хүн байжээ. Тэрээр уг дууны аяыг 1963 онд бичсэн бөгөөд тэр жил нь дуучин Ц.Сэрээтэр олны хүртээл болгож байсан гэдэг. Түүний дараа буюу 1964 онд шанзчин Г.Зориг гитартай дуулснаар тус дуу залууст ихээхэн хүрчээ. Хожим 1980 онд Б.Нандинцэцэг, Д.Дуламсүрэн хоёр шинэчлэн дуулсан бол түүнээс хойш гавьяат дуучин У.Далантай сонгодог маягаар дуулсан байдаг. Харин хамгийн сүүлд Улсын филармонийн дуучин Л.Насанбуян хөгжмийн найруулга дээр нь ятгын ая нэмж дуулсан байдаг. Мэргэжлийн дуучдаас гадна олон хүн өөр өөрийн өнгө аясаар сэргээн дуулахдаа дууны эхний бадгийг янз бүрээр дуулсан байдаг. Харин шүлгийн жинхэнэ эхэд “Орчлон дээрээс мэлтийсэн
Онгон цагаан сар даа
Оломгүй далайн усанд нь
Ойчих ч үгүй сэтгэл үү дээ” хэмээсэн байдаг аж.
ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ (дууны үг)
Тэнгэрийн уудамд аялсан
Тэргэл цагаан сар уу даа
Тэртээ өндөр ууландаа
Тээглээ ч үгүй сэтгэл үү дээ
Алхан тамгатай хээрийгээ
Арилжиж битгий солиорой
Амрагаа гэсэн сэтгэлээ
Алсдаа ч битгий мартаарай
Амрагаа гэсэн сэтгэлээ
Алсдаа ч битгий мартаарай
Навчин тамгатай хээрийгээ
Наймаалж битгий солиорой
Намайгаа гэсэн сэтгэлээ
Насандаа ч битгий мартаарай
Намайгаа гэсэн сэтгэлээ
Насандаа ч битгий мартаарай
| “ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ |
|
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |