Тэрбээр 2021 онд М.Ариунжолоо багшийн удирдлага дор СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсжээ. Харин хоёрдугаар курсийн оюутан байхдаа ангийн найзуудтайгаа нийлэн “Зэв” фильмийг үүсгэн байгуулсан. Тэд сургуулийнхаа хажуугийн байранд жижиг студи түрээслээд, бүтээл хийх гэж зорьж “Гэгээн учрал” хэмээх залууст зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж, үзэгчдээс сайшаал хүртэж байсан билээ. Үүний дараа “Reaction production”-тай хамтран “GHOST”, “Цасан ширхэг” уран сайхны кино болон “17” продакштай хамтран “Орлон тоглогч” олон ангит киног бүтээсэн. Харин энэ удаа “Алдуул” уран сайхны киногоор үзэгчидтэйгээ уулзаад байна.
-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэсэнд баяр хүргэе. Энэ удаагийн уран бүтээлээр юуг харуулж, ойлгуулахыг зорьсон бэ?
-Баярлалаа. Уран бүтээлч хүнийн нэг зан байдаг юм. Зүгээр гадуур явж байхдаа, аялахдаа эргэн тойрноо байнга ажиглаж, хоорондоо ярилцаж байдаг. Анх Б.Буянбат ах бид хоёр гадуур явж байхдаа найзынх нь адууг хулгайлж байсан тухай ярьсан юм. Тэр санаан дээрээ үндэслээд морь жил ч гарч байна адууны тухай хүмүүсийн доторх омогшлыг сэрээсэн уран бүтээл хийе гээд эхэлж байсан юм. Зөвхөн адууны тухай гараад байвал утгагүй шүү дээ. Одоо монголчуудын хүн чанар, зан араншин ямар хэмжээнд байна вэ. Суурин газар, хөдөөгийн залуусын хоорондын зөрчил, огтлолцол ямар байна вэ гэдгийг л харуулахыг зорьсон.
-Тэгвэл “Алдуул” уран сайхны киноны Лантуу яг ямар зан чанартай залуу вэ. Дүрээрээ юуг үзэгчдэд ойлгуулахыг зорив?
-Лантуу бол арван жилээ төгсөөд малчин болсон хөдөөний дүүрэн сэтгэлтэй залуу. Арван жилийн ангийн охинтойгоо гэр бүл болоод өнөр өтгөн сайхан амьдардаг. Нутаг орны хүмүүстээ үргэлж тусалж, өөрийгөө хоёрдугаарт тавьдаг. Ер нь монгол эр хүний сайхан чанаруудыг харуулсан залуугийн дүр. Би багаасаа хөдөө өссөн болохоор дүрээ бүтээхэд ахуй нь их ойр байсан. Хөдөөний хүүхэд мал амьтнаа хайрлаж өсдөг. Тэр чинээгээрээ бусдыг хайрлах, энэрэх сэтгэлээр дүүрэн байдаг юм шиг санагддаг. Би өөрөө гэр бүл зохиогоогүй болохоор хэдийнээ буурь суусан аавын дүрийг бүтээхэд бага зэрэг хүндрэлтэй байсан.
-Хөдөөний хүүхэд гэлээ. Таны бага нас хаана өнгөрсөн юм бэ?
-Би Булган аймгийн Могод сумын хүүхэд. Ах, эгчээсээ олон насны зөрүүтэй айлын эрх хүүхэд байсан. Зуны амралтаараа хөдөө эмээ дээрээ очиж, авдрынх нь хамгийн амттайг нь иддэг. Ер нь маш их хайрлагдаж өссөн. “Алдуул” уран сайхны киногоо төрсөн нутагтаа хийсэндээ маш их баяртай байгаа.
(1).png)
-Булганы хүүхэд хэрхэн хотод оюутан болж байсан бэ?
- Бөхийн удамтай болохоор хүмүүс бөх болгоно гэдэг байлаа. Харин би эсрэгээрээ урлагт хайртай, нийгмийн идэвхтэй, сэргэлэн хүүхэд байсан. Арван жилээ төгсөхөд аав,ээж маань “Миний хүү чадна л гэж бодож байвал хот явж шалгалтаа өг” гэж дэмжсэн. Манай аймагт СУИС-ийн Театр урлагийн сургуулийн хуваарь тухайн үед ирээгүй. Тэгээд би хотод ирж ур чадварын шалгалтаа өгч байлаа. Би жүжигчин болно л гэсэн дэврүүн хүсэлтэй байснаас яг ямар шалгалт өгөхөө мэдэхгүй байсан. Этүд, монолог гэж юу ч юм мэдэхгүй. Тэгээд долоо хоногт бэлдсэн. Шалгалтын хариу гарах өөртөө итгэлтэй нэрсийн хамгийн дээрээс өөрийгөө хайж эхэлсэн. Тэгсэн чинь улаан шугамны яг доор байсан даа. Би чинь тэгээд сургуульгүй хоцорч байгаа юм. Аав, ээждээ юу гэж хэлнэ ээ. Бараг л миний амьдрал ингээд өнгөрлөө ухааны юм бодсон. Ганцаараа уйлсан. Тэгээд азаар найруулагчийн ангийн шалгалтад тэнцэж байсан.
-Тухайн үед аав, ээж нь дэмжээгүй бол өнөөдөр бид ярилцаад суухгүй байсан шүү дээ. Тэднийхээ тухай яриа дэлгээч?
- Аав маань орон нутагтаа хурлын даргаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн бий. Харин ээж маань сумынхаа банкинд ажиллаж байсан. Манай аав, ээжийн үеийнхэн ер нь хүүхдийнхээ мэргэжлийг шууд сонгодог талтай. Харин намайг үргэлж дэмжиж ирсэн. Эрхлүүлж өсгөсөн гэхдээ зөв эрхлүүлсэн гэж боддог. Их хайран дунд өссөн хүн зөөлөн сэтгэлтэй хүн болж өсдөг байх. Аав, ээжийн ажил орой тардаг болохоор багаасаа хоол хийж, гэр орны ажлаа хийдэг байлаа. Гэрийн цонхоор ээжийн ажил харагддаг. Анх ээжийн ажлыг хараад ээж өлсөж ирэх байх хоол хийж өгье гээд том тогоогоор дүүрэн будаатай хоол хийж байсан. Одоо бодоход 20-ийн тогоогоор дүүрэн будаатай шөл, хуурга нь мэдэхгүй тийм хоол хийсэн байгаа юм. Гэхдээ ээж минь муухай гэж голоогүй. “Ямар мундаг юм бэ, амттай байна” гээд идэж байсан. Ер нь л жижигхэн үйлдэл бүрт минь урам өгдөг байсан.
Би их хожуу ухаан суусан гэж өөрийгөө дотроо их зэмлэж явдаг. Хүн ер нь хайртай хүмүүсээ дэргэдээ байх үед нь үнэ цэнийг анзаардаггүй. Намайг оюутан байх үед ээж минь бурханы оронд одсон юм. Тэр үед л би юу болоод байгааг ойлгохгүй нэг хэсэгтээ л шокны байдалд байсан. Ээжийгээ амьд байхад эрхэлж л байснаас нэг ч удаа сайн ярилцаж байгаагүй юм билээ. Ямар мөрөөдөлтэй, юуны төлөө зорьж явдаг байсан бол гэж хааяа боддог юм. Одоо байсан бол “Миний ээж юу хиймээр байна” гэж асууна. Одоо аав маань хотод байдаг. Хааяа очиж эрхэлж, гарынх нь хоолыг иддэг дээ.
-“Зэв” фильмийг оюутан цагийн найзуудаараа байгуулсан гэдэг шүү дээ. Өнөөдрийг хүртэл хамтдаа уран бүтээлийн, амьдралын найзууд байгаагаас харахад танай анги эв нэгдэлтэй анги байжээ. Оюутан цагийнхаа талаар дурсамжаасаа хуваалцаач?
-СУИС-аас төгсөгчдийн судалгаа гаргадаг юм билээ. Тэр судалгаагаар манай ангийхан бүгд урлагийн салбарт ажиллаж байгаа гэж гарсан байна лээ. Анх 35 хүүхэд элсэж ороод, 25 нь л жүжигчин болж төгссөн. Зарим хүмүүс СУИС-ийн оюутнуудыг их л жаргалтай дуулж, бүжиглэсэн хүмүүс гэж боддог юм билээ. Гэхдээ бид маш их зүйлийг даван туулж өнөөдөр урлагийн салбартаа үлдсэн.
Хоёрдугаар курст байхад ээж маань өвчний улмаас биднийг орхиж байсан. Ээжийгээ алдах үедээ нөгөө идэвхтэй сайн оюутан чинь хичээлдээ явахаа ч байсан. Аргагүй ч байхдаа ээж минь намайг оюутан болоход дагаж ирж хоол ундыг минь бэлдэж өгч байлаа. Бүхий л зүйлд “ээж, ээж, ээж..” гэдэг байсан. Гэнэт л байхгүй болохоор үнэхээр хүнд цохилт болсон. Шөнө гөлийгөөд юу ч юм бодоод л суудаг... Хичээлдээ очихоо болиод хөөгдөх дээрээ тулсан тэр үед ангийн найзууд маань намайг түшиж, босгож ирсэнд үргэлж талархаж явдаг. Ангийхан маань намайг зэмлэж байхад манай Б.Хунцэнгүүн “Та нар ийм зовлон туулж үзээгүй биз дээ” гэж байсан. Найзууд маань эхлээд загнаж байсан ч сүүлдээ аргадсан. Миний нулимс цийлэгнээд тэсэж чадахгүй ангиасаа гарч байсан даа. М.Ариунжолоо багш минь биднийг зуурсан гурил шиг нэгтгэж чадсан даа. Найзуудаараа, багшаараа үргэлж бахархаж явдаг.
-Анхны уран бүтээлээ хийж байсан үеийнхээ дурсамжийг эргэн санавал?
-Найруулагч Б.Буянбат ахтайгаа хамтран “Зэв” фильмийг байгуулж байсан. Оюутан нас бол хүний хамгийн их зоригтой үе байдаг шүү дээ. Найруулагч маань элсэн тасархайн тэр хавьд зураг авалтаар явж байх үедээ сайхан байгальтай хажуудаа булаг урсдаг байгаль хамгаалагчийн байшин байхыг харсан. Намайг хөдөө байхад дуудаад “Энд ийм гоё газар байна, кино хийе” гээд дуудсан. Үнэндээ бидэнд тийм олон хуудас зохиол байгаагүй. Ерөнхий санаагаа гаргаад ангийн найзууд, сургуулийнхаа хэдэн дүү нарыг гуйгаад л анхны киногоо хийж байсан. Одоо бодоход зоригоос их юм бидэнд байсангүй. Тэгж анхны “Гэгээн учрал” уран сайхны киногоо хийсэн. Хэрвээ тэр үед тийм тэнэг зориг гаргаагүй бол өнөөдөр бид юу ч эхлүүлж чадаагүй байгаа.

-Танай продакшн өөрсдийн уран бүтээлээс гадна постпродакшны ажил хийдэг шүү дээ. Тэр уран бүтээлүүдээсээ дурдвал?
-Бид өөрсдийн уран бүтээлээ хийгээгүй үедээ постпродакшны ажил хийдэг. “Эрдэнэсийн арал”, “GHOST” уран сайхны киног хийсэн. Сүүлд 2024 онд жүжигчин Б.Амарсайхан ахын “Орлог тоглогч” уран сайхны кинонд ажилласан. Олон ангит кино учраас бэрхшээл гарсан. Гэхдээ тэр бүхнээс маш их зүйлийг сурч, туршлага суусан.
-Жүжигчний мэргэжлээр ажиллахын хамгийн сайхан зүйл юу вэ?
-Оюутан цагаасаа олон ч зүйлийг хийж үзлээ. Заримдаа бүтэлгүйтэх ч үе байсан. Уран бүтээлч хүний хувьд хамгийн сайхан нь зорьсон уран бүтээлийнхээ ард гараад магтаал, шүүмжээ сонсоод суух л хамгийн сайхан байдаг даа.
-Тэгвэл сул тал нь юу вэ. Ер нь манай кино урлагийн салбар залуу уран бүтээлчдэд хэр ээлтэй вэ?
-Сул талыг шударга хэлэхэд бид жүжигчин, найруулагчийнхаа ажлыг л хийгээд явбал ур чадвар, уран бүтээлийн чанар өндөр байна. Гэхдээ манай кино урлагт тийм боломж хомс байдаг. Бид олон хүмүүс таньдаг, хаалга тогшсон бүхэн май гээд санхүүжилт өгөх хэмжээний продакшн биш шүү дээ. Тиймээс зардлаа хэмнэхийн тулд кинондоо жүжигчнээ хийнэ. Арын албанд зураглаач, зургийн дарга, найруулагч юу байдаг бүхнийг хувааж аваад хийдэг дээ. Бас нэг талдаа өөрсдөө чадах юм чинь гэх амбиц бас нөлөөлдөг байх. Миний хувьд зургийн даргын ажлыг хийгээд явдаг даа.
-Ярилцлагын төгсгөлд киноныхоо талаар мэдээлэл өгөх үү ?
-Хотод удаж байгаа хүмүүс илүүтэй манай киног үзээсэй гэж хүсэж байна. Сүүлийн үед гараад хэргүүд бид дөрвөлжин хананы дунд хүүхдээ техниктэй үлдээсэнтэй холбоотой байх гэж боддог. Бид монгол адууны хийморь, хүний мөн чанарыг харуулахыг зорьсон.
| Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН |
|
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |