ЗАЛУУСЫГ УРЛАГ РУУ УРУУ ТАТАХ МИНИЙ ТУЙЛЫН ЗОРИЛГО
-Сайн байна уу. Сүүлийн үед томоохон уран бүтээлүүдэд дүр бүтээлээ шүү дээ. Залуу уран бүтээлчийн хувьд их зүйл сурсан байх?
-Сайн байна уу, залуу жүжигчин Артагийн Энхжин байна. УДЭТ-ын уран бүтээлчид Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар найруулагчийн бүтээл “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжигт Базарын охины дүр дээр ажиллаж байна. Энэ дүр дээр ажиллаж түмэн олонтойгоо учран золгосондоо маш их баяртай байгаа. УДЭТ гэх их айлд орж ажиллаж эхлээд олон сайхан гайхалтай уран бүтээлд туслах дүр, олны хэсэгт оролцож тоглосон байна. Дурдвал “Анна Каренина” жүжиг маань ОХУ-д тоглогдох албан ёсны эрхээ аваад, 2027 оноос тоглогдохоор болсон. Харин “Тэнгэрийн хүү” жүжиг Монголын театрын урлагийн төлөөлөл болох “Тэнгэрийн хүү” жүжгийн уран бүтээлчид Унгар Улсад олон улсын MITEM12 (Madách International Theatre Meeting) наадмыг нээж хоёр удаа амжилттайгаар тоглоод ирсэн байна. Залуу жүжигчний хувьд энэ сайхан үйл явдал, тоглолтод оролцож, нэг эд эс нь болсондоо баяртай байгаа. Мөн маш их зүйлийг сурч, ойлгож, жүжигчин хүн цаг мөч алхам бүрдээ суралцаж байх ёстой гэдгийг ойлгож, ухаарсан жил өнгөрч байна.
-Хамгийн анхны тайзны дүр тань юу вэ. Мэргэжлийн жүжигчин болоод тайзан дээр гарах үеийн мэдрэмж ямар байсан бэ?
-Дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа Монголын урлагийн зөвлөлөөс санаачилсан СТА Т.Цэнд-Аюуш найруулагчийн бүтээл “Playback” мюзикл жүжгийн Ялгууны дүр дээр хамгийн анх ажиллаж байсан. Анхны дүр дээрээ ажиллахад багш нарын минь зааж сургасан бүхэн зүрх, тархи, цээжинд минь байсан учир хариуцлагатай ажилласан. Тайзан дээр анх удаа гарахад жүжигчин хүнд бол тайзны бэлтгэл хамгийн чухал байдаг. Бэлтгэлээ чанартай хийсэн хүн үндсэн тоглолтод тэр хэмжээгээрээ сайн тоглож чаддаг гэдгийг мэдэрч байсан. Тиймдээ ч чин зүрхнээсээ бэлдэж, анхны тайзан дээр гарч байлаа. Одоо бодоход догдол, баяр, нулимс дүүрэн тайз байсан даа.
-Яагаад жүжигчин уран бүтээлч болохоор шийдсэн бэ. Юу нөлөөлсөн бэ?
-Ахлах ангийн монгол хэл, уран зохиолын багш маань намайг урлагийн хүн болоход хамгийн их нөлөөлсөн хүн. Хичээл дээр Монголын болон дэлхийн гайхалтай сонгодог уран бүтээлүүдийг уншуулж, юу ойлгосныг нь яриулдаг байсан. Ангийнхан маань идэвхтэй оролцдог байсан. Монгол зохиолуудын үгний баялаг, нүүдэлчдийн ондоошилд татагддаг байлаа. Нэг хичээл дээр их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбагуйн нулимс” зохиолыг задалж, хэлэлцсэн юм. Тэр үед зүгээр нэг уншаад өнгөрөх бус тухайн дүрийн онцлог, үг, тээшийг ухаж бодож байсан. Тэр нь оюутан болоод анзаараад байхад монгол хэл, уран зохиолын хичээл миний мэргэжлийн суурь байжээ гэдгийг ухаарч байсан.
(2).png)
УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
-Урлагийн хүн болно гэхэд нь гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
- Ээждээ жүжигчин боломоор байгаагаа хэлэхэд “Чи тууштай байж чадах уу. Энэ мэргэжилд хариуцлагатай хандах уу. Жүжигчний мэргэжил чамаас маш өргөн цар хүрээтэй мэдлэг, авьяас шаардана. Шантрахгүй байж чадах уу” гэж асууж байсан даа.
Гэр бүлийнхэн минь “Чи урлагийн хүн болж чадахгүй. Урлагаар хоол олж идэхгүй боль” гэж ганц ч удаа хэлж байгаагүй. Урлагт хайртай хүмүүс байдаг болохоор ухаан орох цагаас минь урлагтай ойр өсгөсөн дөө. Аав дуулдаг, ээж шүлэг уншдаг. Том ах кино урлагт, бага ах зурагт дуртай. Өөрсдөө урлагийг ойлгодог, мэдэрдэг болохоор намайг ч тийм байгаасай гэж хүссэн байх.
-Хүүхэд байхын л урлагт хайртай байжээ. Бага насныхаа тухай ярихгүй юу?
-Би хоёр ахтай айлын хэнз охин л доо. Тийм болохоор жаахан эрх, эршүүд хүүхэд байсан. Багаас цэцэрлэгийн багш, ээж маань шүлэг их цээжлүүлдэг. Бас ээж маань шүлэг, зураг, бүжгийн дугуйланд хөтөлж явдаг байсан. Дунд анги хүртлээ латин бүжгийн спортоор хичээллэсэн. Ер нь урлагийн дугуйлангаас холдоггүй л байлаа.
-Оюутан нас, ангийнхныхаа талаар яриач?
-Оюутан нас миний амьдралын хамгийн үнэ цэнтэй хуудсуудын нэг. Мэргэжилдээ илүү дурлах гайхалтай дөрвөн жил байсан. Баатарын Отгонбат багшийнхаа ангид хуваарлагдаж суралцсан нь маш том аз завшаан гэж боддог. Анх ямар ч байсан энэ мэргэжлээр суралцаж байвал хэн багш байх нь надад сонин байгаагүй. Мөр зэрэгцэн суралцсан ангийхан маань хоорондоо их учиртай холбогдсон байх гэж боддог. Манай ангийнхан дийлэнх нь мэргэжлээрээ ажиллаж, жүжиг, киноны гол болон туслах дүрийг бүтээж яваа. Мөн өөрсдөө кино, контент хийж байна. Багш минь биднийг сайн сургасны ач энэ гэж бодож багшаараа, найзуудаараа бахархаж явдаг даа.
Жүжигчний ангийнхан нэг нь л байхгүй бол хичээлээ давтаж чаддаггүй. Тийм болохоор нэгэнтэйгээ ойр дотно унахад нь босгож, дэмжиж чаддаг хамт олон байсан.
(4).png)
-Өмнө нь ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байсан бэ?
-“Bee” театрт ажиллах боломж олдож Т.Цэнд-Аюуш найруулагчийн бүтээл “Хүүхэлдэй” монодрамд тоглож байсан. Мөн “Алиса гайхамшгийн ордонд” жүжигт ажилласан. Ер нь театраас холдоогүй энэ салбартаа ажилласан азтай хүн гэж өөрийгөө боддог.
Мөн би сонирхлоороо дуу зохиож, дуучидтай хамтарсан. Хамгийн сүүлд “Lumino” хамтлагийн dj золоо ахтайгаа хамтарч “Цаасан шувуу” уран бүтээлийг бүтээсэн.
-Дэлгэцийн уран бүтээлд тоглож байсан уу. Ямар дүрүүдэд ажиллаж байсан бэ?
-Одоохондоо дан тайзны уран бүтээлд тоглосон байна. Гэхдээ миний зорилго, мөрөөдлийн нэг нь дэлгэцийн сайхан уран бүтээлээр үзэгчтэйгээ уулзахыг хүсдэг.
-Жүжигчин хүний хувьд хүрэхийг хүсэж буй хэтийн зорилго тань юу вэ?
-Өөрийн үеийнхэн болон дүү нартаа театр ямар гайхалтай вэ. Амьд урлагийн мэдрэмж ямар байдаг. Амьд байгаагаа мэдрэх, нэгийг бодох, мэдрэмж өгөхийг хүсдэг. Мөн урлаг руу залуусыг уруу татагч байхыг хүсдэг. Тиймдэ ч театрын жүжгүүдийг сурагч нартаа үзүүлж, таниулдаг багш нарт талархаж явдаг.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдаа олон сайхан уран бүтээлээр уулзана гэдэгтээ итгэлтэй байна.
-Залуу жүжигчин намайг онцолж ярилцлага авсан танай хамт олонд баярлалаа. Сайхан бүтээлүүдээр үзэгчиддээ бэлэг барьж байх болно оо.
| ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН |
|
Э.ЦЭРЭНЦООДОЛ: 2028 ОНД ЭЕШ-ЫГ ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНД ЗӨВШӨӨРӨГДСӨН SAT-ЫН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ
2026-06-22 18:36:26
Гимнастикчид Италиийн тэмцээнээс 5 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-06-22 15:18:51
Ш.БАТБАЯР: МОНГОЛ УЛС БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ЗОРИЛТУУДЫГ ҮНДЭСНИЙ БОДЛОГОДОО ТУСГАЛАА
2026-06-22 14:37:27
“IEM COLOGNE MAJOR 2026” ТЭМЦЭЭНД “TEAM FALCONS” БАГ ШАЛГАРЧ, RIFLER NIKO “MAJOR” ЦОМ ӨРГӨЛӨӨ
2026-06-22 14:13:39
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад нөхөн сонгууль явагдсаны есөн мандат дээр МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулжээ
2026-06-22 11:23:35
Баянгол дүүрэгт энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлана
2026-06-22 09:36:06
МОНГОЛ АДУУГАА АД ҮЗСЭН УЯАЧИД ЗАЛААТАЙ МАЛГАЙ, ЦУСТАЙ АДУУТАЙГАА ҮЛДЭНЭ
2026-06-22 07:49:43
БАЯН-ӨЛГИЙН КАЗАХУУДЫН ОРШУУЛГЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН
2026-06-22 07:38:44
Д.Мягмарсүрэн “Korea Athletics Open 2026”-гаас алтан медаль хүртлээ
2026-06-22 07:18:54
ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛЖ, ХУУЛЬ БУСААР МӨРИЙТЭЙ ТОГЛУУЛЖ БАЙСАН “УЛААН ЦАВ” ЗОЧИД БУУДАЛ “НҮҮРСЧИД”-ИЙНХ БАЙЖЭЭ
2026-06-22 07:00:57
Б.Батзаяа: ДАШТ-ий шөвгийн гал гарсан тоглолтыг халуун цэгээс нь тайлбарлана гэхээр догдлол дүүрэн байна
2026-06-22 07:00:00
ЭМЭГТЭЙЧҮҮД АЗГҮЙТЭЖ, ЭРЭГТЭЙЧҮҮД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ИХ ДУУЛГА ӨНДӨРЛӨВ
2026-06-22 07:00:00
“ОРЬ ДУУ”-ГИЙН УУДАМ БУЮУ ЖҮЖИГЧИН Ж.АЛТАНШАГАЙ
2026-06-22 06:34:13
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |