• Өнөөдөр 2026-03-11

ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН

2026-03-11,   57

         Энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” буландаа МУСТА Э.Намууныг урьж, уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.

         Тэрбээр Нийслэлийн нэгдүгээр сургуулийн н.Цэрэнлхам багштай ангид суралцаж төгссөн. Сургуульд байхаасаа л урлагийн үзлэгт маш дуртай хүүхэд байсан гэдэг. СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан байхдаа “Tobe or not tobe” гэх телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож олонд танигдаж эхэлсэн. Үүний дараа “Мөрөөдлийн театр”-т ажиллаж байгаад арван жил урлагаас завсарлага авсан. Харин сүүлийн жилүүдэд уран бүтээлээ идэвхтэй туурвиж буй.

-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ нээсэнд баяр хүргэе. Энэ удаа инээдмийн жнарыг сонгосон талаараа яриагаа эхлэх үү?

                -Баярлалаа. Миний хувьд "Ханхур" пикчерсийг үүсгэн байгуулаад өнгөрсөн онд "Галбингаа" уран сайхны киног бүтээсэн. Мөн хэдхэн хоногийн өмнө “Эгч нь эр  хүн” уран сайхны киногоо бүх кино театрын дэлгэцнээ нээсэн. Нийгэм эмэгтэй хүнийг эр шиг хүчтэй байхыг шаарддаг энэ эмзэглэл төрдөг. Нийгэм бухимдалтай байгаа энэ үед уран бүтээлээрээ жаахан ч гэсэн гэгээ татуулах юм сан гэж хүсэж энэ киногоо бүтээсэн. Аливаа зүйлд нөхцөл нь бүрдэж, цаг нь ирнэ гэж байдаг.

                 Амьдралын олон өнцгийг хөгжилтэй, эерэг байдлаар үзүүлж  болно шүү дээ. Нэгнээ анзаарахгүй, сонсохгүй хоорондоо ярилцахаа больчихсон хосууд түгээмэл бий. Үүнийгээ хэрхэн эерэгээр даван туулж, гэр бүлийн харилцаагаа сэргээж нэгэндээ дахин дурлаж байгаа кинонд талаар гарна.  Илүү дэлгэрэнгүй сонирхолтой хэсгүүдийг уншигч та бүхэн театрын дэлгэцээс үзээрэй.

-Киноны нэрийн тухайд?

                -Монгол эмэгтэйчүүд сэтгэлийн хаттай, ачаалал даах, дасан зохицох чадвартай байдаг шүү дээ. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд амьдралаа авч явж байгаа эсвэл өрх толгойлох нь ихэссэн. Энэ өнцгийг харуулах ёстой юм байна гэж бодож зохиолын санаагаа гаргаж, нэрээ өгсөн. Эмэгтэй хүн ямар хүнтэй байхдаа энхрий зөөлөн эмэгтэйлэг байна. Эсрэгээрээ юу туулахаараа хатуу эмэгтэй болж хувираад байна вэ гэдгийг кинондоо харуулсан.

-Таны хувьд ээж, эхнэрийн ажилдаа бүрэн анхаарч арван жил урлагаас хол байсан шүү дээ. Тэр талаараа яривал?

                -Эмэгтэйчүүд гэртээ байх үедээ “Карьергүй болж нийгмийн харилцаанаас холдлоо”гэж сэтгэлээр унах үетэй нүүр тулдаг. Нийгмээс зүгээр гэртээ суудаг, юу ч хийдэггүй гэх мессеж ирдэг болохоор тэр  байх. Надад ч бас тийм үеүд зөндөө байсан.  Урлагийн хүмүүс чинь сэтгэл хөдлөл өндөртэй болохоор ч тэр үү би хоцроод байна. Миний карьер бараг зогслоо гэж хааяа эмзэглэж байсан.  Харин одоо бодоход би амьдралын хамгийн чухал арван жилийг өнгөрүүлсэн байна. Хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлнэ гэдэг гэр бүлийн хувьд бол маш том үнэт зүйл шүү дээ.  Бага насанд нь суурь хүмүүжлийг нь өөрөө сайн тавьж чадсан болохоор одоо илүү тайван  жаргалтай байгаа. Дийлэнх өсвөр насныхан хаалттай байдаг манай хүүхдүүд бид хоёртой яг л найз шигээ харьцаж, ярилцдаг.

-Тэгвэл таныг аав,ээж тань хэрхэн хүмүүжүүлж, юуг захиж ирсэн бэ?

                -Багадаа ааваасаа салдаггүй эрх охин байлаа. Харин ээжийнхээ зан ааш, царай төрхийг дуурайсан гэж боддог.  Би дээрээ нэг ахтай айлын ганц охин. Ээж, ах хоёр маань тооны талын  хүмүүс. Харин аав маань урлагт сонирхолтой хүн байсан. Бага байхад маань урлагийн дугуйланд их явуулдаг байсан. Тэр нь урлагийн хүн  болоход маань нөлөөлсөн байх.

                Аавыгаа 17 насандаа алдсан болохоор яг насан хүрсэн хүн ямар байх, амьдралд хэрхэн хандах уу гэдэг ухааныг ээжээсээ сурсан.  Аав, ээж минь хэлсэндээ хүрдэг үнэнч, шударга байгаарай гэж өсгөсөн. Миний ээжээс ялгарах нэг зүйл хүүхдүүдээ багаас нь бүх зүйлийг нь өөрөөр нь хийлгэж, хариуцлага хүлээлгэж сургасан. Яагаад гэвэл айлын эхнэр болсон чинь би яг цагаан цаас шиг байсан.  Өөрөө бүгдийг хийж сураагүй болохоор алдаа гаргах.  Амьдралын хүнд үеүдэд буруу шийдвэр гаргах тохиолдол гарч байсан. Тэгээд ер нь хүн бага наснаасаа л өөрийгөө авч явж сурах хэрэгтэй юм байна гэж бодсон. Одоо манай хүүхдүүд бид хоёрыг байхгүйд хүнс нь л байвал бүх зүйлээ өөрсдөө хийж чадна. Том хүү маань хааяа цагийн ажил хийдэг. Цалингаар нь хүнсээ ав гэдэг. Тэгэхээр тэр хүүхэд юмны үнэ өндөр, эр хүн амьдралаа яаж авч явах талаар суралцаж л байна гэсэн үг.

- “Галбингаа”  уран сайхны киноны тухай ярихгүй өнгөрч болохгүй байх. Таны нөхөр танд зориулан бүтээсэн гэдэг шүү дээ?

                -Бид хоёр хэдэн жилийн өмнөөс өөрсдийн кино компанитай болох юм сан гэж ярилцаж, хөөцөлдөж эхэлсэн.  Аливаа зүйлийн тохироо нь бүрдэж, цаг нь таарна гэж байдаг шүү дээ. Одоо тэр үе нь ирсэн юм шиг  санагддаг. Нөхөр маань намайг урлагаас нь холдуулчихлаа гэх эмзэглэл байсан гэсэн. Тэгээд “Галбингаа” уран сайхны киног надад зориулж бүтээж, гол дүрд нь тоглуулсан. Энэ сэдвийг хөндөх бас амаргүй байсан.  Эх хүн байхын жаргал юугаар ч солишгүй сайхан шүү дээ. Гэхдээ тэр жаргалыг хүсээд эдэлж чадахгүй хүмүүс нийгэмд олон бий. Тэр мэдрэмж ямар аймар бол гэсэн төсөөллөөр дүрээ бүтээсэн.

-Та “Аливаа зүйлийн тохироо нь бүрдэж, цаг нь таарна” гэлээ. Одоо яг таны үе ирсэн гэж бодож байна уу?

                -Би оюутан байхдаа олон танигдсан ч “Мөрөөдлийн театр”-т хоёр жил л ажиллаад гарсан хүн шүү дээ. Дэлгэцийн гол дүр ч бүтээж амжаагүй гэсэн үг. Намайг 20 гаран настай байхад Д.Бямбацогт ах “Энэ охин гуч  гараад сайн жүжигчин болно доо. Чамд нэг юм байна” гэж байсан юм. Тухай үедээ “Би одоо яасан юм” ухааны юм л бол бодож байсан байх. Одоо бодоход нээрээ л  жүжигчин хүн гуч гараад жаахан амьдрал үзээд, юмны зах зухаас ойлгоод ирэхээрээ дүрээ илүү гаргаж чаддаг болдог юм байна.  Гэхдээ би хэзээ ч бүтээсэн дүрдээ ханаж, өөртөө сэтгэл бүрэн ханаж үзээгүй. Энэ маань нэг талаараа өөрийгөө илүү хөгжүүлэх шат байх.

-Оны өмнө “Надад ирээгүй хайр” олон ангит киноны Халиунаагийн дүрээр үзэгчидтэй уулзсан.  Тэгвэл үзэгчдийн хувиас Бүжингийн дүрийг ямар өнцгөөс харж байсан бэ?

                -Би чимэг дүрд их дуртай.  Яаж л бол яаж шаглаж болдог юм.  Эсвэл эсрэг дүрд тоглох дуртай. Яг миний хүсдэг чимэг дүр байсан болохоор уриалгахан хүлээж авсан. Халиунаа бол зовлон үзсэн. Түүнийгээ даваад гарсан хүчирхэг эмэгтэй. -Халиунаагийн дүрээс харвал Бүжинг ямар шалчигнасан хүүхэн бэ гэж хэлнэ. Харин үзэгчийн үүднээс өөр.

-Яагаад эсрэг дүр гэж, эргээд театрын тайзнаа гарах бодол бий юү?

                - Хэрвээ тайзны бүтээлд тоглох урилга ирвэл дуртайяа тоглоно. Жүжигчин хүний хувьд тайз бол жинхэнэ чадвараа сорьж, ахиулдаг талбар шүү дээ.

                Би характертай дүрд дуртай. Эерэг дүрд чимэглэж, тоглож болох зүйл бага байдаг гэх үү дээ. Театр бол цагаан дүр яг л жүжгийнхээ жанжин шугамыг барьж явдаг.  

-Танд өөрөө кино зохиол бичих бодол байдаг уу?

                -Нийгмээс ажигласан, эмзэглэл төрсөн зүйлээ зохиол болгохыг хүсдэг. Гэхдээ мэргэжлийн онол, чадвар нь байхгүй болохоор нэг л болж өгдөггүй. Гэхдээ зохиолчийн сургалтад суугаад өөрийгөө сорьж үзэх. Бүрэн хэмжээний кино биш юм аа гэхэд контентны зохиол бичихийг хүсэж байгаа. 

-Тэгвэл Э.Намуунаа ямар характертай, амбицтай эмэгтэй вэ?

                -Өөрийгөө амбиц өндөртэй гэж боддог. Ер нь ямар ч зүйл дээр “Би чадлаа, би сайн байлаа. Ёстой тултал нь хийлээ” гэж бодож үзээгүй. Нөгөө талдаа хэр баргийн зүйл сэтгэлд хүрдэггүй шаардлага өндөртэй. Дүрээ тэгж гаргах байсан юм гээд сэтгэлээр унах үе ч бий. Тэр үед Эрхэмээ “Аль хэдийнээ болоод өнгөрсөн зүйлд сэтгэлээр битгий уна. Яагаад өөрийгөө голоод байдаг юм. Өөртөө итгэлтэй бай” гэдэг.

-Анх гэр бүл болж байсан үеэ эргээд дурсвал?

                -Үнэндээ хоёр амьдралаа зохиож буй хүмүүс алдах эрхгүй шүү дээ.  Хамтдаа амьдаръя гэж шийдээд эхлээд хоёр ээжтэйгээ уулзаж, зөвшөөрөл авсан. Үүний дараа бэр гуйлгаад хамтдаа амьдарч эхэлсэн дээ. Хүүхдүүд маань тэрсхэн болохоор маргаан гарах вий гэж үг, үйлдлээ цэгнэж ирсэн. Одоо бол хоорондоо эвтэй нэг цөм болсон. Бид хоёр талаас нэг сэтгэлтэй, зорилготой байсан болохоор энэ гэр бүлийг нэг цөм болгож чадсан гэж боддог. Мэдээж амьдралд маргалдах үе гарна. Тэр бүрд ойлголцож ярилцах л чухал шүү дээ.  

-Цахим сүлжээнд хүмүүс дур зоргоороо сэтгэгдэл бичдэг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд танд ирж байсан хамгийн сайхан болон эвгүй сэтгэгдэл юу байсан бэ?

                -Анх “Мөрөөдлийн театр”-аас гараад  нөхөртэйгээ нийлж байх үед муухай сэтгэгдэл маш их ирдэг байлаа. Бараг гурван жил гаруй хугацаанд “Гэр бүл салгасан, явдалтай” гэх мэтээр гүтгүүлдэг байсан. Бид хоёрт ирэх сөрөг сэтгэгдлийг бол тоодоггүй. Харин цагаан цаас шиг хүүхдүүд рүү минь дайрах үед үе үе хариу бичдэг байсан.  Үнэндээ бол бид хэн хэнийхээ амьдралыг салгасан зүйл байхгүй шүү дээ. Харин одоо хүмүүс “Сайхан гэр бүл шүү” гэж бичих болсон. Сөрөг сэтгэгдэл  ч бараг ирдэггүй. Бас хүмүүс арван жил завсардсан ч жижиг дүрүүдийг нь ярьж, эргэж урлагтай ирсэнд баяр хүргэе гэдэг. Намайг үздэг хүмүүс байдаг юм байна гэх бодол төрж сайхан санагдаж байсан.  

-Цахим сүлжээнд хүмүүс дур зоргоороо сэтгэгдэл бичдэг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд танд ирж байсан хамгийн сайхан болон эвгүй сэтгэгдэл юу байсан бэ?

                -Анх “Мөрөөдлийн театр”-аас гараад  нөхөртэйгээ нийлж байх үед муухай сэтгэгдэл маш их ирдэг байлаа. Бараг гурван жил гаруй хугацаанд “Гэр бүл салгасан, явдалтай” гэх мэтээр гүтгүүлдэг байсан. Бид хоёрт ирэх сөрөг сэтгэгдлийг бол тоодоггүй. Харин цагаан цаас шиг хүүхдүүд рүү минь дайрах үед үе үе хариу бичдэг байсан.  Үнэндээ бол бид хэн хэнийхээ амьдралыг салгасан зүйл байхгүй шүү дээ. Харин одоо хүмүүс “Сайхан гэр бүл шүү” гэж бичих болсон. Сөрөг сэтгэгдэл  ч бараг ирдэггүй. Бас хүмүүс арван жил завсардсан ч жижиг дүрүүдийг нь ярьж, эргэж урлагтай ирсэнд баяр хүргэе гэдэг. Намайг үздэг хүмүүс байдаг юм байна гэх бодол төрж сайхан санагдаж байсан.  

 


ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188