• Өнөөдөр 2025-11-28

“НАМУУН ҮДЭШ”, “ДОРНЫН ЦАГААН САРАН” ТЭРГҮҮТЭЙ ДУУНЫ АЯЛГУУГ  МОНГОЛЧУУДЫН ЗҮРХ СЭТГЭЛД ЭГШИГЛҮҮЛСЭН АРДЫН ЖҮЖИГЧИН Д.БАТТӨМӨР

      Дууг нь сонсоход намуун үдшээр дорнын цагаан саран гадаа налайж, хэн бүхэн алтан дэлхийд төрсөн утга учраа эрж, есөн эрдэнийн оронд хүн болж мэндэлснээ тунгаана. 

        Хаа нэгтээх нууранд бодлын цагаан хун далавчаа дэвэн сэгсэрч, түүнийг харсан нэгэн дуу шиг бүсгүйг мөрөөднө. Тэгээд л тийм нэг бүсгүйдээ “Чин хайрын сэтгэл минь чамайг тойрон эргэлдэнэ...” гэж шивнэнэ. Одоо уншигч та хэн гэгч, ямар уран бүтээлчийн тухай өгүүлэх гэж буйг минь гадарласан байх. Тийм ээ, энэ хүн бол тун саяхан Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаагаад буй хөгжмийн зохиолч Д.Баттөмөр. Монголчуудын сэтгэлд дотно эгшиглэх сайхан дуунуудын аялгууг зохиосон эрхэм.
“Дуу минь дуу минь
Дуртайхан дуу минь
Дуулим талын 
Уянгатайхан дуу минь…” гээд л эгшиглэхэд эрхгүй зүрх сэтгэл дууны увдис аялгуунд уяран татагдаж, бүүвэйлүүлдэг. Д.Баттөмөр хөгжмийн зохиолч Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн говийн хүн болоод ч тэр юм уу нэг тийм зөөлөн, тэгсэн атлаа донжтой аялгууд зохиодог нь аялгууг нь зохиосон дуунуудаас нь илхэн байдаг. “Туулын урсгал шөнөдөө сайхан” гэхэд нэг тийм ардын дууны өнгө аястай, сэтгэл долгисуулан тэмтэрдэг бүтээл.
 
    Араас нь тэгээд “Нүд, хөмсгийг чинь харъя л даа”, “Цэцэгт цэнхэр алчуур” гээд хөвөрнө. Хөгжмийн зохиолч тэрбээр 1972 онд Зөвлөлт холбоот улсын Буриад улсын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийг Ардын найрал дуу, хөгжмийн удирдаачаар төгссөн байдаг. Ингээд 1960-1968 онд Улсын ардын дуу, бүжгийн чуулгад хөгжимчин, 1972-1973 онд Сүхбаатар аймгийн Соёлын ордонд удирдаач, 1973-1974 онд ХБУДС-д багш, 1974-1976 онд Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрт удирдаач, 1976-1979 онд ХБДУС-д багш, 1979-1982 онд Эрдэнэт хотын Соёлын ордонд удирдаач, 1982-1983 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль (Багш нарыг бэлтгэх сургууль) багш, 1983-1990 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, мөн Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн холбоонд мэргэжлийн уран бүтээлчээр ажиллаж иржээ. 


      Анхны дуу “Баян хангай”-гаа хорь хүрээгүй байхдаа туурвисан байх бөгөөд
"Манай үеийнхний дуу" /1983/, “Туулын урсгал шөнөдөө сайхан” /1986/, “Дорнын цагаан саран” /1994/ дууны ном хэвлүүлжээ. Түүнчлэн 1987 оноос зохион байгуулагдсан "Морин хуур" наадамд тэрээр тогтмол оролцож иржээ. Энэ ч үүднээс “Морин хуур-91” хөгжмийн наадмын шагнал хүртсэн “Бодлын цагаан хун” дуу нь одоо ч хүн бүрийн дотор далавчаа дэвэн нисэж, хүний хайр энэрэл, өрөвч зөөлөн сэтгэлийн нууранд буусаар байна. Ингэж түүний бүтээлүүд хүний зүрх сэтгэлийн дотно гэх бүхэнтэй зохицон эгшиглэж, төрсөн нутаг, торнин өссөн хүүхэд насандаа эргэн очих гүүр болдог.
Яг одоо,
Газрын холоос цайвалзсан
Ганган цагаан хот байна аа хө
Ганцхан насанд заяасан
Миний нутгийн бараа юу даа” гэж дууг Ардын жүжигчин С.Ганзоригийн дуулснаар сонсож байна. Шуудхан л бүх дурсамж сэргэж, сэтгэлийн дотор байраа эзлэн байна.

“НАМУУН ҮДЭШ”, “ДОРНЫН ЦАГААН САРАН” ТЭРГҮҮТЭЙ ДУУНЫ АЯЛГУУГ  МОНГОЛЧУУДЫН ЗҮРХ СЭТГЭЛД ЭГШИГЛҮҮЛСЭН АРДЫН ЖҮЖИГЧИН Д.БАТТӨМӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188