Коронавирусийн халдварын улмаас жижиг, дунд үйлдвэрийн бизнес эрхлэгчид, худалдагч нар БНХАУ-аас бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй хагас жил болсон. Иргэд захиалсан ачаа, бараагаа Замын-Үүдээс дахин өөр автомашинд ачуулж авчирч байгаа. Харин өнгөрсөн баасан гарагт 10-11 хүний ачаа бараа оруулж ирж байсан автомашин шатсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны А-0101 автозамын орчим ачааны автомашин чиргүүлтэйгээ шатсан билээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 15:08 цагт галыг бүрэн унтрааж дуусгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Одоогийн байдлаар ачааны автомашин шатсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор Цагдаагийн ерөнхий газрын галын шинжээч, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид хэргийг шалгаж байгаа аж.
Тэгвэл уг шатсан автомашинд дуучин М.Нарантуяа буюу Нарагийн захиалсан бараа ирж байжээ. Тэрбээр “Шатсан машин дотор миний зөгийн балын шил ирж байсан. Олон сар хүлээсэн, хэдэн арван сая төгрөгийн бараа маань шатчихлаа” хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байв. Ачаатай автомашин шатсантай холбоотойгоор цахим сүлжээнд маш олон төрлийн мэдээлэл цацагдаж байгаа. Тухайлбал, Мөрийтэй тоглоом тоглоод хожигдсон иргэн уурлаж, гал асаасан, жолооч согтуу байсан, "Ар үр" онлайн шопын нэг тэрбум төгрөгийн бараа шатсан гэх мэт мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээл цацагдаж буй. Бид мэдээллийг үнэн бодитоор хүргэхээр дуучин М.Нарантуяа буюу Нара, "Ар үр" онлайн дэлгүүрийн админ Б.Отгонбаяр нартай холбогдож учир шалтгааныг тодруулсан юм. Харин жолооч болон түүнтэй хамт явсан иргэд сэтгэл санааны хямралд орж, бусадтай дэлгэрэнгүй ярилцах боломжгүй байгаа тухайгаа хэлсэн юм.
-Таны барааг тээвэрлэж байсан автомашин юунаас болж шатсан юм бэ. Та энэ талаар мэдсэн үү?
-Ачааны автомашин юунаас болж шатсаныг нь мэдэхгүй байна. Автомашин шатсан учир шалтгааныг Онцгой байдлын газрынхан 14 хоногийн дараа тодорхой болгоно гэсэн.
-Таны хэчнээн төгрөгийн шатсан бэ?
-Миний зөгийн балын шил шатчихлаа. Манай хэрэглэгчид намайг шилээ захиалаад удаж буйг мэдэж байгаа. Би зөгийн балын шилээ наймдугаар сард захиалсан. Тагийг нь цэвэр модоор хийдэг учраас модыг нь хатаах үйлдвэрлэлийн хамгийн чухал үйл явц байдаг. Мөнгө шилжүүлсэн тохиолдолд үйлдвэрээс Эрээн рүү гардаг. Мөнгөө шилжүүлчихлээ гэж бодож байтал шилжүүлэг хийж байсан компанийн ажилтны хариуцлагагүй байдлаас болж хоёр хоногийн дараа дахин шилжсэн юм. Харин тэр үед Эрээний хил хаагдаж, бараа маань үйлдвэр рүүгээ буцсан. Тэгээд Эрээний хил нээгдэхээр нь буцааж авчирсан. Харин Эрээн дээр ирээд гацчихсан байсан барааг дахин буцааж вагоноор зөөсөн юм. Замын-Үүдээс Улаанбаатар хот руу ачааны автомашин хөлсөлж, бараагаа авчруулж байсан юм. Гэтэл Улаанбаатар хотоос 80 гаруй км-ийн цаана шатчихлаа.
40 сая орчим төгрөгийн 2400 шил, 300 таг, баглаа боодол ачаа ирж байсан. Үүнд тээврийн зардал бодогдсон байгаа. 100 орчим шил хагараагүй байна лээ. Мөнгө, санхүүгийн алдагдалд ороод хэцүү байгаа ч гэсэн цаг хугацаа маш чухал байна. Хагас жил хүлээсэн бараагаа замдаа шатчихна гэж хэн ч бодохгүй шүү дээ. Дахиад мөнгө босгоод шил, баглаа боодлоо захиалсан ч гэсэн үйлдвэрлэлт, тээвэрлэлтийн хугацааг хүлээсээр байтал зун болох нь дээ.
-Ачааны автомашинд хэчнээн хүн байсан бэ. Тэдний биеийн байдал ямар байгаа бол?
-Би жолоочтой холбогдоогүй. Тэд автомашиндаа дөрвүүлээ явсан юм билээ. Тэдний сууж явсан автомашины ачаанаас гал гарсан юм билээ. Тэд гал гарч буйг мэдээд зарим ачаа, барааг галаас холдуулсан юм билээ. Ачаа, бараагаа нэг өдрийн өмнө нь ч болтугай авчиръя гээд хамт явж байсан хүнтэй холбогдсон. Тэрбээр “Цахим сүлжээнд цацагдаж байгаа шиг хэн нэгэн өс хонзонгийн сэдлээр гал түймэр гаргаагүй” гэсэн. Би ачаа бараа дотор нь ямар нэгэн амархан шатаж, дэлбэрэх зүйл байсан болов уу гэж таамаглаж байна. Гэхдээ галын дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргахаас өмнө бид ямар нэгэн таамаг дэвшүүлээд ч нэмэргүй шүү дээ.
-Жолооч нарыг согтуу байсан гэж ярих юм. Та энэ талаар мэдсэн үү. Хэдэн хүний ачаа байсан юм бэ?
-Ачааны дундаас гал гарсан гэсэн. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан юм билээ. Автомашинд явсан хүмүүс зарим хайрцагтай ачааг галаас холдуулж шидсэн гэсэн. 10-11 хүний барааг хоёр автомашинд хувааж ачсан гэсэн.
Мөн хохирогч болох “Ар үр” онлайн дэлгүүрийн эзэн Б.ОТГОНБАЯРААС зарим зүйлийг тодрууллаа.
-Таны хэдэн төгрөгийн бараа шатсан бэ. Ачааны автомашин яагаад шатсан тухай та мэдсэн үү?
-Галын дүгнэлт гараагүй байгаа. Тиймээс хэн хэдэн төгрөгөөр хохирсон нь тодорхойгүй байна. Бидний ачааг хоёр автомашинд хувааж ачсан юм билээ. Нөгөө автомашиныг нь цагдаа нар олсон ч бараа бүтээгдэхүүнүүд нь задраагүй байгаа. Миний 17 нэр төрлийн 300 хайрцаг ачаа байсан. Одоогоор хэд нь шатсан нь тодорхойгүй байна. Галын дүгнэлтийн хариуг хүлээж байгаа. Гэхдээ хардаж байгаа хүн бий.
-Таны тэрбум төгрөгийн ачаа шатсан гэж олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Хэчнээн төгрөгийн бараа ирж байсан юм бэ?
-Манай дэлгүүрийн нэг тэрбум төгрөгийн ачаа шатсан гэдэг нь худал мэдээлэл. Ойролцоогоор 250 сая төгрөгийн бараа ирж байсан. Түүнээс хэчнээн төгрөгийн бараа шатсан нь тодорхойгүй байна. Тийм учраас хэдэн төгрөгөөр хохирч буйгаа мэдээгүй байгаа. Хил хаалттай удаж байгаа учраас урд захиалга авсан олон төрлийн ачаа байсан. Воганаар Замын-Үүдэд эхний ээлжийн ачаа ирээд, Замын-Үүдээс ачааны автомашинаар Улаанбаатар руу ирж байсан юм. Манай ачаанд шатах төрлийн бараа бүтээгдэхүүн байгаагүй. Хувцас болон гэр ахуйн бараа байсан.
-Жолооч нарыг мөрийтэй тоглоомтой холбож яриад байсан. Энэ талаар та сонссон уу?
-Ээлжийн гурван жолооч, бидэнд бараа зуучилдаг нэг хүн хамт явсан юм билээ. Хоёр жолооч нь эрүүл байсан гэсэн. Цагдаа нар согтуурлын зэргийг нь тогтоож, шалгасан. Харин бидэнд бараа зуучилдаг иргэн согтуу байсан юм билээ. Тэдний хэн нэгэн нь өмнө нь мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдож байсан бүртгэлтэй байсан юм шиг байна лээ. Энэ талаар сайн мэдэхгүй байна.
ДУУЧИН М.НАРАГИЙН 40 САЯ, “АР ҮР” ОНЛАЙН ДЭЛГҮҮРИЙН 250 САЯ ТӨГРӨГИЙН БАРААГ АЧИЖ ЯВСАН АВТОМАШИНЫГ ШАТААСАН ХЭРГИЙН МӨРӨӨР |
|
2025-05-17 09:33:25
2025-05-17 09:17:29
2025-05-16 19:15:33
2025-05-16 17:35:06
2025-05-16 17:19:04
2025-05-16 17:13:04
2025-05-16 17:05:17
2025-05-16 16:57:02
2025-05-16 16:07:39
2025-05-16 14:07:20
2025-05-16 14:03:27
2025-05-16 13:06:40
2025-05-16 12:59:11
2025-05-16 12:53:48
2025-05-16 12:28:54
2025-05-16 12:23:34
2025-05-16 12:23:33
2025-05-16 11:58:30
2025-05-16 11:53:21
2025-05-16 11:20:23
2025-05-16 11:02:08
2025-05-16 10:51:18
2025-05-16 10:43:52
2025-05-16 10:41:41
2025-05-16 09:46:04
2025-05-16 07:22:00
2025-05-16 07:00:00
2025-05-16 07:00:00
2025-05-16 07:00:00
2025-05-16 07:00:00
2025-05-16 07:00:00
2025-05-16 07:00:00
2025-05-16 06:00:00
2025-05-16 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |