• Өнөөдөр 2025-05-17

ЭЕРЭГ: Автобусанд гарсан галыг унтраасан "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагч Д.Хүчитбаатарт талархал дэвшүүлжээ

2022-02-19,   722

          Өнгөрөгч даваа гарагт буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр "Гачуурт-Офицеруудын ордон" чиглэлийн нийтийн тээврийн автобусанд гал гарсан. Тухайн үед автобусанд явсан цэргийн хувцастай хүү зорчигчдыг шатаж буй автобуснаас аюулгүй буулгаж, гадуур хувцсаараа галыг унтраасан тухай мэдээлэл цахим орчинд тараад байсан. Шатаж буй автобуснаас аюулгүй гарсан зорчигчид дараа нь “Цэргийн хувцастай хүүд маш их баярлалаа” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж байсан юм. 

Тэгвэл автобусанд гарсан галыг гадуур хувцсаараа унтрааж, баатарлаг үйлс бүтээсэн тэр “нууцлаг баатар” буюу “цэргийн хувцастай хүү” Нийслэлийн тэргүүний “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар байжээ. Тухайн үед Д.Хүчитбаатар ээжтэйгээ хамт Гачуурт чиглэлийн автобусаар зорчиж явсан бөгөөд автобусанд гал гарах үед зорчигчдыг буулгалцаж, гал командынхан ирэхээс өмнө шнелээрээ галыг унтрааж аюулгүй болгосон байна. 

Өнөөдөр Нийслэлийн тэргүүний “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн захиргаанаас баатарлаг үйлс бүтээсэн Д.Хүчитбаатарт зориулж талархал дэвшүүлжээ. 
 
Тус талархлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 
 

ТАЛАРХАЛ

         Нийслэлийн Тэргүүний ЕБ-ын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар нь гачууртын чиглэлд явж байсан эмэгтэй жолоочтой автобус шатах аюул нүүрлэхэд дотор байсан хүмүүсийг гаргаад асаж буй галыг унтраасан баатарлаг хийгээд хүмүүнлэг үйлсийн эзэн болсон байна. Монгол цэргийн сүр хүч, эх оронч үзэл төлөвшлийн тод илэрхийлэл, ирээдүйн офицеруудын залгамж халааг нийгэмд бэлтгэдэг Нийслэлийн Тэргүүний ЕБ-ын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн Г. Үүрцайх багштай 9а ангийн сурагч Д.Хүчитбаатартаа сургуулийнхаа нийт сурагчид, ажилтан албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж талархал илэрхийлье. 
 
Нийслэлийн Тэргүүний ЕБ-ын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн захиргаа

ЭЕРЭГ: Автобусанд гарсан галыг унтраасан "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагч Д.Хүчитбаатарт талархал дэвшүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188