• Өнөөдөр 2025-05-18

ТЭНҮҮН САЙХАН ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2022-02-02,   335

        Үхэр жил улирч, бар жил морилж байна. Улирч буй цагаагчин үхэр жил цар тахалтай, тэр хэрээрээ төр, түмний амьдралд олон өөрчлөлт авчирсан жил байлаа. Үхэр жилд улс төр үймсэн, уймарсан, эдийн засаг, эгэл ардын амьдрал элгээрээ хэвтсэн, хоёр хөршдөө хавчигдаж хил гааль хаагдсан, цар тахал цадигаа алдаж, цаг бусын үхэл хагацал нүүрлэсэн гээд дурдаад байвал нийтээрээ туулсан зовлон их байсан. Гагцхүү бар жилд бүх зүйл байр байрандаа ороосой гэж хүн бүхэн залбирч суугаа биз ээ. 
         Цагаагчин үхэр жил цар тахалтай, шинэ Засгийн газартай хамт морилж, энэ л хоёр сэдэвтэйгээ хагацалгүй хоршиж хамт байсаар буцлаа. Үндсэндээ үхэр жилийн үй олон үйл явдлууд, алдаа, оноо дагуулсан асуудлууд цөм Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, омикрон болтлоо хувирч хөгжсөн цар тахал хоёртой л холбоотой өрнөлөө. 
 
         Үхэр жилийн эхний өдрүүд хөл хориотой, хүндхэн өнгөрсөн. Гэр хорооллын гудамж, орон сууцны орц хонгилоор цагдаа нар эргүүлдэж, цагаан хувцастнууд цар тахлын хавьтагчдыг мөшгиж асан тэр өдрүүд. Дараа нь 300 мянган төгрөгийн “цалинтай” хөл хорионд орж, гэр гэртээ “хоригдож” ч үзсэн. Л.Оюун-Эрдэнийн гэх шинэхэн Засгийн газар аюулт тахлын тархалтыг хумихын тулд ийнхүү “авлига” өгч, айл айлын хаалгаар шинжилгээ авч үзсэн ч хамартай бүхнээс шинжилгээ аваад ч халдварыг зогсоож чадахгүйгээ ойлгосон. Төд удалгүй урд, хойд хөршөөс, хаа байсан Энэтхэгээс хүртэл вакцин хандивлаж, улмаар бүх нийтээр дархлаажуулалтын аянд нэгдсэн. Хоёр тун хийлгэчихвэл халдварт тахлыг бүр мөсөн мартана гэж нийтээр итгэн дархлаажуулалтын цэгүүдэд дараалалд зогссон. Вакцины анхны тунг тариулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл “Ерөөс вакцинаа л хийлгэчихвэл дэлгэр зуныг амны хаалтгүй угтаж, улсын наадмаа чөлөөтэй тэмдэглэнэ” хэмээн “Ванга” шиг л зөгнөж байлаа. Дархлаажуулалтын ирцийг нэмэхийн тулд дахиад 50 мянган төгрөгөөр “авлигадаж” хүртэл үзсэн. Даанч зун ирсэн ч тахал яваагүй, дэлхийд тэргүүлэх хэмжээний өндөр хувьтай ирцээр дархлаажуулалтад хамрагдсан ч аюулт тахлаас ангижирч чадаагүй. Хоногт бүртгэгдэх халдвар 2000-3000 давж, ахмадууд голдуу 10 хүн нас барах нь хэвийн үзэгдэл мэт болон хувирч, хоёр тун хүчгүйдэж эхэлсэн тул гурав, дөрөв дэх тунг санал болгох болсон. Одоо бид омикроны давлагаатай нүүр тулж байна. Оргил үе нь магад өнөөдрөөс эхэлнэ.  Цагаагчин үхэр жилд цар тахалтай тэмцсэн бидний түүх товчхондоо ийм. Харин бар жилд ХӨСҮТ-ийн хашаагаар буяны хөсгүүд хөлхөж, хотын баруун, зүүн талд байх чандарлах зуухны зүг цувж, цар тахлаар нас барсан талийгаачийнхаа царайг нь ч харах эрхгүй ар гэрийнхэн нь дэмий л бараадан дагаж явсан тэр эмгэнэлт дүр зураг давтагдахгүй байгаасай.
 
Түүнчлэн, улирч буй үхэр жилд бид, халдварт тахлаас болж хил хаагдмагц хоёр хөршөөсөө шууд хамааралтай, хараат, хэрэглэгч улс гэдгээ бүрэн ухаарсан. Зовж зүдэрсэн цагт нь, урд хөршдөө хонь, хойд хөршдөө морь бэлэглэсэн гавьяатай гэж бид өөрсдөө бахархан дурсдаг ч халдварт тахал хэн хэнийг нь таниулсан. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачаа бараа чингэлэгтэйгээ хилийн цаана гацаж, идэх хоол, өмсөх хувцас, унах унаа, тарих тариа цөм Эрээнээр дамжиж ирдгийг, Эрээн хаалттай л бол энд амьдрал зогсдогийг мэдэрсэн. Бас хойд хөрш хэдхэн хоног крантаа хаахад, улсаараа шатахууны хомсдолд орж, шар гэрэл нь анивчсан автомашинууд автозам дээр унтарч, шатахуун ачсан шагчид шөнийн цагаар хотоор хэрэн хэсэж, хүссэн үнээрээ худалдаалж байхыг харсан. Нэмээд цахилгааны щитээ буулгамагц нь баруун бүсийн таван аймаг тоггүй болж, таг харанхуйлахыг үзсэн. Хорин вагон шатахуун, хоёрхон чингэлэг ачаа хилээр орж ирэхэд төрийн сайд нь бахархалтайгаар зарладаг, түмэн олон нь түүнд нь алга ташин баярладаг, инээдэмтэй гэх үү, ичмээр гэх үү энэ үйл явдлууд улирч буй үхэр жилийн уйтай мэдрэмжүүдийн нэг байлаа. Морилж буй бар жилд энэ бараан түүх давтагдахгүй байгаасай. 
 
       Өнөөдөр бар жилийн эхний өдөр. Бар жил гарлаа гээд бүх зүйл алга урвуулахын төдийд өөрчлөгдчихгүй. Гэхдээ өөрчлөгдөөсэй гэж ард түмэн хүсэж байна. Шинжилгээнээс шинжилгээний хооронд найдлага, тунгаас тунгийн хооронд итгэл тээж бүтэн жилийг өнгөрүүлсэн ард түмэн бар жилд бүх зүйл байрандаа ороосой гэж хүсэж байна. 
 

 


ТЭНҮҮН САЙХАН ЖИЛ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188