• Өнөөдөр 2024-04-27

“Халдвартай” хэмээн хавчигдаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан иргэдийн амийг хэн төлөх вэ

2022-01-17,   887

                   Монгол Улс цар тахлын улмаас 2000 гаруй хүнээ цаг бусаар алдлаа. Хоёрхон жилийн дотор хэдэн мянган айл цар тахалд нэрвэгдэж, хайртай аав, ээжийгээ, хань ижилээ, үрсээ алдаж, хагацалын шуурганд бөхөлзлөө. Нүүр нүдгүй шуурсан цар тахлын шуурга олон ч айлын амьдралыг үгүй хийж, оронгоор нь эргүүллээ. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд минь хичээсээр байгаа ч бидний дундаас аль хэдийнэ 2012 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Үүн дотор харгис хатуу, хүн төвтэй байгаагүй төрийн байгууллагын шийдвэрийн улмаас олон ч хүн эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй гудамжинд, эмнэлгийн хашааны гадаа, машин дотроо, гэртээ нас барсан олон хүн бий.

               “Халдвартай” хэмээн цоллогдож, эмнэлгийн хашааны гадна эмч нарын нүдэн дээр амьсгал хураасан идэр насны залуу, “Халдвартай бүсээс ирсэн” гэж хавчигдаж, 22-ын товчооны цаана гурван цаг амьсгалын аппараттай тарчилсан 10-хан настай охин, шинжилгээ өгөхөөр дугаарлаж, арай ядан зогсохдоо үүрд явчихсан ахимаг насны эрэгтэйгийн амийг хэн төлөх вэ. Тэд эмнэлгийн анхан шатны тусламж цаг алдалгүй авах боломжтой, бололцоотой нөхцөл байдлаар хангагдсан байсан бол өнөөдөр амьд байх байлаа. Тэднийг “ХАЛДВАРТАЙ” хэмээн ангилаж, “Тэнд, энд очиж үзүүл. Улаанбаатар хот руу оруулах зөвшөөрөл хүлээж байна” гэж цаг алдаагүй байсан бол амьд байх байлаа.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧ ЧАДАЛГҮЙ, “ЭНЭРЭЛ” ЭМНЭЛГИЙН ГАДАА АМЬСГАЛ ХУРААСАН 35 НАСТАЙ ЗАЛУУ НЭМГ-ЫН ДАРГА Б.БЯМБАДОРЖИЙН ХЭЛСНЭЭР АРХИЧИН, АРЧААГҮЙ НЭГЭН БОЛЖ ДУУССАН УУ

БАРИМТ 1.  

                   Өнгөрсөн оны долдугаар сарын 3-нд “Энэрэл” эмнэлгийн үүднээс 20 хүрэхгүй алхам газарт цээжний зураг, шинжилгээний бичиг, эмчийн бичиж өгсөн эмийн жороо барьсан 35-хан настай залуу хашаа түшээд суугаагаараа өнгөрсөн байдаг. Улаан бүсэд ажиллаж байгаа эмч нар, яаралтай түргэн тусламжийн баг, хамгаалалтад гарсан цагдаа, жижүүрийн нүдэн дээр идэрхэн насны залуу эцсийнхээ хүчээр тусламж хүсэж, амь тэмцсээр нарт хорвоогоос харамсалтайгаар буцсан юм.  Талийгаач Р түргэний эмчийн хэлснээр Баянзүрх дүүргийн эмнэлэгт үзүүлэхээр ахтайгаа хамт очсон ч харьяалалгүй гэх шалтгаанаар хөөгдөж, харьяалалгүй иргэдийг хүлээн авдаг гэх “Энэрэл” эмнэлэгт үзүүлэхээр очсон ч гадаа нь нас барсан байдаг. Тэр харгислал дүүрэн хорвоог гэрэлтүүлж байсан бяцхан охиндоо, алдаа оноон дундуур хамтдаа туучиж ирсэн эхнэртээ, хорвоог зөөллөсөн ах, дүүдээ ч тэр тэврүүлж чадалгүй хорвоогоос буцаад он дамжжээ.  Өөрөөр хэлбэл бид “Надад туслаач” гэж эцсийн хүчээ шавхаж, эмнэлгийн үүдэнд цаг гаруй үхэл, амьдралтай тулалдсан иргэнээ алдаад зургаан сар болжээ.

                       Тухайн үед НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Хариуцлага алдаж, үүргээ биелүүлээгүй “Энэрэл” эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлнө. Мөн НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны хэсгийн ахлагчийн өрхийн эмчид өгсөн мэдээллээр бол талийгаач алтны дархан хийж, ажиллангаа амьдардаг. Амьдардаг өрөөний нөхцөл тааруу. Орон сууцны зоорийн давхарт амьдардаг. Сүүлийн арван хоног архи согтууруулах ундаа байнга хэрэглэсэн гэх өгүүлэмжийг хэсгийн ахлагч өгсөн байна” гэсэн байдаг.

Харин талийгаачийн ах, дүү нар Б.Бямбадорж даргын хэлсэн үгэнд болон “Энэрэл” эмнэлгийн эмч нарт гомдолтой байгаагаа илэрхийлж, ахынхаа амийг нэхсээр байсан билээ. Иргэнээ “Чи халдвартай, чамайг үзэхгүй” хэмээн үхэл рүү түлхсэн эмч нар, эмнэлгийн тусламж авч чадалгүй нарт хорвоогоос буцсан иргэнээ “Архичин, амьдралын нөхцөл тааруу” хэмээн ялласан дарга нар ямар ч хариуцлага хүлээхгүй бололтой.

АМЬСГАЛЫН АППАРАТТАЙ ГУРВАН ЦАГ 22-ЫН ТОВЦООНЫ ЦААНА ТАРЧИЛСАН 10 НАСТАЙ ОХИНЫ ХЭРЭГ

БАРИМТ 2

                            Дэлхий нийтийг цочроосон цар тахлын халдвараар бус төрийн байгууллагын уялдаа холбоогүй ажил, бусдын хайхрамжгүй үйлдлээс болж хорвоог орхисон бяцхан охин. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын II багийн иргэн Б.Пүрэвбаатарын охин 10 настай Н нь тархины цус харвалттай гэх оноштойгоор өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн байдаг. Охин эмнэлэгт ирээд хоёр хоногийн дараа охин нас барсан юм. Гол учир нь охин хөл хорионы дэглэм тогтоосон үед, халдвартай бүсээс ирсэн гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж цаг алдаж авсан билээ. Тэрээр 22-ын товчооны цаана амьсгалын аппараттай гурван цаг тарчилж, эцэст нь эмнэлэгт хүргэх зөвшөөрөл авсан ч нас барсан юм.

Талийгаач охины ээж Х.Урантогостой хэлэхдээ  “Миний охин гэнэт л толгой нь хүчтэй өвдөж, бөөлжөөд сумынхаа эмнэлэгт үзүүлсэн. Мандал сумын эмнэлэгт миний охин очихдоо алхаж чадахгүй болж, “Тархины цус харвалт байж магадгүй” гэсэн онош тавьж, нугасны ус аваад Улаанбаатар хот руу явуулахаар болсон. 22-ын товчоонд очиход “Голомттой бүсээс ирсэн” гээд эмнэлэг хүлээж авахгүй гээд биднийг гурван цаг орчим хот руу оруулаагүй. Гурван цаг охин минь хүйтэн машинд толгой нь хүчтэй өвдөж, тарчилсан. Тэгээд эмнэлгийн дарга, түргэний эмч гээд ЭХЭМҮТ рүү олон хүн хэл дуулгаж байж арай гэж охиныг минь нийслэл рүү оруулахаар болсон. ЭХЭМҮТ-ийн эмч залгаад “Охиныг чинь эмнэлэгт авч болно гэнэ. Харин таныг 21 хоног тусгаарлана. Үүнийг зөвшөөрч байвал ирж болно” гэхээр нь хүүхдээ аврахын тулд зөвшөөрсөн. Охиныг минь Эх нялхсын жижиг өрөөнд ганцааранг нь тусгаарласан байна лээ. Шинжилгээ аваад 24 цаг болсны дараа тасагт шилжүүлж, шинжилгээ авсан гэсэн.

                    Энэ хооронд би эмч нар руу олон удаа залгаж асуухад “Ажилтай байна. Битгий олон дахин залгаад бай. Танай хүүхэд сэхээнд орохооргүй зүгээр байна” гэсэн. Ингэж хэлэхээр нь жаахан уужраад байж байтал маргааш нь эмнэлгээс залгаад “Яаралтай ир” гэхээр нь яваад очиход миний охин ямар ч ухаангүй болчихсон байсан. Арван минут биднийг охинтой минь уулзуулаад “Эмчилгээ хийж байгаа” гэж хэлсэн. Төд удалгүй дахин дуудаад “Хүүхдийн чинь биеийн байдал тун муу байна. Таныг сахиураар авна” гэж хэлээд оруулсан. Сахиураар орж байгаа юм байх гэж бодсон чинь охиноос минь тусдаа олон хүнтэй хамт эмнэлгийн хонгилд тусгаарласан. Гэтэл тэнд хэвтэж байсан хүмүүс намайг “Коронавирус гарсан нутгаас ирсэн хүн холд, яв” гэх мэтээр хэлж хөөсөн. Миний охиныг хүртэл голомттой бүсээс ирсэн гээд ганцааранг нь нэг өрөөнд байлгасан байна лээ. Эмнэлэгт ирээд хоёр хоноод л нас барсан. Үнэхээр гомдолтой байна” гэсэн юм.

 


“Халдвартай” хэмээн хавчигдаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан иргэдийн амийг хэн төлөх вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-17 09:23:40
    hurelee : 5000 garan burhan bologch bugd kowitoor nasjsan shuu uunii hariutslgiig huleeh uls zasgiin gazar yrunhii said bsan odoo yrunhiilugch huuli busaar hiij bui gemt heregten hurelsuhees hariutslagiin nehnee sarangerel yr n MAN.hanaas irediihee amiig nehtsgeey mongolchuudaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188