Д.Нямсүрэн-БИ ЦАС БОЛНО
Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно…
Л.Өлзийтөгс- ӨВӨЛ НАДАД ГУНИГТАЙ САНАГДДАГ
Үстэй малгайн дороос
Үстэй алчууран дороос
Уруул, нүд харагддаггүй болохоор
Өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг
Цасанд даруулж бөхийсөн хүмүүс
Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс
Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх
Царайлаг ч байж мэдэх хүмүүс
Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг
Хүйтнээс нуугдсан дулаахан үг
Хүмүүсээс ичсэн нүцгэн мод...
Хаана байна аа, тэр улаан, ногоон
Хаа сайгүй л цагаан, цагаан
Өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг.
Ц.Доржсэмбэ-ЦАС БОРОО
Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь эргэн тойронд
Одоо ч тэр цас орсоор л байна
Чамтай л норсон бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь эргэн тойронд
Одоо ч тэр бороо орсоор л байна…
Б. Галсансүх-Р. ЧОЙНОМД БИЧСЭН ЗАХИДАЛ
I
Таягтай хүн зам хөндлөн гарч явах шиг
Тийм нэг мэдрэмжийг таны шүлэгнээс олох юм.
Цагдаад цагдуулж, хуягуудад хараалгуулж
Цайгаа ууж, тамхиа татаж тайван суухдаа
Тагнуул, туршуулуудын цалингаа бүрэн авах хэрэгсэл
Таньд байсан тэр тэвчээрийг тэнгэр минь надад одоо л хайрла.
Хүсэл мөрөөдлөө хүндэтгэж, үзэл бодлоо тунхаглаж
Хүний араар нуугдаагүй, хүүдэгнэж нэрээр алдрыг олоогүй
Хүн байхын гайхамшигийг мэдрүүлсэн хүч чадлаа надад өг!
“Увайгүй тэнэгүүдийг улсын мөнгөөр Европоор нэг тараасны
Уршиг хор бол одоогийн улс төрчид, улс төрийн хэрүүл гэж
Хашгирч хэлэх, хар хятадыг үзэн ядах, тал нутгаа
Хамгаас илүү хайрлах ховордсон сэтгэлийг надад өг!
Ганцаардлыг ганцаараа би эдлээгүй гэж хэлье
Газар дор хүйтэн байна уу?
Газар дээр хүйтэн байна.
Бичсэн захиа минь таньд хэзээ ч хүрэхгүй гэж бодоход
Билэггүй муухай байна. Бичсэн шүлгийг чинь энд
Билэггүй хүмүүс худалдаад баяжиж байнаа. Цас орж
Бороо шивэрч, салхи сэрчигнээд байгаль дэлхий сайхан байна.
II
Хамаг Монголыг хагаралдуулж байгаа хэдэн сонины эзэд
Хятадын эрлийз, хурлийзууд
Таны тухай таатай мэдээ нийтэлсэнээс
Цаг агаарын мэдээ хэвлэвэл цаас борлогдохыг мэднэ.
Цалингаа авсан сурвалжлагчид нь "Цзы Гун"-ы дасгал хийнэ.
Халх шүлгийн чанарыг хар савхин дээлээр хэмждэг болоод
Хэдэн өвөл өнгөрсөнийг хүндэт ах таньд хэлэхэд юутай хүнд.
Яс үзээд шүлс нь асгардаг Павловын нохой шиг энэ амьдралаас
Яруу найргийн “Туршлагын туулай" дүү чинь яг үнэндээ бол залхаад
Үхэж далд орохын түмэн хүслэнд автавч муу хүн үхдэггүйн үлгэрээр
Үхтлээ л амьдрах юм шиг байна.
Мөддөө очиж чадахгүй нь. Мишигийн Цэдэндорж, Нямбуугийн Нямдорж, Данзангийн Нямсүрэн Миний хайртай ах нарт мэндийг минь дамжуулаарай.
III
Гулранс шулгээ уншиж, Инжинаш номоо бүтээж, Равжаа дуугаа дуулж
Ганцаардсан Нацагдорж гомдлоо тайлж, Таны шүлгээ бичиж явсан
Монгол хэл маш алгуурхнаар мөхөөд мөхлийг нь харж
Монгол биш хүмүүс маш ихээр баясаад муухай байхад
Монголд амьдрах ойд төөрсөн юм шиг ойлгомжгүй санагдаад
Монгол хүмүүс мод шиг санагдаад мохож явахад
Хөшүүн, хойрго, хөлдүү юм шиг хөгшин ард түмнийг минь
Хөх тэнгэр минь гэсгээж хайрла! гэгээрүүлж хайрла!
Д.Баттогтох- ӨГЛӨӨ БОЛОХОД
Өглөө босоход минь бороо орсон байгаасай
Өнгө нь тунгалаг наран гийж vvл нь цэлмэсэн байгаасай
Шөнө зvvдэлсэн зvvдээ бодож ижийгээ нэг vзэх юмсан
Шvvдэр дундуур туучиж даарсан хөлөө бариулах юмсан
Өглөө босоход аав минь ирсэн байгаасай
Өчигдрийн минь зvvдийг мэдэж ижийгийн минь тавьсан ааруулыг авчирсан байгаасай
Vглэж дуулахыг нь санан санан байж амтархан идэх юмсан
Vгvйлж уйлахын жаргал оноосон орчлонгийн vvднээс
Ижийгээ угтаж нэг баярлуулах юмсан
Өглөө босоход минь цас орсон байгаасай
Өтгөн цагаан vvл нь арилж наран мандсан байгаасай
Ижийнхээ ярьдаг vлгэрийг дурсаж цагаан дарь эхийг цасаар урлах юмсан
Ингэтлээ санаж очоод ижийдээ нэг vнсvvлэх юмсан
Өглөө босоход эгч минь ирсэн байгаасай
Өчигдрийн минь бодлыг мэдэж ижийгийн минь дээлийг өмссөн байгаасай
Vнсэж vнэрлэхийг нь санан санан байж дээлийнх нь товчийг имрэх юмсан
Vзэж явахын жаргал дутсан орчлонгийн vvднээс
Ижийгээ угтаж нэг баярлуулах юмсан
Өглөө босоход минь цас ч ороогvй, бороо ч ороогvй байгаасай
дээд огторгуйд ангир нисэж vзэгдээсэй
Тэнгэрт тасарсан шувууны өдийг барьж захиа бичих юмсан
Тэрлэгэн дээлийг минь явуул гэж хэл хvргvvлэх юмсан
Өглєє босоход дvv минь ирсэн байгаасай
Өчигдрийн минь санааг мэдэж тэрлэгийг минь авчирсан байгаасай
Ширхэг ширхэг цагаан vсийг нь санан байж ижийгээ нэг бодох юмсан
Шинэ дээлийн өнгө дvvгээр буцааж
Ижийгээ нэг баярлуулах юмсан...
ӨВӨЛ УНШИХАД ТОХИРОМЖТОЙ ТАВАН ШҮЛЭГ |
|
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |