• Өнөөдөр 2026-04-21

“ГАЛЗУУ ЮРА”

2026-04-21,   128

   Намайг жаахан байхад манай нутагт  “Галзуу Юра” гэдэг хүн байлаа. Бусдад гай болохгүй, гавьяа ч байгуулахгүй түүнийг дэггүй хүүхдүүд “Галзуу Юра, галзуу Юра, галзуу Юра” гэж өдөж, шоолж, үйл тамыг нь үзнэ. Хөөрхий Юра ах бухимдан, амнаасаа цагаан хөөс сахруулан, тэсэртлээ уурлан тэднийг  хөөж, хамаг уураа барна. Тэр үед мөрөөрөө яваа Юра ахыг өдөж, хоргоон, шоолж бах таваа хангадаг  хүүхдүүдийг хараад гайхдаг байлаа. Одоогоор бол тэр дэггүй хүүхдүүд жинхэнэ хүчирхийлэгчид байжээ.

     Яг үнэндээ бол Юра ах сэтгэцийн өвчтэй “Галзуу хүн” биш байсан болов уу. Магадгүй саажилтаас болоод л хэл ярианы хөгжил муутай болсон хүн байх. Юра ах муухан ярина. Зарим үг нь огт ойлгогдохгүй. Дохио зангаа ашиглан ярих нь олон.  Хамгийн сонин нь тэр нялх хүүхдүүдэд маш их хайртай. Бага насны хүүхэд харахаараа инээж, баясаад, нүд нь бүр очрон гэрэлтээд, үнэн сэтгэлээсээ хөл алдан, хөөрч баясаад сүйд болно. Настай хүмүүст их тус болно, ачаа барааг нь зөөлцөнө. Хүн л өдөж, хоргоон, уурыг нь хүргэхгүй бол зүгээр, зөнгөөрөө хэнд ч хал, балгүй хүн байсан.

     Дулаан цагт Юра ах өглөө, оройн сэрүүнд гудамжныхаа үзүүрт  байнга шахуу сүүдэрт   дүү нарынхаа нялх хүүхдийг тэврээд сууж байгаа харагддагсан. Гэр орныхоо мод хагалах, ус, нүүрс зөөх гээд хамаг л хүнд хүчир ажлыг тэр хийж харагдана. Тийм болоод ч тэрүү тэр их бяр тэнхээтэй.  Юра ах өвөл болохоор цэрэг шинелээс салахгүй. Урт шинелийн хормой нь бараг л газар шүргэх шахаж явна. Ер нь Юра ах их чийрэг хүн байлаа. Идэр ес эхэлсэн байхад малгайныхаа хоёр чихийг барагтай бол буулгахгүй, далбагнуулан явна. Харин тэгэхэд ороолт малгайтай хүүхдүүд хацар, чих, хамрын үзүүрээ хайруулж хөлдөөдөг байв. Тэр үед 1970-1986 онуудад  Деревенд  их жавартай хүйтэн байдаг байжээ. Өдөртөө -25-30 хэм, шөнөдөө -40 хэм давж хүйтэрнэ. Ер нь чихний үзүүр, омог байнга шахуу “час” гээд хайрагдана. Орхон, Хараа голын жавар үнэхээр тачигнаж  байдаг байлаа. Жавар, хүйтэн хоёрыг дагаад цас их орно. Тийм их хүйтэнд ганцхан Юра ахын чих л хөлдөггүй байж билээ. Харин Бурхантын хөндийд голын жавар байхгүй, их дулаан нөмөртэй байдаг гэж настай хүмүүс ярьдаг байсан.

   Юра ах Гурил, тэжээлийн үйлдвэр рүү өглөө бүр байнга шахуу орж, төд удалгүй гараад явдаг байж.  Манаач нар энэ “Галзуу Юра” юу хийж өглөө бүхэн ажилдаа ирж байгаа ажилтан шиг үйлдвэр рүү ордог юм бол. Энэ хүйтэнд гэртээ сайхан амарч байхгүй дээ. Ямар ч зорилгогүй өглөө бүр наашаа ирээд ядардаггүй юм байх даа, чааваас” гэж ярьдаг байж л дээ.  Нэг өдөр манаач нар ээлж солилцох гэж байж байтал,  Юра ах үйлдвэрээс гарч явахдаа, манаач нарын өрөөний ажлын үнэмлэх шалгадаг жижиг цонхоор толгойгоо шургуулан оруулж ирээд “Мээ” гээд хэлээ гаргаж. Манаач нар түүнийг тоглож байна гэж бодоод, хариу тоглох гэж “За, чи муу хулгайч, юу хулгай хийгээд  явна” гээд буугаа шүүрэн автал, тэр ухаан жолоогүй зугтжээ.        Манаач нарын насаар арай залуу нь араас хөөх дүр эсгэн гүйж л дээ. Гэтэл мань Юра ах арав ч алхалгүй өврөөсөө ууттай зүйл унагажээ. Тэгсэн Юра ах сандран “Жаахан будаа, шувуунд өгөх юм. Шувуунд жаахан будаа өгөх юм” гэж ээрч, мууран хэлсэн гэдэг.  Юра ах 2-3 кг орчим жижиг даавуун уутанд будаа хийгээд сугандаа хавчуулаад үйлдвэрээс гардаг байж. Том цэрэг шинель тэр бүгдийг халхлаад мэдэгдэггүй байсан байгаа юм. Хулгай хийх аргыг сэтгэн, бодож олсон гэхээр  яагаад ч сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн биш байгаа биз.

     Хүмүүс өвөр зуураа “Юра их сайхан хүү байсан гэнэ лээ. Ээжийгээ өнгөрөх үед олон хоногт газар дээр нь очиж уйлсаар байгаад  галзуурчихсан юм гэсэн” гээд үнэн, худал, алин болохыг мэдэхгүй зүйлийг ам дамжуулан ярьдаг байв. Харин нөгөө нэг хэсэг хүмүүс нь болохоор “Үгүй ээ, тархины саажилтаас болоод ийм болсон шүү дээ” гэх. Би 1986 онд  ерөнхий боловсролын дунд сургуулийн наймдугаар ангиа төгссөн. Тэр үеэс хойш олон жил Деревенд очоогүй байж байгаад 1991  онд цэргээс халагдаад Деревенд очих үед Юра ах огт овор сууж, өтлөөгүй, урьд өмнөх шигээ хэвээрээ байхыг хараад гайхсан.

    Намайг сургуульд ороогүй байхад байсан Юра ах яг л тэр хэвээрээ байж билээ. Харин нэг сонин нь Ургамал, газар тариалан, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Мод үржүүлэхийн талбайн баруун хойно байдаг зургаан улиас модны нэрийг өөрчилсөн байв. Биднийг хүүхэд байх үед  “Ах, дүү зургаан мод” гэж хүүхдүүд нэрлэдэг байсан юм. Гэтэл хүмүүс  Юрагийн мод гэж нэрлэдэг болчихсон байлаа. Бүр шүтэж, залбирдаг, хадаг уяж, дээж өргөн шүтдэг болчихжээ. Намайг сургуульд орох жил зургаан ширхэг байсан улиас мод өсөж, үржээд бүхэл бүтэн бяцхан төгөл болчихсон байлаа. Хүмүүс Юра ахыг галзуу гэж нэрлэдэг хэрнээ, тэр галзуу хүнийнхээ нэрээр “Ах, дүү зургаан мод”-ыг нэрлээд бүр  шүтдэг болчихсон байж билээ.

    Тэр цагаас хойш Юра ахыг хараагүй арав гаруй жил өнгөрсний дараа 2004 оны үед Дархан хотын хуучин биржийн “Буян” зах дээр Юра ахтай санаадгүй таарав. Гэтэл тэр өмнөх үеэсээ үл ялиг өтөлсөн харагдсан. Юра ах хүзүүндээ олон эрх зүүчихсэн, бугуйндаа хүртэл эрхтэй, цүнх мөрөлчихсөн, зүүн гартаа 50, 100, 500, 1000 төгрөгийн дэвсгэртийг багсаатал атгачихсан, баруун гартаа барьсан урт эрхээр зарим нэг хүмүүсийг  шавхуурдаж явах юм. Биржийн наймаачид “Юра намайг ороолгоод өгөөч, май үүнийг ав” гээд гарт нь мөнгө атгуулж, цүнх рүү нь идэх юм чихээд бөөн шуугиан дэгдэж харагдсан.

    Юра ахыг маань хүмүүс яг л “Жокер” шиг болгочихсон  юм шиг санагдсан. Түүний хараад  надад үнэхээр харамсах сэтгэл төрсөн.  Биржийн наймаачид  Юра ахыг  маань мөрөөр нь тайван амьдруулчихгүй хутагт, хувилгаан аятай мухар сүсгээр шүтэн биширдэг болчихсон байв.  Хөөрхий минь чааваас өнөөх “Галзуу Юра” ах маань бүр дүрдээ орчихсон хавь, ойрын хүмүүсийг эрхээрээ шавхуурдаж, мөнгө, эд зүйл өгөхгүй байгаа хүмүүст хамаг уураа гарган орилж, хашхирдаг болчихсон байлаа. Тэр үеэс хойш би түүний барааг олж хараагүй. Нутаг руугаа очих бүртээ таарчих болов уу гэж хардаг. Магад тэр өөрийг нь тайван амгалан зөнгөөр нь амьдруулахгүй  байгаа хүмүүсээс залхаж,  энх амгалангийн мөнхийн орон руугаа буцсан ч байж магадгүй юм.

 

 


 

 


“ГАЛЗУУ ЮРА”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188