• Өнөөдөр 2025-11-26

А.ОЮУН-ЭРДЭНЭ: БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХАЙР, САНАСАН СЭТГЭЛИЙГ ЦЭЦГИЙН БАГЛААГААР МЭДРҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ

2025-11-26,   26

Мэрси цэцгийн дэлгүүр БНСУ-д сурч, ажиллаж байгаа монголчуудад гэр бүлийнх хамгийн нандин үгтэй захиа, сэтгэл шингэсэн цэцгийн баглаагаар тэдний санасан сэтгэл, халуун дулаан хайрыг нь хүргэх гүүр болдгоороо онцлог. Тус дэлгүүр үйл ажиллагаагаа эхлээд хоёр сар болж байгаа ч дэлхийн олон улсаас 100 гаруй захиалга авч, БНСУ-д амьдарч байгаа монголчуудад хүргэн, тэдний баярт мөчийг хуваалцжээ. Ийм нэгэн гэгээлэг ажлыг БНСУ-д сурдаг оюутан А.Оюун-Эрдэнэ санаачлан хэрэгжүүлж байгаа аж.

Merci цэцгийн дэлгүүр

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. БНСУ-д цэцгийн дэлгүүр ажиллуулж эхлэх болсон шалтгаан нь юу байсан бэ?

                -Гурван жилийн өмнө БНСУ-д ирээд олон төрлийн цагийн ажил хийж, олон хүнтэй танилцсан. Тэр үед монголчууд гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлээр харийн нутаг зорихыг сонгож, яаж хичээж амьдардгийг хараад их бахархсан юм. Солонгост ажиллаж амьдарч байгаа хайртай дотнын хүндээ Монголоос урам өгч, хайраа мэдрүүлэх зүйл юу байж болох вэ, хоёр өөр улсад байгаа ч гэр бүлийн нандин холбоосыг бат байлгах арга юу вэ гэдгийг бодож, тэднийг холбох гүүр нь байхыг хүссэн. Жишээ нь, хүүхдийнх нь хонхны баяр болоход тэр бүр эцэг эхчүүд Солонгост ирж чадахгүй шүү дээ. Тийм үед сэтгэлийн үгтэй захианы хамт цэцгийн баглаа хүргүүлэх боломжтой болж байгаа юм. Төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар ч гэсэн нэгнээ баярлуулж болно гэж бодоод цэцгийн “Мэрси” дэлгүүрээ нээсэн. Би багаасаа л цэцгийн дэлгүүртэй болохыг мөрөөдсөн юм л даа.

-Дэлгүүр нь нээгдээд хэр удаж байгаа вэ. Монголоос хайртай хүмүүстээ цэцэг илгээдэг байнгын үйлчлүүлэгчтэй олон болсон уу?

                -Дэлгүүр маань нээгдээд яг хоёр сарыг болж байна. Энэ хугацаанд ганц Монгол гэлтгүй олон улсаас 100 гаруй захиалга авч, цэцгийг нь амжилттай хүргэж, холыг ойртуулж хоёрыг уулзуулсан. Мэдээж байнгын үйлчлүүлэгч олонтой болсон шүү. Эхнэр, найз охиндоо долоо хоног бүр цэцэг хүргүүлдэг захиалагчид маань байгаа. Заримдаа өөрсдөө цэцгийн баглааны шинэ загвар бодчихсон над руу холбоо барьдаг. Манай монголчууд их романтик хүмүүс юм байна лээ.

-Хайртай хүмүүст нь цэцгийн баглааг нь хүргэж өгөхөд хэрхэн хүлээж авдаг вэ?

                -Миний ажлын хамгийн гоё хэсэг нь  хүргэлт байдаг. Эхлээд тэд маань цэцгээ аваад их гайхна. Тэгээд захиаг нь уншиж эхлэхэд шууд л харц нь зөөлөрдөг. Захиагаа уншиж дуусахад нүд нь хайраар дүүрээд, урам орсон нь илт харагддаг. Зарим хүн шууд уйлаад л эхэлдэг. Үүнээс тэр хүмүүсийн хайраар ямар их дутагдаж байсныг, мөн ганцхан баглаа цэцэг, жижигхэн цаасан дээрх тэр хэдхэн өгүүлбэр ямар их үнэ цэнтэй болохыг мэдэрдэг. Тэгээд бүгд л ажлын амжилт хүсээд инээгээд үддэг дээ.

-Энэ хугацаанд хамгийн сэтгэлээс гардаггүй цэцэг хүргэлт нь хэзээ байсан бэ. Юу нь тийм онцгой санагдуулсан юм бол?

                -Бүх л цэцгийн хүргэлт маань утга учиртай, дурсамжтай байдаг. Сэтгэлээ илчлэх, санаж байгааг нь дамжуулах, уучлал гуйх гээд л олон ч хосыг буцааж нийлүүлж, олон ч хүнд баяр хөөр түгээсэн байна. Гэхдээ одоо бодоход сэтгэлээс хэзээ ч гарахааргүй нэг хүргэлт байгаа юм байна. БНСУ-д ажиллаж амьдраад 20 жил болсон нэг эгчид  цэцэг хүргүүлэх захиалга байсан юм. Хаяг нь манай хүргэлтийн бүсээс гадна, их хол байсан. Гэхдээ Монголоос охин нь холбогдоод “Үнэхээр ээждээ цэцэг хүргүүлмээр байна” гэж гуйсан учраас би өөрийгөө оронд нь тавьж үзээд, хүргэлтээ хийхээр болсон. Тэр үед хүйтэн салхи үлээгээд Солонгост ид хүйтэрч эхэлж байсан юм. Их даарсны эцэст хаалганых нь гадаа очтол эгч маань гэртээ байгаа ч гэсэн хаалгаа онгойлгохгүй байсан. Их удаан хүлээлгэсний эцэст хаалгаа онгойлгоод цэцгээ авсан. Би захиагаа уншиж дуусахад эхлээд над руу харсан хатуу ширүүн харц байхгүй болоод нүдэнд нь нулимс цийлгэнэчихсэн байсан. Тэгээд намайг охиноо гэж бодоод ганцхан тэврэхийг хүсээд, тэврээд цурхиртал уйлж байсан. Энэ дурсамж хэзээ ч мартагддаггүй ээ.

-Дэлгүүрээ нээхийн тулд цэцэг боож сурсан уу эсвэл өмнө нь энэ төрлийн ажил хийж байв уу?

                 Би өмнө нь цэцгийн чиглэлээр ажиллаж байгаагүй ээ. Ямар нэгэн бодит туршлага байхгүй. Харин цэцгийн дэлгүүрээ нээхээсээ өмнө Youtube-ээр цэцэг боох бичлэг үзэж, аргыг нь сурсан. Өөрөө цэцэгт дуртай, гарын ур дүйтэй  болохоор хурдан сурчихсан.

-Танд цэцэгтэй холбоотой онцгой дурсамж бий юү?

                -Бараг хоёр жилийн өмнө найз залуу минь надад өөрийнхөө гараар, өөрийн мэдрэмжээрээ цэцэг боогоод маш том баглаа бэлэглэж байсан юм, тэр цэцгийн баглаа л санаанаас огт гардаггүй дээ.

-БНСУ-д сурахын хажуугаар загвар өмсөгчөөр ажилладаг юм билээ. Энэ талаараа ярьж болох уу?

                -БНСУ-д ирээд өөрийн монгол төрх, царайны онцлогтоо үнэхээр их дуртай болсон. Эхлээд өөрөө загварын агентлагууд руу мэйл бичиж, зургаа явуулж үзсэн. Тэгээд ихэнхээс нь эерэг хариу ирсэн ч, Солонгост сурангаа моделиор ажиллах хэцүү санагдсан. Зарим агентлагууд нь “Сургуулиа орхичихвол визийн төрлийг чинь солиод өгье, манай агентлагт л орчих” гэж байсан. Нэгэнт л би энэ улсад сурах гэж ирсэн учраас, сурч байгаа дөрвөн жилдээ хичээлээ л сайн хийе гэж бодоод, улирлын амралттай байгаа үедээ л моделиор ажиллаж байгаа.

-Миланы загварын шоунд оролцохоор болж байсан юм билээ. Загвар өмсөгч бүрийн мөрөөдлийн тайз шүү дээ?

                -2024 онд Milan loves Seoul загварын шоуны шалгаруулалтад ороод тэнцсэн. Тэр үедээ Миланаас дизайнерууд ирээд Сөүлд шоугаа хийх юм байна гэж бодтол, БНСУ-ыг төлөөлж Milan Fashion week-д  явах моделиудын шалгаруулалт байж таарсан. Харамсалтай нь Шингейны виза авах хэрэгтэй учраас цаг тулаад явж чадаагүй ээ. Тэгтэл энэ жилийн зун над руу ахин холбогдоод "Seoul Fashion Week-д таныг урьж байна" гэсэн. Мэдээж би дуртайяа зөвшөөрөөд Seoul Fashion Week-ээр Миланы дизайнеруудын загварыг өмсөж алхсан. Өөртөө өмнө нь хэзээ ч тийм итгэлтэй байж үзээгүй, үнэхээр сайхан байсан.

-Загвар өмсөгчийн ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

                -Дизайнеруудын хөлс хүчээ шавхаж хийсэн загварыг би өмсөөд тайзан дээр амилуулна гэдэг л хамгийн сайхан даа. Би хаана ч олж авч чадахгүй илгэлээ тайзнаас л авч чаддаг

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

                -Цэцгийн дэлгүүрээ илүү олон хүнд таниулж, илүү олон хүнийг баярлуулахыг зорьж байгаа. Цаашлаад сургуулиа амжилттай сурч төгсөөд өөрийнхөө хэмжээнд цэцгийн дэлгүүр нээх төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо онлайнаар захиалгаа аваад хүргэж өгч байгаа ч ирээдүйд дэлгүүртэй болно. БНСУ дахь Монгол цэцгийн дэлгүүр гэсэн хаягтай сайхан дэлгүүр байх болно, баярлалаа.

 


А.ОЮУН-ЭРДЭНЭ: БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХАЙР, САНАСАН СЭТГЭЛИЙГ ЦЭЦГИЙН БАГЛААГААР МЭДРҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188