• Өнөөдөр 2025-08-22

Ү.УНДРАЛ: “FAVWAY” ХАМТДАА БАЙСАН ЦАГТ Л ШИДЭТ ГАЛ АСДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ

2025-08-22,   92

        Хэдэн жилийн өмнө СУИС-ийн нэгэн ангид дөрвөн оюутан өөрсдийгөө алдартай жүжигчид болсон байгаагаар төсөөлөн ярьж, мөрөөдлөө хуваалцаж суусан бол одоо хамтран бичсэн зохиолоороо бүрэн хэмжээний кино бүтээчихээд, танхим дүүрэн үзэгчтэй нээлтээ хийдэг уран бүтээлчид болжээ. Тэд бол “Favway” нэгдэлийн авьяаслаг жүжигчид. Нийгэмд гэгээн бүхнийг түгээх мөрөөдлөөр жигүүрлэсэн нэгдлийн гишүүн, залуу жүжигчин Ү.Ундралтай ярилцлаа.

-“Favway” бол найзуудын нэгдэл шүү дээ. Танай нэгдлийн хамтарч эхэлсэн түүхийг манай уншигчид сонирхож байгаа байх?
 
     -Ойр дотнын хүмүүсийнхээ хажууд хөдөлгөөнтэй ч, танихгүй хүний дэргэд бүрэг ичимхий намайг нээлттэй болгохын тулд гэрийнхэн минь Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд явуулсан. Ингээд сонирхлынхоо дагуу СУИС-д элссэн. Найзуудтайгаа нэгдүгээр курсээсээ хамт байсан ч ингэж олон жил нөхөрлөж, хамтрагчид болно гэж тухайн үедээ төсөөлөөгүй. Огт өөр орчинд өссөн, өөр зан араншинтай хүүхдүүд шүү дээ. Гуравдугаар курсээсээ хичээлийн дараа үлддэг, мөрөөдлөө ярьдаг болсноор бид бие биеэ илүү мэддэг болсон. Бидний нөхөрлөл “Чи Номин гэдэг нэргүй ч чамтай найзалъя” гээд л эхэлж байсан даа. Төгссөнийхөө дараа бид дөрөв продакшнуудад ажиллаж эхэлсэн ч бүх зүйл бидний хүсэж мөрөөдсөн шиг байж чадаагүй. Тэгээд нэг өдөр цуглаад, хамтдаа контент хийхээр шийдсэн. Гэхдээ жүжигчнээр төгссөн учраас бусдаас арай онцлог контент 
 
-“Favway” бол найзуудын нэгдэл шүү дээ. Танай нэгдлийн хамтарч эхэлсэн түүхийг манай уншигчид сонирхож байгаа байх?
 
    -Ойр дотнын хүмүүсийнхээ хажууд хөдөлгөөнтэй ч, танихгүй хүний дэргэд бүрэг ичимхий намайг нээлттэй болгохын тулд гэрийнхэн минь Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд явуулсан. Ингээд сонирхлынхоо дагуу СУИС-д элссэн. Найзуудтайгаа нэгдүгээр курсээсээ хамт байсан ч ингэж олон жил нөхөрлөж, хамтрагчид болно гэж тухайн үедээ төсөөлөөгүй. Огт өөр орчинд өссөн, өөр зан араншинтай хүүхдүүд шүү дээ. Гуравдугаар курсээсээ хичээлийн дараа үлддэг, мөрөөдлөө ярьдаг болсноор бид бие биеэ илүү мэддэг болсон. Бидний нөхөрлөл “Чи Номин гэдэг нэргүй ч чамтай найзалъя” гээд л эхэлж байсан даа. Төгссөнийхөө дараа бид дөрөв продакшнуудад ажиллаж эхэлсэн ч бүх зүйл бидний хүсэж мөрөөдсөн шиг байж чадаагүй. Тэгээд нэг өдөр цуглаад, хамтдаа контент хийхээр шийдсэн. Гэхдээ жүжигчнээр төгссөн учраас бусдаас арай онцлог контент хийхийн тулд киноны хэсэг дуурайж, кино үзэж сэтгэгдлээ хуваалцсан бичлэг хийж эхэлсэн. Тэгж өөрсдийнхөө хүсэл тэмүүллийн эхлэлийг тавьсан.
-Өргөн дэлгэцийн анхны уран бүтээл болох “Хүлээх өрөө” уран сайхны киноны зохиолыг та бүхэн хоёр жилийн өмнө бичсэн гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөөч?
 
     -Хоёр жилийн өмнө дөрвүүлээ хамт амьдардаг байхдаа Ж.Номингэрэлд /Жими/ зориулж бичсэн зохиол. Тухайн үед Жими өөр киноны зураг авалттай, “Favway”-ийн богино цувралд тоглож амждаггүй байсан юм. Тиймээс найзынхаа гол дүрд нь тоглох киноны зохиолыг бид хамтдаа бичсэн. Зохиолоо бичиж дууссан ч киногоо хийх санхүү байгаагүй учраас түр хойш нь тавьж, богино цуврал хийж мөнгө цуглуулсан. Гэхдээ л хүрэхээргүй байсан учраас хамтрах байгууллага хайсан. “Хүлэгү” пикчерст зохиолоо өгчихөөд “Энэ том газар биднийг тоох болов уу” гэж ярилцаж байлаа. Зохиол маань тэдэнд таалагдаж, гэрээ хийхээр уулзахаар очоод, гарын үсэг зурахдаа хүртэл “Үнэхээр бодит гэж үү” гэж эргэлзэж байлаа.
 
-Найзуудаараа ширээ тойрч суугаад бичсэн зохиол нь уран бүтээл болсныг харах, киногоо үзэх мөч ямар байсан бэ?
    -Театрын дэлгэцээр киногоо үзэх хүртлээ итгэж чадаагүй ээ. Урьдчилсан үзлэгийг нь ч үзэж чадаагүй учраас киногоо үзэгчидтэйгээ хамт нээлтийн үеэр анх удаа үзсэн. Хэчнээн зохиолыг нь мэдэж байгаа ч дотор нь орж үзсэн. Ямар мундаг найзуудтайгаа дахин мэдэрч, өрөвдөөд л уйлаад байсан. Түүнээс гадна бид анх удаа МУСТА, МУГЖ цолтой, мундаг туршлагатай жүжигчидтэй хамтарч ажилласан. Хэрвээ бид киногоо бие дааж хийсэн бол тэдэнд зориглож, санал тавьж чадахгүй байсан. Тийм болохоор “Хүлэгү” пикчерсийнхэндээ үнэхээр талархаж байгаа.
 
-“Favway” нэгдлийнхэн сургуулийн сэдэвтэй богино цувралууд хийдэг шүү дээ. Сургуулийн цуврал хийх санаа хэрхэн төрдөг вэ?
 
    -Контент хийж эхэлж байхдаа дөрвөн өөр түүхтэй богино хэмжээний хайр дурлалтай бичлэг хийсэн, зарим нь хоёр ангитай. Ингээд түүнээсээ сэдэвлэж өөрсдөө зохиол бичээд, богино цуврал хийж эхэлсэн. Анхны цуврал болох “Oh-hi school” дээр бидэнд туршлага эсвэл сайн төхөөрөмж байгаагүй. Дууны найруулагч байхгүй учраас утсан дээрээ хоолойг нь бичээд орой нь би хоолойг нь тааруулж, эвлүүлээд, маргааш нь цацдаг байлаа. Нойргүй, шөнөжин эвлүүлнэ. “Урлагийн сургууль” киноноос эхлээд дууны найруулагч, эвлүүлэгчтэй болсон. Ингээд сургуулийн амьдралаар дагнаж, төрөлжүүлээд кино хийдэг болсон. Ирээдүйд сургуулийн цувралдаа багшийн дүрээр гарах байх. 
 
-Та бүхэнд итгэж, киног нь санхүүжүүлэх ивээн тэтгэгч олно гэдэг залуу уран бүтээлчдийн хувьд том даваа байсан байх. Анх удаа ивээн тэтгэгчтэй болж, цалин авах үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?
 
    -“Quarantine Day” контентийн үеэр бидэнд сүүний компаниас бялуу илгээж байсан. Хамгийн анхны ивээн тэтгэгч гэсэн үг шүү дээ. Тэгээд араас нь пеперо шагшуургын компаниас холбогдоод, хамтарч ажиллая гэсэн. Анхны санал ирэх үед нь “Төлбөрөө хэд гэх бол” гээд сандралдацгааж байлаа. Анхны цалингаа авч байгаа юм шиг л санагдсан. Бид дөрөв чинь тус тусдаа үүрэгтэй шүү дээ. Ивээн тэтгэгчтэй холбогдох, гэрээ хийх үед яриа сайтай, хэний ч учрыг олчихдогоороо С.Номин-Эрдэнэ /Томоо/, Жими хоёр явдаг. Б.Номин-Эрдэнэ /Жижгээ/ бид хоёр зохиолоо бичсэн бол найруулагчаар нь Жими, Жижгээ хоёр ажиллаад продюсероор нь Томоо, эвлүүлэгчээр нь би ажиллана. Ийм болохоор бидэнд завгүй байгаа минь хүртэл аз жаргал байдаг.  
 
-Кино, контентынхоо эвлүүлгийг өөрөө хийдэг гэлээ. Энэ чиглэлээр авьяастай байв уу, уран бүтээлээ хийхийн тулд сурсан уу?
 
    -Эгч минь IT инженер учраас хичээлийг нь давтуулахын тулд хамтдаа код цээжилдэг байсан. Тэгсээр байгаад техник, технологитой тун ойрхон өссөн. Анх контентоо эвлүүлэх хүн байгаагүй учраас би хийж эхэлсэн. Эхэндээ үнэхээр дуртай эвлүүлдэг байсан. Бичлэгээ гоё болгохын тулд янз бүрийн зүйл нэмнэ. Эвлүүлэг хийхийг заалгаагүй ч яаж ийж байгаад шөнөжин вэбдрама эвлүүлнэ. Одоо бол богино контентуудаа өөрөө эвлүүлээд, кинонуудаа мэргэжлийн хүмүүст даатгадаг. 
 
-“Favway” нэгдлийн уран бүтээлүүдэд царайлаг, авьяаслаг залуус тоглодгоороо алдартай. Тус залуусын олонх нь жүжигчнээс өөр мэргэжилтэй байдаг. Жүжигчдээ олохын тулд гудамжинд таарсан царайлаг залуугаас дугаарыг нь асууж байсан гэсэн. Энэ үнэн үү?
 
     -“Love story” контентоос хойш царайлаг залуу хайдаг болсон. Солонгос цуврал үзэх шалтгаануудын нэг нь царайлаг жүжигчид шүү дээ. Эхэндээ инстаграм их ухдаг байсан. Царайлаг залуу гарч ирвэл зургийг нь аваад нөгөө хэд рүүгээ явуулна. Нөгөө хэд “Болж байна” гэвэл нөгөө хүнээ “Манай контент, кинонд тоглоод өгөөч” гэж гуйна. Сайнаар хүлээж авах хүн байхад тоохгүй орхих, басамжлуулах үе ч бий. “Урлагийн сургууль” цувралын дараагаас хүмүүсийн бидний урилгыг хүлээж авах байдал нь огт өөр болсон. Хүнд үзүүлэх, хэлэх юмтай л болсон гэсэн үг л дээ. Жими бид хоёр нэг удаа гудамжинд үнэхээр царайлаг залуутай таараад, хэчнээн ичиж байсан ч араас нь очоод дугаарыг нь авч л байсан. Тэр бүр нь киногоо улам сайн болгохын төлөө шүү дээ. 
 
-2024 онд Жими хуримаа хийж, Томоо хүүхэдтэй боллоо. Тэр бүх баярт мөчийг хуваалцаж байхдаа уйлж байгаа харагдсан. Сэтгэл хөдлөл ихтэй юү?
 
     -“Бид том болжээ” л гэж бодогдоод байсан. Найзынхаа хүүхдийг харж, хуриманд нь гэрчийн даашинзтай зогсоно гэдэг ямар сайхан гэж санана. 2024 он бидний хувьд хэзээ ч мартагдашгүй онцгой жил байлаа. Миний хувьд сэтгэл хөдлөл өндөртэй. Би аймшгийн кино үзэхдээ ч сүнсийг нь өрөвдөөд уйлдаг хүн шүү дээ.
 
-Бусад уран бүтээлчийн кинонд тоглож байсан уу. Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?
 
     -Би нэлээд аймхай. Тиймээс бусад уран бүтээлчийн кинонд тоглохоосоо эмээдэг, чадахгүй байх гэж боддог. Чадвар минь арай болоогүй юм шиг санагддаг. Өөрсдийнхөө уран бүтээл дээр бол бүхнээ дайчлан ажиллаж чадна. Адал явдалт кинонд тоглож, эрсдэлтэй алхмууд хийдэг дүр бүтээхийг хүсдэг.  
-“Favway”-ийг нэгтгэдэг хамгийн чухал зүйл нь юу вэ?
 
     -Зарим хүн биднийг урт хугацаанд, амжилттай хамтраад, амьдралын ч, ажлын ч найзууд байсаар байна гэж бодоогүй байх. Бүр “Дөрвөн эмэгтэй хамт ажиллана гэж байхгүй, муудаад сална” гэдэг үгийг олон хүнээс сонссон. Гэхдээ найзлаад арван жил, уран бүтээл хийж эхлээд дөрвөн жил болохдоо айхтар муудаж, нэгнийгээ гомдоогоогүй. Хамтдаа олон зүйл туулж, нэгнийхээ занг сайн таньсан учраас хэнийг ямар үед тавгүйтдэгийг мэддэг болсон. Маргалдсан ч тэр нь нэг зорилго, мөрөөдлийн төлөө, сайн уран бүтээлийн төлөө л байдаг. Бидний нөхөрлөлийг хүүхэлдэйн кинон дээр гардаг шидэт галтай зүйрлэж болох юм болов уу. Дөрвүүлээ хамтдаа л барьж байж тэр гал бөхөхгүй, асаж байх юм шиг санагддаг. Нэг нь л гараа түр салгахад тэр гал унтрах юм шиг. Тэр галыг хэзээ ч унтрахгүй гэж итгэдэг. 
 
-Найзуудтайгаа хамтралгүйгээр ганцаараа ажилласан бол ямар байх байсан бол гэж төсөөлж байв уу?
 
    -Найзуудтайгаа хамт байгаа учраас л өнөөдрийг хүртэл явсан байх. Хэрэв би ганцаараа байсан бол өөр мэргэжилтэй болчих байсан. Тэгээд өдөр бүр тийм ч дуртай биш ажлаа хийсэн, уйтгартай амьдралаар амьдрах байсан болов уу. Одоо бол бид хүссэн уран бүтээлээ хийж, өөрсдөдөө хүссэн дүрээ зохиож, түүнийгээ амилуулахын төлөө хичээж байна. Найзуудтайгаа хамт ажиллахын хамгийн том эрх чөлөө нь тэр.
 
-Анх төлөвлөж байсан зорилгууддаа хүрсэн үү?
 
      -Бид анх төлөвлөж байсан зорилгууддаа хүрсэн. Гэхдээ зорилго, мөрөөдөл гэдэг шат ахих тусам нэмэгдсээр л байдаг юм билээ. Анх эвлүүлэгчтэй болоод хажууд нь сууж байхдаа “Бид ямар том болчихсон юм бэ, чадаж байгаа юм байна даа” гэсэн бодол төрж байлаа. Гэтэл түүнээс хойш олон сайхан зүйл өрнөж, өөрчлөгдсөн байна. Бас шинэ, мөрөөдлүүд өөр, зорилгууд биднийг хүлээж байна. 
 
-Хүмүүст ямар уран бүтээл хүргэхийг хүсдэг, хичээдэг вэ?
 
     -Цөөнгүй уран бүтээлч нийгмийн хар бараан бүхнийг илчилж, муу муухайгаас хангалттай анхааруулж, сэрэмжлүүлж байна. Харин бид муухай бүхнийг мартуулж, жаргалтай болгох, сайн сайхан зүйл байдаг гэдэгт итгэдэг ирээдүйг бий болгохыг зорьж, уран бүтээлээ хийхийг хичээдэг. Биднийг үзээд жаргалтай, тухтай, тайван байгаасай л гэж хүсдэг. Сөрөг зүйл хангалттай их байгаа учраас түүнийг дарах гэгээлэг уран бүтээл хийх нь бидний зорилго. 
 
-Ярианыхаа төгсгөлд үргэлж хамт байдаг найзууддаа хандаж үг хэлээч?
  -Найзууд минь хажууд байдаг учраас би бүхнийг туршиж үзэх зоригтой болдог. Тэд зүгээр хажууд байхад л надад түшиг тулгуур болдог. 

Ү.УНДРАЛ: “FAVWAY” ХАМТДАА БАЙСАН ЦАГТ Л ШИДЭТ ГАЛ АСДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-22 07:34:32
    Del: Дуулаагүй юм байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188