• Өнөөдөр 2025-02-05

Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ

2025-01-13,   1281

    Дурсамж сэргээж, сэтгэл баясгах дүрс бичлэгээс эхлээд бодолд автуулж, "Нээрээ ч ийм зүйл байдаг шүү" гэж бодогдуулах контент бүтээдэг "Дииииид" продакшны залуу уран бүтээлч Н.Болдбаатартай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Энэ мэргэжилд татагдсан шалтгаан юу байв? 
 
-Ахлах сургуулийн монгол хэлний багш маань үргэлж УДЭТ-ын жүжиг үзүүлдэг байсан юм. "Оролмоо эх", "Дон Кехот", “Ромео, Жульетта" тэргүүтэй олон алдартай жүжгүүдийг үзсэн. Тайзан дээрх алдартай, мундаг жүжигчдийг харж, үлгэр дуурайлал авсаар энэ мэргэжилд татагдсан даа.
 
-“Дииииид” продакшны талаар дурдахгүй өнгөрч болохгүй шүү дээ. Продакшндаа анх нэгдэж, видео нь олонд хүрч эхэлж байсан үеийнхээ талаар дурсахгүй юу?
 
-2019 онд намайг оюутан болж байх үед продакшны ах нар маань гуравдугаар курсийн оюутан байсан юм. Аравдугаар сард урлагийн сургуулиудын дунд "Хүсэлийн тайз" гээд тайзны хөдөлгөөний уралдаан болсон юм. Тус тэмцээнд бид "Буратино" жүжгийг бэлдэн орж, "Шилдэг гар тулаан"-ы шагнал хүртэж, ах нараасаа хамт контент хийх санал авсан даа. Ингээд нэгдүгээр курсээсээ хойш ах нартайгаа хамт ажиллаж байна. Бид оюутан байхдаа "Дииииид" нэртэй 10 ангитай цуврал хийсэн юм. Тэр үед "Хаалга" продакшн гэсэн нэртэй байлаа, нэг хаалга нээгдэхэд дараагийн хаалга нээгдэж, боломж бий болно гэсэн утгатай өгсөн. Хаалга нэрээр өөр газар гэрчилгээ авсан учраас бид хийсэн цувралынхаа нэрээр "Дииииид" гэж цахим хуудсаа нэрлэсэн. Үзэгчид маань Дииииид нэрийн утгыг нийгмийн болохгүй байгаа бүхнийг харуулах сигнал гэж тайлж өгсөн.
 
-Театр эсвэл кино продакшнд орох бус яагаад контент хийж эхэлсэн юм бэ? 
 
-2023 оны зургадугаар сард төгссөн. Тухайн үед УДЕТ театр студи анги элсэлт авсан ч өөрөө шалгалт өгөлгүйгээр найзуудынхаа шалгалтад туслаад өнгөрсөн. Ах нартайгаа нэгдүгээр курсийн оюутан байхаасаа хамт ажиллаж, олон зүйл төлөвлөж, хийж бүтээсэн. Төлөвлөөд хийж амжаагүй, зохиолыг нь гаргасан олон ажил байгаа. Тэр бүрийнхээ ард гарч, ажлаа дуусгахыг хүссэн. Ах нартайгаа хийж, бүтээх зүйл олон бий.
 
-Одоо “Диииид” продакшн ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Ер нь танай продакшны хэтийн зорилго юу бол?
 
-Бидэнд хийхээр төлөвлөсөн олон дүрс бичлэг бий. Цаашид бүрэн хэмжээний кино хийхээр ярилцаж байгаа. Гэхдээ кино маань одоогоор бүрэн батлагдаагүй, бид ярилцаж, төлөвлөсөөр байгаа. Манай продакшн үргэлж чанартай уран бүтээл хийж, контентуудаараа нийгэмд болохгүй байгаа зүйлсийг шүүмжилсээр байх болно. Одоогоор бид контент хийж байгаа ч ирээдүйд чанартай уран бүтээл үзэгчдэдээ хүргэхийг хүсэж байгаа.
 
-Танай багийн залуус контентоороо хүмүүст ямар санааг хүргэхийг хичээдэг вэ. Ер нь залуу гэр бүлүүдэд зориулсан контент хийдэг юм шиг санагдсан?
 
-Залууст чиглэсэн контент хийдэг. Тэр бүр хөндөгдөөд байдаггүй ил, далд гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийнхний дээрэлхэлт хүйсийн ялгаатай байдлаас үүдсэн буруу ойлголт зэргийг хүнд, хөнгөн хэлбэрээр зохиол дээр суурилан драм хэлбэрээр хүргэхийг хичээдэг.
 
-Хүмүүст аз жаргал бэлэглэдэг хөгжилтэй контентууд, түүнийхээ дүрээр танил болсон шүү дээ. Энэ дүр төрхийн эвдэх уран бүтээлд тоглохыг хүсдэг үү. Ямар дүрд ажиллахыг хүсдэг вэ?
 
-Бүх төрлийн дүр дээр, олон найруулагчийн удирдлага дор ажиллаж, өөрийгөө задалж харуулахыг хүсдэг. Тэр дундаас үнэхээр сайн киноны эсрэг дүрд ажиллахыг их хүсдэг. Өөрөө кино үзэхдээ ч үргэлж эсрэг дүрийн нь үйл хөдлөл, гаргаж байгаа зан аашийг хардаг. 
 
-Залуу уран бүтээлчид киноны арын албанд их явдаг шүү дээ. Та хэр олон явж байсан бэ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцвал, олон зүйлс сурсан байх?
 
-Оюутан байхдаа хэд хэдэн уран бүтээлийн арын албанд ажиллаж, олон зүйл сурсан. Мэргэжлийн сургуульд сурахаасаа өмнө кино зураг авалт хэрхэн явагддаг талаар ямар ч мэдлэггүй байгаа шүү дээ. Арын албанд яваад тэр бүрийг илүү сайн ойлгосон. Гэрэл тавих, дуу авах гээд уран бүтээлч болон хүний хувиар олон зүйл сурсан. Ангийнхантайгаа хамт явсан учраас сайхан дурсамж бүтээсэн, хэцүү үе байсан ч хамтдаа даваад гарсан. 
 
Анх бичлэг хийж эхэлснээс хойш хүмүүсийн хандлага ямар байсан бэ. Сөрөг сэтгэгдэл авах үе бий юү?
 
-Контент хийж эхлэх үед хүмүүс намайг төдийлөн таньдаггүй байсан. Энэ жилийн хавраас эхлээд хүмүүс арай илүү таньдаг болсон. Сөрөг сэтгэгдэл их авдаг шүү. Контентынхоо эсрэг дүр болох үе олон бий. Тэр бүрд сөрөг сэтгэгдэл олон ирдэг дээ. Гэхдээ сэтгэлээр унадаггүй ээ.
 
-Жүжигчин мэргэжил сонгосондоо харамссан үе гарч байв уу, тэрнээс илүү бахархсан үе олон байхдаа?
 
-Харамсан үе нэг ч байхгүй, одоогоор шантраагүй байна. Гэхдээ ирээдүйг мэдэхгүй учраас шантармаар санагдсан хэцүү үе гарахыг ч үгүйсгэхгүй. Бид одоогоор кино уран бүтээл хийгээгүй учраас мэргэжлээрээ бахархах үе минь арай тохиогүй байх. Гэхдээ төгсөлтийн жүжгийг минь үзэх гээд ирсэн гэр бүл, найзуудаа хараад, хамт хичээж байгаа ангийнхыгаа, багш нараа хараад мэргэжлээрээ их бахархсан даа. 
 
-Дииид багийнхныг юу нэгтгэдэг бэ?
 
-Биднийг цаашдын зорилго, ах дүүгийн зорилго, хийхээр төлөвлөсөн их ажил нэгтгэгдэг дээ. 
 
-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
 
-Уран бүтээлч хүний хувиар илүү өсөн дээшилж, чанартай уран бүтээл хийдэг жүжигчин болж, гадаадын зах зээлд гарахыг хүсэж байна.

Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-25 12:09:26
    энхжин: Хөөрхөн авьяаслаг ах нар шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-25 12:08:36
    энхжин: Мундаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-25 12:07:30
    энхжин: Мундаг шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188