• Өнөөдөр 2024-03-28

ТЭТГЭЛЭГ АВСАН ОЮУТНУУД: Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг нь оюутан, залуусын сурах хүслийг дэмжиж, урамшуулсан бодитой зүйл байлаа

2022-05-30,   1363

                   Соёл урлаг, нийгэм, спортын салбарт манлайлж буй оюутан залуусыг урамшуулах, тэдний сурах хүслийг дэмжих зорилгоор  дотоодын болон гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх олгох Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг зарлагдсан. Тодорхой хэдэн шалгуурыг хангасан 70 гаруй залуус уг тэтгэлгийг хүртсэн. Тэдгээрийн төлөөлөл бол Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 334 дүгээр дамжааны сонсогч Г. Ган-Очир, М.Халиунаа, 331 дүгээр дамжааны сонсогч Т.Намуун нар юм. Өөрийн мэдлэг, ур чадвараараа дотоодын тэтгэлэгт хамрагдсан эдгээр гурван сонсогчийг энэ удаагийн шинэ үе буландаа онцоллоо.

- Юун түрүүнд баяр хүргэе. Олон залуусын төлөөлөл болон дотоодын их сургуулийн тэтгэлэг хүртсэн шүү дээ
                                                  -М.Халиунаа: Би Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 334-р дамжаанд суралцдаг. Дэлхий дахин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын хэцүү үеийг даван туулсан улс орны маань хувьд хүндхэн сорилт байсан. "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах зорилго бүхий "Шинэ Сэргэлтийн Бодлого"-ыг хэрэгжүүлэх их үйлсийг манлайлах гадаадын болон дотоодын сургуульд суралцдаг "Шилдэг-75" оюутанд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн "Батламж" гардуулах ёслолын ажиллагаа АСЕМ Виллад 2022 оны тавдугаар сарын 24 ны өдөр зохион байгуулагдсан. Дотоодын тэтгэлэгт 146 суралцагч хүсэлт явуулснаас 44 оюутан нь тэнцсэн. Үүнээс ДХИС-д суралцагчдаас зургаан оюутан шалгарсан. Миний хувьд анх удаагаа ерөнхий сайдын тэтгэлэгт шалгарсан. Сонгон шалгаруулалтад тавигдсан шаардлага нь сүүлийн гурван улирал дараалан 3.6 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдэж, нийгмийн сайн сайхны төлөө болон сайн дурын үйл ажиллагаа санаачлан, зохион байгуулсан мөн Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн зэргийг маань үнэлэн цахимаар бүртгүүлэн нээлттэй бөгөөд сонгон шалгаруулалтыг шүүх комиссын шийдвэрээр тэтгэлэгт тэнцсэн. Аливаа зүйлийн ард заавал гомдол болон маргаан дагуулж байдаг. Энэ жилийн тэтгэлгийн онцлог нь цахимаар бүртгүүлж орж харах боломжтой,  шударга нээлттэй, ажлын хэсэг байгуулж шийдвэрлүүлж хяналт тавьсан нь явдал гэж бодож байна.
- Тэтгэлгийн талаар мэдээлэл анх хаанаас авсан бэ?
                                           -Т.Намуун: Ерөнхий сайдын тэтгэлэг зарлагдсан тухай сургуулийн сургалтын арга зүйч Цагдаагийн хошууч Г.Амаржаргал багшаасаа сонссон. Тэгээд багш маань материалаа бүрдүүлээд энэхүү тэтгэлэгт оролцохыг зөвлөсөн. Мөн тус тэтгэлэгт тэнцэхүйц идэвхтэй хүүхдүүдийг цуглуулж мэдээлэл өгөөд, хүсэлтээ цахимаар илгээх, юу бүрдүүлэх ёстой зэрэг бүх мэдээллийг өгсөн. Аливаа улсын хөгжил хүнийх нь хөгжилтэй холбоотой. Манай улс өмнөө тавьсан зорилгоо биелүүлж хөгжил сайтай болохын тулд сайн мэргэжилтнүүд хэрэгтэй. Тиймээс гадаад дотоодын их дээд сургуульд сурч буй оюутнуудад тэтгэлэг олгох нь тэдний хүсэл мөрөөдлийг улам хурцлахын сацуу эх орных нь өмнө маш том хариуцлага үүрүүлж буй хэрэг юм. Олон шилдэг залуусын эгнээнд багтаж энэхүү тэтгэлгийн эзэн болсондоо туйлын их баяртай байгаа. Мөн тэтгэлгээ маш том хариуцлага гэж харж байгаа учир цаашид улам хичээнгүйлэн суралцах болно.
-Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдах болсон шалтгаан?
                                        -Г.Ган-Очир: Анх 2019 онд энэхүү сургуульд элсэж нэгдүгээр дамжаанд суралцаж байхдаа Цагдаагийн сургуульд суралцдаг дээд үеийн ах эгч нарыг ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг хүртсэн талаар  сонссоноосоо хойш “Би ч бас тэтгэлэг авч үзэх юмсан” гэх  бяцхан зорилгыг дотроо тээж явах болсон.Оюутан насны дөрвөн жилдээ өөрийгөө нээж, ирээдүйд хэн байхаа тодорхойлох хамгийн хариуцлагатай, нандин үе юм. Энэ л дөрвөн жилийн хугацааг үр дүнтэй, дурсамжтай өнгөрөөж, аав ээжийнхээ  бахархлыг багахан ч гэсэн төрүүлэх гэсэндээ  энэхүү тэтгэлгийг авахаар зориг шулуудсан минь энэ байх.
- Уг тэтгэлэгт өөрийг чинь яагаад сонгосон гэж бодож байна вэ?

                             -Г.Ган-Очир: Миний хувьд дээр дурдсанчлан суралцах дөрвөн жилийн хугацаагаа үр дүнтэй өнгөрүүлж,сурч мэдэхийг эрхэм болгохын хажуугаар их сургууль болон бусад байгууллагуудаас зохион байгуулагддаг уралдаан тэмцээн, гадаад дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад идэвхтэй оролцдог, анги хамт олноо удирдан зохион байгуулан тодорхой төрлийн сайн үйлсийн аяныг өрнүүлж улмаар нийгэмдээ өөрсдийн оруулж чадах багахан ч гэсэн хувь нэмрээ оруулдаг байсныг минь төр үнэлж энэхүү тэтгэлгийг олгосон байх гэж бодож байна.

                                     -М.Халиунаа: Аливаад чин сэтгэлээсээ хандаж, оролдлого, хүчин чармайлт гаргах нь олон боломжийг өөртөө бий болгодог гэж бий хувьдаа боддог тиймээс ч энэхүү тэтгэлэгт шалгарсан маань баталж өгсөн. Аль ч төрлийн тэтгэлэг нь хүний хүсэл тэмүүлэл, зорилгоо хэрэгжүүлэх гүүр нь, улс эх орондоо хувь нэмрээ оруулах итгэл нь болж өгдөг давуу талтай.
                                   -Т.Намуун: Сурагч байхаа л их хичээнгүй хүүхэд байсан. 2019 онд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийг төгссөн. 2019 онд Нийгмийн тухай мэдлэг хичээлээр нийслэлийн хэмжээнд тэргүүлж 800 оноо авсан. Гэхдээ дан ганц хичээлээр биш урлаг спортоор мөн өөрийгөө хөгжүүлэхийг чармайдаг. Тийм болохоор миний хичээнгүй байдал, сурлага урлаг спорт зэргээ зэрэг хөгжүүлж буй байдал мөн нийгмийн идэвх оролцоог үнэлж цаашид улам хичээх урам зориг нэмэхийн тулд ерөнхий сайдын тэтгэлэгт сонгон шалгаруулах комисс энэхүү тэтгэлэгт шалгаруулсан гэж бодож байна.
-Тэтгэлэгт тэнцсэн гэдгээ мэдээд ямар санагдсан бэ?
                                              -Г.Ган-Очир: Анх тэтгэлэгт оролцох материалаа бүрдүүлээд явж байхдаа өөрийгөө тэнцэж чадна гэж бодохгүй байсан ч дотроо тэнцчихээсэй гэсэн бяцхан итгэл сэтгэлийн угт байсан.Тэтгэлгийн шалгуурт тэнцсэн гэсэн мэдээллийг аваад аав ээж хоёртоо хэлэхэд надаас илүү баярлаж байсныг нь харах үнэхээр хайр хүрэм байсан. /Инээв/
                                           -М.Халиунаа: “Тэтгэлгийн хариуг нь и-мэйл хаягаар зарлана” гэхэд улсын хэмжээнд их сургуулиудын оюутнууд оролцож байгаа тэндээс сонгогдоно гэдэг бол чанга сорилт гээд хүлээлт бага байсан. Хариугаа хараад үнэхээр их баярласан “Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үнэхээр үнэн юм байна” мөн хариуцлага нэмэгдсэн юм шиг мэдрэмж төрсөн. Үгээр хэлэхийн аргагүй баярлаж, хурдхан шиг гоё мэдээгээ гэр бүлийнхэндээ хэлэхийг хүссэн. Миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Их сургуулийн удирдлага болон эрдэмтэн багш, гэр бүл минь биднээс илүү их баярласан. Бид аугаа эх орныхоо цаашдын үйлд өөрсдийн бие, сэтгэл оюун чадах бүхнээ дайчлах хэрэгтэй. Ямар ч итгэл найдваргүйгээр юу ч хийх боломжгүй тиймээс хүн бүр бие биенээ хайрлаж, хүндэлж урмын үг хэлдэг дэмжвэл боломж үргэлж байдаг.
                                       -Т.Намуун: Анх тэтгэлэгт материалаа явуулахдаа өөрийгөө тэнцэнэ гэдэгтээ тийм ч их итгэлтэй байгаагүй. Тэтгэлэгт тэнцсэнээр цаашид улам хичээнгүйлэн суралцах хэрэгтэйгээ ойлгосон. Тэтгэлэгт тэнцсэн тухай зурвас хүлээж аваад маш их баярласан. “Хүн хичээж зүтгэж л байвал тэрхүү зүтгэлийг нь үнэлдэг юм байна” гэж бодогдсон. Мөн тэтгэлгийн тухай мэдээг сонсоод гэр бүлийнхэн маань их баярласан.
- Оюутнуудад тэтгэлэг олгох нь ямар ач холбогдолтой гэж харж байна вэ?
                                                  -Г.Ган-Очир: 2022 оны тавдугаар сарын 24-ны өдөр Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээнд оролцож байхдаа  улсын тэргүүлэх их дээд сургуулиудын олон олон оюунлаг, зорилго хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж яваа, цаашид Монгол улсын хөгжлийг түүчээлэх нэг үеийн охид залуусын нүдэн дэх галыг хараад Г.Ган-Очир гэх хувь хүн би ямар түвшинд яваа,цаашид маш их зүйлийг сурч,хийж бүтээх шаардлагатай юм байна гэдгээ ухаарсан. Магадгүй энэхүү тэтгэлэг нь олон залуусын хүсэл тэмүүллийг бадрааж,сэтгэл дэх галыг нь ноцоож чадсанаараа маш том ач холбогдолтой  байсан юм  болов уу гэж би бодож байна.
                                                   -М.Халиунаа: Улс эх орныхоо ирээдүйг  сайн сайхны төлөө хөтлөх, мэдлэг боловсролтой салбар чиглэл бүрээр томоохон гадаадын их дээд сургуульд суралцах дэлхийн мэдлэгийг эх орондоо хэрэгжүүлж ажиллах боловсон хүчээ бэлдэж хүүхэд залуучуудаа хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд маш чухал бодитой хувь нэмэр юм болсон.
                                                     -Т.Намуун: Оролдлого сайт оройд нь гэдэг үгийг энэхүү нийтлэлийг уншиж буй хүмүүстээ хэлмээр байна. Аливаад хойш суулгүйгээр үргэлж өөрийгөө сорьж байгаарай. Хүмүүс чамайг азтай байна гэж харж болох ч аливаа сайхан зүйлс бол чиний хичээл зүтгэлийн шагнал байдаг шүү гэж хэлэхийг хүсэж байна. Мөн тэтгэлэг гэдэг зөвхөн нэг удаа дурдагдаад өнгөрөх зүйл биш. Тухайн оюутанд сурах цаашид урагшлах замыг гэрэлтүүлэгч болж өгч байгаа зүйл юм. Учир нь өөрийн ур чадвараар бусдыг манлайлж, төлөөлж тэтгэлэг авна гэдэг нэг талаасаа хариуцлага. Нөгөөтээгүүр “Олон хүний боломжийг авсан би илүү их хөдөлмөрлөх ёстой” гэх итгэл үнэмшлийг өгсөн.
- Яагаад цагдаа болохоор шийдсэн юм бэ?
                                               -Г.Ган-Очир: Ахлах сургуулийн сурагч байхдаа  мэргэжлээ сонгох шаардлагатай цаг үе хаяанд ирснийг гэнэт л ухаарч өөрийнхөө дотоод хүнтэйгээ нэлээн удаан ажилласны эцэст “Миний зан характер, бие физиологид цагдаагийн мэргэжил яг тохирох юм байна” гэдэг шийдэлд хүрсэн. Мөн цагдаагийн алба хаагч, цагдаагийн сургуулийн сонсогч ах эгч нарын хувцас форм сүрдмээр, жавхаалаг, гоё харагддаг байсан. Удмынхаа хамгийн анхны цагдаа болохыг хүссэн гэх мэт өөр олон олон шалтгаанууд нөлөөлсөн.
                                                 -М.Халиунаа: Би багаасаа л спортоор хичээллэдэг хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Одоо Жудо бөхийн тамирчин. Женко клубд харьяалагддаг. Спортын хүн бүхнийг золиослох ёстой зөвхөн нэг чиглэлээр явж амжилтад хүрнэ гэдэгтэй санал нийлдэггүй. Тийм  болохоор өөрийн хүссэн мэргэжлээрээ сураад, спортоо ч орхилгүй хослуулан авч явах боломжтой гэдгийг харуулахыг зорьдог. Мөн сургуулийн хамт олон маань тусалж дэмждэгт маш их баярлаж явдгаа энэ дашрамд хэлье. Мэргэжил сонголт ойртох тусам би ямар хүн юм бэ. Надад ямар мэргэжил тохирох юм бол гэж их бодсоны үндсэн дээр цагдаагийн сургуулийг сонгосон мэдээж энэ сургуульд ороход маш олон шалгуурыг давж тэнцсэн минь спортын амьдралтай минь салшгүй холбоотой бүхий л зүйлийг даван туулах хүч хөшүүрэг болсондоо.
                                               -Т.Намуун: Цагдаа болох нь миний багын мөрөөдөл байсан. Тиймдээ ч Дотоод хэргийн их сургуульд элсэн орохын тулд маш их хичээсэн. Цагдаа хүн бол нийгмийн толь байдаг. Тиймээс Монголын амар тайван байдлыг сахин хамгаалагч цагдаагийн алба хаагчдын залгамж халаа болон бэлтгэгдэх нь нэр төрийн хэрэг тул цагдаагийн мэргэжлийг сонгосон.
-Энэхүү нийтлэлийг уншиж буй залууст хандаж хэлэх зүйл байна уу?
                                                -Г.Ган-Очир: Монгол улсын ирээдүйн өнгийг тодорхойлох залуу үе ,хүүхэд багачууд, дүү нартаа хандаж хэлэхэд Монгол улсын ирээдүй бидний гарт байна, биднээс өөр хэн ч энэ эх орныг хайрлаж, хөгжил дэвшилд нь санаа зовохгүй гэдгийг бүү мартаарай, та бидний ирээдүй гэрэлтэй байгаа гэдэгт итгээрэй ,хамтдаа эх орноо хөгжүүлцгээе!
                                             -М.Халиунаа: Хүүхэд багачууд, үе тэнгийн найзууддаа хандаж хэлэхэд “Эрүүл байж өөрийн дуртай, аж жаргалтай болгодог зүйлдээ тэмүүлж хэзээ ч битгий бууж өгөөрэй”. Хамгийн шилдэг нь байхын төлөө биш хамгийн хүнлэг энэрэнгүй, шударга хүн байгаасай гэж хүсэж байна.
                                               -Т.Намуун: Миний хувьд ирээдүйд нийгмийн толь болон ажиллах боловсон хүчин учраас зөв хандлагатай хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг сайн бас гоё хүн байхаа амлаж байна. Мөн үргэлж тусалж дэмжиж байдаг аав, ээждээ гэр бүлийнхэндээ, багш нар, найзууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

ТЭТГЭЛЭГ АВСАН ОЮУТНУУД: Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг нь оюутан, залуусын сурах хүслийг дэмжиж, урамшуулсан бодитой зүйл байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188