• Өнөөдөр 2024-03-28

Б.ЭРДЭМСАЙХАН: Охидын мөрөөдлийн ханхүү болох гэж хичээсэн

2022-05-23,   943

           Орос ардын “Мэлхий гүнж” үлгэрийг уншаагүй хүүхэд цөөн болов уу. Гурван хүүтэй хаан хөвгүүдээ гэрлүүлэхээр өрнөдөг эл үлгэр сайхны тухай, сайхан зүйл гэж угтаа ямар зүйл байдаг тухай хүүхдүүдэд хэлж өгдгөөрөө онцлог билээ. Тэгвэл энэхүү үлгэрийг олон улсын хүүхдийн баярыг угтаж “Орфей” театраас жүжиг болгон найруулан тавьж, хүүхэд, багачуудад бэлэг барьж байгаа аж. Бид энэ талаар “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийн ханхүү Иваны дүрд тоглож буй залуу жүжигчин Б.Эрдэмсайхантай ярилцлаа. Тэрбээр 2020 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд бөгөөд "Кибер сүлжээ" киноны эсрэг гол дүрд тоглсон жүжигчин юм. Одоогоор чөлөөт уран бүтээлчээр ажиллаж буй.

 

-ХАНХҮҮ БОЛ БҮХ ТАЛААРАА ТӨГС ДҮР-

   -Сайн байна уу. “Мэлхий гүнж” орос ардын үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн жүжиг тавигдах гэж байна. Жүжгийн онцлогоос яриагаа эхлэх нь зөв болов уу?
 
          -Сайн, сайн байна уу. Юуны өмнө Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд “Орфей” театртай хамтран ажиллаж, “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийн ханхүү Иваны дүрд тоглож байгаадаа баяртай байна. Энэхүү хүүхдийн жүжиг нь орос найруулагч найруулсан гэдгээрээ онцлог байгаа. Орос ардын үлгэрийг орос найруулагч жүжиг болгон тавьсан болохоор хүүхдүүдэд илүү орчин ахуй, уур амьсгалын хувьд бодитоор, ойр буух болов уу гэж бодож байна. Мөн мэргэжлийн уран бүтээлчид тал талаас нэгдэж, тоглож байгаа нь бас нэгэн онцлог байх болов уу. 
 
  -Ханхүүгийн дүрд тоглоно гэдэг ховор сонголт болов уу. Анх хэрхэн ханхүү Иваны дүрд сонгогдсон бэ?
 
         -Анх “Мэлхий гүнж” жүжгийг арваннэгдүгээр сард тавихаар төлөвлөж байсан юм билээ. Тухайн үед ханхүү Иваны дүрд өөр уран бүтээлч тоглохоор бэлдэж байсан ч цар тахлын улмаас жүжгийн тоглох хугацаа хойшилсон. Харин сая тоглох болоход, “Орфей” театрын продюсер Т.Ариунчимэг эгч надтай холбогдоод, “Мэлхий гүнж” жүжгийн ханхүү Иваны дүрд тоглох санал тавьсан юм. Хүүхдийн жүжигт, тэр дундаа ханхүүгийн дүрд тоглох болсон минь том завшаан гэж бодож байгаа. Хүүхэд бол хамгийн гэгээн ертөнц. Тэр ч утгаар тэдний гэгээн ертөнцөөр аялж, хүүхдүүдийг баярлуулж байгаадаа баяртай байна. Нөгөө талаар жүжигчин хүний дээд хүсэл кинонд тоглохоос илүү тайзны уран бүтээлд тоглох байдаг болов уу.
 
Тайз гэдэг бол үзэгчидтэй амьд харилцаатай байхаас гадна уран бүтээлчийн ур чадвар, мэдрэмжийг илүү харуулдгаараа хамгийн сайхан.
 
  -Охид ханхүүд дуртай байдаг. Таны хувьд охидын мөрөөддөг, хүслийн ханхүүг хэр гаргасан бол. Өөрийгөө дүгнэсэн, анзаарсан зүйл бий болов уу?
 
              -Аль болох охидын хүслийн ханхүүг гаргахыг зорьж ажиллаж байгаа. Мэдээж продюсер маань ч мөн намайг ханхүү болно гэж үзээд санал тавьсан болов уу. Ханхүү байна гэдэг уран бүтээлчээс олон талын ур чадвар шаарддаг юм билээ. Энэ ч утгаар дүрдээ хичээж ажиллаж байна. Жүжигт маань ханхүү мэлхий гүнжийнхээ төлөө тулалдах зэрэг олон сонирхолтой үйл явдал бий. Тэгээд үзсэн хүүхдүүд л ямар ханхүү болсныг маань хэлэх байх.
 
 -Энгийн хүнээс ханхүү гэхээр мэдээж өөр шүү дээ. Ханхүү болж тоглох мэдрэмж нь ямар байдаг бол?
 
            -Мэдээж өөр мэдрэмж төрнө. Ханхүү бол бүх талаараа төгс гэж хэлж болом дүр. Энэ ч утгаараа төгс хүн байна гэдэг их хэцүү. Тэр бол дээр хэлсэнчлэн, тухайн уран бүтээлчээс их ур чадвар шаардана. Хүүхдүүд юм бүрийг гэгээлгээр хүлээж авдаг шүү дээ. Ханхүү гэхээр хүүхдүүдэд маш гоё залуу, эрэлхэг баатар гэж ойлгогддог. Харин гүнж гэхээр үзэсгэлэнтэй, гэнэн цайлганаар төсөөлдөг. Тэр төсөөллийг харуулахын тулд бид хичээж ажиллаж байгаа.  Ер нь бол ханхүүгийн дүрийг бүтээнэ гэдэг тэр хүнээс асар их зүйл шаардаж байгаа шүү дээ. 
 
  -“Мэлхий гүнж” жүжиг хэзээ, хэдэн цагаас тоглох хуваарьтай байгаа вэ?
 
          -Бид сая Булган, Эрдэнэт хотод энэ сарын 21, 22-нд гурван удаа тоглосон. Харин Улаанбаатар хотод тавдугаар сарын 30-наас эхлэн зургадугаар сарын 10 хүртэл тоглох хуваарь гарсан. Жүжгийг маань хүүхэд, багачууд ирж үзээсэй гэж хүсэж байна.
 

-ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДЭД ДЭМЖЛЭГ БАЙДАГГҮЙ-

     -Сургуулиа төгсөөд хоёр жил болжээ. Гэхдээ энэ хугацаанд цар тахалтай байгаад төдийлөн уран бүтээлд тоглож, оролцож амжаагүй болов уу гэж харсан?
 
       -Тийм ээ. Бид ч гэлтгүй бүх л уран бүтээлч цар тахлын улмаас уран бүтээлээ хийж чадахгүй, хумигдмал байлаа. Залуу уран бүтээлчийн хувьд гэхдээ зүгээр суусангүй. Юу хийх, ямар уран бүтээлд оролцож, ямар уран бүтээл гаргавал болох вэ гэж эрсэн, судалсан, бодож төлөвлөсөн цаг хугацаа өнгөрсөн. Одоо цаашид уран бүтээл хийж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
 
 -Аль нэг продакшн, театрт харьяалагдах хүсэлгүй байна уу?

   -Одоогоор тийм бодол байхгүй. Найз, нөхөдтэйгээ хамтраад уран бүтээл хийнэ гэсэн бодол байна. Залуу уран бүтээлчид бид нэг кино, нэг уран бүтээлийн ард ажиллахад мохоодог гэх юм уу урмыг минь хугалдаг нэг зүйл бол “Та нар энэ уран бүтээлд ажилласан л бол тэр чинь л чухал. Түүнээс цалин мөнгө чухал биш” гэсэн хандлага ажиглагддаг. Хэдийгээр залуу, дөнгөж төгссөн уран бүтээлч ч гэсэн мэргэжлийн сургуулийг нь төгсөөд, ажиллахаар ирж байгаа шүү дээ. Энэ хандлагыг л болиосой гэж боддог.

 -Одоо хувиараа уран бүтээл хийх гэж байгаа юм байна. Мэдээж санхүүгийн хувьд амаргүй шүү дээ?
 
        -Залуу уран бүтээлчдэд дэмжлэг байхгүй. Ер нь залуу ч гэлтгүй уран бүтээлчид бол бор зүрхээрээ зүтгэж кино, уран бүтээлийг үзэгчдэд хүргэдэг. Уг нь бол нийтээр нь нэгдсэн бодлого, дэмжлэг чухал санагддаг. Хэрэв уран бүтээлчдийг санхүүгийн талд нь дэмжээд өгвөл сайн уран бүтээл, олон сайхан контент төрнө гэж боддог.
 
-Ярилцсанд баярлалаа.Амжилт хүсье.
 
       -Та бүхэнд мөн баярлалаа.
 

Б.ЭРДЭМСАЙХАН: Охидын мөрөөдлийн ханхүү болох гэж хичээсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188