• Өнөөдөр 2026-10-30

СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД

2026-10-30,   209

   Увс аймгийн Тариалан суманд 26 настай, малчин эмэгтэй Б.А, Дорнод Аймгийн Баяндун суманд 48 настай, малчин эмэгтэй Ш нар сураггүй алга болсон. Орон нутгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн болон төрийн байгууллагууд, сайн дураараа нэгдсэн ард иргэдийн бүрэлдэхүүнтэй эрлийн баг ажиллаж байгаа ч одоогоор ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна. Иймээс сураггүй болсон эмэгтэйчүүдийн тухай дуудлага мэдээлэл хэзээ ирснээс эхлээд ар гэрийнхэн хэрхэн мэдээлэл өгсөн, эрэн хайх аврах ажиллагааг хэрхэн явуулж буй талаарх мэдээллийг нэгтгэн хүргэе.

ОДОО ХҮРТЭЛ ОР СУРАГГҮЙ БАЙГАА 26 НАСТАЙ БҮСГҮЙГ ДРОНЫ ТУСЛАМЖТАЙ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

2026.10.15-ны өдөр. Увс аймгийн Тариалан сум, Бургастай багийн иргэн, 26 настай малчин эмэгтэй Б.А сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл ирсэн байдаг. Тодруулбал аравдугаар сарын 15-ны 16:50 цагт “Аймгийн төвөөс зүүн урд 45 километр, сумын төвөөс баруун хойд зүгт 50 километрт байх Машийн ам орчим малаа хайхаар явсан Б.А сураггүй боллоо” гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын газар ирсэн байна. Мөн Цагдаагийн байгууллагаас иргэн Б.А нь өглөөний 07:00 цаг орчимд малд явахаар гэрээсээ гарахдаа цэнхэр судалтай нимгэн куртик, Хар өнгийн өмд, хавар намрын хагас түрийтэй хар гуталтай явсан болохыг дурдан эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Үүнээс хойш хэдий нь хагас сарын хугацаа өнгөрсөн ч одоо болтол олдоогүй тул эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна.

2026.10.25 сураггүй болсноос 10 хоногийн дараах нөхцөл байдал. Сураггүй болсон эмэгтэйг эрэн хайж ажиллагаанд 110 хүн оролцож, хоёр дрон, үнэрч нохой төдийгүй зориулалтын техник хэрэгсэл ашиглан 11 машин, гурван морьтойгоор самналт хийсэн байна. Эрлийн багт Увс аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Цагдаагийн алба хаагчид, Тариалан сумын ЗДТГ, мэргэжлийн анги, төрийн албан хаагчид, ар гэрийнхэн болон нутгийн иргэд сайн дураараа нэгджээ. Улмаар аравдугаар сарын 25 ны өдөр эрлийн баг хоёр хэсэгт хуваагдан ажиллав. Нэг хэсэг нь 15 метрийн зайтай эгнэн, хоёр километр зурвас үүсгэж нийт 12 километрийн самналт хийжээ. Харин нөгөө хэсэг нь гуу жалга, хавцал, уулархаг газарт дрон хөөргөж, шалгажээ. ингэхдээ “Шилийн хар толгой”, “Суурин буйр” болонцаснаас хоргодох магадлалтай ойр орчмын өвөлжөө, хаваржааг шалгасан ч үр дүнд хүрээгүй байна. Тухайн бүс нутаг зарим газартаа 40-50 см зузаан цас тогтсон, хад асга ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан нь эрлийн ажиллагаанд хүндрэл учруулж буйг албаны эх сурвалжууд онцолсон байдаг.

Ар гэрийн мэдэгдэл Сураггүй болсон Б.А-гийн аав Х.Баяраа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Аравдугаар сарын 15-ны өдөр надад 14:00 цагийн үед над руу залгаж “Манай малын тал нь алга болоод Ариунаа хайхаар явсан ч гэртээ ирэхгүй байна” гэж хэлсэн. Охинтойгоо хоёр сарын өмнө уулзсан. Сүлжээ муу болохоор хааяа нэг ярьдаг. Манайх тэнд зусдаг байсан учир охин маань газар нутгаа сайн мэдэх учраас төөрнө гэж байхгүй. Манай аймагт 14-ний шөнө 02:00 цагаас эхлээд цас орсон. Би 16-н худынхаа талынд очсон. Ер нь энэ их цасан дунд охиноо олох хэцүү юм байна л гэж бодсон. Миний охин хүнтэй суугаад гурван жил өнгөрч байна. Хүргэн маань нэг их юм хэлээгүй. Цасаар шуурч байхад яагаад миний охиныг нимгэн хувцастай, гэрээс нь гаргаж явуулж байгаа юм бэ. Нохой, шувуунд сэг зэм болгочихгүй цогцсыг нь ч болсон олж авах юм сан гэж бодож байна” хэмээн ярьсан байдаг.

Мөн эрлийн ажиллагааны явцын талаар “Зогсолтгүй эрлийн ажиллагаа явуулж байгаа та нартаа баярлалаа гэж хэлье. Одоо би гундлаа гээд яах вэ дээ. Ямар ч байсан би охиноо олдоно гэж бодож байгаа. Хаврыг хүлээхгүй тэрнээс наана олдчих байх. Өсөж, дассан газартаа хад агуй, шугуй, жалга судагт байж магадгүй гэж бодож байна. Унаанд дайгдаад хаа нэг тийш явсан байж юуны магад” хэмээжээ.

ГЭРЭЭСЭЭ ГАРААД ГУРАВ ХОНОСНЫХ НЬ ДАРАА ХАМТРАН АМЬДРАГЧ НЬ ХАЙЖ ИРЖЭЭ

    Дорнод аймгийн Баяндун сум, Түргэн баг, Булгийн адаг гэх газарт 48 настай, малчин эмэгтэй Ш сураггүй болсон. Тодруулбал аравдугаар сарын 6-ны өдөр Ш-ийн хамтран амьдрагч Т нь төрсөн дүүгийнх нь ажил дээр очиж “Эгч чинь гэртээ ирсэнгүй гурав хонолоо. Энүүгээр ирсэн үү” хэмээн уулзсанаар түүнийг сураггүй болсон тухай дуудлага мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгчээ.  

2026.10.07 эрлийн ажиллагааны эхний шат. Дуудлага мэдээллийн дагуу 364 хүн, 81 автомашин, 26 мотоцикл, 44 морьтой 463 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гарчээ. Мөн сураггүй болсон эмэгтэйн гэрээс дөрвөн зүгт 25 километрийн радиуст дрон хөөргөж самнасан боловч үр дүнд хүрээгүй аж. Улмаар эрлийн багий үйл ажиллагааг аравдугаар сарын 19-нд түр зогсоох шийдвэр гарчээ. 

2026.10.28 эрлийн ажиллагааг дахин эхлүүлэв. Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл эрэн хайх, ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэй үргэлжлүүлэх чиглэл өгчээ. Улмаар тус аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа П.Мөнхбаяр, Онцгой байдлын газрын дарга Хурандаа Б.Мягмардорж, Баяндун сумын Засаг дарга Х.Батбаатар, Баян-Уул сумын Засаг дарга М.Баттулга болон Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, ажлын хэсгийн ахлагч Ц.Баяржаргал нараар ахлуулсан баг дахин эрэлд гарсан байна. Тэд үнэрч ноход болон дрон ашиглан эрэн хайх ажиллагаа явуулж буй ч хараахан үр дүнд хүрээгүй байна. 

Ар гэрийн мэдэгдэл.  Охин О.Жавзандулам “Ээжийгээ олмоор л байна. Яг хаанаас, яаж хайхаа үнэндээ мэдэхгүй байна. Хамтран амьдрагч нь гурав хоногийн турш үр хүүхдүүдэд нь юу ч хэлээгүй. Би нэг удаа зорьж очиж уулзсан. Ах аа тэр өдөр юу болсон юм бэ, та хоёр маргаж муудсан уу гэхэд “Би юу ч мэдэхгүй” гэсэн. Залгахаар утсаар авахгүй байгаа” хэмээн орон нутгийнхаа телевизэд мэдээл өгчээ. 

Сураггүй болсон  Г.Шижиртуяагийн төрсөн дүү Г.Болормаа манай сайтын сэтгүүлчтэй ярилцахдаа “Би эгчийгээ сураггүй алга болсон гэдгийг энэ сарын 6-нд мэдсэн. Хамтран амьдрагч нь сумын төвд халуун ус ажиллуулдаг манай нагац эгч дээр ирээд “Шижирээ сураггүй болоод гурав хоночихлоо. Тань дээр ирсэн үү” гэж асуусан байсан. Би нагац эгчтэйгээ ярьж байж эгчийгээ алга болсон гэдгийг мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад хандсан. Эгч рүү минь сураггүй алга болдог өдрийнх нь  22:00 цагийн үед бага охин нь видео каллаар холбогдож ярьсан байсан. Тэгэхэд эгч хамтран амьдрагч Т-гийн хамт гэртээ халамцуу байсан гэсэн. Охиныгоо ярихад “Удахгүй унтлаа” гэж хэлээд утсаа салгасан гэсэн.  2021 оноос эхлэн хамт амьдарч байгаа Т нь цагдаагийн хяналтад гадуур байгаа. Харин тэдний амьдарч байсан гэрийг нь битүүмжилсэн учир хүн орж болохгүй нөхцөл байдалтай байна. Тэднийх сумын төвөөс 20 километрийн зайтай. Хоёр жилийн өмнө айлын хуц хариулж байснаас сүүлд бол ямар ч малгүй, хоёулхнаа амьдардаг байсан. Т манай эгчид хэд хэдэн удаа гар хүрч байсан тохиолдол бий. Тухайн үед нь би тэднийг салгах гээд чадаагүй. Харин өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байсан эсэхийг мэдэхгүй байна. Хамгийн сүүлд эгчтэй хамт байсан хүн нь тэр учраас түүнийг бид хардаж байгаа. Эгчийг минь хөнөөчхөөд нуучихсан байх вий гэж бодож байна. Цагдаа нар ямар нэгэн байдлаар эгчийг минь олж тогтоогоогүй учир бидний арга барагдаад сууж байна. Эгч минь зургаан хүүхэд төрүүлсэн. Хоёр багаа айлд өргүүлсэн. Дөрвөн том нь нас биед хүрч, өөрсдийнхөөрөө амьдарч байгаа. Эрлийн багт одоогийн байдлаар 200 гаруй хүн оролцож байна. Бид явсан газраараа дахин хайж байгаа. Аймгийн цагдаагийн газраас нэмэлт хүч ирсэн. Эгч минь өдөр болгон хүүхдүүдтэйгээ утсаар ярьдаг байсан. Харин алга болсон гэх шөнөөсөө хойш хэнтэй ч холбогдоогүй. Аймаг, сум руу явахдаа хүүхдүүдээсээ зардлын мөнгө авдаг байсан. Гэтэл одоо сураггүй болоод олон хонож байгаад нь бид санаа зовж байна. Эгчийгээ хурдан олдоосой гэж залбираад сууж байна” хэмээсэн байдаг. 

 

 


СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188