• Өнөөдөр 2026-10-30

МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА

        Тасралтгүй 10 жил төр барьсан Ардын намынхан хэдэн тэрбум, хэдэн их наядын хулгай ярьж, хэрэлдээд буруутангаа олохгүй будилж төөрч байна. Гэтэл сөрөг хүчин гэгдэх Ардчилсан намынхан Засгийн эрхийг барьсан цөөхөн хэдэн жилдээ л хамаг лидерүүдээ хэрэгтэн болгож, гаргуунд нь гаргаад, заримыг нь гадаад руу зугтаалгаад олон жил боллоо.


        Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ногоон автобус, Боловсролын зээлийн сан, газрын наймаа гээд Монголын төрд байж болох ард иргэдийн боломжийг хулгайлсан бүх л том хэргүүд тэр чигтэй МАН-ыг төрийн эрх барих цаг үед гарч байв. Үнэндээ тэд өөрсдөө энэ бүх хэргээ задлаж, олон нийтийг бухимдуулсан ч хариуцлага хүлээж, хэргээ бүрэн дүүрэн шийдүүлсэн нь тун ховор. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан өнгөрсөн хугацаанд их бага гэлтгүй тэр чигээрээ байгалийн баялаг ард түмний өмч, татвар төлөгчдийн мөнгөөр тансагласан хулгайчид гэдгээ өөрсдөө зарласан. Гэтэл начир дээрээ би ч буруугүй, тэр ч буруугүй гэж арьсаа хамгаалсаар хэдэн их наядаар яригдах их хэмжээний хулгайд нь хуулийн ч улс төрийн ч хариуцлага хүлээсэн бодит жишээг тоолъё гэвэл гарын арван хуруунд багадахаар тун цөөн жишээ бий.

      Гэтэл арваад жилийн өмнө Засгийн эрхийг барьсан Ардчилсан намынхны хэрэг өнөөдрийг хүртэл яригдсаар хууль шүүхийн асуудал нь сөхөгдсөөр байна. Саяхан гэхэд УИХ-ын дарга асан З.Энхболдын гэх хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг нь хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр хэвээр үлдсэн гэсэн үг. Цаашлаад Хөгжлийн банкны хэргээр шүүгдэж байгаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэргийг Улсын дээд шүүхээс буцаасан бол өнгөрсөн даваа гарагт нийслэлийн давж заалдах шатны шүүх мөн буцаалаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Дөрвөн жилийн хугацаанд 1500 гаруй хэргийг буцаасан байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс нийслэл хэргийг буцаасан нь буруу гэж үзээд дээд шүүхэд өргөдөл гаргасан. Гэтэл дээд шүүх хүлээж авсангүй. Тэгэхээр энэ хэрэг хоёр дахь удаагаа буцаж байна. Одоо анхан шатны шүүх рүү очсон. Дахиад өнөөх дамжлагаараа явах нь. Ял өгөхийн тулд л дахиж буцаагаад байх шиг байна. Өнгөрсөн долоо хоногт О.Алтангэрэл гишүүн мэдээлэл хийхдээ УИХ-ын баталсан хуулийг зөрчөөд байгаа талаар нийтийн сонсгол хийх санал гаргасан. Тэнд л сайн ярья гэж бодож байна. Миний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших горьдлого тасарч байна. Таван удаагийн шүүх хурлын гуравт нь цагаадаж, хоёр нь буцсан. Намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд ингэж байна гэж ойлгож байна. 80 орчим хүн хөгжлийн банкны хэрэгт холбогдсон. Надаас болоод тэр хүмүүсийн хэрэг хамт буцаад байгаа учраас үлдсэн 30 гаруй хүн нь гомдолтой байна” хэмээн мэдээлсэн.

       Ингээд харвал Ардчилсан намынхан арга аа барж, эрх баригч МАН-ынхан хэрэг хийсэн хүнгүй даналзаж байна.

       Нүүрсний хулгайн хэргээр хариуцлага хүлээсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нар хэдийнэ суллагдаж, Хөгжлийн банкны хэрэгтнүүдээс ганцхан УИХ-ын гишүүн Ё.Баатар билэг хариуцлага хүлээсэн. Ногоон автобусны дуулианд нэр холбогдсон улстөрчдөөс өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээсэн хүнгүй байна. Боловсролын зээлийн сангийн эзэд зээлээ хэдийнээ төлчихсөн гээд даналзаж яваа бол газрын наймааны дуулиан ор тас мартагдаж, дараагийн улс төрийн “зодоон”-оор шинэ хэрэгтнүүд төрсөөр байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт буруутгагдсан болгон нь “Би гэмгүй, би буруугүй” хэмээн өөсдийгөө өмгөөлж, ард түмнээр өрөвдүүлэх ажиллагаагаа шат дараатайгаар хийж явна, МАН-ын гэмтнүүд.

      Цаашлаад одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Нүүрсний хулгайн хэрэг 2” гэж бий хэмээн Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа ам бардам намын нөхдөө зарлаж байлаа. Түүгээрч тогтохгүй Бор тээгийн ордтой хэргийг УИХ-ын гишүүн  Д.Амарбаясгалантай холбоотой хэмээн мэдэгдэж, БНХАУ-ын  иргэнийг хөнөөсөн байж болзошгүй хэмээн өөрөө мэдээлэл хийсэн. Гэвч гэм буруутан нь өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өчигдөрхөн сэтгүүлчдийн өмнө “Бортээгийн орд Д.Амарбаясгалан гэдэг хүнтэй огт холбоогүй гэдэг шүүхийн шийдвэр гарсан. Бортээгийн ордыг надтай холбоогүйг нотолсон шүүхийн шийдвэр гарсан. Нүүрсний хэрэгтэй холбогдуулж намайг болон холбоо хамаарал бүхий хүмүүсийг дарж авах хэрэгсэл болгосон. Миний орд биш монголынх. Стратегийн ордыг хэн нэгэнд хувьчлах ямар ч боломжгүй юм. Би хуулийн байгууллагыг дуудсан цагт нь очиж, мэдүүлгээ өгч байгаа"  хэмээн мэдэгдсэн. Зүй нь бол үнэхээр шүүхийн шийдвэрээр хэрэгт холбогдолгүй нь нотлогдсон бол ард иргэдийг төөрөгдүүлсэн энэ мэдээлэлд ЗГХЭГ-ын дарга хариуцлага хүлээх тогтолцоотой баймаар байна.

       Хамгийн сүүлд гэхэд Хууль зүй дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан “Улс төр, бизнесийнхний өнгөрсөн хугацаанд угсарсан мафын сүлжээ ажиллаж байна. Энэ мафын сүлжээ хууль төрийн байгууллагыг татан оролцуулж байна. Энэ бол эртнээс төлөвлөсөн нарийн үе шаттай өрнүүлж байна. Өчигдөр ШШГЕГ-ын бүх цэргийн байгууллагын алба хаагчид хууль зөрчиж мэдээлэл хийлээ. Төрийн мөрдэстэй алба хаагчийг татан оролцуулж, амь тавьж мэдээлэл хийлээ. Хуулийн байгууллагын дотоод асуудалд би тодорхой шаардлага тавьсан. Монгол Улсын хар хайрцагны бодлогыг гадаад, дотоод хүчин зүйл тогшиж байна. Тиймээс хууль бус үйл ажиллагааг тэвчихгүй. Хар тамхи, цахим залиланг тэвчихгүй байх даалгавар өгсөн. Энэ хугацаатай өгсөн даалгаврын баримтууд надад байна. Гэтэл төрийн цэргийн мөрдэстнүүд төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна. Гадаадын иргэнийг албан тушаалаа ашиглаж, залилсан албан тушаалын хэргээ урвуулан ашиглаж АТГ-т шалгуулж, Алтан, Батхүү нарын алтны тусгай зөвшөөрлийг лецинзийг шилжүүлсэн хүмүүс мэдээлэл хийлээ. ШШГЕГ-ын дарга А.Намсамандад би итгэл хүлээлгэж цол олгосон. Гэтэл хоригдлуудыг аваачиж, хууль бус газарт, өөрийнхөө зуслангийн газарт байшин бариулсан. Нийт 408 сая төгрөгийг завшсан асуудал гарсан. Гэтэл алба хаагчдынхаа нэр дээр хууль бус цохолт хийж, орон сууц авсан баримтууд байна. Эклогийн цагдаагийн газрын дарга Оюутболд хууль бус алт олборлолттой холбоотой. Намайг хүртэл хэдэн хүмүүсээр дамжуулж, худалдаж авахыг оролдсон" хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч салбарын сайдаас тэр даруйдаа чөлөөлөгдөж, энэ хэрэг мөн л намжсан.

       Энэ мэтчлэн МАН-ын хулгайгаа өөрсдөө зарлаж, өөрсдөө илчилчихээд дараагийн дуулианаа дардаг, хэргээ ханцуйндаа наймаалцдаг болтлоо ил цагаандаа гарлаа. Эцэст нь, МАН-ынханд улс төрийн гэм буруутан олдохгүй, АН-ынхандд хэрэг хийгээгүй улстөрч байхаа боллоо.

 

 


МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188