• Өнөөдөр 2026-10-30

Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав

     Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монголын кино урлагийн зөвлөл болон олон улсын нэр хүндтэй кино наадмуудад амжилт гаргаж, үндэсний кино урлагийн нэр хүндийг дэлхийн тавцанд өргөж буй “Зогсоол”, “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач” киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Уулзалтын үеэр сайд Ж.Алдаржавхлан Монголын кино урлаг олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай болсныг онцолж, үндэсний кино бүтээлээрээ дамжуулан Монгол Улсын соёл, өв уламжлал, нийгмийн онцлог, монгол хүний амьдралын түүхийг дэлхий нийтэд таниулж буй уран бүтээлчдийн хөдөлмөр, авьяас чадварыг өндрөөр үнэлэв.

   Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино 2026 оны Пусаны олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийж, “Vision of Jiseok”, “Hylife Vision”, Ази, Номхон далайн кино урлагийг дэмжих сүлжээний “NETPAC”, Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны “FIPRESCI” зэрэг дөрвөн шагнал хүртсэн нь Монголын кино урлагийн олон улсын амжилтын нэгэн тод жишээ болжээ. Мөн найруулагч Ж.Сэнгэдоржийн “Ханын зураач” уран сайхны кино 2025 оны Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмаас “NETPAC” шагнал хүртэж, 2026 оны Швейцарын Фрайбургийн олон улсын кино наадмын “International Competition: Long Films” уралдаант хэсэгт шалгарсан юм. Түүнчлэн найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” баримтат кино 2026 онд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Трайбека” болон Их Британийн “Sheffield DocFest” олон улсын кино наадмуудын уралдаант хэсэгт шалгарч, олон улсын үзэгчдийн хүртээл болсон.

    Тус бүтээл 18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмаар Монголын үзэгчдэд нээлтээ хийж, “Шилдэг кино”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртсэн амжилтаараа онцлог байв. Мөн уг баримтат киноны эхлэл болсон “Говийн бүсгүй” богино хэмжээний бүтээл 2023 онд Их Британийн нэр хүндтэй Grierson Awards-аас “Шилдэг богино хэмжээний баримтат кино” шагнал хүртэж байжээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл 2022 оноос үндэсний кино урлагийг хөгжүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, монгол киног олон улсын зах зээлд гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

    Энэ хүрээнд Кино урлагийг дэмжих сангаар дамжуулан үндэсний кино бүтээх төслүүдийг дэмжиж, уран бүтээлчдийн шинэ санаа, бүтээлч үйл ажиллагааг бодлогоор дэмжихэд анхаарч ажиллаж байгаа юм. Сайд Ж.Алдаржавхлан уулзалтын үеэр Монголын кино урлагийн олон улсын амжилт нь уран бүтээлчдийн авьяас чадвар, уйгагүй хөдөлмөрийн үр дүн төдийгүй үндэсний кино үйлдвэрлэлийн өсөлт, хөгжлийн бодит илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.  Мөн Монголын кино урлагийг олон улсад сурталчлан таниулах, үндэсний уран бүтээлийг дэлхийн зах зээлд гаргах, кино үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихэд төр, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Уулзалтын төгсгөлд сайд Ж.Алдаржавхлан Монголын кино урлагийн нэр хүндийг олон улсын тавцанд өргөж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж буй нийт уран бүтээлчдэд талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ.


 

 


Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188