• Өнөөдөр 2026-10-30

ДЭЛХИЙД ТАНИГДСАН Б.ХУЛАНГИЙН ДАРХАН МЭХ ХАВИРАА

2026-10-30,   78

"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын хүрэл медалийн төлөө ОУХМ Б.Хулан, Беларусийн Ирина Курачкина нар өчигдөр өрсөлдсөн. Барилдааны эхлэлийг маш тааруу хийв. Өрсөлдөгч 6:1-ээр тэргүүлж эхэлсэн. Гэвч Б.Хулан “оноог араас хөөж” сайн барилдсан. Үзэгчдийг өндөлзүүлсэн, эцсийн мөчид 12:11-ээр шийдэгдсэн энэ барилдааны ялагчаар Ирина Курачкина тодорсон юм. Барилдааны цаг дуусахын өмнө 11:10-аар Беларусийн бөх тэргүүлж явав. Сүүлд дэвжээний захад хийсэн Б.Хулангийн мэхэнд шүүгчид нэг оноо өгсөн. Оноо 11:11-ээр тэнцэж, бүхэл оноо авсан бөх нь ялалтыг авах боломжтой болсон юм. Манай дасгалжуулагч хоёр оноо байх ёстой гэж “Challenge” дарав. Шүүгчид хянаж үзээд цагтаа амжаагүй байна гэж үзсэн. Ингээд манайх “Challenge” алдсан учир Ирина Курачкинад нэмэж нэг оноо өгч, Б.Хулан маань 12:11-ээр хожигдох шалтгаан болчихсон билээ. Беларусийн тамирчны хувьд дэлхийн аваргаас гардаж буй дөрөв дэх медаль нь боллоо. Харин ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулангийн хувьд, энэ удаагийн дэлхийн аваргыг тавдугаар байраар өндөрлүүлж байна.

    ОУХМ Б.Хулан  “Белград-2022”  ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн үеэс хойш ер нь нэг л аз ёндоо нь хазаачихаад байгаа. “Парис-2024” олимпын наадмаас аз дутаж, хүрэл медалиасаас мултарч байв. Өнгөрсөн есдүгээр сард  Азийн “Айчи Нагоя-2026” наадамд тэрбээр "Парис-2024" олимпын наадам, "Ханжоу-2022" Азийн наадмын аварга, тив, дэлхийн хошой аварга, Японы Акари Фүжинамид хавирах мэхээ даалган хийж, бүхэл дөрвөн оноо аваад, залгаж даралтад оруулсан. Гэтэл шүүгчид цэвэр ялалтыг өгөхгүй удсанаас болоод алдчихсан. Даралтаас гарсан Фүжинами барилдааныг бүхэлд нь өөрийн талд эргүүлж, хөл шүүрч оноо салгасаар 16:5-аар ялалтыг авч байлаа.

   Б.Хулан хөлийг олон хувилбараар авах мэхэнд суралцах хэрэгтэй байгаа. Хөлөө маш муу хамгаалдаг нь түүний сул тал болчихоод байгаа билээ. Тэрнээс биш босоо барилдааны мэх, техник, тэсрэлт хурд бол дэлхийн шилдгүүдээс илүү гарна уу гэхээс дутах зүйл огт байхгүй. Хятадын Хон Kешинд байнга л хөлөө алдаж, бярдуулаад хожигдоод байдаг. Тэр алдаагаа ерөөсөө засаж чадахгүй, хөлийн хамгаалалтыг техникээ сайжруулахгүй, нэг л учраа олохгүй яваад байх шиг байна. Магадгүй шийдвэрлэх барилдаанд жаахан яарч мэхээ дутуу хийгээд байгаа нь түүний сэтгэл зүйтэй холбоотой ч байж мэднэ.

    “Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Б.Хулан хүрэл медалиас мултарсан ч спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид түүнийг ялалт авсан дайны “ялагдал амслаа” гэж магтаж байна. Спорт сонирхогч Б.Хулангийн талаар “Ялалтыг олуулаа хуваалцдаг боловч ялагдалыг тамирчин хүн ганцаараа үүрдэг. Бүтэн нэг жилийн бэлтгэл сургууль, хөлс хөдөлмөр, итгэл найдвар тэсвэр тэвчээр, золиос бүхэн дэлхийн дэвжээн дээр нуран унахад их мэдэгчид элдвээр шүүмжилдэг. Итгэл найдвараа тээн эх орныхоо нэрийн өмнөөс боссон тамирчин илүү ихээр харамсаж магад сэтгэл гутралд ордог.Болохгүй юмыг, тэр өдөр 1000 хичээгээд ч болдоггүй учраас та бүхэн ойлгож тамирчдыгаа ялалт, ялагдалтай нь хамт дэмжээрэй” гэжээ.

   Мөн  “Тамирчин хүний карьерт олон ялалт, ялагдал өөр өөрийн гэсэн дурсамж агуулж байдаг. Хэзээ ч санаанаас гардаггүй хүн бүрт тэр талаараа дэлгээд байхыг хүсэмгүй тийм нэгэн гашуун ялагдлын амтыг Б.Хулан маань дэлхийн дэвжээнээс мэдрээд буулаа даа. Өөрөө ганц мэдэрсэнгүй үзэж суусан танд болон надад бүгдэд нь мэдрүүлээд буулаа шүү дээ. Сар гаруйн өмнө л дэлхийд босоо явсан Фүжинамиг Азийн наадмын дэвжээн дээр алдарт баруун хавираагаараа савж нэмээд даралт оруулж байгаад алдсан. Цэвэр ялалт өгөх байсан газар шүүгчид удаж хараад, “бантан хутгаж” баллаж орхисонд нь сэтгэл дундуур байсан. Дэлхийн дэвжээнд дэгдээд сэтгэлийн тэр цоорхойгоо нөхчих байх гэсэн бас л болсонгүй дээ. Хоромхон зуурын секунд, долийн агшин тамирчин хүний амьдралынх нь хүсэл тэмүүлэл байдаг гэдгийг багахан  боловч ойлгуулсан барилдаан байлаа. Март гэж хэлж чадахгүй ээ энэ барилдааныг үргэлж сана, маргааш харин тэр алдсан боломжоо эргүүлэн авахын тулд илүү хүчтэй илүү дайчин болж эргэн ир” хэмээн бичжээ.

   “Бос охин минь. Чамд туслах хүн хэн ч үгүй. Бос. Охин минь хувь заяа, амжилт чиний гарт зуун хувь байна. Мөрөөдөлдөө бүтэн бай охин минь”.  “Ялсан юм шиг ялагдал гэж энэ байх. Барилдаан дуустал өөрийн бүх нөөц боломжийг шавхсан мундаг охин. Дутуугаа гүйцээх өдөр ирнэ шүү”. “Тэр медаль яадгийн бэ. Халааслаагүй л болохоос ялалтыг авсан . Яах аргагүй тэнцсэн биз дээ. Бахархалтай барилдааныг үзэгчид харсан.Цааш явна даа охин минь. Шүүгчид “Challenge”-ийг алдсан гэж нөгөө талд нэг оноо өглөө.  Үнэхээр харамсалтай байлаа”. “Дэлхийн аваргын дэвжээнд ажилласан гадаадын гурван эмэгтэй шүүгч новш байна. Б.Хулан үндсэндээ хүрэл медаль зүүх байлаа. Барилдааны цагаа тооцоолоогүй алдсан л байх...” хэмээн халагласан байна.

    Бас нэг хүн “Алдаагаа засаад араас нь мэдэрч гүйцэж ирээд харцагадаж хамж барьж аваад, алдарт дархан хавираагаараа дөрвөөр саваад дасгалжуулагч багш нь зөв газраа “challenge” дарж нэг оноо нэмээд цагийн төгсгөл хүртэл тэмцсээр байгаад оноо салгаж ялсан боловч минут секундээр биш долиор (0.00) хэмжигдэж хүрэл медалиа халааслаад алдлаа. Бид тамирчдаасаа ялагдсан ч ядаж ийм дайчин тэмцэгч чанар харахыг хүсдэг. Үүнийг үлгэрлэж харууллаа. Их спортын өргөн их өгөгдөл, потенциал, авьяас чадвар, нөөц байна. Дутуугаа гүйцээж аварга болохын төлөө хичээгээрэй, сайжраарай, өөртөө итгээрэй” гэж үзэгч хөгжөөн дэмжигч түүнийг дэмжсэн сэтгэгдлээ үлдээжээ.

 

 


 

 


ДЭЛХИЙД ТАНИГДСАН Б.ХУЛАНГИЙН ДАРХАН МЭХ ХАВИРАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188