• Өнөөдөр 2026-10-30

СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ

Орчин үеийн сонгодог хөгжим, тэр дундаа төгөлдөр хуурчдын онцгой нэгэн төлөөлөл болж яваа Өмнөд Солонгосын төгөлдөр хуурч Сон Жин-Чогийн “The Talks” цахим сэтгүүлийн нийтлэлч Эмма Робертсонд өгсөн нэгэн сонирхолтой ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

Тэрбээр анх 2011 онд Москвад болсон Чайковскийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд 17-хон насандаа гутгаар байр эзэлж, дэлхийн сонгодог хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байлаа. Түүнээс хойш амжилтаа үргэлжлүүлэн 2015 онд Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд түрүүлж, дараа жил нь сонгодог хөгжмийн салбарын томоохон студиудын нэг “Deutsche Grammophon”-тай албан ёсны гэрээ байгуулан анхны цомгоо Шопены нэгдүгээр төгөлдөр хуурын концерт болон дөрвөн балладын хамтралаар гаргаж байв. Бага ахуйдаа төрж өссөн нутагтаа гоц авьяастан гэж нэрлэгдэн, өсвөр насандаа дэлхийн од болсон Сон Жин-Чо өнгөрсөн жил дэлхийн сонгодог урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Opus Klassik” шагналаас “Оны шилдэг хөгжимчин” шагнал хүртсэн билээ.

- Сонгодог хөгжмийн төгөлдөр хуурч хүний хувьд хөгжим бол яруу найргийн нэг хэлбэр гэж хэлж болох уу?

          - Тэгэлгүй яах вэ. Гэхдээ ямар хөгжим гэдгээс шалтгаална. Миний хувьд Шопены хөгжим маш яруу найргийн шинжтэй. Харин Бетховены бүтээлүүд симфони шинж давамгайлсан, янз бүрийн хөгжмийн зэмсгийн дуугаралтыг сонсож болохуйц байдаг. Шопен бол симфони хөгжимд голлон зориулж бүтээл туурвидаг хөгжмийн зохиолч биш. Түүний ихэнх бүтээл төгөлдөр хуурт зориулсан учраас арай өөр өнгө төрхтэй, дуурийн шинж агуулсан, дуулах мэт уянгалаг байдаг нь хөгжмийг нь илүү яруу найраглаг болгодог.

Шопены хөгжмийг тоглоход хэмнэл, цаг хугацааны мэдрэмж онцгой чухал. Учир нь аялгууг дуу шиг байгалийн, чөлөөтэй сонсогдуулахын тулд амьсгаа авах зай үлдээх хэрэгтэй. Тиймээс би хөгжмийн зохиолч бүрийн бүтээлийг өөр өөр арга барилаар тоглохыг хичээдэг.

- Үүнийг сурч, дадлагажуулж болдог уу. Эсвэл хөгжмийг ингэж мэдэрч, илэрхийлэх чадвар төрөлхийн байх ёстой юу?

          - Шопен юм уу Шубертийн бүтээлийг сурахдаа би заримдаа аялгууг нь өөрөө аялан дуулж үздэг. Ингэснээр хаана амьсгаа авах, хаана хэмнэлийг уян хатан өөрчлөх ёстойгоо ойлгохыг хичээдэг. Би тун муу дуулдаг л даа. (Инээв.) Гэхдээ аялгууг аль болох байгалийн, чөлөөтэй сонсогдуулахын тулд чадах бүхнээ хийдэг.

Гэхдээ ямар ч хөгжмийн бүтээлийг тоглох цорын ганц зөв, төгс тайлбар гэж байдаггүй. Сонгодог хөгжмийн онцгой чанар нь үүнд оршдог гэж би боддог. Хөгжимчин бүр нэг бүтээлийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, илэрхийлнэ. Зуун, хоёр зуун жилийн өмнө зохиогдсон бүтээлүүд өнөөдөр ч тайзнаа байнга эгшиглэсээр байгаагийн учир нь ч энэ. Тэдгээрийг тоглох шинэ тайлбар, шинэ арга барил үргэлж бий болдог.

          Үүнийг дарстай зүйрлэж болно. Дарс хүн бүрийн дуртай ундаа биш. Зарим хүнд амт, онцлогийг нь ойлгоход амаргүй байж болох ч зарим хүний хувьд давтагдашгүй мэдрэмж төрүүлдэг.

- Өөрөөр хэлбэл, амталж байж л дуртайгаа олдог зүйл гэсэн үг үү?

          - (Инээв) Тийм ээ. Эцэст нь өөрийн амт, сонирхлыг олохын тулд янз бүрийн төрлийг туршиж үзэх хэрэгтэй.

          Миний хувьд хөгжмийн зохиолчийн юу илэрхийлэхийг зорьсныг ойлгох нь хамгийн чухал. Тиймээс тухайн бүтээлийн цаад түүх, нөхцөл байдлыг судалж, нотыг нь маш нягт уншдаг. Энэ бол миний ажлын хамгийн чухал хэсэг. Хөгжмийн зохиолч яагаад ийм хэмнэл сонгосон, яагаад энэ хэсгийг чанга эсвэл сул тоглохоор тэмдэглэсэн, аялгууг яагаад ийм байдлаар өрнүүлэхийг хүссэн бэ гэдгийг ойлгохыг хичээдэг.

- Энэ нь жүжигчин зохиолоо судалж, дүрийнхээ намтар, дотоод ертөнцийг бүтээдэгтэй төстэй юм байна…

          - Яг тийм. Жишээлбэл, Шопен төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан нэгдүгээр концертоо 20 настайдаа зохиосон. Тэр эх орноо орхин Парист очиж, тэндээ залуу дуучин бүсгүйд дурласан байдаг.

Тиймээс энэ бүтээл романтик шинжтэй ч гэлээ 40 настай хүний хайр дурлалаас өөр, 20 настай залуугийн гэнэн цайлган, ариухан романтик мэдрэмжийг агуулдаг гэж би боддог. Бүтээл бүрийг тоглохдоо би ийм нарийн зүйлсийг ойлгохыг хичээдэг.

- Та тоглолтод бэлдэхийн тулд зарим бүтээлийг хэдэн сарын турш судалж, ойлгох шаардлагатай болдог гэж сонссон…

          - Шинэ бүтээл сурахад надад дор хаяж хоёр сар хэрэгтэй. Заримдаа хоёр долоо хоногийн дотор нотыг нь цээжилчихэж болно. Гэхдээ бүтээлийг жинхэнэ утгаар нь ойлгож, гүн гүнзгий нэвтэрч, хөгжмийг цусандаа шингэтэл мэдрэхэд дор хаяж хоёр сар шаардлагатай.

          Би байнга аялж, тоглолт хийдэг учраас бэлтгэл хийх цаг гаргах үнэхээр хэцүү. Гэхдээ шинэ бүтээл сурч, түүнийг танин мэдэх энэ үйл явц надад таалагддаг. Миний хувьд энэ бол хэзээ ч дуусахгүй аялал юм.

- Тоглолтод бэлдэхдээ үүнээс гадна юу хийдэг вэ?

          - Концертод бэлтгэх гэдэг зөвхөн хөгжимтэй холбоотой ажил биш. Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндээ ч анхаарах хэрэгтэй. Тиймээс би зөв хооллож, хангалттай унтаж амрахыг хичээдэг. Эдгээр нь шууд хөгжимтэй холбоогүй мэт боловч концертын төгөлдөр хуурчийн хувьд миний туулж буй замд чухал нөлөөтэй.

          Миний амьдралын 90 хувь нь хөгжимтэй холбоотой гэж хэлж болно. Толгойд минь үргэлж хөгжим эгшиглэж байдаг. Яаж илүү сайхан тоглох вэ, хөгжмийн зохиолчийн санааг хэрхэн илүү гүн ойлгох вэ гэж байнга боддог.

          Би маш их амбицтай хүн. Миний зорилго үргэлж өчигдрөөсөө илүү сайн тоглох. Гэхдээ энэ нь амаргүй. Учир нь заримдаа илүү сайн тоглоно гэдэг яг юу гэсэн үг болохыг ч мэдэхгүй үе бий. Би өөрийнхөө сэтгэлд нийцсэн байдлаар тоглохыг хүсдэг.

Жилд ойролцоогоор 100 концерт тоглодог ч тэдгээрээс гурав, дөрөвхөн тоглолтын дараа л өөртөө бүрэн сэтгэл хангалуун үлддэг.

- Үнэн гэж үү. Тэгвэл тэр гурав, дөрвөн тоглолт бусдаасаа юугаараа ялгаатай байдаг вэ?

- Юуны өмнө хангалттай бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн бүтээлийг ойлгож, судлах цаг хэр хүрэлцсэнээс ихээхэн шалтгаална.

          Гэхдээ заримдаа аз ч нөлөөлдөг. Жишээлбэл, үзэгчдийн суудлаас гар утас дуугарахад тоглолтын уур амьсгал алдагдаж, анхаарал сарних нь бий. Мөн хөгжмийн зэмсгийн байдал ч чухал. Хийлчид өөрийн хөгжмийн зэмсгийг аяллынхаа турш авч явдаг бол төгөлдөр хуурчид тоглолт бүрд тухайн газрын төгөлдөр хуурыг ашигладаг. Тиймээс бидний даван туулах шаардлагатай олон хүчин зүйл бий.

- Та уран бүтээлийн гараагаа хөгжмийн уралдаануудаас эхэлсэн. Харин одоо концерт, гоцлол тоглолтод голлон анхаарч байна. Өнөөдөр хөгжимчний хувьд мэдрэх дарамт арай багассан уу?

          - Одоо бол огт өөр төрлийн дарамт мэдэрдэг болсон. Би уралдаанд оролцох дуртай байгаагүй. Учир нь хөгжимтэй өрсөлдөнө гэдэг надад утгагүй санагддаг. Шопены нэрэмжит уралдаанд оролцож байсан хөгжимчин бүр аль хэдийн чадварлаг уран бүтээлч байсан шүү дээ.

Нөгөө талаар зөвхөн Шопены бүтээлүүдийг тоглох нь ч эрсдэлтэй. Ингэснээр хүмүүс намайг Шопены бүтээлээр мэргэшсэн төгөлдөр хуурч гэж тодорхойлж, нэг хэв шинжид хамааруулах магадлалтай. Гэтэл Бетховен, Шуберт, Моцарт, Шуман зэрэг олон хөгжмийн зохиолчийн судалж, тоглож үзэх ёстой гайхалтай бүтээлүүд бий.

          Тиймээс би 2018 эсвэл 2019 оноос Шопены бүтээлүүдийг зориуд тоглохоо больсон. Ингэснээр өөрийгөө илүү чөлөөтэй мэдэрч эхэлсэн. Гэхдээ нөгөө талаас, одоо би өөртэйгөө өрсөлдөж байгаа учраас бүр ч хэцүү болсон гэж хэлж болно.

- Гэхдээ ядаж илүү хөгжилтэй болсон уу?

          - Хөгжилтэй гэдэг нь яг тохирох үг биш. Энэ бол ихээхэн хүч хөдөлмөр шаардсан ажил. Гэхдээ үүний зэрэгцээ би үүнээсээ таашаал авдаг.

- Тоглолтынхоо дараа сэтгэл хангалуун үлдэж чадаагүй, эсвэл хөгжим тоглохдоо таашаал мэдрээгүй үеэс хэрхэн эргэн гардаг вэ?

          - Өмнө нь гайхалтай тоглолтууд хийж байснаа эргэн санахыг хичээдэг. Мэдээж, ирээдүйд дахиад олон концерт тоглох боломж бий гэдгийг өөртөө сануулна.

          Муу зүйл, таагүй туршлагыг мартаж сурах нь чухал. Харин үүнийг хийх хамгийн сайн арга бол дараагийн тоглолтдоо бэлдэх юм.

 


СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188