• Өнөөдөр 2026-03-11

ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ

          Ээж минь, та миний анхны хайр, миний хамгийн анхны найз, миний амьдралын гэрэл гэгээ билээ. Энэ орчлонд ирэхдээ би таныгаа харж баясаж, таны тэр дулаан үгс, чин сэтгэлээс чинь урсан гарах хайр энэрэлийг цаг үргэлж мэдэрдэг. Хүний мэдрэмж гэж их сонин байх юм аа. Амьдралаас мэдэрч болох бүх сайхан мэдрэмжийн цуглуулга дундаас таны минь надад өгдөг урам зориг, итгэл найдварын оч дүрэлзүүлж өгдөг үеийн мэдрэмж тэс өөрөөр мэдрэгддэг. 
Илүү том болж ухаажихын хэрээр таныг өөрөөсөө илүү ойлгож, таны минь дотор хүсэл мөрөөдөлтэй, зүрх сэтгэлтэй бяцхан охин байдгийг ойлгож, бусдын адил та минь зовж шаналдаг, танд ч мөн адил хэцүү үеүд зөндөө байдаг гэдгийг ойлгосон. Энэ бүхнийг тань ойлгохгүйгээр хэзээ ч таныг өвдөж зовдоггүй төмөр хүн шигээр төсөөлж иржээ. 
      Шөнө цаг хэд болж байгааг ч анзаарах сөхөөгүй ээжтэйгээ ярилцан суух ямар сайхан байдаг гээч. Яг л найзууд шиг. Ярилцах тусам ээжийнхээ дотоод ертөнцийг ямар гайхамшигтайг гайхан бишэрдэг дээ. Хүн бүхэнд гэрэл гэгээ, аз жаргалыг түгээж, өөрийн мэддэг, чаддаг бүхнээ бусдад харамгүй хуваалцаж, үргэлж бусдад сайн сайхныг хүсдэг. Өөрөөсөө илүү бусдыг боддог гэдгийн жишээ юм уу даа та минь. Амьдралд гаргасан жижиг том амжилт бүрд таны заавар зөвлөгөө, дэмжлэг, хайр, халамжийг би мэдрэх бүрдээ үргэлж талархаж явдаг. Таны өгсөн хүмүүжил, ухаан, тэвчээр, халамж  миний амьдралын үнэт зүйл, миний аз жаргалын үндэс, миний амжилтанд гарцаагүй хувь нэмэр оруулсан гэдгийг би үргэлж санаж явдаг. Та үргэлж эрүүл, аз жаргалтай, дулаан инээмсэглэлээрээ гэр бүл, ойр дотны бүхнээ баясгаж яваарай. Амьдралын хамгийн үнэт зүйл, миний гэрэл гэрэл гэгээ болсон ээж таниараа би үргэлж бахархдаг шүү. Хайртай шүү. 

ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188