• Өнөөдөр 2026-02-13

ЗУРВАС: Зүрхний гэрэл

           Мөрөөдөл гэдэг нүдэнд харагдаж гарт баригддаггүй атлаа зүрхэнд гэрэлтэх хамгийн тод гэрэл юм. Хүн бүрийн сэтгэлийн гүнд чимээгүйхэн амьдарч, шөнө бүр оддын дунд аялж, өглөө бүр түүнийхээ араас явах итгэлийг өгдөг нандин шивнээ. Заримдаа мөрөөдөл салхинд хийссэн мэт холдож заримдаа бариад авмаар ойрхон санагддаг. Хүн мөрөөдлөөрөө амьдарч, мөрөөдлийнхөө гэрлийг барьж байхдаа л урам зориг, тэсвэр тэвчээр, хайр сэтгэлийг зүрхэндээ хуримтлуулдаг юм шиг ээ. Тэр нэгэн өдөр би өөрийн мөрөөдлөө гээчихсэн яваагаа ойлгосон юм. Өглөө болгон ямар ч урамгүй, юу хийх нь тодорхойгүй сульдсан амьтан л өглөөг угтдаг байв. Хүмүүс харвал сүр сүлдээ алдчихсан, дотроо хоосорсон амьтан шиг л харагддаг байсан байх. Өдрийн хийх дуртай үйлдэл нь орон дээрээ хэвтээд утсаа үзэх, өдөржингөө бүлээн бүтээлгээ нөмрөн унтах л болсон байж билээ. Ийм байдалтай хичнээн удаан явсан гэж бодно. Нэг жил хоёр жил ... Магадгүй түүнээс удсан байх. 
Гэхдээ мөрөөдөл намайг орхисонгүй. Энэ нь нэг шөнийн дотор бүхнийг өөрчилсөн ч биш. Зүгээр л “Ингээд байж болохгүй” гэсэн бодлыг дахин дахин сануулж, жижигхэн алхам хийхэд хүргэсэн юм.  Тэр мөрөөдөл бол урагшлуулах хүч, шантарсан үед ч зүрхэнд гэрэл асааж, маргааш руу итгэл тээж алхахад хөтөлдөг жинхэнэ найдвар юм.

ЗУРВАС: Зүрхний гэрэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188