• Өнөөдөр 2026-05-01

СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ

2026-05-01,   88

    Олон орны хэлтэй олимпын Отто ахыг спортынхон андахгүй. Тэрбээр Монголын спортын сэтгүүлчдийг дэлхийн таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Түүн шиг Олимп хэмээх ургийн овог авсан хүн Монголд өөр байхгүй бизээ. Магадгүй дэлхийд ч байхгүй, гиннесийн сонин, хачин амжилтын номонд бичигдэхээр ер бусын тохиолдол болов уу. Ж.Отгонцагаан ах 1990 онд ургийн овог авах үедээ, шинэ овог үүсгэж болно гэсэн заалтын дагуу ургийн овгоо “Олимп” хэмээн албан ёсоор бүртгүүлжээ. Ийнхүү Отто ах Олимп овгийн Жүгдэрийн Отгонцагаан болсон юм билээ. Харин Отто гэдэг нэрний хувьд гадаадын хүмүүс түүнийг  Жүгдэрийн Отгонцагаан хэмээн хэлж чадахгүй, Отто гэж хялбаршуулан дуудах болсон гэсэн.

    Отто ах энгийн яриатай, эрс шулуун, наргианч, шогч, хөгжилтэй нэгэн билээ. Ямар ч хүнийг зэрэг, зиндаа, албан тушаалаар нь ялгаварлан, зааглаж, харьцдаггүй. Дарга, цэрэг, өндөр дээд албан тушаалтан, тив, дэлхийн алдартан, жирийн иргэн, хэн ч байсан ч нэг л ижил найрсаг зангаар харьцана. Магадгүй түүний энэ найрсаг чанар нь бусдыг соронзон мэтээр татдаг байх. Түүнийг спортынхон тэр тусмаа спортын сэтгүүлчид, МҮОХ-ныхон тойрон хүрээлэн, ойр дотно байх их дуртай.

   Отто ах нэгэнтээ “Спорт ярьдаг Отто-г спортоо марттал нь бүү бухимдуулаач ээ, таануус. Олимп ярьдаг Отто-г олимпоо марттал нь бүү зовоогооч ээ, таануус” гэж хошигносон нь бий. Тэрбээр наргианч зангаараа бусдыг хошигнож, шоглох нь цөөнгүй. Отто ахын “Facebook” цахим нүүр хуудастай оруулсан наргиантай  пост бичлэгийг спортын салбараар хол хөндий хүмүүс учир зүйг нь олж, ухаарч унших нь амаргүй. Гадаад, дотоодын спортыг нэр, томъёо, үг, өгүүлбэрийг сунжруулан донж, хэтрүүлэгийн давс, хужирыг нь тааруулж  бичнэ. Өвөрмөц хэллэг, хэтрүүлэг, егөөдөл, хошигнол цухалзсан сэтгэгдэл ч байдаг.

    Ж.Отгонцагаан ахыг Монголын спортын тамирчид, дасгалжуулагч нар, спорт, олимпын түүхийн “Амьд ярьдаг википедиа” нэвтэрхий толь гэж өргөмжлөх нь яах аргагүй үнэн юм. Спортын талаар ярьж, хэлэх юмтай хүн гэвэл түүнийг л хэлнэ. Жинхэнэ “юмор”-той хүн гэвэл Отто ахыг хэлнэ гэж сайшаан магтах хүн олон. Тэрбээр Монголын спорт, олимпизмийн түүхтэй холбогдоод 30 гаруй жилийг туулан өнгөрүүлжээ. Спорт сонирхогчдын мэдлэгийн цар хүрээг тэлж, цэнэглэн, хүүхэд, залуусыг их спортод дурлуулан, урвуулах буянтай үйлсийг хийсээр л яваа.

   Отто ах “Ард түмэндээ, ялангуяа залуу үеийнхэндээ 36 жил туулж өнгөрүүлсэн спорт, олимпын зам мөр, ололт амжилт, дурсамж дурдатгал, алдаа оноо, туршлага сэтгэгдлээсээ хуваалцах нь надад үргэлж гэрэл гэгээтэй сайхан санагддаг. Тэр бүхнийг тэрбээр “Энэ миний үүрэг” хэлсэн нь байдаг. Английн хөл бөмбөгийн “Ливерпүүл” клубийн дэмжигч “Улаан фен” нь яах аргагүй Отто ах мөн. Харин тэрбээр улс төр, улстөрчдөд яснаасаа дургүй. Дургүйцлээ үе, үе цуцалзуулах нь бий. Отто ах “Цасан хаялна, бударна, малгайлна. Цагаан сэтгэл хайлна, уярна, магнайлна. Газар дэлхий цэлмэнэ, цэмбийнэ ариусна. Ганцхан улс төрчид л бүлтэрнэ, бүрэлзэнэ, бузартана” гэжээ.

    Ж.Отгонцагаан ах  1990 оноос хойш зуны найм, өвлийн зургаан олимп, залуучуудын хоёр олимп, нийт 16 удаагийн олимпын наадмаас мэдээ, материал бэлтгэн, спорт сонирхогчдод хүргээд байна. Тэрбээр Монгол Улсынхаа нэр, хүндийг олимп, тив дэлхийн тавцнаа гаргаж буй тамирчдын амжилт, ялалтыг торгон агшин, мөч бүрийг цаг алдалгүй, үзэгч, сонсогч, уншигчдад хүргэж, их спортын түүхийг мөнхлөн үлдээгч спортын сэтгүүлч билээ.

    Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, спортын нэрт сэтгүүлч, Олимп овгийн Жүгдэрийн Отгонцагаан ах уг нь хятад судлаач мэргэжилтэй юм билээ. 1990 оноос “Монголын спорт” сонинд сэтгүүлч, МҮОХ-ны гадаад харилцааны референт, пресс-атташе, 2004 оноос МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байж. Түүнийг спортын сэтгүүлчид “Олимпын Отто ах” хэмээн хүндэтгэн харьцдаг.

    Ж.Отгонцагаан сэтгүүлчгүйгээр Монголын  спортын сэтгүүлчдийн холбоо, МҮОХ-ны гадаад харилцаа, дотоодын үйл ажиллагааг төсөөлөх аргагүй юм. Тэрбээр олон түмнийг спортын мэдээ, мэдээллээр хангаж, монголын тамирчдыг спорт сонирхогчидтой холбох чухал гүүр нь болсон ачтан билээ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан сэтгүүлч спортын залуу сэтгүүлчдэд зөв үлгэр дуурайл болж, сэтгүүлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүн.

    Ж.Отгонцагаан ах 2012 онд Олон улсын олимпын хороо, ОУОХ-ны Спорт ба хүрээлэн байгаа орчны комиссын гишүүнээр сонгогдож байв. Мөн Азийн Олимпын зөвлөлийн ерөнхийлөгчийн зөвлөх, Зүүн Азийн наадмын холбоо /ЕАGА/-гүйцэтгэх хорооны гишүүн болж байлаа. Отто ах 1990 онд Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулсан бөгөөд 1990 оноос генсек, 2005 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Азийн спортын сэтгүүлчдийн холбооны /ASPU/ гүйцэтгэх зөвлөлийн гишүүн билээ.

       Ж.Отгонцагаан ах 1962 оны арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотноо төржээ. Харин тэднийх Завхан аймгийн Алдархаан сумын уугуул гэсэн. Эцэг, эхээс, ах, дүү наймуулаа юм билээ. Гэхдээ Отто ах айлын отгон хүүхэд биш. Отто ах  “ Ааваасаа та яагаад надад Отгонцагаан гэсэн нэр өгсөн юм бэ?” гэж асууж байж. Харин аав нь “Мөнх цаст цалин цагаан оройтой Отгонтэнгэр хайрхнаа бэлгэдэж, чамд энэ нэрийг хайрласан юм”  гэжээ. Ж.Отгонцагаан ах 1970-1980 онд нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийг төгссөн байна. Улмаар 1980-1985 онд МУИС-ийн хятад хэлний ангийг дүүргэж хятад судлаач, спортын сэтгүүлч болжээ.

      Тэрбээр 1989 онд Монголын радиогийн хятад хэлний редакцад редактор, 1990 онд "Монголын спорт" сонинд сурвалжлагч, 1992 онд МҮОХны гадаад харилцааны референт, 2004 онд  МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2017 оноос МҮОХ-ны зөвлөх, 2011-2013 ОУОХ-ны Спорт ба байгаль орчин комиссын гишүүн, 1994-2017 Азийн олимпын зөвлөлийн хэвлэл мэдээллийн хорооны гишүүн.  2011-2014 Азийн олимпын зөвлөлийн хянан зохицуулах хорооны гишүүн, 1993-2017 онд  Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлийн гишүүн, 1992-2010 Азийн спортын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, 1992 оноос Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүний үүргийг гүйцэтгэж байлаа.

      Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлэн, Олимп овогт Жүгдэрийн Отгонцагаан ах 1990 оноос хойш МҮОХ-нд гадаад харилцааны референт, ерөнхий нарийн бичгийн дарга, зөвлөхөөр  ажилласан. 2001 онд анх “Бөртэ чоно” наадмыг санаачлан хийжээ. Харин тэрбээр 2022 оны “Шилдэг олимпын зүтгэлтэн”-ээр тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн болсон билээ.

 


 

 


СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188