• Өнөөдөр 2026-04-20

ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА

2026-04-20,   184

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд  БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ордос хотод болж өндөрлөв . Энэ удаагийн Азийн аваргад 19 орны эрэгтэй 108, эмэгтэй 89, нийт 197 тамирчин өрсөлдсөн. Азийн аваргын багийн дүнгээр Монгол Улс гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэргүүлэв. Хоёрдугаар байрт Тажикстан Улс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар, гуравдугаар байрт Хятад Улс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар орлоо. Харин дөрөвдүгээр байрт БНАСАУ буюу Хойд Солонгос хоёр алт, нэг мөнгөн медальтайгаар орлоо. Харин холимог багийн тэмцээнд Монгол Улсын баг анх удаа түрүүлж, алтан медаль хүртсэн үнэхээр бахархалтай. Энэ удаагийн Азийн аваргад Япон Улс залуу цөөн, сул тамирчдыг илгээсэн байлаа. Гэтэл манай улсын эрэгтэй жүдочид яг л урдын хэвээр байгаа нь үнэхээр чамлалтай санагдлаа. Гэтэл Энэтхэг, Хойд Солонгосын жүдочид сайжирсан харагдлаа. Манай залуу эрэгтэй тамирчдын ирээдүй үнэхээр бүрхэг харагдах юм. Одоо бүр хамгийн муу байсан Хятадыг эрэгтэй тамирчдыг ч  барахгүй болчихлоо. “Лос-Анжелес-2028” олимп ойртоод байдаг. Эрэгтэй тамирчдын сэргэлтийг хүлээсээр итгэл цөхөрч дууслаа. Яах вэ. Эмэгтэй тамирчдынхаа амжилтын ард нуугдаад л явах уу.

48 КГ-ЫН ЖИНД  Ж.АНУДАРЬ АЗИ ТИВИЙН АВАРГА

     Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 15 тамирчин барилдсан. Манай улсаас өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Душанбе-2025” гранд сламын аварга, 19 настай, ОУХМ Жамсрангийн Анударь  барилдаж Ази тивийн аварга боллоо.  Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Diana BURKEYEVA-тай ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Вьетнамын Chi HA NGOC-ыг буулган авсан.

   Дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Энэтхэгийн Asmita DEY-ийг ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Laziza HAYDAROVA-г ялж Ази тивийн аварга болсон.

52 КГ-ЫН ЖИНД  М.НАНДИН-ЭРДЭНЭ АЗИ ТИВИЙН АВАРГА

    Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 12 тамирчин барилдсан. Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, “Улаанбаатар” их дуулгын мөнгөн медальт, 20 настай, ОУХМ Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ барилдаж Ази тивийн аварга боллоо. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Sachi OCHIAI-ийг буулган авч чадсан нь чухал ялт байлаа.

Дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Тажикстаны Madina QURBONZODA-г ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Финалд Узбекистаны Sita KADAMBOEVA-г ялж, Ази тивийн аварга боллоо. М.Нандин-Эрдэнэ үнэхээр дайчин байсан. Харин шүүгч рүү хэтэрхий хандсан үйлдэл нь жаахан зохимжгүй, торгууль авч мэдэхээр байлаа.

57 КГ-ЫН ЖИНД Т.АРИУНЗАЯА АЗИЙН АВАРГЫН ХОШОЙ МӨНГӨН МЕДАЛЬ

   Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 16 тамирчин барилдана. Манай улсаас өсвөр үеийн дэлхийн аварга ОУХМ М.Цэндбазар, өсвөр үеийн дэлхийн аварга, Азийн аваргын мөнгөн медальт, “Токио-2024” их дуулгын хүрэл медальт, ОУХМ Т.Ариунзаяа, нар барилдсан.  ОУХМ М.Цэндбазар “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Узбекистаны Shukurjon AMINOVA-д ялагдаж тэмцээн өндөрлүүлсэн. Өсвөрийн дэлхийн аварга, 18 настай, Тэрбишийн Ариунзаяа “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын SHIN Yuna-н ялсан.

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Киргизстаны Zhanar ZHOLDOSHEVA-г ялж, “С” хэсгийн аварга болсон. Улмаар дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Хятадын Nan WANG-ийг ялж алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн. Аваргын төлөө БНАСАУ-ын KIM Hyon A-тай барилдаж, ялимгүй алдаа гарган хожигдож, Ази тивийн аваргаас хоёр дахь мөнгөн медалиа хүртсэн. Т.Ариунзаяа маань Азийн аваргын мөнгөн медальдаа жаахан сэтгэл дундуур харагдсан. Аргагүй ээ, гэхдээ зүгээрээ. Алдаанаасаа сургамж авч, барилдааны, мэх, техникээ улам сайжруулах хэрэгтэй. Т.Ариунзаяагийн нас бага байна. Олон жил барилдах хугацаа байгаа.

63 КГ-ЫН ЖИНД Л.ЭНХРИЙЛЭН АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА БОЛСОН

    Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 13 тамирчин барилдсан. ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн барилдлаа. Тэрбээр 63 кг-ын жингийн бүх бөхчүүдийг толгойлон “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Энэтхэгийн Linthoi CHANAMBAM-ыг ялж, “А” хэсгийн аварга болсон. Улмаар дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Өмнөд Солонгосын KIM Jisu-ийг ялсан. Финалд Хойд Солонгосын KIM Ji Hye-ийг буулган авч, Азий тивийн хошой аварга болсон.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д С.ЛХАГВАДУЛАМ V БАЙР

   Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 11 тамирчин барилдсан. ОУХМ Саранцэцэгийн Лхагвадулам “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Azhar ASKHAT-ыг ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Тайванийн Yu-Jung LIAO-г буулган авч, “С” хэсгийн аварга болсон. Улмаар дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Хойд Солонгосын MUN Song Hui-д ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Inunganbi TAKHELLAMBAM-д хожигдож, шагналт тавдугаар байрт орсон.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д О.ХҮСЛЭН, Ж.УРАНГОО

   Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 11 тамирчин барилдсан. Залуу тамирчин Ж.Урангоо “А” хэсгийн нэгдүгээр тойрог Өмнөд Солонгосын LEE Jeongyun-д ялагдсан.  ОУХМ О.Хүслэн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Aruna JANGELDINA-д ялагдсан.

 +78 КГ-Д А.АДЪЯАСҮРЭН АЗИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ БОЛОВ

     Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 11 тамирчин өрсөлдсөн. ОУХМ А.Адъяасүрэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Узбекистаны Umida NIGMATOVA-д ялагдсан. Дагах тойргийн барилдаанд Хятадын JIA Bingqian-ыг ялсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд 2025 оны дэлхийн аварга, Өмнөд Солонгосын KIM Hayun-ыг ялж Азийн аваргын хошой хүрэл медальтан болсон.  

60 КГ-Д Т.ТҮМЭНЖАРГАЛ АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

     Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд18 тамирчин барилдсан. Залуу тамирчин, 22 настай, дэлхийн оюутны универсиад наадмын хүрэл медальт, Түвшинтөрийн Түмэнжаргал барилдсан.  Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Хойд Солонгосын RI Nam Yong-ийг ялсан. Улмаар “А” хэсгийн аваргын төлөөх барилдаанд “Токио-2020” олимпын мөнгөн медаль, Ази тивийн аварга, Тайванийн алдарт тамирчин YANG Yung Wei-д ялагдсан. Дагах тойргийн барилдаанд Узбекистаны амаргүй өрсөлдөгч Doston RUZIEV-ыг буулган авсан. Финалын барилдаанд Казахстаны залуу тамирчин Aman BAKYTZHAN-ыг ялж, Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ө.ЖАНЦАНДОРЖ, К.ЁОЛК

   Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 15 тамирчин барилдсан. Залуу тамирчин Ө.Жанцандорж  “А” хэсгийн нэгдүгээр тойрог Киргизстаны Adis OROZMAMATOV-той ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Тажикстаны Nurali EMOMALI-д ялагдсан. Дагах тойргийн барилдаанд Узбекистаны 21 настай залуу тамирчин Zamohshari BEKMURODOV-д хожигдож VII байраар тэмцээнээ өндөрлүүлсэн.   

      ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ К.Ёолк  “С” хэсгийн нэгдүгээр тойрогт АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Б.Нармандахыг ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Тажикстаны Obid DZHEBOV-т ялагдсан. Дагах тойргийн барилдаанд Казахстаны залуу тамирчин Nurkanat SERIKBAYEV-т ялагдаж, VII байраар тэмцээнээ өндөрлүүллээ.   

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д О.УРАНБАЯР

   Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 18 тамирчин барилдсан. ОУХМ О.Уранбаяр “D” нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын LEE Eunkyul-ийн жийж давуулж шидэх мэхэнд үнэлгээ алдаж ялагдсан. ОУХМ О.Уранбаяр холимог багийн тэмцээнд барилдсан шигээ хянуур барилдсан бол Азийн аваргаас медаль хүртэх бүрэн боломжтой байлаа.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д О.ШИНЭБАЯР

    Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 18 тамирчин барилдсан. О.Шинэбаяр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Тажикстаны Somon MAKHMADBEKOV-той сайн барилдсан хэдий ч ялагдсан.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ-Д А.МӨНХ-ЭРДЭНЭ

    Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 15 тамирчин барилдсан.  Манай улсаас А.Мөнх-Эрдэнэ “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Тажикстаны  Muhammadjon ABDUJALILZODA-д ялагдсан.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-Д Т.ГАН-ЭРДЭНЭ

   Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 14 тамирчин барилдсан . Манай улсаас Т.Ган-Эрдэнэ“С” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын Fuchun HUANG-д ялагдсан.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-Д О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ, Ө.ПЭРЭНЛЭЙЖАМЦ

    Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 10 тамирчин барилдсан. Ө.Пэрэнлэйжамц “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайваний DAI You-Ming-ийг ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Узбекистаны хашир туршлагатай тамирчин Alisher YUSUPOV-д ялагдсан. Дагах тойргийн барилдаанд АНЭУ-ын Magomedomar MAGOMEDOMAROV-ыг ялсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Хятадын LI Haiyang-д ялагдаж, V байрт орсон.

    ОУХМ О.Цэцэнцэнгэл “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хэсгийн аваргын төлөө Хятадын LI Haiyang-д ялагдсан. Дагах тойргийн барилдаанд Киргизстаны 20 настай залуу тамирчин  Emirkhan ZHOLDOSHKAZIEV-ыг ялсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны  Muzaffarbek TUROBOYEV-д ялагдаж V байрт орлоо. 

ХОЛИМОГ БАГИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН БАГ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН

    Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний холимог багийн тэмцээн өчигдөр дөрөвдүгээр сарын 19-ний өдөр болсон. Тус холимог багийн тэмцээний хагас шигшээ барилдаанд манай шигшээ багт Узбекистаны багтай 3:3-аар оноо тэнцсэн. Тус барилдаанд Л.Энхрийлэн Т.Ариунзаяа, О.Уранбаяр нар багтаа ялалт авчирсан. Оноо тэнцсэн учир сугалаа татахад 70 кг-ыг жин таарсан. Ингээд МУГТ Л.Энхрийлэн багийнхаа хувь заяаг шийдвэрлэх хариуцлага үүргийг хүлээсэн юм. Л.Энхрийлэн баг хамт олныхоо итгэлийг алдалгүй ялалтыг авчирч, Узбекистаны багийг 4:3-ын харьцаатай оноогоор ялж. алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Азийн аваргын финалд алтан медалийн төлөө Казахстаны багтай таарсан. Монголын багийн тамирчдын сэтгэлзүй илт сэргэсэн нь тус финалын барилдаанд харагдлаа. Эхний барилдаанд ОУХМ А.Адъяасүрэн өрсөлдөгчөө даралтаар цэвэр ялав. Хоёр дахь барилдаанд ОУХМ О.Цэцэнцэнгэл татамид гарч мөн л даралтаар өрсөлдөгчөө цэвэр ялав. Гурав дахь барилдаанд ОУХМ О.Уранбаяр вазари үнэлгээгээр ялалтыг авчирсан. Дөрөв дэх барилдаанд ОУХМ Т.Ариунзаяа өрсөлдөгчөө ялж,  хоёр багийн оноо 4:0 болсон учраас дараагийн хоёр тамирчин барилдах шаардлагагүйгээр Монгол Улсын баг ялалтыг авч чадсан юм. Ийнхүү Монгол Улсын холимог баг анх удаа Ази тивийн аварга баг боллоо. Үүнээс өмнө Монгол Улсын холимог баг "Нур Султан-2022"-оос мөнгө, "Хонконг-2024"-өөс мөнгө, "Фуайра-2019"-өөс хүрэл, "Бангкок-2025" Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

 

 


 

 


ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188