“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМП БАГА ЗАРДАЛ, ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ БАЙЛАА
"Милан-Кортина-2026" өвлийн олимп нь газар зүйн хувьд түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээг хамарсан олимпын наадам болжээ. Италийн хойд бүс нутгийн нийт 22 мянган км.кв талбайд Милан, Кортина, Вальтеллина, Валь ди Фьемме гэсэн дөрвөн бүс нутагт бүх зүйлийг цогцоор нь шийджээ. Милан, Кортинагийн өвлийн олимп хуучны, байгаа дэд бүтцээ тултал нь, шинэчлэн ашиглаж, аль болох зардал багатай наадам зохион байгуулж чаджээ.

Зохион байгуулагчид Милан хотноо хоккейн цэнгэлдэх, Кортинад гулгалтын төв л шинээр барьсан аж. Бусад барилга байгууламжаа шинэчлэн, засч сайжруулан ашиглаж байна. “Милан-Кортина-2026” өвлийн олимп 1 тэрбум ам.доллар, “Парис- 2024” зуны олимп 8.2 тэрбум ам.доллар, “Бээжин-2022” өвлийн олимп: 3.9 тэрбум ам.доллар, “Токио-2020” зуны олимп 28 тэрбум ам.доллар, “Пёнчан-2018” өвлийн олимп 12.9 тэрбум ам.долларыг зарцуулсан байна.
МОНГОЛ НООЛУУРААР УРЛАСАН ҮНДЭСНИЙ ДЭЭЛ МИЛАНЫ ЗАГВАРЫН ТАЙЗЫГ ЧИМЭВ
Олимпын наадмын олны анхаарлыг татдаг нэгэн сэдэв бол тамирчдын хувцас өмсгөл билээ. “Милан-Кортина-2026” өвлийн олимпын наадмын Монгол Улсын баг, тамирчдын хувцас өмсгөлийг “Гоёл Кашмер”-ын урласан. Манай улсын баг, тамирчдын өвлийн олимпын хувцас интернэт орчинд олон улсын анхаарлыг татаж, шуугиан тарьсан. Интернэт хэрэглэгчид хувцасны жинхэнэ монгол шинж, хүчтэй үндэсний онцлогийг тодотгож, дэлхийн спортын тайзнаа Монголын төрхийг тод харуулж чадсаныг онцолжээ. “Монгол Улс өвлийн олимпын түүхэнд олимпоос нэг ч медаль хүртэж байгаагүй. Харин тамирчдын ёслолын хувцас шалгаруулж медаль олгодог бол Монгол Улс олимпын алтан медаль хүртэж чадахаар байлаа” хэмээн бичиж байв.
.jpg)
Итали Улсын Милан хотноо "Милан–Кортина 2026" өвлийн олимпын наадамд оролцогч улс үндэстнүүд өөрсдийн хувцас, өмсгөлөө танилцуулах загварын шоу зохион байгуулагдсан. Тус шоунд хувцас загвараа танилцуулах шилдэг 18 орны нэгээр манай улс шалгаран оролцсон юм. Ийнхүү "Гоёл кашмер"-ын монгол ноолуураар урласан үндэсний дээл хувцсаа дэлхий дахины хүртээл болгосон юм. Энэхүү арга хэмжээний онцлох хэсэг нь мэргэжлийн загвар өмсөгчид бус тухайн улсын тамирчид өөрсдийн албан ёсны олимпын хувцсыг өмсөн тайзнаа амилуулсан явдал байсан билээ.
Энэ нь олимпын үнэт зүйл, тамирчны бахархал, үндэсний онцлогийг илүү бодитоор илэрхийлсэн, утга агуулга өндөр шийдэл болсон юм. Монгол Улсын хувьд уулын цанын тамирчин А.Ариунбат, гүйлтийн цанын тамирчин Э.Ариунтунгалаг нар олимпын нээлтийн ёслолд өмсөх үндэсний хувцсаа загварын тайзнаа амилууллаа. Олимпын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү шоу нь спорт, хувцас загвар, улс улсын өвөрмөц байдал, соёлын онцлогийг нэгтгэсэн онцгой үйл явдал болж өнгөрснийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.
Б.БАТТҮШИГ ОЛИМПЫН АВАРГА АНУ-ЫН ШИГШЭЭ БАГ ТАМИРЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Олимпын наадмын хоккейн төрлийн эрэгтэйчүүдийн аваргын алтан медалийн төлөө хүчирхэг АНУ, Канадын шигшээ баг тамирчид өрсөлдөж 1960,1980 оны олимпын наадмын аварга америкчууд 2:1-ээр хүчирхэг Канадын багийг ялж 46 жилийн дараа олимпын аварга цолоо эргүүлэн авав. Түүхэн тоглолтын ялагч, аваргуудад ОУОХ-ын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг шагнал гардуулсан юм. Энэ нь Монголын спорт олимпизмын түүхэнд нэгэн тод томруун үйл явдал болсон.

АНУ-ын хоккейн шигшээ баг 1980 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр олимпын наадмын түүхэн хоёр дахь алтан медалиа хүртэж байсан бол 46 жилийн дараа буюу 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр гурав дахь алтан медалиа хүртэж өвлийн олимпын наадмын амжилтын түүхээ зузаатгалаа.
ӨМНӨД СОЛОНГОСЫН 17 НАСТАЙ ОХИН ОЛИМПЫН АВАРГА БОЛОВ
“Милан-Кортина 2026” олимпын наадмын сноубордын эмэгтэйчүүдийн “halfpipe” төрөлд 24 тамирчин өрсөлдсөнөөс финалд найман тамирчин шалгарч үлдсэн юм. Энэ төрөлд хамгийн их анхаарал татсан тамирчин бол өмнөх хоёр олимпод дараалан түрүүлсэн АНУ-ын тамирчин Хлоэ Ким байсан юм. Түүнийг дахин түрүүлнэ гэж үзэж байсан ч тэр мөнгөн медаль дээр буусан. Харин энэ тааврыг Өмнөд Солонгосын 17 настай Чой Га Он гэх тамирчин охин эвдлээ. Тэрбээр финалд сүүлийн гүйцэтгэлээрээ 90.25 оноо авснаар Хлоэ Кимийн урд бичигдсэн. Харин хүрэл медалийг Японы Мицуки Оно хүртсэн билээ.

Олимпын аварга цолыг 17 насандаа хүртсэн Чой Га 2022 онд өсвөрийн дэлхийн аварга болж байжээ. БНСУ-ын сноубордын тамирчдын дунд хамгийн залуу эмэгтэй аварга болсон Чой “Олимпод ирнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Гар минь бэртэлтэй байсан ч гэлээ би бүхнийг давж чадлаа. Ээжээ би чадлаа. Үнэхээр зүүд мэт байгаад байна” гэж ярьж байлаа.
ОЛИМПЫН УРАЛДААНЫ ЗАМД ХЭРЭМ БОЛОН НОХОЙ ГАРЧ ИРЭВ

“Милан–Кортина-2026” өвлийн олимпоос нэгэн шинэ “од” тодорсон нь чоно шиг төрхтэй нохой байлаа. Мөн уулын цанын туг сүлжих уралдааны үеэр хэрэм гарч ирсэн юм. Хоёрдугаар сарын 18-ны өдөр болсон эмэгтэйчүүдийн кросс-кантри цанын багийн спринтийн сонгон шалгаруулалтын үеэр олимпод тэр бүр тохиолддоггүй дүр зургийг үзэгчид харсан юм. Уяа нь алдуурсан айлын нохой барианд хүрэхээр уралдаж буй тамирчидтай хамт гүйсээр барианд орж ирсэн.

Чоно,нохойны холимог үүлдрийн Назгул хэмээх дуудлагатай нохой гэрээсээ алдууран уралдааны зам руу оржээ. Назгул хоёр тамирчныг замын төгсгөл хүртэл даган гүйсэн байна. Чоно шиг зүстэй нохойг харсан Хорватын цаначин Тена Хадзич тухайн мөчид юу бодсоноо хуваалцжээ. Тэрбээр "Би хий юм хараад байна уу гэж бодсон. Тэгээд би яахаа мэдээгүй. Магадгүй тэр над руу дайрч, хазаж магадгүй " хэмээн бодсон гэжээ. Харин тэр нохой ямарч хүн рүү дайраагүй. Харин зүгээр л цаначдыг дагаж уралдсан. Уралдааны дараа зохион байгуулагчид Назгулыг хурдан барьж аван, ойролцоох буудлын хоолны газарт байлгаж, дараа нь гэрт нь буцаасан байна.
БЭЭЖИНГИЙН ОЛИМПЫН “БАЯН ХОДООД” ОЛИМПООС МЕДАЛЬ ХҮРТЭВ

Болгар Улсын 22 настай Лора Христова биатлоны ертөнцийг гайхшралд автуулсан. Тэрбээр “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд “Баян ходоод” буюу хамгийн сүүлд 89 дүгээр байрт орж байсан тамирчин юм. Гэтэл дөрвөн жилийн дараагаар “Милан-Кортина-2026” олимпын наадмын 15 км-ийн зайн уралдаанд хүрэл медаль хүртсэн гайхалтай байлаа. Христовагийн энэ амжилт үнэхээр гэнэтийн байсан. Дэлхийн цомын гараануудад 23-аас дээш байрт орж үзээгүй тамирчин гэнэт цойлоод олимпын наадмаас хүрэл медаль хүртэнэ гэдэгт итгэхэд бэрх зүйл юм. Гэвч тэр яалт ч үгүй л чадсан.
ЮТТА ЛЕРДАМЫГ "NIKE" БРЭНД 1 САЯ АМ. ДОЛЛАРААР УРАМШУУЛСАН

"Милан Кортина 2026" өвлийн олимпын XXV наадмын тэшүүрийн 1000 метрийн зайд Нидeрландын тамирчин Ютта Лердам түрүүлж, алтан медаль хүртсэн. Түүний цамцны цахилгаан тэмцээний үеэр санамсаргүй доошилсон нь нэг сая ам.долларын эзэн болгожээ. Түүний зураг бичлэг цахим орчинд 300 сая хүнд хүрч, "Nike" брэндийн бичигтэй дотуур хувцасны үнэгүй реклам болсон тул "Nike" брэндийнхэн Ютта Лердамыг нэг сая ам.доллароор урамшуулжээ.
“ШАНТРАШГҮЙ ДАЙЧИН ” ЛИНДСЕЙ ВОНН

АНУ-ын домогт уулын цаначин Линдси Вонн олимпын уул уруу хурдтай бууж, туг сүлжих төрөлд оролцох үеэрээ бэртэл авсан. Тэрбээр уралдаан эхлээд ердөө 13 секундын дараа аймшигтай осолд орж, тэмцээнээ харамсалтайгаар өндөрлүүлсэн юм. Өдгөө 41 настай Линдси Вонны өвдөгний урд холбоос тасарсан гэмтэлтэй ч байсан уралдааны замд зориглон гарсан байна. Ослын дараа нисдэг тэргээр Линдси Вонн эмнэлэгт хүргэгдсэн.
Тэрбээр олимпын өмнө дэлхийн цомын тэмцээний үеэр баруун өвдгөндөө бэртэл авсан байна. Гэсэн ч тэр “Милан-Кортина-2026” олимпод оролцох бодлоо орхиогүй байжээ. Олимпын уралдааны замд бэртэх үедээ зүүн өвдгөө гэмтээж шууд нисдэг тэргээр орон нутгийн эмнэлэг рүү хүргэгдсэн юм.
Линдси Вонн Ванкуверийн олимпоос алт, хүрэл, Пёнчаны олимпоос хүрэл медаль зүүж, ДАШТ-ээс найман медаль хүртэж байлаа. Л.Вонн эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа зүүн хөлдөө хагалгаа хийлгэсэн бөгөөд итали эмч нар мэс засал амжилттай болсныг зарласан билээ. Хэдийгээр Л.Вонн харамсалтайгаар тэмцээнийг орхисон ч нутаг нэгт Бреези Жонсон алтан медаль хүртсэн юм.
БЕНЖАМИН КАРЛ 40 НАСАНДАА ОЛИМПЫН АВАРГА БОЛСОН

“Милан-Кортина-2026” өвлийн олимпын наадмын сноубордын төрөлд Австри Улсын домогт тамирчин Бенжамин Карл алтан медаль хүртсэн. Тэрбээр финалын шатанд өрсөлдөгчөө 0.19 секундын зөрүүтэй хожиж олимпын хошой аварга болсон юм. Бенжамин Карл ийнхүү өвлийн олимпод 40 настайдаа оролцож анх удаа алтан медаль хүртсэн нь үнэхээр гайхалтай байв.
Түүнээс өмнө Норвегийн алдарт биатлонч Оле Бьорндален 40 нас, 12 хоногтойдоо 2014 оны Сочигийн олимпод түрүүлж байсан бол Бенжамин 40 нас, 115 хоногтойдоо түүний амжилтыг эвдэв. Гэхдээ өвлийн олимпын түүхэнд хамгийн ахмад олимпын аварга бол Шотландын кёрлингийн тамирчин Робин Уэлш юм. Тэрбээр 54 нас, 102 хоногтойдоо олимпоос багийн төрлөөр алт авсан түүхтэй.
Түүнчлэн Б.Карл сноубордын төрлөөр олимпоос алт авсан хамгийн ахмад тамирчин болсон байна. Үүнээс өмнө 40 нас, 57 хоногтойдоо Бээжингийн олимпын холимог хос төрөлд түрүүлсэн АНУ-ын Ник Баумгартнер уг рекордыг эзэмшиж байв. Б.Карл сноубордын төрлөөр олимпоос дөрвөн медальтан болсон. Тэрбээр 2010 онд мөнгө, 2014 онд хүрэл, 2022 онд алтан медаль зүүж байжээ.
Ийнхүү тэр өмнө нь сноубордын төрлөөр гурван медаль хүртсэн өөр 10 тамирчны адил рекорд эзэмшиж байсан бол түүхэнд анх удаа дөрвөн олимпоос медаль зүүсэн тамирчин болов. Сонирхуулахад Б.Карл өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ улирлын дараа их спортоо орхихоо мэдэгдсэн билээ.
КАЗАХСТАНЫ “ШИНЭ-ОД” ШАЙДОРОВ ОЛИМПЫН АВАРГА БОЛЛОО

Өвлийн олимпын уран гулгалтын эрэгтэйчүүдийн ангилал тун сонирхолтой болсон билээ. Орос эцэг, эхтэй америк тамирчин Илья Малининийг гарцаагүй алтан медаль авна гэсэн шинжээчдийн таамаглал зөрж, И.Малинин дөнгөж наймдугаар байрт орсон юм. Харин түүний оронд Казахстаны Михаил Шайдоров 21 насандаа олимпоос алтан медаль хүртэв. Богино үзүүлбэрт 92.94 оноогоор тавдугаар байр эзэлсэн тэрбээр үндсэн үзүүлбэрт 198.64 оноогоор бусдыгаа тэргүүлсэн юм.
Ингэснээр нийлбэр дүнгээр 291.58 оноогоор түрүүлэх болзлоо хангасан бол Японы Юма Кагияма мөнгө, Шүн Сато хүрэл медаль хүртсэн билээ. Казахстан Улс 1994 оноос хойш өвлийн наадамд оролцож ирсэн. Тус улсаас өвлийн олимпын анхны алтыг 1994 онд гүйлтийн цанаар Владимир Смирнов авчирч байсан бол 32 жилийн дараа М.Шайдоров уг амжилтыг давтсан юм. Ингэснээр Шайдоров 250.000 ам.долларын урамшуулал авсан.
КАОРИ САКАМОТОГИЙН “НУЛИМСТАЙ СҮҮЛИЙН БҮЖИГ”

Олимпын дараа зодог тайлахаа зарласан Каори Сакамото сүүлийн үзүүлбэрээ үзүүллээ. Тэр яагаад гурван жил дараалан дэлхийн аварга болсон бэ гэдгээ хангалттай харуулах шиг болсон. Тэрбээр нийлбэр дүнгээр 224.90 оноотой хоёрдугаарт бичигдсэн. Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэрийн сүүлийн тамирчин Ами Накаи байв. Тэрбээр богино үзүүлбэрээр бүх тамирчдыг оноогоороо тэргүүлсэн учир чөлөөт үзүүлбэрт хамгийн сүүлд гарсан.
Нийлбэр дүн зарланы дараа Японы Ами Накаи гуравдугаар байрт шалгарлаа. Харин Алиса Лю олимпын аварга болж, Каори Сакамото Бээжингийн олимпын амжилтаа ахиулж, мөнгөн медаль хүртэв. Каори Сакамото нулимсаа барьж дийлэхгүй байсан. Гайхалтай замналынхаа төгсгөлийг олимпын мөнгөн медальтай өндөрлүүлсэн.
ОРОСЫН 18 НАСТАЙ ОХИН “ГАЙХАМШИГ”-ИЙГ БҮТЭЭЖ ЧАДСАНГҮЙ

Энэ удаагийн өвлийн олимпод ОХУ-ыг төлөөлөн ердөө 13 тамирчин өрсөлдсөн. Спортын хувьд дэлхийн тэргүүлэгч улсын хувьд 13 тамирчин илгээнэ гэдэг бол байж боломгүй зүйл. Гэхдээ л Олон улсын олимпын хороо өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, ийн шийдсэн хэрэг.
Сүүлийн гурван жил дараалан Оросын аваргаар тодорсон 18 настай охин хоёр дахь олон улсын тэмцээндээ оролцож байгаа нь өвлийн олимп байлаа. Тэрбээр оны өмнө олимпын эрх олгох тэмцээнд түрүүлсэн юм.
Богино үзүүлбэрийн дараа Японы Ами Накаи 78.71 оноотой тэргүүлж, түүний араас Каори Сакамото, АНУ-ын Алиса Лю, Японы Монэ Чиба нар эхний дөрөвт орсон. Хэзээнээсээ оросууд уран гулгалтаар дэлхийн шилдэг улс байсаар ирсэн. Өнгөрсөн Бээжингийн өвлийн олимпын эмэгтэй алт, мөнгөн медалийг тэд л хүртэж, багаараа мөн л аварга болж байсан түүхтэй. Тиймээс Аделия Петросянд энэ бүхэн нь дарамт болсон нь мэдээж.
Олон улсын тэшүүрийн холбооны зүгээс түүний дасгалжуулагч алдарт Этери Тутберидзег тамирчинтайгаа тэмцээний үеэр хамт байхыг хориглосон. Шалтгаан нь өнгөрсөн олимпоор Камила Валиева допингийн хэрэгт холбогдоход Этери Тутберидзед давхар шийтгэл оноосон юм.
Этери Тутберидзе зөвхөн бэлтгэлийн үеэр л тамирчинтайгаа хамт байсан билээ. Этери Тутберидзед олимпын мандат олгох ёсгүй байсан ч тэрбээр Аделия Петросянаас гадна Гүржийн залуу Ника Эгадзегийн дасгалжуулагч учир тус улсын мандатаар Миланд иржээ. Гэтэл ОХУ-ын олимпын найдвар болсон Аделия Петросян гайхамшиг толилуулж чадсангүй.
АЛИСА ЛЬЮГИЙН ЭРГЭН ИРЭЛТ ОЛИМПЫН АЛТАН МЕДАЛЬ БАЙВ

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл хамгийн их анхаарал татаж байв. ОХУ-ын Аделия Петросян богино үзүүлбэрт тавдугаар байрт эрэмбэлэгдсэн учир Японы гурав, АНУ-ын хоёр уран гулгагч дунд медалийн төлөөх гол өрсөлдөөн өрнөх нь ойлгомжтой болсон юм. Гэтэл эцсийн үр дүнд Бээжингийн олимпод оролцсон 2025 оны дэлхийн аварга Алиса Лью үзүүлбэрээ алдаагүй гүйцэтгэж чадсанаар олимпын аварга боллоо.
Түүний хувьд богино үзүүлбэрийн дараа гуравт эрэмбэлэгдсэн боловч чөлөөтөд өөрийнхөөрөө гулгаж хамгийн өндөр үнэлгээг авч чадсан. Олимпын аварга цолыг хүртээд зодог тайлах байсан дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгөн медальт Каори Сакамото мөнгө, 17 настай Ами Накаи хүрэл медаль хүртсэн. 20 настай Алисса Лью АНУ-д эмэгтэй уран гулгалтаар 24 жилийн дараах анхны олимпын алтан медалийг авчирлаа. Спортоо орхиод дахин эргэн ирсэн түүний түүх олон хүний анхаарлыг татсан.
| “МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН |
|
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөлийн Цагааннуур суманд ажиллалаа
2026-03-01 16:36:39
Сумын заан Б.Баасантогтох, нэгийн даваанд улсын арслан Э.Батмагнайг давлаа
2026-03-01 16:03:14
Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа
2026-03-01 15:32:03
“МИАТ”-ийн нислэгийн багийн 14 гишүүн Бахрейн Улсаас гарч чадахгүй байна
2026-03-01 15:01:18
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 13:41:51
Таеквондо-гийн 2026 оны хар бүсний эхний шалгалт боллоо
2026-03-01 09:34:57
Х.Билгүүнсайхан “СТРАНДЖА-2026”-гаас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 09:25:54
Э.Батмагнай арслан Булганы таван аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-03-01 07:20:00
“ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ” туулийг хайллаа
2026-03-01 07:10:00
М.Намуун, Э.Номундарь нар “Странджа-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |