• Өнөөдөр 2026-02-05

Н.БАТЛАВ: Бөх болох гараагаа дэлхийн аварга М.Пунцаг багшийн шавь болж эхлүүлсэн

2026-02-05,   87

Дархан хотоос үе, үеийн олон шилдэг жүдо, самбо бөхчүүд төрөн гарсан байдаг билээ. Дархан-Уул аймгийн БТСГ-ын даргаар ажиллаж байсан, спортын хүрээнийхний дунд Дарханы Батлав гэж алдаршсан Ховд аймгийн Манхан сумын харьяат, Дархан хотын суугуул самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, аймгийн заан Намсрайн Батлавтай ярилцлаа. Тэрбээр олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин,  Х.Цагаанбаатар, жүдо бөхийн ОУХМ Ч.Болдбаатар, Г.Бат-Эрдэнэ, Г.Хэрлэн, Г.Батбилэг, Д.Ганзориг, Д.Мөнгөнхуяг, Э.Мөнхжаргал нарын олон арван тамирчдыг дасгалжуулан бэлтгэн гаргасан билээ.

 -Та самбо бөхийн дэлхийн аварга, МУГТ М.Пунцаг багшийн шавь. Хэдэн онд М.Пунцаг багшийнхаа шавь болж байсан бэ?

       -Би Ховд аймгийн Манхан суманд төрж, өссөн.  Анх 12-13 настайдаа 1973- 1974 онд Манхан сумын наадмын аманд гардаг байлаа. Харин 1976 онд дунд сургуулийн наймдугаар анги төгсөөд Дархан хотын Политехникумийн хуваарь авсан юм. Тэгээд Ховд аймгаас Дархан хотод ирж суралцаж байхдаа, самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин,  Мөнхийн Пунцаг багшийн секцэнд орж бөх болох гараагаа амжилттай  эхэлсэн. Тухайн үед Дарханд олон сайхан бөх байлаа. Улсын начин.Батмөнх, аймгийн арслан Дорж, Лхагвасүрэн, Лувсанпунцаг зэрэг улс, аймгийн цолтой бөхчүүд байв. Тэднийг дагаж тэднээс үлгэр дуурайлал авч хичээллэдэг байсан.

-Багаасаа үндэсний бөхөөр барилджээ. Танайх бөхийн удамтай юу?

      -Манайх бөхийн удамтай. Сумын наадамд долоон удаа шөвгөрч байсан  бөх бий.  Тэр ах зодог тайлахдаа  “Би чамд зодог, шуудгаа өгч чадахгүй. Яагаад гэхээр би сумандаа нэг удаа  ч түрүүлж чадсангүй. Миний хүрээгүй амжилтад чи хүрэх ёстой. Тийм болохоор чамд зодог, шуудгаа өгөхөөс ичиж байна” гэдэг байв. Ер нь өөрийгөө их голдог хүн байлаа. Сүүлд би  тэр ахаасаа зодог, шуудаг, бурхан тахилыг нь уламжлан авсан. Одоо гэртээ шүтээн болгон залчихсан байгаа.

-Анхны медалиа хэзээ, ямар тэмцээнээс хүртэж байв?

     -Анх 1977 онд Монгол телевизийн нэрэмжит  самбо бөхийн тэмцээнд 62 кг-ын жинд  барилдаж хүрэл медаль хүртсэн. Тэр медаль надад  урам дэм, эрч хүч хайрласан.

-Та хэдэн онд залуучуудын дэлхийн аварга болж байсан билээ?

      -1982 оны долоодугаар сарын 4-8-ны өдрүүдэд Францын Парис хотод болсон, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ын жинд   түрүүлж алтан медаль хүртсэн. Тэр тэмцээнд ЗХУ-ын бөхчүүд арван жингийн есөд нь түрүүлж, үлдсэн нэг жинд нь би алтан медаль хүртсэн.

    Би Оросын бөх Васили Шикаловыг 7:3-ын харьцаатай оноогоор ялж дэлхийн аварга болж байсан. Алтан медалийг миний хүзүүнд зүүж өгөх хүртэл, аварга болсон гэдэгтээ нэг л итгэж чадахгүй байсан шүү. Медалиа авчихаад ихэд баярлаж, нутаг руугаа хурдан буцаж, ээж, аавдаа  очихыг их хүсэж байж билээ.

-Та дэлхийн аварга болсон жилээ Дарханы наадамд барилдсан. Аймгийн ямар цолтой билээ?

    -Над шиг жин багатай, жижиг биетэй бөхчүүд үндэсний бөхөөр өндөр цолонд хүрэх боломж багатай л даа. Би 1983 онд аймгийн заан цол хүртсэн.  Аймгийн заан цолондоо их сэтгэл хангалуун явдаг. Ер нь бөхийн цол гэдэг тухайн хүний хэр хэмжээнд нь тохирсон байх л их сайхан санагддаг.

-Таны улсын начин Галдандагвыг давсан барилдааныг тод санаж байна. Та 65 кг жинтэй, жижиг биетэй байж, бараг л хоёр метр өндөр биетэй, 120-130 кг жинтэй тэр бөхийг яаж унагаж чадав аа?

    -Үндэсний бөхөөр нэг их сүртэй өндөр амжилт гаргаж чадаагүй. Яах вэ өөрийнхөө аймгийн заан цолны хэмжээнд л барилдаж байсан. Бөх гэдэг хэн хүчтэй, том биетэй нь даваад байдаг юм биш. Том  биетэй бөхийг унагахын тулд ухаанаа уралдуулна. Бяр, тэнхээтэй хүнийг мэхийг яаж хариулж, хэрхэн тогтож үлдэх вэ гэдгээ бодно. Тэр бөхийн хүчийг хариулж, өөрөөсөө зайлуулж, хүндийн төв, тэнцвэрийг  нь алдагдуулахыг хичээж барилддаг байлаа.

-Самбо бөхийн залуучуудын дэлхийн аваргад ахин барилдсан уу.  Жүдогийн дэлхийн аваргад барилдаж байв уу. Та 65 кг жинтэй байж, жүдогийн улсын аваргын үнэмлэхүй жинд түрүүлсэн гэдэг?

     -Залуучуудын дэлхийн аваргад нэг л удаа барилдсан.  Жүдо бөхийн дэлхийн аваргад барилдаж үзээгүй. 1983 онд самбо бөхийн дэлхийн цомын тэмцээнд явж мөнгөн медаль хүртсэн. Харин жүдогийн улсын аваргын үнэмлэхүй жингийн алтан медалийн төлөө С.Эрхэмбаяр начинтай барилдан түрүүлж байсан. 1984 онд хөлийн шөрмөс гэмтээд түүнээс хойш ахин барилдаагүй.

-Үндэсний бөхийн хүнд жинтэй бөхчүүдтэй барилдаж байгаад бэртэл авсан уу?

     -Үгүй ээ. Олон улсын “нөхөрсөг” тэмцээнд Японы бөхтэй барилдсан юм. Тухайн үед багш нар Хятад, Японы бөхөд ялагдаж болохгүй шүү гэдэг байв.  Өөрийн орны дэвжээн дээр гадны бөхөд ялагдвал ахиж тэмцээнд явуулдаггүй тийм сонин цаг үе байлаа. Японы бөх миний хөлийг өчсөн юм. Хөл шагижнаад дуугарсан ч ялагдахгүй гэсэндээ тэвчээд гарсан. Залуу байсан болохоор тэр гэмтлээ тоохгүй явсан. Гэмтэлтэй байж, эмчилгээ хийлгэхгүй, барилдаж яваад бүр хүндрүүлчихсэн.

-Тэр бэртлээс болоод дасгалжуулагчийн албанд шилжсэн үү?

     -Ер нь бол тийм.  М.Пунцаг багш маань өөр ажилд шилжсэн учраас надад дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгсөн юм. Би шигшээ багийн тамирчин байхдаа УБИС-ын биеийн тамирын багшийн ангийг төгссөн юм. Улаанбаатар хотоос  дуудагдаж ирээд Политехникумид биеийн тамирын багшаар ажилд орсон. Багшийнхаа итгэл найдварыг алдахгүйн тулд 1989-1999 он хүртэл  Политехникумид багшилж, хажуугаар нь бөхийн дасгалжуулагч хийсэн.

-Та одоо олон шавьтай болсон биз. Хэдэн онд  БТСХ-ны дарга болов?

     -Миний удирдлага дор самбо, жүдо бөхөөр хичээллэж байсан 300 гаруй шавь бий. Хамгийн өндөр амжилт гаргасан нь гавьяат тамирчин Х.Цагаанбаатар байгаа юм. Цагаанаа олимпоос хүрэл медаль хүртэж, жүдо бөхийн Монголын анхны дэлхийн аварга болсон. Үүнээс гадна дэлхийн аварга Баатарболд, дэлхийн цомын аварга Ч.Болдбаатар, Мөнхтулга, Мөнгөнхуяг, Г.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Г.Батбилэг, Нямдорж гэсэн 30 гаруй ОУХМ цолтой бөхчүүд төрөн гарсан.  Спортын мастер, дэд мастер цолтой гэвэл олон шилдэг тамирчин бий. 1999 оноос эхэлж дасгалжуулагчийн хажуугаар  Дархан-Уул аймгийн БТСХ-ны даргаар ажиллаж байсан.

-Та шавь нартаа юу гэж захидаг вэ?

     -Би шавь нартаа “Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд шантралгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөдөлмөр, зүтгэл хүнийг хэзээ нэгэн цагт үнэлж шагнадаг юм шүү. Амжилт гаргахгүй байсан ч эрүүл мэндээ бодож спортоор хичээллэх хэрэгтэй. Спорт чамд хүмүүжил, ёс суртахуун, бие бялдрын гайхамшгийг бэлэглэх болно” гэдэг. Мөн “Биеэ зөв боловсон авч явж, бусадтай найрсаг харилцаж яваарай. Даруу төлөв зан хүнийг чимдэг. Зөв ёс суртахуун, амьдралын ухаан, хүмүүжлийг спортоос олж авна шүү” гэж захидаг.

-Х.Цагаанбаатарыг  анх хараад бөх болох хүүхэд гэж таньсан гэдэг байх аа?

     -Хэдэн хүүхэд Спортын төв ордны буланд барилдаж харагдсан юм. Тэдний дотроос арай эвсэлтэй нь Цагаанаа байсан.  Тэгээд л би тэдэнд дээр очоод “Цагаанаад чи самбо, жүдо гэдэг бөхийг мэдэх үү. Бөх болох сонирхолтой юу. Маргааш самбо, жүдогийн зааланд ирээрэй”  гэсэн. Маргааш нь Цагаанааг ирэхээр нь кросст явуулсан. Цагаанааг түрүүлээд  ирлээ. Тэр үед нь би “24-ийн шоколадтай зөөлөн чихрээр шагнаад,  “Сайн бөх болоорой” гэж хэлсэн гэдэг. Тэр үгэнд Цагаанаа их урамшиж секцээ таслахгүй явж, их хичээж бэлтгэлээ хийдэг болсон юм гэсэн. Би Цагаанааг кросст түрүүлж ирсэнийг нь санадаг хэрнээ, чихрээр шагнасанаа ер санадаггүй юм.

     Харин Цагаанаа түүнийг ерөөсөө мартдаггүй дурсаж явдаг юм билээ. Нийгэм солигдоод удаагүй байсан 1993 оны үед хүмүүсийн амьдрал их хүнд байлаа. Идэж, уух юм хомс, автобус унаа ховор. Тийм хүнд үед Цагаанаа бэлтгэлээ таслахгүй явсан.  Хуучин Дарханаас Зурагтын антентай толгой даван 7-8 км замыг туулан гүйж ирдэг байв. Бэлтгэл дуусаад буцаад гэр рүүгээ гүйж явдаг хөдөлмөрч, хичээл зүтгэл сайтай хүүхэд байсан. Өглөө эрт босоод хоёр үнээгээ саачихаад, “Бирж” дээр хамгийн түрүүнд очиж ээждээ худалдаа хийх талбай авч өгдөг байсан гэдэг. Үнэхээр хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй хүнийг бурхан харж шагнадаг юм байна.

-Дэлхийн аварга Н.Баатарболд, дэлхийн цомын аварга Ч.Болдбаатар нар таны шавь. Харин ОУХМ  Г.Хэрлэн таны отгон шавь уу?

    -Н.Баатарболдыг  1992 онд Политехникумид оюутан болон ирэх үед нь самбо, жүдо бөхөөр хичээллэх санал тавьсан. Бас л их хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч хүүхэд байсан шүү. Тийм дээ ч самбо бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга болж чадсан. ОУХМ Чимэдёндонгийн.Болдбаатар миний гурав дахь үеийн шавь нарын нэг. Их даруу төлөв зантай. Чармайлттай, уран гоё барилдаантай хүүхэд байсан. Жүдогийн дэлхийн цомд 2-3 удаа түрүүлсэн. Одоо Монголын шилдэг сайн дасгалжуулагчийн нэг болжээ.  ОУХМ Г.Хэрлэн, Э.Мөнхжаргал, Сумъяабазар нар миний отгон шавь.

-Япончуудад таны шавь жүдо зааж байсан гэдэг. Одоо таны шавь нараас дасгалжуулагчаар хэн, хэн ажиллаж байгаа вэ?

   -Японд Гэндэнгийн Бат-Эрдэнэ арав гаруй жил жүдогийн дасгалуулагчаар ажиллаж байгаад ирсэн.  Одоо “Монголын жүдо академи”-д багшилж байна.  Жүдо бөхийн эх оронд Японд үндэсний жүдо бөхийг нь заана гэхээр их бахархалтай зүйл шүү. Япончууд жүдо бөхөө улам баяжуулж, хөгжүүлэхийн тулд Монгол үндэсний бөхийн мэх, барьцыг судлан хөгжүүлэх зорилгоор ажиллуулсан байх. Харин одоо  АНУ-д Д.Мөнгөнхуяг дасгалжуулагч хийж байна. Д.Балжинням  Дархандаа дасгалжуулагчаар сайн ажиллаж байгаа. Нямдорж холимог тулаан,  байлдааны самбогоор олон тамирчин бэлтгэж, тив, дэлхийн аваргад оролцуулж байсан.

-Дарханаас олон шилдэг жүдочин төрөн гарсан нууц нь “Ирээдүй-Одод” тэмцээн байсан гэвэл та санал нийлэх үү?

     -Дарханыхаа хүүхдүүдийн ур чадварыг сайжруулж, ахиулахын тулд “Ирээдүйн-Одод”, “Сурагч жүдо”  гээд олон тэмцээн зохион явуулдаг байсан. Мөн түүнчлэн ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот руу явж тэмцээнд оролцдог байв.  Орос, буриадуудтай барилдахаар  хүүхдийн ур чадвар ахиж,  их туршлага, арга барил суудаг байв.  Сэтгэл зүйн хувьд гадны ямарч тамирчинтэй айж имээхгүйгээр барилдах чадвар суучихдаг юм билээ.

-М.Пунцаг багшийнхаа талаар онцлон ярихгүй юу?

    -М.Пунцаг багш маань ОХУ-ын Северьдловск хотод оюутан байх үедээ самбо бөхөөр хичээллэж,  тэр үеийн ЗХУ-ын хойд бүсийн аварга болж байсан юм билээ. Тэгээд 1972 оны Европын нээлттэй аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 1973, 1974 онд дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн. 1975 онд самбо бөхийн дэлхийн аварга болсон. Багш их цэвэрч нямбай, найрсаг, дотно харилцаатай хүн байсан.

     1974 онд Оросоос сургуулиа төгсөж Дархан хотод ирээд Хуучин хорооллын Үйлчилгээний төвийн  хонгилыг тохижуулан самбо, жүдо бөхийн дугуйланг ажиллуулж эхлүүлсэн юм билээ. Ингэж Дарханы самбочдыг “Алдар”, “Хүч” нийгэмлэгийн тамирчдын гол өрсөлдөгч болгон бэлтгэн гаргаж чадсан юм. Би шинэ Спортын ордон ашиглалтад орохоор М.Пунцаг багшийнхаа хөшөөг ордныхоо үүдэнд босгоно гэсэн мөрөөдөлтэй байгаа. Багш маань Дарханаас төрөн гарсан анхны дэлхийн аварга, гавьяат тамирчин болохоор алдар гавьяаг нь мөнхжүүлэх ёстой.

-Дэлхийн аварга, МУГТ  Г.Батсүх, М.Пунцаг багшийн шавь мөн үү?

    -Тийм ээ, Г.Батсүх ах. 1974 онд дэлхийн аварга болж, М.Пунцаг багш ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Харин 1975 онд  М.Пунцаг багш Минскэд болсон ДАШТ-д түрүүлж, дэлхийн аварга болсон юм. Багшийн шавь Г.Батсүх ах Дарханы наадамд хоёр удаа түрүүлж, улсын наадамд барилдаж, улсын начин болсон юм. Их мундаг бөх, шилдэг дасгалжуулагч хүн байлаа.

 

 

 

 

 

 

 

-

 

 

 


 

 


Н.БАТЛАВ: Бөх болох гараагаа дэлхийн аварга М.Пунцаг багшийн шавь болж эхлүүлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188