Хүн үнэнч, шударгаар хөдөлмөрлөхгүйгээр аз ивээж, амар хялбараар аливаа зүйлд хүрнэ гэж хэзээ ч байдаггүй гэдгийг, буруу зүйлд дурлан татагдах нь амьдралыг орвонгоор нь эргүүлж, хайртай бүхнийг нь сүйтгэдгийг цохилттойгоор үзүүлж чадлаа, “3 ДАХЬ ЦОХИЛТ” УСК.
Тус киноны найруулагчийн ярилцлагыг https://ergelt.mn/news_full/119/single/47427 холбоосоос уншаарай.
Мэдээж аливаа санааг бичгээр, видеогоор, зургаар гээд урлагийн аль ч төрлөөр илэрхийлж болно. Гэхдээ дүрүүдийн жаргал, зовлон, уналт, босолт, тэмцлийг илүү бодитой харуулдагт кино урлагийн хүч оршдог байх. “Мөрийтэй тоглоом битгий тогло” гээд хэн нэгэнд хэлэхэд, “Аан, болохгүй юм байна” гээд хэн ч өөрийгөө татаж авахгүй. Харин тоглосноор амьдралаа алдаж, хайртай бүхнээсээ хагацаж, амиа алдах дөхөж буйг нүдээрээ үзэж, зүрхээрээ мэдэрч байж бүгд биш ч цөөн болов хүн ойлгох болов уу. Тэгвэл "ОI" энтертайнментын уран бүтээлчид болон Р.Эрхэмбүрэн найруулагч ээлжит бүтээлээрээ цахим мөрийтэй тоглоом тоглож, буруу замаар будаа тээж буй хүмүүст сургамж болсон, алдахаасаа өмнө нэг ч болов хүн амжиж үзэх бүтээлийг хийж чаджээ.
Тэр цахим мөрийтэй тоглоомд донтож, хожчихоод ханахгүйгээр үл барам мөнгөө улам үржүүлэхийн төлөө шунаж, түүнийхээ үр дүнд хэрхэн хайртай гэр бүл, бусдыг аюулд дагуулж, хохироож, бүр амиа алдахад нь хүргэж байгааг Эрхэсээр, өөрт байгаа бүхэндээ ханахгүй, хүнд амархан итгэгчдийг Уярал, Эзлэн хоёрын дүрээр, хайртай хүн нь амьдралд алдаж, онож, буруу замаар явж байхад нь хорьж дийлэлгүй, ухаарч ойлгоно гэж итгэн хүлээснийхээ эцэст хохирох эмэгтэйчүүдийг Ариугаар үзүүлжээ. Бидний нийгэмд өнөөдөр алдах гэж буй, алдаатай хаалгыг татахаар бариулаас нь барин зогсох Эрхэсүүд, “Гоё сайхан амьдруулна. Их мөнгөтэй ажилд оруулна” гэсэн хэнд ч итгэж, уухайн тас гүйн очих хүмүүс дүүрэн. Энд өртөгч нь амар, дөт замыг эрж, хөлсөө дуслуулахгүйгээр мөнгө олж, баяжих гэсэн гэнэн бодолтой хүмүүс. Өөрийн хүч хөдөлмөр, авьяас чадвараар амьдралаа босгож, ариун цагаан үйлсээрээ амьдрах бодолтой хүн хэзээ ч цахим тоглоом тоглоод суухгүй. Үүнийг л бодоосой, олж хараасай. Ойр дотныхон дотор чинь мөрийтэй тоглоом тоглож, бүр донтчихоод, хэлээд ч үгэнд орохгүй хүн байвал энэ бүтээлийг үзүүлж, нэг ч болов арга хэмжээ аваарай. Тэднийг тоохгүй орхивол хэзээ нэг өдөр та ч бас хохирч, амиа алдахдаа тулна гэдгийг ойлгох байх. Энэ бүхнийг эхнээсээ л ойлгож өөрийнхөө муу зуршил, буруу булхай бүхэнтэй тулалдаж, бага дээр нь таслан зогсоохгүй бол дараа нь хэдэнтээ тэмцэж, амь мултраад ч нэмэргүй гэдгийг, утсан доторх таны тоглосон тоглоомны ард хүний наймаа, биеэ үнэлэлт, хүчирхийллийн жинхэнэ бүлэг тосоод хүлээж байдгийг тэдний ээлжит бүтээлээс хараарай.
Хэрэв мөнгөнд дурлаж, амар хялбарыг эрвэл хөнгөхөн тэдний олз болж, амьдралаараа “амтат зоог” болохыг Эрхэсийн жишээнээс тод харсан байх.
Ариу уг нь түүнд "Тоглоомоо больчих" гэж хэлсэн. Бүр салъя ч гэж хэлж үзсэн. Гэсэн ч Эрхэс эцсээ хүртэл гэр бүлээ авч үлдэхийг зорихдоо их мөнгөнд шунасан. Түүнээсээ болж эхнэрээ, тэдний найзуудыг эрсдэлд оруулж, аврах гэж тэмцсэн ч аюул улам бүр ихсэж, ар араасаа оргилон ундарсан. Хэрвээ цахим мөрийтэй тоглоом хүний амьдралыг үрдэг гэдгийг Р.Эрхэмбүрэн найруулагч хөнгөн үзүүлж, зөвхөн нэг хүний амиар л эрсдэлийг үзүүлсэн бол хэн ч хашрахгүй. Харин кино эхлэхээс эхлээд дүрүүддээ хүндхэн зовлон учруулж, тэднийг тарчлаан зовоож, тэсрүүлэн орилуулж, тэвчээрийг нь барж, тэнхээ нь хаа хүрэхийг сорьж чадаж байв. Үүгээрээ уран бүтээлчдийн чадвар чансааг илрүүлж чаджээ.
"OI" энтертайнментын уран бүтээлчдийн 10 жилийн ой ирэх онд тохиож буй. Тэд үргэлж бурууг, болохгүйг гол санаагаа болгон авч, алдаж, унахаас тань өмнө бүтээлээрээ дамжуулан аварч, ангалаас чинь өндийлгөж, нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгадаг билээ. Хүний хүсэл мөрөөдөл, хүн чанар, нөхөрлөл, нэгэндээ итгэх итгэл, зориг, тэвчээр, үнэний тухай тэд өөрсдийн харсан өнцөг, өвөрмөц шийдлээрээ үзүүлж, сэдэв бүрээрээ бусдад зөв сайхан явах санаа өгч байдаг. Тэдний нэгэн онцлог бол киногоо барагтаа төгсгөдөггүй. Үүнийгээ Р.Эрхэмбүрэн найруулагч “Хүн бүрийн амьдрал заавал цэгцэндээ орж, аз жаргалтайгаар дуусдаггүй. Киноноос бид хүний амьдралын нэг хэсгийг л харж байгаа шүү дээ. Кино дууссан ч дүрүүд амьдарч байдаг. Тиймээс бид бүтээлээ төгсгөдөггүй” гэж ярьсан. Үнэхээр ч дүрүүд амьдарч, тэд кинон дахь шиг алдахгүйг хичээж, өөрсдийгөө тольдон хараад, цааш үргэлжлүүлэн амьдардаг байх. Жүжигчин О.Нямдорж үнэхээр Эрхэс мөн юм аа. Амь өрссөн тийм аюулт тулаанд сэргэлэн, сүйхээтэй, юунаас ч халшрахгүй зоригтой, яасан ч зүсээд гарч чадсан. Ариугийн дүрд О.Дөлгөөн жүжигчин ч бас тун чадварлаг тоглосон. Тэр хүнд нөхцөлд орсон ч эцсээ хүртэл итгэх итгэлээ алдахгүй Эрхэсийг хайрласан. Харин Уяралын дэндүү хөнгөн дүрийг жүжигчин Б.Одончимэг хэзээний туршлагатай уран бүтээлчийн чадвараараа торох юмгүй илэрхийлж, залуу жүжигчин А.Эгэлзаяа Эзлэнгийн дүрээр нөхцөл байдлыг ойлгож чаддаг, тэвчээртэй нэгнийг илэрхийлжээ. Дүрүүд өөрсдийн зорилго, үүргийг товойтол үзүүлж, үзэгч тэдгээрээс өөрсдийгөө, ойр дотно байгаа найз нөхдөө тольдон харж, "Нээрээ л ийм байдаг даа" гэж бодоход тухайн уран бүтээл, тэдний дүрийн мөн чанар оршдог биз ээ. "3 ДАХЬ ЦОХИЛТ” киног амжиж үзэж, эрсдэлд орох гээд буй нэгэндээ ч үзүүлээрэй. Үзээд гарцаагүй нэгийг бодох, өөрчлөх уран бүтээл эл кино мөн байсан.
“3 ДАХЬ ЦОХИЛТ” КИНОНООС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
2025-02-06 19:32:42
2025-02-06 18:07:19
2025-02-06 17:35:55
2025-02-06 16:44:33
2025-02-06 16:32:10
2025-02-06 16:16:15
2025-02-06 15:46:58
2025-02-06 15:33:05
2025-02-06 15:05:19
2025-02-06 14:57:24
2025-02-06 14:40:00
2025-02-06 13:55:11
2025-02-06 13:51:17
2025-02-06 13:30:28
2025-02-06 13:28:30
2025-02-06 12:24:32
2025-02-06 11:33:03
2025-02-06 11:13:24
2025-02-06 10:43:05
2025-02-06 10:40:10
2025-02-06 10:34:13
2025-02-06 09:50:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |