• Өнөөдөр 2026-05-20

Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ

2026-05-09,   494

    “Toonot pictures”-ийн үүсгэн байгуулагч, жүжигчин Б.Батбаатарыг “Уран бүтээлчийн цаг” буландаа урьж, ярилцлаа.

-Сайн байна уу. Та дэлгэцийн өмнө гарахгүй нэлээд удлаа. Сүүлийн үед уран бүтээлдээ анхаарч байна уу?

            -Их сургуульд багшлаад 20 жил болсон байна. Мөн “Toonot pictures”-ийг үүсгэн байгуулаад долоон жил болж байна. Сүүлд “Dream entertainment”-ийн найруулагч Ц.Цэрэндоржийн “Эцсийн зогсоол-2” уран сайхны кинонд ажиллалаа. Ц.Цэрэндорж гадны кино багтай хамтран ажилладаг, их бүтээлч найруулагч учраас хамтарч ажиллахад таатай байлаа. Одоо богино хэмжээний кинонд ажиллаж эхэлсэн. Жил гаруйн хугацаанд зураг авалт үргэлжилж байна. Ганцхан дүртэй, график ихтэй, сонирхолтой зохиолтой шинэ уран бүтээлд өөрийгөө сорьж эхэлсэн гэж болно. Өнөөгийн нийгэмд эрчүүдэд тулгарч буй асуудлыг хөндсөн бүтээл болж байгаагаараа онцлогтой. Би уран бүтээлд санал хүлээж авахдаа цензур тавьдаг хүн. Тиймдээ ч санал тавьсан болгонд нь  ороод байхыг хүсдэггүй.

    -Ямар уран бүтээлээс татгалзахгүй саналыг нь хүлээж авч байна вэ?

 -Зохиол, кино багийг нь сайн харна. Зохиол нь бүрэн хөгжөөгүй, яарсан зураг авалттай өөрийгөө бэлдэх, дүрээ суулгах боломжгүй бүтээлээс татгалзна. Сайн зохиолтой уран бүтээл тоглохыг л хүсэж байна. Ер нь одоо мэргэжлийн кино зохиолч дутагдаж байгаа цаг үе. Б.Батбаатар гэх хүн байхгүй болсон ч миний бүтээл үлдэх ёстой шүү дээ.

      -Найруулагчид өөрсдөө зохиолоо бичиж байгаа нь дутагдалтай байна гэж үү?

-Өнөөдөр манайд чансаатай жүжигчин олон бий. Харин сайн зохиолчид нь өөр салбарт ажиллаж байна. Мэргэжлийн хэл найруулгатай сайн зохиолын хомстолтой байгаа нь үнэн. Кино урлаг өөрөө санхүүжилт олоход хүнд салбар. Тиймээс уран бүтээлчид өөрсдөө зохиолоо бичих нь элбэг болжээ. Мөн найруулагч өөрийн санаагаа зохиолчтойгоо бүрэн ойлголцож гаргаж чадахгүй сөрөг тал ч ажиглагдаж байна.

-Кино урлаг нэг талдаа арилжааны салбар шүү дээ. Энэ талаар?

            -Бид чансаатай уран бүтээл хийхгүй бол үзэгчиддээ гологдоно. Үзэгчид шилдэг найруулагч, жүжигчидтэй бүтээлийг шууд үзэх боломжтой болсон. Жилд олон уран бүтээл шинээр "төрж", тэндээсээ шигшигдээд явж байгаа. Сайн бүтээл хийсэн нь үр шимээ хүртэнэ. Харин жаахан тааруу нь бидний мэдэхгүй их том хичээлд сууж байгаа. Өөрийн цаг хугацаа, санхүүгээрээ "сургалтад" суусан гэсэн үг. Нэг удаа алдсан хүн дараагийн удаа сэдвээ зөв сонгож, зохиолоо сайн хөгжүүлж, бодолтой юм хийнэ шүү дээ. Энэ чинь арилжааны бичигдээгүй “хууль”.

-Сайн бүтээлд цаг их орно. Тэгвэл яаж амьдралаа залгуулах юм бэ гэдэг асуулт гарах нь?

       -Урлагийн сургууль төгсөөд шууд гол дүрд тоглох санал хэрэг барагтай авахгүй шүү. Тасралтгүй гол дүр авдаггүй л юм бол уран бүтээлд оролцоотой байсан ч амьдралаа авч явах хэмжээнд очтлоо удна. Жилд дунджаар гурван уран бүтээлд орлоо гэж бодсон ч үүгээр амьдралаа залгуулаад явах боломжгүй. Тиймдээ ч уран бүтээлчид өөр бизнес хийх, бараа бүтээгдэхүүн сурталчлах ажил хийж байгаа. Үүнийг буруутгах аргагүй. Зах зээл нь өөрөө жижигхэн, мэргэжлийн үнэмлэмж муу байна шүү дээ. Дээрээс нь манайхан урлагийн салбараа их үгүйсгэдэг. Гэвч манайх шиг стресттэй оронд урлаг нэн хэрэгтэй. “Урлагийнхан гэж алиа салбадай нар, Тэдэн шиг хэрэггүй хүн байхгүй. Муу сайн амархан аргаар мөнгө олсон лайвчид” гээд эхэлнэ шүү дээ. Гэхдээ урлаггүйгээр дэлхийг төсөөлөх хэцүү. Олимпын наадмыг урлагийн тоглолт нээж байна. Дэлхийн томоохон орнууд хамтлаг, дуучид, жүжигчдээрээ дамжуулан эх орноо сурталчилж байна. Хүүхдүүдээ багаас нь урлагаар хүмүүжүүлж байна.

-Тэгвэл таны цензурт нийцэж байгаа уран бүтээлч хэн байна вэ?

            -Найруулагч С.Бямба, Д.Бямбасүрэн, Ж.Сэнгэдорж, П.Лхагвадулам нар байна. Залуу үеэс гэвэл “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир байна. Уран бүтээлүүд нь эх оронч үзэл, бадрангуй байдлыг харуулсан. Эх орноо хайрлах, түүхээ хайрлах сэдэл өгсөн бүтээл хийж байгаа. Мөн Б.Баатар гадны уран бүтээлчтэй хамтарч хийж байна. МУГЖ Ш.Доржсүрэн ахын хүү Д.Эрдэнэбулган байна. Ер нь чадвартай найруулагч бол олон бий. Бид хуучин цагийн хүмүүс  мундаг байсан гэж ярьдаг. Гэхдээ одоо байгаа хүмүүсээ хайрладаггүй гэмтэй.

-“Toonot pictures”-ийн тухай дэлгэрэнгүй яриа дэлгээч?

       -Бид БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтарч “Сүүдрээр гэтэгч”, “Зургаан чөтгөр” уран сайхны кино хийсэн. АНУ-ын найруулагчтай хамтран “Говийн дуу хоолой” зэрэг гурван баримтат уран сайхны кино хийлээ. Мөн хүүхдүүдэд “Урлагийн боловсрол олгох хөтөлбөр” гэх сургалт орж байна. Өөрийгөө нээх, гоо зүйн мэдрэмжтэй болох, авьяасаа нээх, хэл яриагаа хөгжүүлж, тулгамдаж буй асуудалд нь туслах зорилготой.

-“Урлагийн боловсрол олгох хөтөлбөр” гэхээр илүү өргөн хүрээнд хичээл ордог гэсэн үг үү?

            -Урлагийн найман төрлийн хичээл орно. Жүжиглэх ур чадвар, дуу хоолой, яриа, дуулах ур зүй, бүжиг, театрын урлаг, үндэсний өв соёл, хөгжмийн боловсрол, уран зургийн боловсрол заана. Хүүхдүүд маань ирээдүйд өөр мэргэжлээр ажилласан ч хэрэг болох ур чадвар, түүхийн ондоошлоо мэдэрч, суралцдаг. Мөн зун, өвлийн амралтаараа хөдөө гарч морь унаж, сур харваж сурдаг. Жюү жицүгийн спортоор хичээллэж байна. Одоо залуус гадагшаа олноороо сурах тэмүүлэлтэй болчихсон цаг үе. Гаднын өндөр боловсролтой болох хүсэл эрмэлзлэлийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ эх хэлээрээ зөв цэгцтэй ярьж чаддаггүй, ардын аман зохиолоо бүр мэдэхгүй түвшинд байна. Бид эхлээдхүнээ  хөгжүүлээд авчихвал бүх зүйл сайхан болно. Тиймдээ ч өв соёлын хичээл түлхүү орж байна.

 Харин гүнцгий шатанд илүү урлагийн өгөгдөлтэй, тууштай, яг урлагийн хүн болох хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд үлдэнэ. Тэгээд олон улсын жишгээр артистын гэрээ байгуулж, багаас нь урлагийн салбарт бэлдэж байна. Тэгж байж сайн уран бүтээлчид гарна гэж би итгэдэг. Манай сургалтаас эхнээсээ уран бүтээлд тоглож, манлайлж эхэлсэн хүүхдүүд ч бий. 18 наснаас мэргэжлийн сургуульд нь сурч эхлэхээр урлагийн хүний хувьд оройтоод байх шиг санагддаг. Багаас нь суурь хүмүүжил, амьдралын хэмнэл, ёс зүйг нь зөв залсан тохиолдолд ирээдүйд хаана  ч гологдохгүй чансаа өдөр уран бүтээлч болох замнал нээгдэнэ гэж итгэж байна.

Л.Лхаасүрэн багш эрх дураараа, эр хүн шиг, эрхэмсэг, бардам хүн байсан

 

-Та МУГЖ Л.Лхаасүрэн багшийн шавь байх аа. Багшийнхаа тухай дурсамж дэлгээч?

      -Би СУИС-ийг Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхаасүрэн багшийнхаа удирдлага дор найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн. Монголчууд бидний багшийг “Гарын таван хуруу” уран сайхны киноны Шагдарын дүрээр нь сайн мэднэ. Энэ жил багшийн мэндэлсний 80 жилийн ой болж байгаа. Манай студийн суралцагчид багшийн “Сар нуугдсан шөнө” жүжгийг тавдугаар сард цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд тоглохоор бэлдээд явж байна. Ер нь багшийхаа бүтээлийг өөрийн шавь нараар дамжуулан үзэгчдэд сэргээн үзүүлэхийг зорьж байгаа. Бид багшийнхаа үзэл санаа, хүн чанарын охь болсон сургаалиудыг ирээдүйн уран бүтээлчдэд өвлүүлэн үлдээх үүргийг нэр төртэйгээр биелүүлэх болно.

-Л.Лхаасүрэн багшийг ард түмэн сайн жүжигчин, найруулагч гэдгээр нь андахгүй. Харин багшийнхаа талаарх дурсамжаас хуваалцвал?

         -Багш минь жинхэнэ хүний төлөө хүн байлаа. Шавь нараа эхлээд хүн байхыг зааж сургасан. Хүн чанартай байж сайн уран бүтээлч болно хэмээн сургадаг байлаа. Оюутан нь өлссөн харагдах юм бол “Чи нэг хоёр пирошки аваад идээдэх дээ, нөхөр минь” гээд мөнгө өгөөд явуулдаг байлаа. Зарим нь төлбөргүй болоод хөөгдөх дээрээ тулсан үед өмнөөс нь төлж өгсөн нь ч бий. Амьдрах газаргүй болсоныг нь гэртээ байлгадаг байлаа. Нэлээд хэдэн оюутан багшийнд өөрийн гэр шиг амьдардаг байсан юм.

Багш биднийг жинхэнэ уран бүтээлч байлгахыг төлөө бүхнээ зориулдаг байсан. Оюутнуудаа өдөр бүр шинээр нээх гэж  шинэ зүйлс хийлгэнэ. Бие даах чадварыг тултал суулгаж өгдөг байлаа. Биднээр жүжиг бэлдүүлээд, сургуулиудаар тоглуулдаг байлаа. Өвөл, зуны амралтаар хүртэл өөрөөсөө санхүүжилт гаргаж, оюутнуудаараа уран бүтээл хийлгэдэг байсан юм. Бид нартай хамт кино, жүжгийн зохиол бичнэ. Бидний ур чадварыг хөгжүүлэх гэж тэр шүү дээ. Ардын жүжигчин Б.Дамчаа, Ж.Оюундарь, МУГЖ Ч.Алтан-Өлзий зэрэг жүжигчдийг урьж авчираад хичээл оруулна. 

Тэгж багш бид нарыг практик дээр сургаж, уран бүтээлч өдөөлт хийдэг байлаа. Харин сүүлд СУИС-ийн удирдлагууд “Л.Лхаасүрэн гэж хүн хэдэн оюутнуудаа ашиглаж мөнгө оллоо” гэж ташаа мэдээллүүд түгээж байсан. Яг үнэндээ бараг өөрөө өрөнд ороод үлддэг байсан даа. Гэтэл бодит байдал дээрээ хэдэн шавь нар хөгжиж, туршлагажиж үлджээ гэдгийг бид хожим ойлгосон.

-Багштайгаа хэрхэн танилцаж байсан түүхээсээ хуваалцаж болох уу?

      -Анх би багшдаа "хөөгдөж" байсан юм шүү дээ. Би яагаад ч юм СУИС-т ормоор санагдаад “Тэр цагаан үстэй. Шагдар гэдэг хүнд хэн гэдгээ харуулна” ухааны юм бодоод шалгалтаа өгч байсан. Эхний шатандаа тэнцсэн. Харин ур чадварын шалгалтын хоёрдугаар шатанд намайг хасчихсан юм.  Тэгээд дэд захирлын өрөөнд ороод үнэхээр чин сэтгэлээ гуйж байгаад сургуульдаа орчихсон.  Тэр үед сургалтын төлбөр ч байгаагүй.  Заа тэгээд хичээл эхэллээ. Багш кино натураас буугаад ирсэн өнөөх хассан хүүхэд нь сууж байдаг.  Багш намайг “Арын хаалганы дурак чи яв. Төлбөрөө өгөөгүй чинь болж, тэр чинь дээр” гээд хөөж байлаа.

     Харин би гэдэг хүн үлдэх гээд гүрийж, хичээж өглөө. Сайн, муу хамаагүй бүхий л ажилд орно. Хаана л хүүхэд хэрэгтэй болно тэнд гүйж явна. Тэгээд арваннэгдүгээр сард нь ангийн дарга болсон. Тэгж багшийнхаа хайртай шавь нарын нэг болсон. Зэмлүүлж явснаа би нээх санадаггүй. Тэгж хөөгдөж орсон хүн хичээл зүтгэлээрээ багшдаа тоогдож эхэлсэн юм.

-Жүжигчин, найруулагчаар сурсан хүн яагаад багш болчихсон юм бэ?

       -Багш надад “Чи сургуулиа төгсөөд багш бол. Гуч гараад жүжигчин, дөч гараад найруулагч хийнэ” гэж байлаа. Тухайн үед залуу ч байсан “Би багш болоод яахав дээ” гээд инээж байсан. Багшийн хүү Л.Энхбаатар ах маань “Харцага” дээд сургуульд уриад, багшилж эхэлсэн. “Чонын алтан шагай” уран сайхны киноны Баярын дүрд 30 настай тоглосон. Тэр дүр минь ч намайг урлагт таниулсан. Одоо 40 гараад кино найруулаад явж байна. Ингээд бодохоор багш минь яг л хэлсэн байгаа юм. Би Л.Лхаасүрэн багш шигээ үнэ цэнтэй уран бүтээлч, багш байхыг хүсдэг. Одоо өөрөө шавьтай болоод багшийнхаа арга барилаар ажиллаж байна. Тэр нь ч онож байгаа гэж хардаг.

-Таны багш шавь нартаа юуг илүүтэй захидаг байв?

       -Эхний улирал энэ хүүхдээс юм гарахгүй нь гэсэн хүүхдээ шууд хасна. Цөөхөн хэдхэн хүүхэд л үлддэг. Манай анги гэхэд долоохон хүүхэд төгссөн. Багш хэлэхдээ “Би та нарын цаг хугацаа, мөнгийг аварч байна. Бас хайртай урлагаа аварч байна” гэдэг байлаа.  Багш “Би их харгис школтой хүн. Юу ч мэдэхгүй хүүхдийг шууд үзэгчдийн өмнө гаргадаг” гэнэ. Оюутнаа эхлээд жүжиглүүлнэ. Дараа нь онолын үүднээс тайлбарлана.

-Та багшийгаа хувь хүний хувьд ямар хүн байсан гэж тодорхойлох вэ?

         -Багш минь сайн аав, нөхөр, хүү байсан. Багшийнхаа тухай ярих зүйл их бий. Бид хоёр хэдэн өдөр ярих биз  ээ. Эрх мэдэлтэй, өндөр боловсролтой эсвэл ядуу зүдүү, архичин, хоригдол хэн ч байсан багш ялгалгүй харьцдаг. Сайд, дарга, сургуулийн захирал байсан шууд нүүрэн дээр нь үнэнг нь палхийтэл нь хэлнэ.  Соёл Урлагийн Их Сургуульд болохгүй зүйл гарвал “Намайг ажлаас халах байх” гэсэн айдасгүй, үнэнг хэлдэг.  Тийм эрх дураараа, эр хүн шиг, эрхэмсэг, бардам хүн байсан.  Тийм учраас урлагийн салбарынхан багшийг минь хүндэлдэг. Харин ард түмэн дүрийг нь хайрладаг, үзэн яддаг. Тэр хэмжээний үнэ цэнтэй амьдарсан даа, багш минь...

-Багшийгаа алдах мэдрэмж хүнд туссан байх даа?

-Бид төдийгүй монголын урлагт том гарз, эмгэнэл байсан. Багшийг бурхан болоход хүү Л.Энхбаатар ах над руу залгасан юм. МУГЖ Ж.Мөнхсайхан бид хоёр хамгийн түрүүнд гүйж очсон. Багшийнхаа чандарыг түшээд, сүүлчийн замд нь үдэж байлаа. Шавь нараас нь намайг оролцуулсан юм.  Тийм  дотно хэмжээнд байсан. Ер нь энэ хорвоод сайн багштай болно гэдэг том аз гэж боддог. Миний амьдралдаа олж авсан сайн багш нараас Л.Лхаасүрэн багш минь намайг өөрийгөө олж, хүмүүжиж, урлагт үлдэхэд тусалсан. Хэрвээ би багштайгаа учраагүй хаана юу хийж явах юм бүү мэд.  Одоо багшийнхаа 80 жилийн ойг сайхан хийж, үйл хэргийг нь үргэлжүүлж явахыг зорьж, хичээж явна даа.

-Багшийнхаа дүрүүдээс хамгийн хайртай нь юу вэ?

            -Багш минь “Гарын таван хуруу” киноны Шагдар, “Тус биш ус” киноны Осор, “Төгсгөл”-ийн Мөнхөө, “Ацаг шүдний зөрөө”-гийн соривт, В.Шекспирийн “Ромео Жульетта”-гийн Ромео, Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”-ын Корчагин зэрэг тайзны 100 гаруй дүрийг бүтээсэн байдаг. Багшийн бүтээлүүдийг хараад байхад харцаараа тоглодог жүжигчин байсан санагддаг. Ямар мундаг эрэл хайгуулч, бүтээлч, хөдөлмөрч хүн байсан юм бэ гэж боддог. Хүүхэд Залуучуудын Театрт олон ч жүжиг найруулж байлаа. Дарханы театрыг үүсгэн байгуулсан. Дэлхийн сонгодог жүжгүүдийг орчуулж, тайзнаа амилуулсан. Эрдэм шинжилгээний бүтээлүүд гаргасан. Мөн олон арван ном, зохиол хэвлүүлсэн.  Ингээд бодохоор урлагт бүхий л сэтгэлээ “асгаж”, амьдралаа зориулсан хүн.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.


Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-10 09:22:47
    Зочин: Хүний тусыг мэддэг сайн залуу байна. Сайн сайхныг хүсэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-10 09:07:56
    Зочин: Хүний тусыг мэддэг сайн залуу байна. Сайн сайхныг хүсэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-04 23:47:06
    Ganaa: EHLEED NAADMUUHAI SAHALSHUU YUMAA AV
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188