• Өнөөдөр 2025-02-05

НАЙРУУЛАГЧ Р.ЭРХЭМБҮРЭН: Кино дууссан ч дүрүүд амьдарч байдаг. Тиймээс бид бүтээлээ төгсгөдөггүй

2024-09-24,   856

      OI энтертайментын найруулагч Р.Эрхэмбүрэнг бид  "Хүсэл", "Солонго, Үүл", "No Rules", "Номер I" зэрэг киног найруулснаар нь мэдэх билээ. Тус продакшны 10 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд ойгоо угтаж "3 дахь цохилт" киногоо нээж буй юм. Түүнтэй ярилцлаа.

-"3 дахь цохилт” кино өмнөх бүтээлүүдээс нь юугаараа онцлог байна вэ?

        -Баярлалаа. Энэхүү кино маань манай OI энтертайментын 15 дахь бүтээл. Бидний хувьд өмнө нь хөндөж байгаагүй сэдэв. Уран бүтээлчдийн 50-60 хувь нь БНХАУ-ынх, зураг авалтын 90 гаруй хувь нь Хятадын Чаньчүн хот болон тэндэхийн хоёр, гурван тосгонд хийгдсэн.

-Арван жилийн хугацаанд хийсэн бүтээлүүдээ эргээд нэг харахад ямар санагддаг юм байна. Анх тавьсан зорилгынхоо хэдэн хувьд нь хүрсэн байна вэ?

        -Тийм ээ. Манай энтертайментын 10 жил ирэх онд болно. Анх 2015 онд “Хүсэл” нэртэй кино хийж эхэлснээс хойш олон ангит дөрвөн цуврал, арав орчим уран сайхны кино хийсэн байна. Мэдээж бид бүтээлээс бүтээлийн хооронд хөгжиж, суралцаж байгаа. Аль болох том зорилго тавьж ажиллахыг хичээдэг. Тэр ч үүднээс зорилгоо эхнээсээ биелүүлээд явж байна. 10 жил урт хугацаа юм шиг хэр нь сурч боловсорч, зорьсон зорилгынхоо төлөө явахад тийм ч их хугацаа санагдахгүй байна. Сурах зүйл их байна.

-Мэдээж кино бүр нь өөр өөр санаа, сэдвийг хөндөж байгаа. Гэхдээ найруулагчийн хувьд бүтээлүүддээ ямар санааг шингээхийг зорьдог вэ?

       -Хийсэн кинонуудаа харахад, ихэнх нь хүний итгэл, нөхөрлөлийн тухай өгүүлсэн байдаг. Итгэлийн тухай харуулъя гэж зориогүй ч аль нэг дүр, эсвэл хэлэх санаанд итгэлийн тухай дуугарсан байдаг. Хүний итгэл бол хэмжиж болохгүй сэтгэлийн нэгэн илэрхийлэл шүү дээ.

-“3 дахь цохилт” киноных нь постер, богино рекламыг үзэхээр сүүлд гарсан уран бүтээлүүдтэйгээ төстэй ч юм шиг. Ялангуяа дүрийн хувьд өөрчлөлт бага байх шиг ажиглагдсан?

    -Магадгүй ижил санагдаж болох юм. Бидний хувьд нэлээд өөр. Кино үзэхээр ондоо гэдэг нь мэдэгдэх байх.

 -Найзууд хамтраад уран бүтээлээ хийхээр нэгэндээ найдах, хэт дундаа орох сул талтай байдаг. Уран бүтээлдээ орсон үедээ нэгэндээ хатуу шаардлага тавих уу?

       -Бидний хувьд санал зөрөлдөх, нэгнийхээ үгийг үл хүндэтгэх асуудал байхгүй. Анхнаасаа ийм зарчимтай ажиллана гэдгээ тохирсон учир одоог хүртэл хэн ч “Би ийм дүр авахгүй, би ингэмээр байна” гэж өөрийнхөөрөө аашилдаггүй. Яагаад гэвэл кино бол баг, хамт олны ажил шүү дээ. Тэр ч утгаар бүгд өөр өөрсдийн хийх зүйлийг хийдэг, тиймдээ ч бид арав орчим жил хамт яваа байх.

 -Найруулагчийн зүгээс уран бүтээлчдээ тодорхойлж, онцлог чанараас нь бидэнтэй хуваалцаж болох уу. Түүнээс гадна “Нэг уран бүтээлчээ л гол дүрд сонгоод байна. Бусдыг нь тоглуулж яагаад болдоггүй юм” гэх үзэгчдийн сэтгэгдэл ч бий шүү дээ?

        -Бүгд өөр өөрсдийн онцлогтой. Амьдрал дээр ч гэсэн хүн бүр ондоо шүү дээ. Уран бүтээлчдийн онцлогийг найруулагч хэлэхээс илүү тэд өөрсдөө авьяас, чадвараа тоглож байгаа уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд илүү харуулж байгаа байх. Дүр сонголтын тухайд зохиолд гарах дүрүүд, эерэг, эсрэг талын байдал, нүдний харц гээд олон зүйл нөлөөлдөг. Тухайн зохиолд бичигдсэн дүр ямар зан чанартай, аль жүжигчинд илүү тохирох вэ гэдгийг л харж сонгодог.  

-Магадгүй та бүхэн адилхан уран бүтээлч хүмүүс ээлжлээд киногоо найруулаад явж болох шүү дээ. Харин таны хувьд эхнээсээ одоог хүртэл найруулагчаар нь ажиллаж байна гэдэг хамт олон нь танд илүү итгэл хүлээлгэж байгаа хэрэг байх?

          -Тийм ээ. Надад итгэж байгаа итгэл л байх. Би ч тэднийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээж ажилладаг. Магадгүй нээрээ хэн нь ч нэг өдөр кино бүтээл хийхийг үгүйсгэхгүй. Миний хувьд СУИС-ийг төгсөөд сонгож ажилласан төрөл нь найруулагч. Тухайн үед ах нарыг дагаад туслах найруулагчаар ажиллаж байсан минь намайг дурлуулсан байх.

-Найруулагчаар ажиллахад амттай зүйл нь юу вэ?

     -Алдсан ч, оносон ч цэвэр өөрийнхөө ертөнцөөр үзэгчдийг аялуулж чаддаг хүн бол найруулагч. Хүмүүс миний ертөнцөөр аялж, баярлаж, гуниглаж, уйлж, дуулж байна гэдэг л хамгийн сайхан.

-Та бүхний хийж буй уран бүтээлүүдийн төгсгөл үзэгчдэд хүлээлт үүсгэдгээрээ онцлог юм шиг санагддаг. Кино, зохиол бүхэн аз жаргалтай болоод, эсвэл бүх зүйл нь тодорхой болоод төгсдөг шүү дээ. Гэтэл танай бүтээлүүд эсэргээрээ байдаг нь найруулагчийн шийдэл үү?

      -Тийм ээ. Тэр бол найруулагчийн шийдэл. Хүн бүрийн амьдрал заавал цэгцэндээ орж аз жаргалтайгаар дуусдаггүй. Киноноос бид хүний амьдралын нэг хэсгийг л харж байгаа шүү дээ. Кино дууссан ч дүрүүд амьдарч байдаг. Тиймээс бид бүтээлээ төгсгөдөггүй.

-Кинонуудынхаа зохиолыг та мөн өөрөө бичсэн байдаг. Уран бүтээлчидтэйгээ ярилцаж бичих үү. Эсвэл ганцаараа төвлөрч байгаад бичдэг үү?

      -Ихэнх уран бүтээлийнхээ зохиолыг би бичсэн. Сүүлийн үед найруулагч А.Баттүшиг ахтайгаа зохиолын хөгжүүлэлт дээр хамтарч байна. Мэдээж бид бүх зүйлийг багаараа хийдэг учир санал солилцоно. Гэхдээ зохиол хөгжүүлэлт, бичилт дээр хүн оролцуулдаггүй. Яагаад гэвэл, уран бүтээлчид маань өөрсдөө тоглох учир бусад зүйлээ хийдэг. Зохиол бичсэний дараа харин дүр болоод бусад зүйл дээр ярилцана.

-Залуу уран бүтээлчдийн хувьд кино хийхэд тулгарч буй гол асуудал нь юу байдаг вэ?

    -Мэдээж санхүү. Гэхдээ одоо нэг үеэ бодоход санхүүгийн асуудал харьцангуй гайгүй болсон. Учир нь кино продюсерын компаниуд гараад ирсэн. Үнэхээр сайн, чанартай кино төсөл байх юм бол аль ч компани хамтарч байна. Харин кино хийхэд одоо тулгамдаж буй гол асуудал бол боловсон хүчин, кино багийн асуудал. Хэчнээн хөрөнгө санхүү нь байлаа гээд хийж, гүйцэтгэж чадах хүн нь байхгүй байгаад байна. Нэг ёсондоо арын албанд ажиллах мэргэжлийн хүмүүс нь ховордсон. Ихэнхдээ жүжигчнээр төгссөн залуус ажилладаг ч академик чадвар нь байхгүй болохоор хэцүү байдаг. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийг нь бэлдэх нь чухал байдаг.

-Богино хугацаанд хийсэн бүтээл чанаргүй, удаан нухаж хийсэн нь чанартай гэсэн ойлголт байдаг. Энэ тухайд та уран бүтээлчийн хувьд ямар бодолтой байдаг вэ?

        -Хоёр талтай. Удаан ажиллаад, олон жил зохиол дээрээ суугаад, олон хүнтэй баг болон ажиллаж, зураг авалт нь хэдэн сар үргэлжлэхээр сайн уран бүтээл болдог гэсэн үг биш. Тухайлбал,  зохиолч С.Оюун гуай “Тань руу нүүж явна” киноны зохиолыг хурдан хугацаанд бичсэн гэдэг. Тэгэхээр богино хугацаанд хийсэн нь чанаргүй гэдэг бол өрөөсгөл. Хамгийн гол нь хугацаандаа биш, тухайн уран бүтээлд хандаж байгаа хандлага, уран бүтээлчдийн чадвар чансаанаас шалтгаалж байгаа зүйл.

-Та баг, хамт олноо нэг зүйлтэй зүйрлээч гэвэл юутай зүйрлэх вэ?

        -Бид бол улаан өнгөтэй бенз. Хэзээ ч, ямар ч үед салхи сөрж, хагалж явах ёстой, хэзээ ч зогсохгүй тийм л хамт олон.

 -ОI энтертайментын  залуус Монголын кино урлагийн хаана нь хүрэхээр зорьж яваа вэ?

        -Бидний нэг онцлог бол бид хийхийнхээ өмнө хэзээ ч цээжээ дэлдэж, зорилгодоо хүрээгүй байж зорилгоо ярьж онгирдоггүй. Хийснийхээ дараа харин ярих дуртай. Бидний нөхөрлөл бол насан туршийнх. Манай энтертаймент харин хэр удаан үргэлжилж, хаа хүрэх нь цаг хугацааны асуудал. Магадгүй “Харанга” хамтлаг 35 жилийн ойгоо хийж байгаа шиг, бид бүр 50, 60 жил болохыг ч үгүйсгэхгүй. Бидний хүсэл бол өөрсдийн бодож, төлөвлөж байгаа эхний 10 жилийн уран бүтээлээ ямар ч байсан хийчихээд ард нь бид OI энтертайментынхаа логонд өөр зүйл байрлуулах юм.

  Тун товчоор түүнээс энэ хэдэн асуултад хариулт авсан юм.  Тэр болон түүний уран бүтээлч нөхдийн хийж, бүтээж, зорьж яваа өнгө төрх кино урлагт тод ялгарч харагддаг. Р.Эрхэмбүрэн найруулагч уран бүтээлч нөхдийнхөө авьяас чадварыг хурцалж, үзэгчдийн өмнө сонин содон дүр, ааль араншингаар дэлгэн үзүүлж чаддаг гэдгийг үзэгчид андахгүй. Тэр хамт олноороо хамтдаа хөгжиж, цаашид ч эв нэгдэл, эрх чөлөө дүүрэн олон сайхан бүтээл хийнэ гэдгээ ийн итгэл дүүрэн ярьж байв.


НАЙРУУЛАГЧ Р.ЭРХЭМБҮРЭН: Кино дууссан ч дүрүүд амьдарч байдаг. Тиймээс бид бүтээлээ төгсгөдөггүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188