• Өнөөдөр 2026-05-04

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ

       Ардчиллаас хойших төрийн түүхэнд хамгийн удаан засагласан Ерөнхий сайдын рекордыг Н.Энхбаяр дөрвөн жил 25 хоногоор тогтоож, 21 жил эзэмшсэн. Түүнд хамгийн ойр нэхэж очсон нь гурван жил 115 хоногтой У.Хүрэлсүх. Уг нь “Өргөө” амаржихаас гарсан тэр нэгэн үл таних эмэгтэй тавчикаа тайлж, гутлаа углачихсан бол, Төрийн тэргүүн болох хүсэлдээ хөтлөгдөн өөрөө жолоогоо татаж, дөрөөгөө мултлаагүй бол Н.Энхбаярын энэ рекордыг У.Хүрэлсүх эвдэх нь тодорхой л байсан. Тэгвэл өнгөрөгч хоёрдугаар сарын 22-нд Н.Энхбаярын 21 жил эзэмшсэн рекордыг Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор эвдчихлээ. Одоо тэр хамгийн удаан засаглаж байгаа Ерөнхий сайд рекордыг эзэмшигч. Сонирхуулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хоёр хүү хоёулаа хоёрдугаар сарын 22-нд мэндэлсэн байдаг юм. Хоёр хүүгийнхээ төрсөн өдөрт зориулсан бэлэг ч юм шиг тун сонин давхцал нь энэ мэдээ байлаа.

      Ийнхүү бид Бэрх хэмээх тосгонд өссөн, амаргүй хэмээх амны уншлагатай Л.Оюун-Эрдэнэ хэмээх Ерөнхий сайдтайгаар дөрвөн жил гаруйг үдэж байна. Тэр энд ч ирж “заамдалцаад”, тэнд ч очиж “зодолдоод”, өнгөрсөн дөрвөн жил гаруй ёстой л дээр, дооргүй бужигнуулсан. Өнгөрсөн хугацаанд Төрийн ордныхон АТГ-аас айх, Л.Оюун-Эрдэнээс эмээх “эмгэг”-тэй болсон гэхэд хилсдэхгүй биз. Одоо түүнд ордонд ч, ордны гадна ч дайсан, дайсан болох боломжтой хүн бараг үлдээгүй, эвээр ч, эрх мэдлээр ч дарж авсан. Жишээ нь, Төрийн ордноос Төв аймаг дахь жүчээ рүүгээ хөөгдсөн М.Энхболдыг Л.Оюун-Эрдэнийн өөдөөс тэрслэн босох ганц хүн гэж харж хүлээж байсан. Гэтэл өнөө М.Энхболд өдгөө Л.Оюун-Эрдэнийн мега төслийн зөвлөх нь болчихсон. Тэгээд болоогүй, Л.Оюун-Эрдэнэ саяхан М.Энхболдод Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэх тухлах тусгай автомашингүй, туслах шадар ажилтан ч үгүй, нэг ёсны сэнтийгүй сэтэр зүүлгэж, сэтгэлийн жаргал эдлүүлж эхлээд буй.

    Одоо Л.Оюун-Эрдэнэд Ц.Элбэгдорж хэмээх галзуу ганц “дайсан” тунаж үлдчихээд, ид үзэлцэж байгаа харагдах. Хаа холын АНУ-д амьдарч байгаа болоод ч тэр үү, Ц.Элбэгдорж Засгийн газрын төв оффис “Централ тауэр”-т биш, “Гэрэгэ тауэр”-т байрладаг болоод удаж байгааг одоо хүртэл мэдээгүй байх шиг.  Тиймдээ ч “Чиний тархинд би түрээсгүй амьдардаг” гэж их л том дуугарч харагдах. Энд байсан бол эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнэ түүний тархинд “амьдрах” байсан нь эргэлзээгүй. Одоо Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржийн мэддэг асан, МАН-ын ах нарынхаа үгээр үстэй дээл өмсөөд л төв талбай руу гарчихдаг “хүүхэд” биш болсон л доо. Гол нь, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёрын туулсан намтар, толгойдоо бодож сэтгэсэн бүхэн нь гайхмаар адилхан. Монгол төрийн түүхэнд тэдэн шиг ихэр мэт тохиол тавилантай Ерөнхий сайдууд байсангүй, байх ч хэцүү.

       Тэд хоёулаа сэтгүүлч мэргэжилтэй. Хоёулаа Харвардын харьяа Төрийн удирдлагын сургуулийг төгссөн. Тэгэхдээ Л.Оюун-Эрдэнийг Харвард руу хөтөлсөн хүн нь Ц.Элбэгдорж. Яаж гэхээр, Ц.Элбэгдорж 2002 онд Харвардаас ирээд “Нүүх үү, Үлдэх үү” нэртэй лекцийг энд тэнд уншиж, телевиз, радиогоор дамжуулдаг болсон. Түүний “Нүүх үү, Үлдэх үү” лекцийг дамжуулах явцдаа тасралтгүй сонсдог байсан Гэр бүлийн радио 104.5-ийн хөтлөгч Л.Оюун-Эрдэнэ Харвардад сурах мөрөөдөлтэй болж, түүндээ хүрсэн түүхтэй. Хоёулаа христийн шашнаар амьдралаа босгосон. Цухас дэлгэрүүлэхэд, Ц.Элбэгдорж Монголын анхны христийн шашны суртал ухуулгын “Ийгл” телевизийг АНУ-ын санхүүжилтээр байгуулж байлаа. Харин Л.Оюун-Эрдэнэ христийн шашныг сурталчилдаг хамгийн том байгууллага болох “Дэлхийн зөн”-д зургаан жил ажилласан, бүр пастор гэгдэж явсан ч үе бий. Тэр 2005 онд “Алсын хараа” номоо ч христийн “Ариун библи”-ээс эш татаж бичсэн, тус номонд библи унших зөвлөмж хүртэл бий. Хоёулаа төв талбайд жагсаж төр, түмэнд танигдсан. Хоёулаа хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдсон. Хоёулаа хоёр дахь Засгийн газраа Хамтарсан Засгийн газрын бүтцээр байгуулсан. Тэгээд бүр Ц.Элбэгдорж 2004 онд Ерөнхий сайдаар томилогдохдоо 41 настай, Л.Оюун-Эрдэнэ 2021 онд Ерөнхий сайдаар томилогдохдоо бас 41 настай байлаа.

      Ц.Элбэгдорж Хархориныг, Л.Оюун-Эрдэнэ Хэнтийг аялал жуулчлалын бүс болгох төсөл санаачилж, түүнийгээ зүтгүүлсэн. Ц.Элбэгдорж Ирээдүйн өв сангийн хуулийг, Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн хуулийг санаачилж, түүнийгээ батлуулсан. Агуулга нь яв цав адилхан. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа буюу 1998 оны наймдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-т Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч\БЭТ\-өөр хувьсгалын хамтрагч Л.Дорлигжавыг томилон илгээж байв. Өөрөөр бол, Бүрэн эрхт төлөөлөгч томилох “туршилт” хийсэн анхны Ерөнхий сайд нь Ц.Элбэгдорж. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсныхоо дараа жил буюу 2022 оны аравдугаар сард “Эрдэнэс тавантолгой”-д Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр нутгийн ах Ж.Ганбатыгаа илгээсэн байдаг. Тэртээ 1998 онд “Эрдэнэт үйлдвэр” энэ улсын хамгийн том компани байлаа. Харин одоо бол “Эрдэнэс тавантолгой” том нь. Өөрөөр бол, Ц.Элбэгдорж, Л.Оюун-Эрдэнэ хоёр хоёулаа эрх мэдэлд очмогцоо тухайн үеийнхээ хамгийн том компанид эзэн суухаар “фокусласан”, тэгэхдээ хоёулаа Бүрэн эрхт төлөөлөгч томилох технологи  ашигласан гэсэн үг л дээ. Цаашлаад, Ерөнхий сайдаар томилогдохдоо “Авлига, хулгайтай хатуу тэмцэнэ” гэж яг адилхан амлалт өгсөн хоёр Ерөнхий сайд байдгийн эхнийх нь Ц.Элбэгдорж, удаах нь Л.Оюун-Эрдэнэ юм. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж, улмаар УИХ-аас Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, уг хуулийн дагуу 2007 онд Авлигатай тэмцэх газар байгуулагдсан түүхтэй. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгож зарлаж, АТГ-тай хамтран авлигачид, хулгайчдыг намнах агуулгатай “5Ш” ажиллагааг эхлүүлж байлаа. Өөрөөр бол, Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржийн гишгэсэн мөр бүхэн дээр нь гишгэж, яг л түүний замналыг туушиж энд ирсэн гэдэг нь дээрхүүдээс тодорхой харагдаж буй биз ээ.

      Тэгвэл одоо Ц.Элбэгдорж төрийн түүхэнд үйлдэгдсэн бүх л том авлига, хулгайн хэргүүдийг гол зохион байгуулагч нь байсан гэгдэж буй. Түүнд холбогдох хэдэн арван хавтаст хэрэгт хууль хяналтынхны шүүгээнд хураалгаастай байгаа гэлцэх. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ-ны сахал Д.Эрдэнэбилэгт авч өгсөн гэх хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн зэсийн овоолгыг “AIC”-ийн П.Цагаанд авч өгсөн гэх хэрэг, Тавантолгойн бүлэг орд болон Гашуунсухайтын төмөр замыг “MCS”-ийн Ж.Оджаргалд авч өгөхийг завдсан гэх хэрэг, С.Зоригийн аллагыг захиалсан гэх хэрэг, Дубайн гэрээний хэрэг гэх мэтээр. Тиймдээ ч тэр өдгөө АНУ-д амьдарч буй. Хэдий Ерөнхийлөгч байхдаа хожим өөрийгөө “зугтаалгах” хонгил угсарсан гэгддэг ч тус хонгилынх нь тулаас “төмрүүд” аль хэдийнэ зэврээд, нурж ойчоод эхэлсэн. Эх орондоо ирэх нь эргэж гарахгүйгээ мэдсээр байж шоронгийн хаалгаа дотроос нь татахтай адил зүйл болчихоод байна, түүний хувьд. Тиймээс ч ирэхгүй байгаа гэх.

     Юу гэх гээд байна вэ гэхээр, Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч мэргэжил эзэмшиж, хожим Харвардад сурахаас эхлээд л Ц.Элбэгдоржийн замналаар амьдарч энд ирсэн. Нэгэнт л Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржийн туулсан зам, толгойдоо бодож сэтгэсэн бүхнийг нь өөрийн эрхгүй, огтын санамсаргүйгээр “хуулбарлаж” энэ хүртэл явсан бол авлига, хулгайн том хэргүүдийг хэрхэн зохион байгуулах арга тактикаас нь ч судалж суралцсан болж таарах гээд байгаа биз. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ одоо Ц.Элбэгдоржтой адилхан амаараа авлига, хулгайтай тэмцэх шударга ёсны тухай ярьж, харин цаагуураа бүх том авлига, хулгайн хэргүүдэд орооцолдож яваа юм биш биз. Тэгээд төгсгөлд нь Л.Оюун-Эрдэнийн холбогдсон хэргүүд нь хууль хяналтын байгууллагад овоорч, Ц.Элбэгдоржтой адилхан АНУ-д орогнож амьдрах болох юм биш биз. Өөрөөр бол, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёрын ихэр мэт тохиол тавилангийн төгсгөл нь ч бас адилхан байх юм биш биз. Энэ асуултын хариултыг уншигч танд бас цаг хугацаанд үлдээе. Доорх баримтуудыг уншаад дээрх асуултад дор бүрнээ хариулт олох биз ээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар хоёрыг хамаатан, бүр үеэлүүд гэж ярьж, бичицгээдэг. Гэхдээ яг яаж хамаатан болдог нь тодорхойгүй явж ирсэн. Тэгвэл одоо тайлбарлъя.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээж Л.Даваасүрэн 1980 онд түүнийг төрүүлснийхээ дараа Улаанбаатараас аав С.Лувсаннамсрай дээрээ буюу Хэнтий аймгийн Бэрх тосгонд нүүж очсон. Улмаар Л.Даваасүрэн Бэрхийн жоншны уурхайн уурхайчин А.Буянтогтох гэж хүнтэй ханилж, удалгүй Баярнэмэх гэх хүүтэй болсон. Ингэхдээ Л.Даваасүрэн том хүү Оюун-Эрдэнийгээ өөрийн аав С.Лувсаннамсрайгаар, бага хүү Баярнэмэхийгээ нөхөр А.Буянтогтохоороо овоглосон. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ ухаан орсон цагаас өөрийг нь өсгөж өндийлгөсөн А.Буянтогтохыг “аав” гэж дуудаж өссөн. 2016 онд анх УИХ-д нэр дэвшиж байхдаа “Миний аав Буянтогтох Бэрхийн уурхайн эгэл жирийн уурхайчин хүн байсан” гэж ярьсан нь бий. Тэгэхээр А.Буянтогтохыг цаашид Л.Оюун-Эрдэнийн хойд аав гэхээсээ аав гэж бичих нь зүйд нийцэх болов уу.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн аав А.Буянтогтох гэж хэн бэ.

    Хотын дарга Х.Нямбаатарын өвөө нь Цэдэвийн Арилд, аав нь Арилдын Хишгээ гэж хүн байсан. Харин Арилдын Хишгээгийн төрсөн эгч нь Арилдын Оросоо гэж хүн байсан. Өөрөөр бол, Х.Нямбаатарын авга эгч нь гэсэн үг. А.Оросоо нь зургаан хүүхэд төрүүлж, дөрвөн томыгоо аав Ц.Арилдаараа, хоёр багыгаа өөрөөрөө буюу Оросоогийн гэж овоглосон. Тэгвэл А.Оросоогийн том хүү, өвөөгөөрөө овоглодог Арилдын Буянтогтох нь дээр дурдсанчлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн аав юм.

    Тэгвэл Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнийн үеэл ах уу, авга ах уу. Аль, аль нь л зөв. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн аав А.Буянтогтох өвөө Ц.Арилдаараа овоглодог. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн аав Арилдын Буянтогтох, Х.Нямбаатарын аав Арилдын Хишгээ хоёр ургийн бичигтээ ах, дүү гэж бичигдэнэ. Энэ талаасаа бол Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг үеэлүүд гэх нь зөв. Гэхдээ үнэндээ А.Буянтогтохын ээж Арилдын Оросоо нь Х.Нямбаатарын аав Арилдын Хишгээгийн төрсөн эгч. Тэгэхээр А.Буянтогтох, Х.Нямбаатар хоёр жинхэнэ үеэл гэсэн үг. Харин Х.Нямбаатарын үеэл ах А.Буянтогтохын хүү нь Л.Оюун-Эрдэнэ. Энэ талаасаа бол, Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнийн авга ах гэх нь бас л зөв юм.

     Тэгвэл Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ анх хэрхэн танилцсэн бэ. А.Буянтогтох, Л.Даваасүрэн хоёр ханилж, хоёр хүүтэйгээ Бэрх тосгоны төвд ээж А.Оросоогийнхоо төрсөн дүү А.Хишгээгийнхтэй хамар хашаанд өрх тусгаарлан амьдрах болсон. Тухайн үед А.Хишгээгийнх мөн л Улаанбаатараас Бэрх тосгонд нүүж очоод байсан. Ингэж А.Буянтогтохын том хүү Л.Оюун-Эрдэнэ, А.Хишгээгийн том хүү Х.Нямбаатар хоёр анх танилцаж, хамаатан, бас хоёр насны зөрүүтэй хамар хашааны найзууд болж, хамт өсөж, Бэрх тосгоныхоо сургуульд хамт сурцгаах болсон түүхтэй. Хожим нь, хамтдаа МАН-д элсэж, тэгээд болоогүй, хамтдаа компани байгуулж, халаасаараа ч нэгдсэн. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн эхнэр Б.Туул нь 2006 онд өрөмдлөгийн “Бест дрийлинг” ХХК-ийг байгуулж, Х.Нямбаатарын төрсөн дүү Х.Нямбаяртай хамтран эзэмшдэг болсон. Ингээд 2016 онд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр УИХ-д хамт нэр дэвшсэн тул хамааралтай гэдгээ нууцлахын тулд “Бест дрийлинг” ХХК-ийн эзэмшигчээс Л.Оюун-Эрдэнийн эхнэр Б.Туул нэрээ хасуулсан байдаг. Одоог хүртэл “Бест дрийлинг” ХХК-ийг Х.Нямбаатарын төрсөн дүү Х.Нямбаяр эзэмшиж байгаа.

      Улмаар тэд 2016 онд хамтдаа УИХ-ын гишүүн болж, 2018-2019 онд МАН-ын дарга М.Энхболдыг улс төрийн тайзнаас унагах “МАНАН”-ын эсрэг жагсаалыг хамтдаа удирдаж, 2020 онд УИХ-ын гишүүнээр хамтдаа улирч, У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга, Хууль зүйд, дотоод хэргийн сайд болж мөн л хамтдаа багтсан. Ингээд 2021 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, Засгийн газартаа авга ах Х.Нямбаатарыгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нь улирааснаар тэдний хоршсон хаанчлал албан ёсоор эхэлсэн байдаг. Тэд Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хулгайн хэрэг, 5Ш ажиллагаа гээд авлига, хулгайтай тэмцэж буй гэх халхавчтай, гол нь ард түмнээр өөрсдөдөө алга ташуулах, Ардын намд ноёрхлоо бүрэн тогтоох агуулгатай “акц”-уудыг угсруулан зохион байгуулсан. Хоёр жил гаруй хамтдаа нохой шуугиулсны эцэст 2023 онд Л.Оюун-Эрдэнэ авга Х.Нямбаатарыгаа 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотын захирагч болгож, эдлэх эрх мэдлийг нь нугалж өгсөн. Өдгөө Х.Нямбаатар Улаанбаатар хотод хүссэн “туршилт”-аа явуулж, бордюр сольё гэсэн ч, зуух тараая гэсэн ч, зам тавья гэсэн ч, татвар нэмье гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ түүнд зөвшөөрч, төсвийг нь шийдэж өгч буй. Бэрх тосгоны тоост гудамжинд тоглож өссөн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын түүх товчхондоо ийм.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.НЯМБААТАР ХОЁРЫН ТӨРД “ШУРГАЛСАН” ХАМААТНУУД

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээжийгээ лам хүний ганц охин гэдэг. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ эцэг нэгтэй ах Б.Баатар, эх нэгтэй дүү Б.Баярнэмэх болон авга ах Х.Нямбаатараасаа өөр хамаатангүй мэт харагддаг. Нөгөө талаас, Л.Оюун-Эрдэнэ “Манай дүү төрд ажиллаж байсан. Би ЗГХЭГ-ын дарга болмогцоо дүүтэйгээ уулзаад “Нэг гэр бүлээс нэг нь л төрд ажиллая, чи төрийн албанаас гарчих” гэж гуйсан. Бас манай эхнэр нягтлан бодогч мэргэжилтэй, Монголбанканд нэг албан тушаалд томилж болох л байсан. Гэхдээ би тэгээгүй” гэж ярилцлага өгч байлаа. Өөрөөр бол, “Миний хамаатан саднаас нэг ч хүн төрд ажилладаггүй” гэж олон нийтэд ойлгуулж ирсэн хэрэг л дээ. Тэгвэл үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнэ тоймгүй олон хамаатантай, тэдний олонх нь төрд “шургалжээ”.

     Ээжийнх нь талаас эхэлье. Хэнтий аймгийн Батноров сумын уугуул Сэр-Одын Лувсаннамсрай лам 1958 онд Батноров сумынхаа Нансавын Дагдан гэдэг айлаас Даваасүрэн гэх зургаан сартай охиныг нь өргөн авч, өөрөөрөө овоглож өсгөсөн нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээж Лувсаннамсрайн Даваасүрэн юм. Хэдий Л.Даваасүрэн С.Лувсаннамсрайд үрчлэгдэж, айлын ганц охин гэгдэх болсон ч төрсөн ах, эгч, дүүстэйгээ тун дотно өссөн, өдгөө ч ялгаагүй. Тухайлбал, төрсөн эгч Д.Дарьсүрэн, Д.Хишигсүрэн, Д.Дуламсүрэн, ах Д.Доржсүрэн, Д.Нямсүрэн, төрсөн дүү Д.Баярсүрэн, Д.Мөнхтуяа, Д.Мөнхбаяр гээд өнөр олуулаа. Л.Оюун-Эрдэнийн ээж Л.Даваасүрэнгийн төрсөн эгч Д.Дуламсүрэн гэж хүн байсан. Д.Дуламсүрэнгийн том охин Ишийгудаагийн Ариунаа Дорнод аймагт математикийн багшаар ажиллаж байгаад 2018 оноос Хөгжим бүжгийн коллежийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа. Д.Дуламсүрэнгийн хүү И.Ариунболд нь 2016 оноос Л.Оюун-Эрдэнийн туслахаар ажилласан. Одоо И.Ариунболд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанд харьяалагддаг бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хаа ч дагуулж явдаг хувь, хувьсгалын гэрэл зурагчнаар нь ажилладаг.

   Д.Дуламсүрэнгийн хүү И.Ариунбаатар нь Ашигт малтмал, газрын тосны газрын Лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Л.Оюун-Эрдэнийн ээж Л.Даваасүрэнгийн төрсөн эгч Д.Дарьсүрэн гэж хүн байсан. Д.Дарьсүрэнгийн хүү Адилбишийн Наранбаатар Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум дундын шүүхийн Ерөнхий нягтлан бодогч. Д.Дарьсүрэнгийн хүү Адилбишийн Наранхүүгийн эхнэр Галбадрахын Энхсаруул нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цэцэрлэгийн Эрхлэгч. Д.Дарьсүрэнгийн охин Адилбишийн Наранчимэг нь Үндэсний статистикийн хорооны Хэнтий аймгийн статистикийн хэлтэст Ахлах мэргэжилтэн. Л.Оюун-Эрдэнийн ээж Л.Даваасүрэнгийн төрсөн ах Д.Доржсүрэн гэж хүн байсан. Д.Доржсүрэнгийн хүү Д.Болор-Эрдэнэ нь “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн ашиглалтын хэлтсийн даргаар томилогдоод байгаа. Л.Оюун-Эрдэнийн ээж Л.Даваасүрэнгийн төрсөн эгч Д.Хишигсүрэн гэж хүн бий.

   Д.Хишигсүрэнгийн дунд охин Б.Мөнхзулын нөхөр Дагвасүрэнгийн Азжаргал нь 2017-2021 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Л.Оюун-Эрдэнийн ээж Л.Даваасүрэнгийн төрсөн дүү Д.Мөнхтуяа гэж хүн бий. Д.Мөнхтуяагийн охин Э.Ганцэцэгийн нөхөр Яндагийн Эрдэнэбат нь 2023 оны арванхоёрдугаар сард Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газарт Атташегаар томилогдсон. Д.Мөнхтуяагийн хүү Э.Батмөнх нь Вена дахь Элчин сайдын яаманд Хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдсон. Эхнэрийнх нь талынхнаас үргэлжлүүлье. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхнэр нь Болдын Туул гэж тун нууцлаг эмэгтэй бий. Тэд 10 жилд байхаасаа үерхэж, хожим нь гурван хүүхэдтэй өнөр бүл болсон. Өдгөө Б.Туул нь Л.Оюун-Эрдэнийн “Хүлэг контент” ХХК, “Мастер контент” ХХК-уудыг эзэмшиж, удирддаг. Тэгвэл Б.Туул эцэг эхээс дөрвүүлээ. Б.Туулын төрсөн ах нь Болдын Юучбиш гэж хүн бий. Л.Оюун-Эрдэнэ 2016 онд УИХ-ын гишүүн болж, дараа жил нь буюу 2017 онд хадам ах Б.Юучбиш нь Хэнтийн аймгийн Төрийн банкны захирлаар томилогдсон. Өдгөө Б.Юучбиш Хэнтий аймгийн Төрийн банкны захирлаар тасралтгүй найм дахь жилдээ ажиллаж буй. Б.Туулын төрсөн дүү Болдын Мөнбиш гэж эмэгтэй бий. Одоо Хэнтий аймгийн Бэрх тосгоны Эмнэлгийн даргаар ажиллаж байгаа. Харин аавынх нь талынхан Сонгинохайрхан дүүрэг рүү хошуурцгааж буй.

   Л.Оюун-эрдэнийн аав А.Буянтогтохын төрсөн дүү нь А.Наранцэцэг гэж хүн бий. А.Наранцэцэгийн том хүү Энхбаатарын Анхныбаяр нь Нийслэлийн хот тохижилтын газрын Төвлөрсөн хогийн цэгийн менежментийн албаны даргаар томилогдсон. Харин Э.Анхныбаярын эхнэр Нямаагийн Оюунгэрэл нь “Аз атга дэвжих” ХХК-ийг эзэмшдэг. “Аз атга дэвжих” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн орон сууц, гэр хорооллын хог хаягдлыг хогийн цэг рүү тээвэрлэх ажлыг гэрээгээр хариуцаж байгаа.

    Л.Оюун-Эрдэнийн аав А.Буянтогтогтохын удаах дүү А.Нарангэрэл гэж хүн бий. А.Нарангэрэлийн том охин Баярбатын Ариунзаяа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар томилогдоод байгаа.

    Л.Оюун-Эрдэнийн аав А.Буянтогтохын хамгийн бага дүү, ээжээрээ овоглодог Оросоогийн Буянгэрэл гэж хүн бий. О.Буянгэрэл өнгөрөгч 2024 оны орон нутгийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тэгээд болоогүй, О.Буянгэрэл одоо Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөс гадна Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” АТҮГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа. Өөрөөр бол, 350 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн өнгө үзэмж, хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг Л.Оюун-Эрдэнийн аавынх нь дүү Л.Буянгэрэл толгой мэдэн хариуцаж байгаа гэсэн үг. Эцэст нь, Л.Оюун-Эрдэнийн хамаатнаас өөрцгүй нэг хүнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Л.Оюун-Эрдэнэ 2001 онд “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсчихөөд, Монголын үндэсний телевизэд ажилд орох санаатай горилж байтал Бэрх тосгоны захирагч Ц.Лхагвасүрэн түүнийг нутагтаа ирж ажиллахыг урьжээ. Улмаар Л.Оюун-Эрдэнэ Бэрх тосгондоо очиж, хагас сар галч, жижүүр хийж байгаад Тамгын газрын дарга болсноор түүний намтар эхэлдэг. 21-хэн настайд нь Тамгын газрын дарга болгосон Ц.Лхагвасүрэн ахдаа тэр үргэлж талархаж ирсэн. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ хожим нь 2021 онд Бэрх тосгоны захирагч асан Ц.Лхагвасүрэн ахыгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн Дэд захирал, Худалдан авалт, тээвэр зохицуулалтын газрын дарга, 2023 онд Худалдан авах ажиллагааны газрын дарга, 2024 оноос “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажилуулж, 21-хэн настайд нь Тамгын газрын дарга болгосных нь ачийг хариулсан байдаг. Сонирхуулахад, Ц.Лхагвасүрэн “Тавантолгой түлш” ХХК-ийн мидлинг ачилтын ажлыг эхнэр Ю.Аюушийнхаа дотнын найз, Хэнтийн уугуул Ш.Хонгорзулын нөхөр Ч.Билэгбаатарын “Хос богд” ХХК-д тендергүйгээр хариуцуулж, тус компани руу 5.2 тэрбум төгрөг шилжүүлсэн баримт бий. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь анх ажилд авсан, төрснөөс өөрцгүй ах Ц.Лхагвасүрэнгийнхээ ачийг хариулсан шиг хариулсан гэсэн үг л дээ.

ТӨРД “БЭРХИЙНХЭН” ХЭМЭЭХ “БҮЛЭГЛЭЛ” МЭНДЭЛЖ, ХЭЛД, ХӨЛД ОРЖЭЭ

    Төрийг “Хэнтийнхэн” хэмээх “бүлэглэл” захираад удаж буйг бид мэднэ. Жишээ нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатарын уугуул ч хаяа залгаа Хэнтийгээр овоглож, улс төрд орж ирсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтийнх. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Хэнтийнх. ЕТГ-ын дарга Г.Занданшатар Баянхонгорт төрсөн ч 12 настайдаа Хэнтийд нүүж очиж, тэнд өссөн. Хотын дарга Х.Нямбаатар Хэнтийнх. ЦЕГ-ын дарга Т.Сүхболд Хэнтийн Цагдаагийн газарт найман жил ажилласан намтартай. ЦЕГ-ын Дэд дарга О.Ганбат өмнө нь Хэнтийн Цагдаагийн газрын дарга байсан намтартай. АТГ-ын дарга З.Дашдаваа Хэнтийнх. ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор Хэнтийнх. ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Дарханд төрсөн ч хоёр настайдаа Хэнтийд нүүж очиж, тэнд өссөн гэх мэтээр үргэлжилнэ. 

Тэгвэл өдгөө төрд “Бэрхийнхэн” хэмээх “бүлэглэл” мэндэлж, өнгөрсөн дөрвөн жил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тун сайн торниулсаар, хэлд, хөлд оруулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1998 онд Хэнтий аймгийн Бэрх тосгоны ЕБС-ийн 10В ангийг төгссөн. Тэгвэл  Л.Оюун-Эрдэнэ ангийнхнаа болон төгсөлтийнхнөө буюу “Бэрхийнхэн” хэмээн “бүлэглэл”-ийг төрд хэрхэн торниулсныг цөөн жишээгээр танилцуулъя.

     Бэрх тосгоны ЕБС-ийн 1998 оны төгсөгч, ангийнх нь охин Лхагвамижидийн Намуунгэрэл Л.Оюун-Эрдэнийг 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш Зөвлөхөөр нь ажиллаж, бичиг цаасны бүх ажлыг нь зохицуулдаг байсан. Улмаар Л.Намуунгэрэл 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Тамгын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа. Харин Л.Намуунгэрэлийн төрсөн эгч Л.Оюунгэрэл нь Хэнтий аймгийн Бэрх тосгоны ЕБС-ийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2021 онд чөлөөлөгдсөн. Сонирхуулахад, Л.Оюун-Эрдэнийн 10 жилийн ангийн охин, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Л.Намуунгэрэл Л.Оюун-Эрдэнийн үеэл дүү И.Болор-Эрдэнийн “Ай Ти Эс Өү” ХХК-аас 24.9 сая төгрөгөөр Лед дэлгэц худалдан авч, гэрээн дээр Л.Намуунгэрэл, И.Болор-Эрдэнэ хоёр гарын үсэг зурсан баримт байна.

     Бэрх тосгоны ЕБС-ийн 1998 оны төгсөгч, ангийнх нь хүү Чулуунбаатарын Энхжавхлан 2018 оны долдугаар сард Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын Үйлчилгээ, ашиглалтын хэлтсийн даргаар томилогдож, төрийн албанд орж ирсэн. Улмаар Ч.Энхжавхлан 2021 оны арванхоёрдугаар сард Хэнтий аймгийн Бэрх тосгоны Захирагчаар томилогдож, одоог хүртэл ажиллаж байгаа. 

     Бэрх тосгоны ЕБС-ийн 1998 оны төгсөгч Нямсүрэнгийн Тэгшжаргал 2018 оноос хойш “Монголросцветмет” ТӨХК-ийн Худалдаа, эдийн засаг эрхэлсэн дэд захирал, Эдийн засаг, худалдааны газрын даргаар томилогдон ажиллаж байгаа. Уг нь Н.Тэгшжаргал анх “Монголросцветмет” ТӨХК-д Дэд захирлаар томилогдож очихдоо буюу 2018 онд 197 сая төгрөгийн орон сууцтай, 18 сая төгрөгийн Prius автомашинтай байсан. Гэтэл одоо Н.Тэгшжаргал жилдээ 531 сая төгрөгийн орлоготой, 415 сая төгрөгийн орон сууцтай, 663 сая төгрөгийн гурван автомашинтай, тэгэхдээ бүр Land Cruiser 300 загварын жийптэй, бусдаас 340 сая төгрөгийн авлагатай болж томорсон. Тэгэх мөртөө хувьдаа ямар ч бизнесгүй. Цаашилбал, Н.Тэгшжаргал нь хурдан моринд мөнгө хайрлахаа больсон бөгөөд Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” Уяачдын холбооны Тэргүүнээр ажилладаг. Харин “Сэцэн ханы хүлэг” Уяачдын холбооны Дэд тэргүүн нь Л.Оюун-Эрдэнийн төрсөн дүү Б.Баярнэмэх.

    Бэрх тосгоны ЕБС-ийн 1998 оны төгсөгч Чадраабалын Чинбат Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Бэрх тосгоны захирагчаар ажиллаж байгаад 2022 онд “МИАТ” ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга, 2023 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Худалдан авалт, тээвэр зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Бэрх тосгоны захирагчаар ажиллаж байхдаа Л.Оюун-Эрдэнийг ажилд авч байсан Ц.Лхагвасүрэн 2021 оноос хойш “Тавантолгой түлш” ХХК-ийн Дэд захирал, Худалдан авах ажиллагааны газрын дарга, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласныг дээр танилцуулсан. Өөрөөр хэлбэл, 2021 онд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш “Тавантолгой түлш” ХХК-ийг Бэрх тосгоны үе үеийн захирагч нар буюу Ц.Лхагвасүрэн, Ч.Чинбат нар удирдсан болж таарч байгаа юм.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Эх сурвалж: "Эргэлт 126" сэтгүүл

 


Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188