• Өнөөдөр 2024-03-29

Морин хуурч Б.Номуундэлгэр

2019-11-08,   1868

Энэ удаагийн зочноор морин хуурч Б.Номуундэлгэрийг урьж ярилцлаа. Түүнийг хөгжмийн хүрээнийхэн нь Ноби нэрээр нь андахгүй.

Үндэсний хөгжмийн урлагийг орчин цагийн хөгжмийн урлагтай хослуулдаг “Жонон” хамтлагийн морин хуурч бүсгүй энэ жилээс өөрийн бие даасан уран бүтээлээ гаргахаар ажиллаж буй залуу уран бүтээлч юм.

Эмэгтэй хүн, эх хүн болохоор хөгжмийн өнгө нь хүртэл амьтай болдог гэж ярьдаг шүү дээ. Хөгжмийн өнгө маань хүртэл тослогтоод л морин хуур хөгжмөөсөө эхийн сэтгэлийг мэдэрдэг” хэмээн өгүүлэх түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.


БАЯРСАЙХАН НОМУУНДЭЛГЭР 1990.03.17

Төгссөн сургууль:

Чингэлтэй дүүргийн Тавдугаар дунд сургуудь /2007 он/

Соёлын дээд сургууль /2010 он/

Соёл урлагийн их сургууль /2014 он/

Мэргэжил:

Морин хуурч

Одоо эрхэлж буй ажил:

Чөлөөт уран бүтээлч

Сошиал хуудас: 

Nomuundelger Bayrsaihan /фэйсбүүк/

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ?

-Би хотынхоо Бага тойрогт өссөн хүүхэд. Намайг гурван настай байхад ээж минь вальс эргэхийг зааж өгч байлаа. Манай ээж урлагт их хайртай хүн. Би ч гэсэн багаасаа бүжиглэх дуртай. Бүр бүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Цэцэрлэгээсээ эхлээд л арван жилийн сургуульд сурч байхдаа бүжгийн дугуйланд суралцсан. Тэгээд наймдугаар ангиа төгсөөд Соёлын дээд сургуульд орж суралцсан. Анх морин хуур гэдэг хөгжмийг огт мэдэхгүй хүүхэд очиж байлаа. Ээж минь бараг албан хүчээр “Миний охиноос ямар хөгжмийн ангид орох вэ” гэж асуухаар морин хуурын ангид л орно гээд байгаарай гэж хэлж өгсөн. Манай ээж өөрөө ёочин тоглодог байсан учраас тэр хөгжим дээр нь ая тоглож сураад л шалгалт өгч тэнцэж, морин хуурын ангид орж байсан юм.

Манай анги 30 гаруй хүүхэдтэй. Дандаа эрэгтэй хүүхдүүд. Эмэгтэй хүүхэд цөөхөн байсан. Одоо манай ангиас амжилттай яваа уран бүтээлч гэвэл “The Hu” хамтлагийн морин хуурч Б.Энхсайхан байна. Анх морин хуурын ангид орохдоо хүүхдүүдээс их ичнэ. Ихэвчлэн охид ятга, ёочин, шанз гэх мэт эмэгтэйлэг хөгжим тоглож байхад намайг “Морин хуурын ангид сурдаг” гэхээр хүүхдүүд их гайхаж хүлээж авдаг байсан.

АНХНЫ АМЖИЛТ

-Би сургуульдаа суралцаад жил гаруй хугацаа өнгөрч байхад “Жонон” хамтлагаас надад санал тавьсан юм. Тухайн үед надад бас Өвөрмонголоос морин хуурын охидын хамтлагаас санал тавьж байлаа. “Өвөрмонголд бараг нэг дор байрлаж амьдарна” гээд л оддын амьдрал ярьсан. Би тэр үед “Жонон” хамтлагаа сонгож байсан юм. Манай хамтлагийнхан бүгд л Соёлын дээд сургуулиас төрөн гарсан хүмүүс. Тухайн үед би шинэхэн суралцагч учраас хөгжмөө ч сайн тоглож чадахгүй. Жинхэнэ чирэгдэж суралцсан даа. /инээв/  Хөгжмөө тоглож чадахгүй хоёр морин хуурч ахаараа загнуулж, их бэлтгэлээ идэвхтэй хийж, хичээдэг байлаа. Тэр цагаас хойш би хамтлагтаа 11 жил болсон байна. Хамтлагтайгаа олон сайхан дурсамжийг өнгөрүүлсэн. Соёлын дээд сургуульдаа гурван жил суралцаад, Соёл урлагийн их сургуульд морин хуурын ангид орж суралцсан.

Би “Жонон” хамтлагтаа орсноор их зүйлийг сурсан. Хамтлаг маань тухайн үедээ ардын хөгжмийн гэхээсээ илүү бөмбөр, базз гитартай хөнгөн, шинэлэг уран бүтээл тоглодог байсан. Энд тэнд тоглолтод оролцоно. Анх тоглолтод оролцоод бид 100 орчим мянган төгрөг аваад л наймуулаа хувааж авснаа тод санадаг юм. Тухайн үед баярлаад л дэлгүүрээс дуртай зүйлээ худалдаж авч байлаа.

“ЖОНОН” ХАМТЛАГИЙН 10 ЖИЛИЙН ОЙН ТОГЛОЛТ МАШ САЙХАН БОЛЖ БАЙСАН. ХАМТЛАГААСАА ЯАГААД ГАРСАН ТАЛААРАА ЯРЬЖ БОЛОХ УУ?

-Хамтлагийн маань 10 жилийн ойн “Үлэмж тансаг” нэртэй тоглолт одоогоос гурван жилийн өмнө 2016 онд амжилттай сайхан болсон. “Жонон” хамтлагийн хувьд бүх л насны хүмүүст зориулсан хип хоп, регги зэрэг сонсголонтой урсгалтай ардын хөгжмөө хослуулдаг онцлогтой. Ер нь эмэгтэй хүн амьдрал зохиож, гэр бүлтэй болохоор уран бүтээлээсээ яалт ч үгүй завсарлага авдаг. Би одоо хоёр хүүтэй. Анхны хүүхдээ төрөн төртөл нь хөгжмөө тоглоод л явсан. Төрсний дараа гурван сартайгаас нь бараг л уран бүтээлдээ эргэн орсон. Нэг удаа гурван сараар БНХАУ-руу явахаар болсон. Миний хувьд эцсийг нь үзэх санаатай хамтлагийнхантайгаа явж, хоёр сар болоод эх орондоо эргэн ирсэн юм. Одооноос өөрийн даасан уран бүтээлээ хийхийг зорьж явна.

САЯХАН БИЕ ДААСАН АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛОХ “НАМАР” ХЭМЭЭХ МОРИН ХУУРЫН АЯЛГУУГ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОСОН. УРАН БҮТЭЭЛИЙН СОНИН САЙХНААС ХУВААЛЦВАЛ?

-Миний хувьд юу хүсч мөрөөддөгөө хөгжмөөрөө дамжуулан уран бүтээлээрээ илэрхийлэхийг хүсч байна. Тэр ч утгаараа анхны уран бүтээл болох “Намар” бүтээлээ зүрх, сэтгэлээ шингээж хийсэн. Манай багш нар хэлэхдээ “Хөгжим тоглохын тулд өөрөөсөө тусдаа зүйлийг өөртэйгээ уусгаж, нэгтгэнэ гэдэг маш хэцүү, мэдрэмж их шаарддаг” гэж хэлдэг байсан. Энэ бүтээлийг хийхэд нөхөр маань их тусалсан. Он гарахаас өмнө алдарт Майкл Жексоны "Сарны алхалт" дууг коверлон морин хуур хөгжмөөр тоглож, клип гаргахаар ажилдаа орсон байгаа.

ЭМЭГТЭЙ ХҮН МОРИН ХУУР ХӨГЖМӨӨР ТОГЛОХ НЬ ЦӨӨН БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ОНЦЛОГ НЬ ЮУНД ОРШИЖ БАЙНА ВЭ?

-Сүүлийн үед эмэгтэйчүүд морин хуурын хөгжмийг ихэд сонирхож, тоглох болсон. Хүмүүсийн сайн мэддэгээр Жанцанноров гуайн охин Уугантуяа эгч маань бий. Үндэсний урлагийн театрт хоёр, гурван ч морин хуурч байгаа байх. Эмэгтэй хүн эх хүн болохоор тэр хүний хөгжмийн өнгө нь хүртэл амьтай болдог гэж ярьдаг шүү дээ. Хөгжмийн өнгө маань хүртэл тослогтоод л морин хуур хөгжмөөсөө эхийн сэтгэлийг мэдэрдэг. Морин хуур өөрөө их хүчтэй хөгжим. Ер нь ихэвчлэн эр хүн л тоглодог хөгжим шүү дээ. Хэр барагийн эмэгтэй хүний хөлний завсар байрлахад хэцүү хөгжим ч гэлцдэг. Надад ч гэсэн хэр баргийн эмэгтэй хүн энэ хөгжмийг тоглодоггүй шүү гэж их олон хүн хэлж байсан. Ер нь эмэгтэй хүн морин хуур хөгжмийг тоглож, сурахад их хэцүү л дээ. Учиргүй их бяд шаардахгүй ч эмэгтэй хүнээс тодорхой хэмжээний хүч шаардана. Маш их тэвчээр шаарддаг учраас эхний нэг жил бараг уйлаад л сурдаг байлаа. Хөгжмөө тоглож сурсны дараагаар эвийг нь олоод ирэхээр маш сайхан гэдгийг нь мэдэрч эхэлнэ.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Надад чөлөөт цаг гарвал фитнесст хичээллэж ихэнх цагийг өнгөрүүлдэг болоод байгаа. Сүүлийн үед дасгал хөдөлгөөн хийх дуртай болсон. Нэг өдрийнхөө ихэнх цагийг фитнесст өнгөрүүлдэг. Өглөө 10.00 цагт фитнес дээрээ очоод л дасгалаа хийж, хоолоо иднэ, алхана. Би бас дуулах сонирхолтой. Мэргэжлийн дуучны түвшинд дуулахгүй ч эвлэгхэн дуулчихдаг. Дуулах хүсэл мөрөөдлөө морин хуурыг хөгжимтэйгээ хослуулах мөрөөдөлтэй.

НӨХӨР НЬ БАС УРАН БҮТЭЭЛЧ, НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТЭЙ ШҮҮ ДЭЭ. ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛААЧ?

-Тийм. Гэр бүлийн хүн маань жүжигчин, хөгжимчин мэргэжилтэй. Хөгжим бүжгийн коллежийн сонгодог хөгжмийн ангийг төгссөн хүн. Тэндээсээ Соёл урлагийн их сургуульд жүжигчин, найруулагчийн мэргэжлээр суралцаж, төгссөн. Анх нөхөр маань надаар “Морин хуур хөгжим заалгая” гэж багш, шавийн барилдлагаар танилцаж байлаа. Би чинь тэр үед ганц нэг шавьтай. /инээв/ Бид хоёр танилцахаас өмнө нөхөр маань “UBS” телевизэд хөтлөгч хийдэг байсан. Тухайн үед би “Жонон” хамтлагтай нэвтрүүлэгт нь орж байхад л намайг анх харсан гэж ярьдаг юм. Одоо бид хоёр гэр бүл болоод зургаан жил болж байна. Хоёр хөөрхөн хүүтэй.

Өнгөрсөн жилээс ханьтайгаа хамтран “Эрдэнэсийн өв” гэдэг Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулсан баримтат уран сайхны киног санаачлан хийсэн. Миний хувьд зургийн даргаар ажиллаж үзлээ. Зургийн дарга хийнэ гэдэг тийм амаргүй ажил биш гэдгийг мэдэрсэн дээ. Энэ кино маань ирэх арванхоёрдугаар сарын дундуур нээлтээ хийх юм. Мөн намайг үргэлж дэмжиж тусалдаг ээждээ их баярлаж явдаг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Шинэ он гарахаас өмнө өөрийн бие даасан хоёр дахь уран бүтээлээ хүмүүст хүргэхийг зорьж байна. Цаашдаа уран бүтээлээ үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй байгаа. Хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлж, жижиг гэлтгүй зорилгыг өмнөө тавьсан. Түүндээ хүрэхийн тулд хичээх болно.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

-Мэдээж хоёр сайхан хүүгээ боловсролтой, зөв сайхан хүн болгон хүмүүжүүлэхийг хүсч байна. Эмэгтэй хүний дотоод ертөнц гэр бүл, үр хүүхэдтэй болохоороо бүрэн өөрчлөгддөг юм билээ. Бүх юм утга учиртай болсон. Гэр бүлээ сайн сайхан авч явахын хажуугаар уран бүтээлээ ч гэсэн орхигдуулахгүйгээр сайн уран бүтээлч байхыг мөрөөддөг. Мөн ханийгаа мундаг найруулагч болгохын тулд ард талыг нь найдвартай дааж, тусалж дэмжинэ.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Одоо бидний үе ирж байна. Миний бодлоор Монгол Улсын өнөөгийн нийгэм залуустаа их хатуу ханддаг юм шиг санагддаг. Яагаад залуус маань гадаадын ороныг зориод байна вэ? Залуус өөрсдийнхөө хүсч, мөрөөдөж буй зүйлээ хэрэгжүүлэхэд маш хэцүү. Тиймээс л Монголын залуус амьдралаа авч явахаас гадна суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд хилийн чанадыг зорьж байна.

Залуус маань өөрийн хийж буй ажилдаа чин сэтгэлтэй, хүсэл зорилго дүүрэн байгаасай. Ер нь хүнд хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Гэхдээ хүн өөрийн дуртай ажил мэргэжлээ л хийх ёстой. Өөр өөрийгөө л олох хэрэгтэй гэж боддог.

Эх сурвалж: news.mn


Морин хуурч Б.Номуундэлгэр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188