• Өнөөдөр 2026-10-08

Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ

2026-10-08,   200

         Францын эрдэмтэн Анри Каган, Японы эрдэмтэн Кэнсо Соаи нар тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын олон жилийн оньсогыг тайлж, органик синтез дэх шугаман бус нөлөө болон автокатализыг илрүүлснийхээ төлөө эмийн үйлдвэрлэлд асар том ач холбогдолтой нээлт хийсэн юм.
 
     Өдгөө 76 настай Соаи нь Япон улсын иргэн, 95 настай Каган нь Франц улсын иргэн бөгөөд тэдний судалгааны ажил XIX зууны Францын алдарт химич Луи Пастерийн нээлтэд суурилсан байна. "Энэ бол миний амьдралын хамгийн сэтгэл догдлуулсан өдөр байна. Би профессор Анри Кагантай энэхүү шагналыг хуваалцаж байгаадаа маш их баяртай байна" хэмээн Соаи Нобелийн шагналын хэвлэлийн бага хурлын гишүүдтэй утсаар ярихдаа хэлсэн. Тэрбээр баярт мэдээг сонсох үедээ хүнсний дэлгүүрт явж байжээ.
 
   Ройтерс агентлаг Нобелийн шагнал хүртсэн түүхэн дэх хамгийн өндөр настай гурав дахь хүн болох Кагантай холбогдож чадаагүй ч түүний охин Вероник Ле Денффтэй холбогдсон юм. Тэр бээр маш их баяртай байгаагаа илэрхийлээд, "Түүний нээлтүүдийн бүтээлч бөгөөд давтагдашгүй чанар нь судалгаа шинжилгээний цоо шинэ замуудыг нээж өгдөг" хэмээн ярьжээ.
 
    Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хуучнаар Твиттер буюу Х сүлжээгээр дамжуулан шагналтнуудад баяр хүргэж, улс эх орных нь хувьд асар нэр төрийн хэрэг болохыг онцоллоо. "Амьдралынхаа турш хийсэн судалгаанд нь тохирсон зүй ёсны хүндэтгэл" гэжээ. Анри Каганы судалгааны ажлууд энэ салбарт хэдийнээ асар их нөлөө үзүүлсэн хэмээн тооцогддог. 2001 онд Каган Нобелийн шагнал аваагүй үлдэхэд тухайн үеийн Францын судалгааны хүрээлэнгийн сайд Нобелийн хороонд гомдол гаргаж байсан түүхтэй. Тухайн үед уг шагналыг ижил салбарт ажиллаж байсан Америкийн хоёр, Японы нэг эрдэмтэн хүртэж байжээ.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Нобелийн шагналтан Соаи руу утсаар ярьж баяр хүргэхдээ: "Япон хүний хувьд танаар маш их бахархаж байна" гэсэн байна.
 
"БАРУУН, ЗҮҮН ГАР" МОЛЕКУЛУУД
 
     Амьдралд нэн ач холбогдолтой олон молекул хүний зүүн, баруун гар шиг бие биенийхээ толин тусгал болсон хоёр өөр хэлбэрээр оршин тогтнодог. Гэвч амьд организмууд бараг ганцхан төрлийн хэлбэрийг нь хэрэглэдэг байна. Грек хэлний "гар" гэдэг үгнээс гаралтай "хомохирал шинж чанар" (homochirality) хэмээх үзэгдэл нь 100 гаруй жилийн турш химичдийн асуулт дагуулсан оньсого байсаар ирсэн юм. Ийнхүү химийн урвалыг залж, тусгал молекулын нэг төрлийг давамгайлуулан гаргаж авч болохыг харуулсан нээлтүүдэд энэ жилийн химийн салбарын шагналыг олгож байна. Энэ судалгааны хүн төрөлхтний сайн сайхан байдалд үзүүлэх хамгийн гол ач холбогдол нь эм бэлдмэлийн химийн урвалыг зохион бүтээх түлхүүрийг гаргаж тавьсанд байлаа.
 
    Нобелийн химийн хорооны гишүүн Петер Сомфай: "Эмийн зүүн гар талын хэлбэр нь тодорхой нэгэн төрлийн үйлчлэл үзүүлдэг бол баруун гар талын хэлбэр нь огт өөр нөлөө үзүүлдэг. Тиймээс бидэнд тэдгээрийг аль нэгийг нь сонгон тусгаарлаж бэлтгэх арга нэн шаардлагатай байлаа. Энэ л аргуудыг хөгжүүлэхэд энэ жилийн шагналтнуудын нээлт маш чухал байлаа. Тэд яг энэ үйл хэрэгт тус болсон хүчтэй хэрэгслийг гаргаж өглөө" гэв.
 
Арванхоёрдугаар сард стокхольмд шагнал гардуулах ёслол болно
 
      Долоо хоногийн турш шалгаруулдаг Нобелийн шагналын гурав дахь шагнал нь химийн шагнал байлаа. Химийн салбар анагаах ухаан, физикийн шагналуудын араас залгаж байна.
Шведийн зохион бүтээгч, бизнесмен Альфред Нобелийн гэрээслэлээр бий болсон шагнал нь шинжлэх ухаан, уран зохиол, энх тайвны салбар дахь хүн төрөлхтөний сайн сайхны төлөөх гавьяаг алдаршуулах зорилготой. 1901 оноос хойш гардуулж байгаа бөгөөд дэлхийн дайнаас болж цөөн хэдэн жилүүдэд алгасаж байв.
 
    Химич Нобел XIX зуунд дайны зориулалттай нээлтүүд буюу динамит зохион бүтээснийхээ төлөө асар их баялгийг цуглуулжээ.Тиймээс энэ шагнал бол энх тайван, сайн сайнхны төлөө дэлхийн санаа зовнил, дуу хоолой, гэмшил, уриалга болсоор ирсэн. Өнгөрсөн жилийн химийн шагналыг уур амьсгалын өөрчлөлт, цэвэр усны хомсдол зэрэг асуудлыг шийдвэрлэхэд туслах металл-органик каркас хэмээх молекулын бүтцийг хөгжүүлсний төлөө эрдэмтэн Сусуму Китагава, Ричард Робсон, Омар Яги нар хүртэж байв. Шагналтнууд медалиа арванхоёрдугаар сарын 10-нд буюу Альфред Нобелын таалал төгссөн өдөр Стокхольм хотноо гардан авна. 
Эх сурвалж: Reuters.com

Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188