• Өнөөдөр 2026-04-27

Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ

2026-04-27,   109

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Батбилигтэй ярилцлаа. Бид нэг нутгийн бүр нэг хөндийн хүмүүс. Жаахан байхад түүнийг нутгийнхан дүлий Батбилэг гэж дууддаг. Учраа мэдэхгүй бидний үеийнхэн “Хөөе дүлий, дүлий Батбилэг ээ” гэж өдөж хоргоогоод, уурлахаар нь зугтчихдаг байлаа. Харин найзууд, нутгийн хөгшчүүд түүнийг хүндэлнэ. Зарим нь түүнтэй дохионы хэлээр ярьдаг байв. Түүнийг Улаанбаатар хотод шинэ номоо гаргахаар ирсэнийг дуулаад зорьж, очлоо. Хамгийн сүүлд арав гаруй жилийн өмнө нутагтаа тааралдсанаас хойш өнөөдөр уулзаж байна. Хүүхэд байхад хошигнон ярьж, инээж суудаг тэр ах хэвээрээ байлаа. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Сайхан хаваржиж байна уу,та. Хөвсгөлд сайхан хавар болж байна уу?

            -Сайхаан. Хоймор нутагт сайхан хавар болж, дэлгэр зунтай золгох гэж байна. Дүүг сэтгүүлч болсоныг дуулаад ихэд бэлгэшээлээ. Ах нь нутгийнхаа сонин хэвлэлд ажиллаж байсан. Сайхан мэргэжил шүү. Сэтгүүлчээр арав гаруй жил ажиллахдаа жаргаж амьдарсан даа.

- Би таны “Сүндлэх орны хэлэмж”, “Хавар эртийн тогоруу” номуудыг уншиж байсан. Хэдэн шүлэг нь одоо ч миний цээжинд хадаастай байдаг. Та огт сонсдоггүй хэрнээ яаж тийм тансаг хөг аялгууг мэдэрдэг юм бэ?

             - Мэдэхгүй ээ. Миний хувьд өөрийгөө чагнахаар дорны намуун аялгуу урсаад л ирэн шиг болдог. Яруу сайхан үгийг сонсох хувь надад дутсан ч унших, бичих азтай энэ амьдралыг туулж явна.

- Та хэзээ сонсголоо алдсан юм бэ?

            - 1977 онд 11 настай хүүхэд байхдаа ертөнцийн чимээг сүүлийн удаа сонссон. Түүнээс хойш зүүдэндээ л сонсож ирлээ дээ.

- Юунаас болсон юм бэ?

-Би сургуулийн дотуур байранд амьдардаг байлаа.  Цахилгаан менингит гэх хүнд өвчин туссан. Тэр үед манай суманд Гочоо гэж залуухан чадварлаг эмч байсан юм. Тэр хүн цаг алдалгүй зөв оношлож эмчилгээг эхлүүлсэн. Маргааш нь аймгаас дуудлагаар ирсэн залуухан эмэгтэй \нэрийг нь санахгүй байна\ эмч намайг хатгаатай байна гэж оношилсон. Тэгээд сертэймецин гэдэг тариаг хийх гэхэд Гочоо эмч  “Энэ тариа чинь хэлгүй, дүлий болгоно шүү.” гэж туршлага зааж анхааруулсныг би сайн санадаг. “Энэ хүүхэд дүлий болвол чи хариуцах юм уу” гэдэг үг миний амьдралын сүүлчийн сонссон үг байсан. Нөгөө эмч юу ч хэлэхгүй надад тарьсан.

- Тэгээд дараа нь юу болов?

          -Хэсэг ухаангүй байж байгаад ухаан ороход намайг эмч, сувилагч нар бүччихсэн. Ээж минь дэргэд уйлаад зогсож байсан. Хүмүүсийн ам нь хөдлөөд байгаа хэрнээ юу ч дуулдахгүй байгааг анзаараад ээждээ хэлсэн. Хожим нь ээж энэ тухай дурсахдаа “Гочоо эмчийн үгэнд орох минь яав даа гэж харамсаж явдаг” гэж билээ.

-Та сонсголгүй болсондоо гомдож, гутарч байв уу?

               - Гутрах юу байх вэ дээ. Хэдий сонсголоо алдсан ч энэ амьдралд гутарч үзээгүй ээ, ах нь. Би амьдралыг үргэлж гэгээлэг талаас нь харж амьдардаг. Хэдий сонсголгүй ч хорвоог харж, ярьж, мэдэрч яваадаа баярладаг. Анагаах ухаанд итгэдэг буцаад сонсгол орно гэсэн итгэлтэй л байсан. Хүний итгэл үнэмшил тийм л хүчтэй байдаг. Марксизм өөрөө бас л шашин шүү дээ.

-Сонсголтой болохоор эмнэлэгээр их явсан уу?

            - Зорьж очсон эмч нар сонсгол сэргэхгүй гэж хэлдэг байсан. Гэхдээ би сонсдог болно доо гэж л итгэдэг байлаа. Хүн чинь өсөх балчир насандаа ирээдүйдээ итгэх дүүрэн тэмүүлэлтэй байдаг. Тэр тэмүүлэл миний хөтөч байжээ гэж одоо боддог. Чи миний шүлгийн номыг уншсан гэсэн тэндээс мөрөөдсөн санаашрал ирээдүйд итгэх найдвар харагдаж байгаа байх.

- Та дохионы хэлний талаар юу хэлэх вэ?

             - Дэлхийн хэмжээнд сонсголгүй хүний албан ёсны хэлийг дохионы хэл гэж тунхагласан. Энэ нь сонсголгүй хүний эрхийг хамгаалсан нэг хэлбэр юм. Сайн саар хоёр энэ тунхагт зэрэгцээд л явж байгаа.

     Хэлгүй, дүлий хүмүүс хоорондоо хүссэн ч хүсээгүй ч дохионы хэлээр л нэвтэрэлцэнэ. Нэг суваг хаагдахаар нөгөөх нь нээгддэг. Тэр бичигдээгүй хууль үйлчилж дүлий, хэлгүй хүмүүс дохиог өөрөө сурдаг. Тиймээс дохионы хэл их хөгжиж байна. Дохионы хэлийг бидний албан ёсны хэл болгосон нь зөв. Харин сөрөг тал нь дүлий хүн байнга дохионы хэлээр харьцаад байвал хэл ярианы чадвараа алдах аюултай.

- Яагаад тэгдэг юм бэ?

        - Дохионы үг ярианы үгнээс гурав дахин түргэн байдаг. Тиймээс хүний хэлний булчирхай дохиогоор ярихад огт оролцохгүй байна гэсэн үг. Тийм нөхцөл удаан үргэлжилхэд хүссэн хүсээгүй хэлний яриа чадвар мөхдөг. Тиймээс ч намайг тусгай сургуульд байхад багш нар маань “Сайн ярьж бай, ном байнга унш” гэдэг байсан. Энэ нь сонсголын хадгалагдсан байдлаа хадгалана гэсэн үг.

- Би сайн ойлгохын тулд таниас дэлгэрүүлж асуумаар байна. Сонсголын алдагдсан байдлаа алдахгүй хөгжүүлнэ гэснийг юу гэж ойлгох уу?

            - Шинжлэх ухаанд сонсголын нас зогсох гэдэг нэршил байдаг. Энэ бол энгийнээр хэлбэл дүлийрэхэд сонсголоор авах бүх суваг  хаагдана. Сонсголын санамж дээрээ төсөөлөлөөр хөгжинө гэсэн үг. Миний эх хэлээ мартаагүй. Сонсохгүй хэрнээ ярьж чаддаг нь энэ боломжоо алдахгүй хөгжүүлснийх юм шүү дээ.

- Та бол хожим дүлийрсэн болохоороо хэл яриагаа хадгалж сонсголын санамж дээрээ хөгжсөн гэж ойлголоо. Төрөлхийн сонсголгүй хүн бол яах уу?

              - Эхээс төрөхдөө сонсголүй төрдөг хүн гэж байдаггүй. Ямар нэг шалтгааны улмаас л сонсголгүй болдог. Нэгэнт л хэлд ороогүй байхдаа сонсголоо алдсан  бол ярих боломж хэлний авиа зүй хөгжих боломж байхгүй. Тийм болохоор хэлгүй хүн үгээр биш дүрсээр сэтгэдэг байхгүй юу. Дохионы хэл бол дүрсний хэл.

Дашрамд хэлэхэд, Манай сонсголгүй иргэдийн бараг 99 хувь нь эмчийн буруугаас тарианы хордлогоос болсон байдаг. Э.Батшугар сайд үүнийг анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

- Та тусгай сургуулийг хэзээ төгссөн бэ?

              - 1984 онд төгсөж байлаа. Миний үед жинхэнэ мэргэжлийн согог зүйч багш нартай чухам л алтан үе нь байсан юм даа. Тэр үеийн багш нар хэлгүй дүлий хүүхдийг бичгийн хэлээр сайн сургаж дадлагажуулсан. Тиймдээ ч төгсөгчид хүнтэй бичгээр сайн ойлголцдог байсан. Одоо харин дохионы хэлээр дагнаад бичгээр бараг ойлголцохгүй хэмжээнд очжээ. Хөгжлийн гарц гэдэг боловсролоос эхэлнэ. Тиймээс энэ салбарт тэргүүлж яваа хүмүүс тусгай хэрэгцээт хүүхдүүдэд сайн анхаараасай гэж хүсдэг. Үүнийг манай Амгаа анхаараасай гэж бодогдоно.

- Амгаа гэж хэн билээ?

               - Боловсролын сайд Л.Энх-Амгалан. Бид багын найзууд, манай Амгаа хуурны үсэг сайн мэднэ. Дохиог ч гэсэн гадарлана. Надтай голдуу хурууны үсгээр ярьдаг. Яруу найраг минь биднийг анх учруулсан юм даа. Бид 40 шахам жил  нөхөрлөж яваа. Хүмүүс түүнийг элдвээр л хэлдэг юм. Надад бол юу гэх нь хамаагүй. Дүлий хүнтэй ийм олон жил чин сэтгэлээсээ нөхөрлөж байгаад тайлбар шаардлагагүй. Цаг хугацаагаар шүүгдсэн чин сэтгэлийн халуун дотно нөхөр минь гэж боддог. Бүхний санаанд нийцсэн алт шиг хүн байдаг гэж үү. Хэрвээ бий бол тэр лав тосонд идүүлсэн билүү л гэсэн үг.

- Тэгвэл төрөлхийн хэлгүй, дүлий хүүхдийг яаж уншуулж бичүүлж сургадаг юм бэ?

                  - Үүнийг зөвхөн мэргэжлийн багш л чадна. Хэлгүй, дүлий хүүхэд арьсаараа сонсож, нүдээрээ мэдэрч, доргионоор дуулдаг онцлогтой юм шүү дээ.

Миний бичсэн “Тусгай сургуулийн багш”, “Тусгай сургуулийн сурагч” гэдэг хоймсон туужид бүгд байгаа. Үүгээрээ л дохионы хэлний тухай кино хиймээр байна.

- Тусгай сургууль гэдэг нэршил одоо байхгүй биз дээ?

              - Тиймээ тэгш эрх гэдэг ойлголтоор үүнийг хассан уг нь эмзэглээд байхаар нэр биш.

-Хоёулаа уран бүтээлийн талаар ярилцах уу. Та хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн юм бэ?

                 -16 настайгаасаа шүлэг бичиж, үг холбож эхэлсэн.  Яруу найргийн гурван ном, хүүрнэл зохиол, баримтат 20 гаруй ном хэвлүүлсэн байна.  Мөн төрийн шагналт кино зураглаач Л.Шаравдорж гуайтай хамтран “Хүний заяа урвалд ордоггүй” баримтат кино хийж байсан. Мөн 1996 онд найруулагч Наранбаатартай хамтарч 1932 оны зэвсэгт татлагын талаар “Гашуун хайрын орчлон” кино хийсэн. Гол дүрд нь жүжигчин Л.Жанчивдорж тоглож байлаа.

-Та ямар бүтээлээрээ МЗЭ-ийн шагнал хүртсэн юм бэ. Зохиолчид энэ шагналдаа их хайртай байдаг юм гэсэн?

             - Зөвхөн зохиолчид олгодог юм чинь хайртаа байх нь аргагүй дээ. “Сүндлэх орны хэлэмж” номоороо авсан. Намайг анх МЗЭ-д ороход утга зохиол шинжээч, шинжлэх ухааны доктор Ч.Билигсайхан, яруу найрагч Ц.Бавуудорж нар батлан дааж байлаа.

- Таны тэр номыг анх хараад сонин нэртэй юм бэ гэж гайхаж байлаа. Та нутаг усныхаа сэдвээр олон ном бичсэн. Одоо ямар бүтээл хийж байна даа?

                - Бүтээлийн маань бараг 7О хувь нь нутгийн сэдэв дээ. Одоо ”Галтын газар усны түгээмж” гэдэг ном маань хэвлэгдэж байгаа. Энэ миний 35 жилийн хөдөлмөр орсон ном. Сумынхаа хэмжээнд уул усны домог цуглуулахад их олон жил шаардагдсан. Нутгийнхаа талаар бичиж үлдээж байна гэдэг их буян байх гэж дотроо бодож явдаг даа.

- Яруу найргийн ном гаргах уу?

                - Дан сонат цэцгэн эрхээр бүтсэн нэг ном гаргана.

- Сонат чинь хэцүү төрөл гэдэг байх аа?

               - Судлаачид тэгж үздэг. Миний хувьд бол нэг их хүч шавхаад байдаггүй төрөл. Би олон жил янз бүрээр туршиж бичээд эцэст надад тохирох ганц төрөл гэж сонат дээр тогтсон. Сонат чинь сэтгэлийн тасралтгүй эгшиглэнгээс цогцолдог. Тийм болохоороо дотоод эгшиглэнгээ чагнаж бичдэг надад яг тохирдог байх аа...

- Их тугч гэж таны овог юм уу, ямар учиртай юм бэ?

                  - Хавт Хасарыханыг Их Тугч  гэдэг. Б.Ринчин багшийн Монгол овогтны атласт байгаа даа .

- Баримтат түүхэн зохиол бичихэд яаж материалаа бүрдүүлдэг вэ. Сонсдоггүй  их ачаалалтай биш үү?

              - Надад ямар нэгэн хүч далдаас туслаад байх шиг байдаг. Тоглоомоор хэлээгүй юм шүү. Би сумынхаа 1ОО жилээр “Галтын түүхэн хэлбэршил” гэдэг  ном гаргасан юм. Энэ номыг бичиж байх үед хайсан юмаа архиваас хайгаад олдохгүй хоёр хонолоо. Нэг шөнө би зүүдэллээ. Хайсан юмны маань дугаар хуудас нь их тод харагдсан. Маргааш нь архивт ороод шууд олсон. Эндээс хүний анхаарал нэг цэг дээр сайхан төвлөрч чадвал зүүдэндээ мэдээлэл авах боломж нээгддэг гэж үзэж болохоор байна. Өөр нэг зүйл бол би юмны дуу чимээг зүүдэндээ их тод сонсох удаа байдаг.

- Зүүдэндээ сонсдог гэсэн үг үү?

                 - Дээр хэлсэн  “Тусгай сургууль” гэх хоймсон туужаа ийм л хүрээнд бичсэн. Харин хүн ойлгох нь юу л бол. Хэлгүй хүний хэлээр бичсэн гэхэд болно. Нэг жишээ хэлье.

         Багш нь хананд өлгөөстэй байгаа аавынх нь зураг руу дохиод аавынхаа тухай бич гэвэл хэлгүй сурагч нь “Аав хананд өлгөөстэй байна” гэж бичнэ. Хэлгүй хүн ингэж л дүрсээр сэтгэдэг юм даа. Үүнийг зөвхөн тусгайн багш л ойлгоно. Чи үнэмшихгүй байвал жинхэнэ мэргэжлийн багш У.Баднаа захиралын “Жаран жаргаах дурсамж” номыг уншаад үзээрэй. У.Баднаа багш насаараа 29-р сургуульд захирал хичээлийн эрхлэгчээр ажилсан хүн. Надаар номоо редакторуулсан би номын  ач холбогдлыг нь маш сайн ойлгосон учраас хувийнхаа зардлаар хэвлүүлж өгсөн. Энэ ном алтаар үнэлэгдэх цаг ирнэ гэж боддог. Хэлгүй, дүлий хүний ертөнц энгийн хүнийхээс илүү гүнцгий, ер бусын байдаг юм шүү дээ. Төр нүдтэй гэдэг ч багшид маань Гавьяат багш шагналыг өгөхгүй л байна. Өгөх цаг ирнэ байх аа. Миний тусгай сургуулийн ангийн багшийг Монгол Улсын Гавьяат багш Ж.Оюунчимэг гэдэг. Одоо 29-р сургуульд зөвлөх багш хийж байгаа. Мундаг чадвартай багш. Угаасаа “тусгай” багш нар бараг ид шидийн гэмээр увидас чадвартай хүмүүс байдаг. Жирийн сургуульд хүүхдийг харах, сонсох, ярих мэдрэмж дээр нь сургана. Тусгайн багш бол есөн мэдрэмж дээр нь ажиллаж, сургадаг.

- Та хожуу амьдрал зохиосон байх аа. Ханийнхаа талаар яриа дэлгэвэл?

            -Би ханийгаа сайхан эмэгтэй, сайн эхнэр, ээж гэж л ам бардам хэлнэ. Намайг хамгийн ихээр ойлгож, дэмждэг. Арай эрт учирсан бол гэж бодож явдаг. Өөр бусдыг чи уулзаад мэдэх биз ээ.

-Танай хүүхдүүдээс таны уран бүтээлийг үргэлжлүүлж буй хүүхэд байгаа юу?

              - Манай бага охин Урангоо л юм дуулгаж магадгүй. Хэд гурван үг аятайхан холбож харагддаг юм. Ах нь дөрвөн хүүхэдтэй. Үртэй хүний жаргалыг өдөр бүр мэдэрч жаргаж явна даа. Хэдий хүүхдүүдээ “Аав аа” гэж шулагнан хэлдэг орохыг сонсоогүй ч зүрхэндээ сонсдог.

-Танай гэрийхэн дохионы хэл мэддэг үү?

              -Голдуу хурууны үсэг мэднэ. Нүд, нүүрний хэлэмж, амны хайрцагаар нь хялбархан ойлголцдог.

-Та зөгий аж ахуй эрхэлж байгаа гэсэн.Тэр талаараа яриа дэлгэвэл?

                -Хөвсгөлд аймагтаа зөгийн аж ахуйг анхлан хөгжүүлсэн. Одоо 15 дахь жилдээ зөгийчин хийж байна. Үр шимээ сайн өгдөг буянтай ажил.  Зөгий байгальд ямар нэг сөрөг нөлөөгүй харин ч төлжүүлж байдаг. Газар тариалан эрхэлдэггүй бүсэд зөгий үржүүлбэл жинхэнэ ориг бүтээгдэхүүн болж гардаг.

-Зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын амьдрал, уран бүтээлд сайн сайхныг хүсье.

               -Баярлалаа. Миний ярианы сэдэв дандаа сонсголгүй хүний ертөнц рүү ороод хүмүүст сонирхолгүй. Нойрны эм шиг байдаг юм. Дүүг тэвчээртэй сонссонд баярлалаа.

Их тугч Ц.Батбилигийн шүлгүүдээс:

ХУУРАЙ УСНЫ ЧИМЭЭ

Хаяанд аргамжаатай морин хөрвөөх анирт

Харуй бүрий хөнгөрч айсана

Бодь малчны гэрээс бургих утааны чимээ

Байгаадаа сэтгэл хангалуун үнэр бүлээсгэнэ

Тэрхэндээ оторчны гэр борлог аялгуу хатирна

Тэртээ цаг энэ цагтаа атаархал шиднэ

Хулганы сүүлнээс үхэрийн сүүл урт... гэх

Хөгшин үг зүүд цохож сэрээхэд

Хуурай сайрны усан мяралзаа чих норгоно

                                      2021.2.28

ГҮҮРТИЙН БУЛУУНЫ МАНАН

Учраа олохгүй бухамдсан бороо асгарч

Уйтгаргүйн мананд Гүүртийн булуу живэхүйе

Тэнгэрээс биш Гүүртээс бороо шаагиж

Тэрс битүү мананд анир тэмтчинэ

Таамаг таамаг дундаа Гүүртийн манан

Тайлал тайлал загатнуулж холдоно

Тэрслүү тайлалын оршил нэрж,

Тэрний тоймлосон номын хүмүүн

Ард Аюушын амилсан дүр

Ахуугаас буцсан уйт сургаар

Уйтгаргуйн Гүүрт мананд нойрсож

Уулнаас мэдрэхүйд тайлал авчирна

Ах Ц.Батдэлгэр-т

Төрөлдөө очих дотоод хөтөлбөрйин

Такси намайг тосож ирлээ

Бужуу мэт ... гэх ээжийн дуу

Баригдахгүй холоос тодхон дуулдана

Ганц ах минь надад эртийн сайхан

Гарт гялалзах алмаз адил

Цахилаад одсон цагийн шалгарал

Цав суугаагүй удмын барилдлага

Оросын суут Довстовескээс ч

Олоогүй үнэн дэргэд минь иржээ

 


Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188