• Өнөөдөр 2024-04-25

Шадар сайд С.Амарсайханыг огцруулж, Г.Сайханбаяр сайдыг чөлөөлөхөө яасан бэ, ЕРӨНХИЙ САЙД АА

2021-04-09,   1251

ТЭДЭНД ХАРИУЦЛАГАГҮЙ, АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ, ЗАНГАРАГГҮЙ БАЙГААГИЙНХАА ТӨЛӨӨ ОГЦРОХ ХЭДЭН ШАЛТГААН, ХЭДЭН АЛДАА ХЭРЭГТЭЙ ВЭ

              Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та одоогийн албан тушаалаа авсныхаа дараах уулзалт бүр дээр “Шударга, үнэний төлөө давс мэт шорвог үгээ хэлсээр байх болно” хэмээж байснаа мартаагүй биз дээ. Хэрвээ мартаагүй байгаа бол одоо л давс мэт шорвог үгээ хариуцаж байгаа кабинетынхаа шударга бус, хариуцлагагүй, хэнэггүй хүмүүст бүр илүү чанга дуугаар хэлж, хариуцлага тооцох хэрэгтэй байна. Олны нүдэнд ил, нийт ард түмний эгдүү, дургүйцлийг хүргэсэн, шударга бус ийм асуудал, тийм албатууддаа цэг тавьж чадахгүй бол Монгол Улсын 32 дахь сайд Л.Оюун-Эрдэнэ та ч бас өөрөө огцорно уу. Учир нь, зөвхөн Л.Оюун-Эрдэнэ бус МАН-ын сүүлийн жилүүдэд барьж ирсэн бодлого, дэг журам, үзэл баримтлалд доор дурдах хүмүүс дэндүү харш зүйл хийчихээд албан тушаалтайгаа үлдэхийн тулд арга, сиймхий зохиож суугаа нь тодоос тод анзаарагдахгүй байна гэж үү.

           

          Шинэ Засгийн газрын нэрийг хамгийн түрүүнд “баастсан” албатууд бол коронавирусийн хамгийн эрсдэлтэй улаан бүс рүү аав, ээжийгээ асрах нэрээр орчихоод “Өрөөний орчин, ариун цэвэр, нөхцөл байдал нь таалагдахгүй байна” гээд дураараа гараад явчихдаг эхнэрээ Төрийн ордны танхимаас өмөөрч, худал хэлж зогссон Шадар сайд С.Амарсайхан, хариуцсан салбарынх нь дарга, цэргүүд ажлын байрандаа архидан согтуурч, эх орноо хамгаалах тангараг өргөсөн цэргээ хүний санаанд багтамгүйгээр зодож, яргалсаар аминд нь хүрсэн Батлан хамгаалах салбарын сайд Г.Сайханбаяр нар. Тэдэнд хариуцлагагүй, ажлаа хийж чадахгүй байгаагийнхаа төлөө огцрох хэдэн шалтгаан, хэдэн алдаа хэрэгтэй вэ, Ерөнхий сайд аа. Энэ удаад бид тэднийг зайлшгүй огцрох, КОВИД-ын эрсдэлт энэ цаг үед чаддаг хүнээр нь салбарыг удирдуулах маш тодорхой хоёр хоёрхон шалтгаан тоочъё.

С.АМАРСАЙХАНЫ АЖЛАА ӨГӨХ ХОЁР ШАЛТГААН

НЭГ

        УОК ба НОК-ын зөрүүтэй шийдвэрүүдийн тухай жишээг тоочъё гэвэл уртаас урт жагсаалт гарна. Хамгийн сүүлийнх нь гэхэд өнгөрсөн долоо хоногт УОК-оос “Амралтын өдрүүдээр үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй” гэсэн бол НОК-оос “Үсчин, гоо сайхны газрууд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад ажиллаж болно” гэсэн хоёр үзүүртэй шийдвэр байлаа. Урт хугацааны хөл хорионы улмаас эдийн засгийн хямралд өртсөн аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнесийнхэн УОК, НОК гэсэн хоёр том эрх мэдэлтний дунд, ядаж байхад зөрүүтэй шийдвэрийнх нь дунд тэлээ хурга шиг хэцүүдэж байгааг аль аль нь засаж, залруулах тухай бодохгүй өнөөг хүрсэн. Үүнийг С.Амарсайхан, Д.Сумъяабазар гэх хоёр хүний хувийн тэрсэлдээн, өрсөлдөөний асуудал гэдэг ч бодит байдал дээр Шадар сайдын хариуцаж буй УОК нийслэлийн онцгой комиссоос зангараг муу байгаагийн, бодлогоо нэгтгээд ард иргэдээ чирэгдүүлэхгүй байх тал дээр хамтраад ажиллах чадвар байхгүйн илрэл билээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Шадар сайд ажилдаа эзэн болж, ажлаа хийж чадахгүй байгаа хэрэг юм.

ХОЁР

           

         Шадар сайд С.Амарсайханы эхнэр, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо коронавируст халдварын “улаан бүс” буюу ХӨСҮТ рүү ороод хоёр цаг болоод буцаж гарч ирсэн асуудал өнгөрсөн долоо хоногт дэгдэж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Эхнэрээ, эхнэрийнхээ ээж, аавыг энгийн иргэдээс дээгүүрт тавьж, ХӨСҮТ рүү дураараа орж гаргах эрхийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн үү, ХӨСҮТ-ийнхэн Шадар сайдын гэр бүлийнхэнд жирийн иргэдэд хүртээлгүй “тусгай журам”-аар үйлчилсэн үү, гэдэг асуудал ч дэгдээд буй. Шадар сайд С.Амарсайхан эхнэрийнхээ энэ үйлдлийг “Би хэн нэгнийг зөвтгөх гэж тайлбар хийх гээгүй. Манай эхнэрийн аав, ээж нь халдвар авсан. 80 гарсан асаргаанд байдаг хүмүүс байдаг. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж, эхнэр маань аав ээжийгээ ХӨСҮТ-д хүргэж өгсөн. Мөн өөрөө вакцин хийлгэж, вакцины урвал илэрсэн учраас ХӨСҮТ-д очсон. Эхнэр хамт явсан учраас дам хавьтал гээд тусгаарлагдсан. Улмаар хоёр, гурав удаа шинжилгээ өгөөд сөрөг гарсан. Одоо тусгаарлалтад байгаа. Манай эхнэрийн хувьд халдвар гарсан голомт буюу аав, ээжийнхээ байгаа газар тусгаарлагдаж байгаа гэдгийг тодотгож хэлье” гэж мэдэгдсэн.

               Өөрөөр хэлбэл, Шадар сайдын эхнэр, гэр бүлийн хүн коронавирусийн улаан бүс рүү хэзээ л бол хэзээ нэвтэрч, орж, гарч болно гэх ойлголтыг “Манай эхнэрийн аав, ээж нь халдвар авсан. 80 гарсан асаргаанд байдаг хүмүүс байдаг. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж, эхнэр маань аав ээжийгээ ХӨСҮТ-д хүргэж өгсөн” гэх үгээр хаацайлж болно гэсэн гэж болсон бололтой. Гэвч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд дээрх эрх дархийн тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй билээ. Энэ нь Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд өөрөө хууль зөрчиж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг биш гэж үү, Ерөнхий сайд аа.

Г.САЙХАНБАЯРЫН САЛБАРЫН САЙДААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХОЁР ҮНДЭСЛЭЛ

 

Сайд болохтой нь зэрэгцсэн цэргүүдийн АМИА ХОРЛОЛТ, ДЭГЛЭЛТ

           

          Өнгөрсөн хоёрдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Талийгаач нас барахаасаа хоёр хоногийн өмнө аав ээж, ахдаа Намайг эндээс аваач. Дарамттай, маш хэцүү байна” гэх мессэж илгээж байсан тухай ар гэрийнхэн нь гомдоллож буй. Талийгаач цэргийн дэглэлт, хүчирхийллийг тэвчиж чадалгүй амиа алдсан бололтой. Түүнийг амиа алдахад хэн хүргэсэн бэ. Тэр “алуурчныг” олж тогтоож, хариуцлага тооцох учиртай. Ингэж байж л цэргийн дэглэлт багасна. Гэвч өнөөдрийг хүртэл уг хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй. 

             Түүнчлэн дээрх хэрэг гарснаас төд удалгүй буюу хоёрдугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарсан. Талийгаачийн цогцсыг 0214 дүгээр ангийн буудлагын талбайгаас олсон бөгөөд түүний үхлийн шалтгааныг “Амиа хорлосон” хэмээгээд хаасан байдаг. Гэвч ар гэрийнхэн нь “Ажлын байрны болоод албан тушаалын дарамт аминд нь хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл хүүгийн минь амьдрал тэгш сайхан байсан. Ажил дээрээ хэрхдэг байсан нь л сонин байна” хэмээсэн удаатай.

             2021.02.26

            Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагчид хоёр цэргийг хүний санаанд багтамгүйгээр дэглэж, шоглож буй бичлэг цацагдаж, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Уг асуудлаас үүдэн одоогийн сайд Г.Сайханбаярыг “Салбар доторх албан тушаалын бугшсан сүлжээ, цэргийн ангиуд дахь дэглэлт, элдэв яргалал, асуудлаа цэгцэлж чадахгүй байна” хэмээн албан тушаалаас нь огцруулах тухай яриа эрчээ авч байсан ч тэгсхийгээд өнгөрүүлсэн. Тухайн үед ч Г.Сайханбаяр сайд дээрх асуудалд анхаарал тавьж, Батлан хамгаалах салбар доторх зүй бус харилцаа, элдэв дарамт, дэглэлтийг таслан зогсоох тухай ямар нэг юм хэлэлгүй, “Хэлбэл хэвлэлийнхэнд баалуулж, ажлаа өгөх дээрээ тулж мэднэ” гэж айгаад өнгөрсөн.

             Харин Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/ ажлын хэсэг байгуулан уг асуудлыг шалгаж, “Дээрх үйл явдал 2020 оны есдүгээр сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр болсныг тогтоолоо” хэмээн мэдээлсэн. Тухайн үед уг бичлэгийг хийж, бусдыгаа хүчирхийлсэн халагдсан цэргүүдийг хаана байгааг нь олж тогтоож, хариуцлага тооцохоо салбарын яамны удирдлагууд мэдээлж байсан ч өнөөг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, одоогоос сар гаруйн өмнө л түүнд “Салбарт чинь ийм хүний ёсноос гажууд дэглэлт, яргалал байна. Таслан зогсоогоод өгөөч ээ” гэх сануулга ирсэн гэсэн үг. Гэвч тэр юман чинээнд тоолгүй, өмнөөсөө хүмүүсийг яриулаад өнгөрсөн билээ.

           2021. 03.28

            

       Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Ц.Б салаан даргын үүрэг гүйцэтгэгчдээ зодуулж харамсалтайгаар амиа алдсан билээ. Байлдагч  Ц.Б нь  Хан-Уул дүүргийн XII  хорооны нутаг дэвсгэр Биокомбинатад байрлах 326 дугаар цэргийн ангидаа дэслэгч Д.Гялбуужамцад зодуулснаас ухаан алдаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хүргэгдэж ирсэн ч харамсалтайгаар амиа алдсан. Эх сурвалжийн хэлж буйгаар уг хэрэг ангийн захирагч тэргүүтэй удирдлагууд Тавантолгой руу Марш тактикийн бэлтгэлд гарсан байсан бөгөөд ангийн дарга нараа эзгүйчилсэн дэслэгч нар согтууруулах ундаа худалдан авч, ангийнхаа байранд архидан согтуурсан байдаг. Улмаар дэслэгч нар цэргүүдийг “Архины мөнгө өг” хэмээн зодож нүдсэн гэх мэдээлэл бий. Үүнийг нь талийгаачийн ээжийн “Хүү минь миний ах руу “60 мянган төгрөг ийм данс руу гялс хий” гээд айсан байдалтай яриад утсаа салгасан байна лээ. Өмнө нь ч ааваасаа болон гэрийнхнээсээ байнга их, бага хэмжээний мөнгө нэхдэг, шилжүүлүүлдэг байсан” гэх яриа нотолж буй юм. Түүнчлэн байлдагч нар “...Талийгаачийн толгой руу цэргийн хар гутлаар дамналдуулан хэд хэдэн удаа хүчтэй  өшиглөсөн. Талийгаач түүнийг өшиглөж байх үед хөлнөөс нь зуурах гэж оролдож байгаад ухаан алдаад уначихсан байна. Хамаг бие нь салгалж, амнаас нь цус гоожиж, шалан дээр хөдөлгөөнгүй хэсэг хэвтсэн.  Байлдагч Ц.Б ухаан орохгүй байсан учир ангийн өөр удирдлагуудад энэ талаар мэдэгдэж, яаралтай түргэн тусламж дуудсан... хэмээн мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Г.Сайханбаяр сайд таны хариуцаж буй салбарт эх орны эр цэрэг бус эрэмдэг, зэрэмдэг албат, тарлаан зовоогчид, архидан согтуурагчид байсаар байна, та тэднийг өөгшүүлсээр байна гэсэн үг билээ.

         Тэд огцорсоноор асуудал шийдэгдэнэ, шийдэгдэхгүй гэх яриа олон нийтийн дунд бий. Энэ асуудлыг хөндөж байгаа нь хэн нэгнийг суудлаас нь заавал унагах гээд байгаа хэрэг огт биш юм. Гол нь тэгш эрхийг хангах, чаддаг чаддаг ажлаа хийж, гүйцэтгэж байж улс хөгжих, ард түмэн амар тайван орших нь л чухал юм. Иймээс л шударга ёс, тэгш эрх, амар тайвны төлөө Ерөнхий сайд та “Давс мэт шорвог” үг, үйлдлээ одоо гаргаж эхэлнэ үү. Үгүй бол өөрийн тань суудлыг ч ганхуулж мэдэх зүй бус үйлдлүүд танай танхимаас тасрахгүй шинжтэй.


Шадар сайд С.Амарсайханыг огцруулж, Г.Сайханбаяр сайдыг чөлөөлөхөө яасан бэ, ЕРӨНХИЙ САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-09 12:16:19
    зочин: Дэлхийд коронагийн 4 дэх давалгаа эхлээд улс орнууд лахиад хүнд байдалд орж байна. Амаа хамхиад ард түмнийг стресстүүлэлгүй мөрөөрөө бай. Хэрүүлийн бузраас чинь сэжиглэж байна.өөрсдөө эх орон, ард түмэндээ сайн үйл хийж түүнээ бич. Уйдаад байвал дэлхийн мэдээ, эрдэмтдийн бүтээлээс унш.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-09 09:52:43
    Ширнүүдээ: Нэг нэгнийхээ ашиг сонирхолоор орооцолдсон засаг болоод л яаж ч чадахгүй байгаа биз.одоо дээр нь Нямбаатар нэмэгдлээ хилийн цэрэг даргаа алчихлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-07 01:54:03
    Уурт : Амарсайхан арай л байна шүү. Өрх өүрээс шинжилгээ авна гэж үр ашиггүй мөнгө үрлээ. Яг үнэндээ идлээ. Үр дүнтэй гэж өөрөө л орилоод байсан нөгөө үр дүн нь хотоо тэр чигээр нь короно болгочихоод орон нутгийг бас бүрхлээ. Энэ бол Амарсайхан Оюунэрдэнэ хоёрын амьдралгүй тэнэг шийдвэрийн үр дүн. Зүгээр ч огцрох биш бүүр хариуцлагаа хүоээх ёстой. Үгийг чинь журмыг чинь дагасан хүмүүс өвдөж байна амь нас нь хохирч байна. Тэдний хохиролыг барагдуул. Ийм байхад сайн ажиллаж байна гэсэн хүмүүсийг ч хардмаар байна. Тэд гар хөл өолж магтах үүрэгтэй цалинжиж суудаг хүмүүс гэж ойлгомоор байна. Хэрэв тийм бол Самарсайхан ёстой самарч байгаа нь ойлномжтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-06 16:43:45
    Огцор: Огцрох ёстой, хүний нялх үрийг шууд бусаар алсан улс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-06 16:43:44
    Огцор: Огцрох ёстой, хүний нялх үрийг шууд бусаар алсан улс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-06 11:30:55
    иргэн: Огцруулна гэж ЕС хэлээгүй ш дэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-06 10:30:03
    Эмээ: Аммарсайхан маш сайн ажиллаж байгаа. Хүн мэрж огцруулахаас өөр юм хийж чаддаггүй тамын тогооны үхэрнүүдэд зөвлөхөд засгийн өгснийг дуугүй гудраад. Өөрт чинь хийсэн ажил талын тал байвал биччих. Тэгвэл хар хэл амны гай чинь багасагх байх. Хүн хийсэн зүйлээ л буцааж авддаг хорвоо. Бөйгалийн цэврэлгээ явж байна. Ковид аниа чамайг аваад чвчихаас хамгахлаад л Амарсаыхан ар гэрээ орхиод ажиллаад байгаа юм шүү дээ. Хэрэв чамд ажилладаг боддог толгой байвал. Тэр цэргийн нөхиийг бол хал хариуцлагад тат. Цэрэр зодуулж үхчихээд байхад сайд өөрөө л саналаараа зайлах,Баттулга аа! Чиний хариуцсан зэвсэгт хүчнээс хүмүүс алуулсаар бөйна...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-06 08:39:38
    Zochin: Neg l mundag gadaadad sursan tugssun um yarisan ulsuud ajil avtsgaasan. Aliin turshlaga, arga baril, yos zyi ukhamsar tyi ch baikhgyi ulsuud. Ter magtan duulaad bdg gadniikhan chin unuudriin ZG-khan shig iim zurchlyyd gargaj, uls ornii ediun zasgiin tartagt n' tulgachikhaad ed nar shig ichikh nyyrgyi alban tushaaltaigaa zuuraldaad suudag ch ulsuud bish baikhaa.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188