• Өнөөдөр 2025-02-06

Г.БАТЖАРГАЛ: БАТХААН УУЛАНД ХУЛГАЙН АНЧДАД ОЛЗЛОГДОХДОО ДЭЭЛ, ДУРАН ХОЁРОО СЭТ БУУДУУЛСАН Ч АЗААР АМЬД ГАРЧ БАЙЛАА

2024-10-10,   1610

Төв аймгийн Эрдэнэсант сумын Батхаан уулыг одоогоос 25 жилийн өмнө бүрэн зэвсэглэсэн хулгайн анчид эзэгнэж, таарсан хүн болгоныг олзолж, дарамталж, айлган сүрдүүлж байсан гэх үлгэр, домог шиг яриа байдаг. Тухайн үед чухам юу болсон талаар тэдэнд олзлогдож байсан гурван иргэний нэг Г.Батжаргалтай ярилцлаа.

ХУЛГАЙН АНЧИД ГУРИЛЫН УУТАНД СУМТАЙ, ХОЁР ШУУДАЙ БУГЫН СҮҮЛТЭЙ ЯВЖ БАЙСАН

-Батхаан ууланд 1999 оны арванхоёрдугаар сард буга агнаж байсан хулгайн анчдад таныг барьцаалагдсан гэж сонссон. Тухайн үед та Батхаан ууланд юу хийж явсан юм бэ?

    -Тэр үед би Эрдэнэсант сумын Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм. Арванхоёрдугаар сарын 1-ний шөнө унтаж байтал манай хашааны хаалгыг хүн нүдсэн. Хаалгаа тайлтал "Өвөрхангай аймгийн Бүрд сумаас явна аа" гэж өөрсдийгөө танилцуулсан хоёр залуу зогсож байсан. Тэд Батхаан ууланд хулгайгаар буг агнаж байгаа хүмүүст барьцаалагдсан тухайгаа надад мэдэгдсэн. Өөрсдийгөө айлын зарц хэмээн ойлгуулж, сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүсийн дүрд тоглож байгаад хулгайгаар тэднээс мултарсан гэж ярьсан. Тэднийг баахан дарамталсан байсан. Тухайн шөнө сумын Засаг дарга байгаагүй. Мөн цагдаагийнхан аймгийн төв рүү сургалтад явчихсан байсан. Би тэднээс мэдээлэл авсан даруйдаа цагдаагийн байрнаас хоёр дуран, гав өвөртөлж, байгаль хамгаалагч, жолооч хоёртойгоо 01:00-02:00 цагийн үед Батхаан уул руу явсан. Бид нэгдүгээр багийн нутагт орших Хорго хайрханаас тэднийг хөөж шөнөжингөө явсан. Маргааш нь 11:00 цагийн үед айлд очиж, хоол идээд сууж байтал гэрийнх нь гадаа дайн болж байгаа юм шиг л буун дуу тас няс хийж, гараад хартал буга буудуулаад “гозойтол” унаж байлаа.

-Тэгээд та ямар арга хэмжээ авсан бэ. Тэднийг барих ажлаа хэрхэн зохион байгуулж байв?

     -Байгаль хамгаалагчаа тэр хавиар нутагладаг иргэдтэй нэг баг болгож, харуй бүрий болохоор уулын оройгоор гэрэл, түүдэг асаах үүрэг даалгавар өгсөн. Би малчин, жолооч хоёртойгоо нэг баг болж, Батхаан уулын нөгөө талаар нь явсан. Ард иргэдтэйгээ нийлж, тэднийг барихаар уулыг самнаж байтал нутгийн нэг иргэн бидэн дээр ирж, “Байгаль хамгаалагчийн унаж явсан морины гэдэс рүү буудаад морь нь годройтоод ойчсон. Хулгайчид тэдний буу, морийг булааж авсан” гэх мэдээлэл өгсөн. Бид ажиллагаагаа үргэлжлүүлж, Батхаан уулын Ноён оргил руу авирч байтал дотор муухайрч эхэлсэн. Тэсээд явж байтал ширээ шиг хад харагддаг юм. Түүн рүү дөхөж байтал буун дуу гарсан. Хадны ард нуугдаж байтал хулгайчид хоёр талаас ээлжилж зогсолтгүй буудсан. Буудах нь намжаад, биднийг "Гараад ир" хэмээн сүрдүүлж эхэлсэн. Бид бүрэн зэвсэглэсэн хулгайн анчдын өмнө хүчин мөхөстөж ил гарахаас өөр аргагүй болсон. Биднийг ил гартал хувцсаа тайлахыг шаардаж, гараа өргө гэж хашгирч байлаа. Миний өврөөс нүдний хоёр дуран, гав унасан чинь намайг илүүтэй дарамталсан. Гэхдээ сумын удирдлагын нэг нь байна гэдгийг мэдээд “Аюулгүй газар гаргаж өг” гэж шаардсан. Хоёр нүдний дуран хөлнөөс төө хэрийн зайтай байхад тэд нэг дурангийн шилийг нь буудаж, оноход дуран сэнс шиг эргэлдэж байлаа.

ХҮН БУУН ДУУНД ДАСАХААРАА "АЛУУЛБАЛ АЛУУЛНА Л БИЗ" ГЭЭД УЛАЙРДАГ ЮМ БИЛЭЭ

-Та гурав тэдэнд барьцаалагдаад байхдаа "Ингээд алуулах юм байна" л гэж бодож байсан уу?

     -Эхний хоёр гурван удаагийн сум шунгинаад өнгөрөхөд нь үхтэлээ айж байсан. Түүнээс хойш буун дуунд дасаад “Алуулбал алуулна л биз” гээд улайрдаг юм билээ. Сум газрын хөрс онги татаж байгаа нь хүртэл мэдрэгдээд сүртэй гэж жигтэйхэн л байсан.

-Та гурав тэдний хүсэлтийг биелүүлж, аюулгүй газар хүргэж өгсөн үү. Тэднээс яаж салсан юм бэ?

     -Тэд бидэнд буу тулгаж дарамтлахдаа “Биднийг аюулгүй газар хүргэж өг. Тэгэхгүй бол буудаж ална” гэж сүрдүүлж байсан. Өвөл байсан болохоор дорхноо бүрэнхий болсон. Манай сумынхан миний өгсөн үүрэг, даалгаврын дагуу уулын хэц, хяр дээгүүр баахан гэрэл, түүдэг асаагаад бүсэлчихсэн хүлээж байсан л даа. Тэгэхээр нь би тэдэнд “Та хэд хэдийнэ бүслэгдсэн. Биднийг алсан ч та хэд амьд үлдэхгүй. Гэхдээ та хэдийг буу ашиглахгүй гэвэл аюулгүй газар гаргаж өгье” гэж тохироод тэдэнд туугдаж явсан. Тэд бидэнтэй хамт явж байсан малчныг “Энэний нүдийг ухаад хадан дээр тавьчихъя. Энэ л хов хүргэсэн” гээд жад гаргаж ирээд дайрч хүртэл үзсэн. Биднийг тэгж "тууж" явахдаа бууныхаа бөгсөөр цохих, элдвээр хэлэх гэх мэтээр бие, сэтгэлийн дарамтанд оруулахыг их хичээж байсан. 

-Та гурав тэдэнтэй хэчнээн километр хамт явсан бэ. Аюулгүй газар гэж хаана хүргэж өгсөн юм бэ?

     -Тэдэнтэй 20 гаруй километр хамт явсан. Засмал зам руу нэлээн дөхүүлж өгсөн санагддаг юм. Намайг хариуцаж явсан хүнээс би хэн гэдэг, хаанахын хүмүүс болохыг бага багаар тодруулж, мэдээлэл авч байсан. Замд бидний унаж явсан машин таартал тэд машины утас болон ил харагдах бүхнийг салгаж, тасласан. Биднийг машинаа унаад араас янз бүр болно гэж айсандаа тэр байх. Тэгээд харзтай уснаас ууцгааж байснаа “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг юм гээд бидэнд өврөөсөө боорцог гаргаж өгсөн. Ингэж явсаар нэлээд харанхуй болсон. Тэгж яваад биднийг яв гэхэд нь араас буудчих вий гэж айж байсан ч гайгүй өнгөрсөн. Тэднийг замд дөхүүлж өгчихөөд жолооч, малчин хоёроо машин руугаа явуулаад, би малчных руу явсан. Биднийг тэдэнтэй хамт явсныг мэдсэн сумынхан амьд үлдээгүй байх гэж айж байсан гэсэн. Шөнө айлдаа очтол намайг хулгайч гэж андуурч, айгаад буу, шийдэм болоод, арай гэж таниад хэн хэн нь сэтгэл амарсан. 

-Сумынхан нь та гурвыг барьцаалагдаад явж байхад нэмэлт хүч дуудсан байсан уу?

     -Сумын цагдаа Мягмархишиг аймгийн цагдаагийн газар руу мэдэгдсэн байсан. Тэгээд аймгийн цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ, Улаанбаатар хотоос тусгай албаныхан биднийг зорьсон байдаг. Маргааш өглөө нь цагдаагийн газрынхан ирж, хулгайчдын тухай мэдээллийг надаас авч, эрэн хайх ажиллагааг орон даяар эхлүүлсэн. 

-Тэд хэчнээн буга агнасан байсан бэ?

     -Тэд хятад гурилын уутны талаас илүү сумтай, хоёр уут дүүрэн бугын сүүлтэй явж байсан. Тухайн үед бугын сүүл ширхэг нь 60 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин Хятад руу гаргахад 600 мянга болдог гэж сонсож байлаа. 20 гаруй жилийн өмнөх 600 мянган төгрөг гэдэг чинь нэлээд мөнгө байсан. Тэдний сум эрхий хуруунаас бүдүүн, буганы хүзүүг нэвт буудсаныг нь харахад аяганы амсар шиг нүх гаргасан байсан.

ЦАГДААГИЙНХАН БУУДАЛЦААН БОЛСОН ГАЗРААС 28 ХОНГИО ОЛСОН ГЭСЭН. ДЭЭЛ, БЭЭЛИЙНД СУМНЫ ЯЛТАС ЗООГДЧИХСОН БАЙСАН

-Тухайн үед та хэд шархдаж, бэртэж гэмтсэн үү?

     -Тухайн үед үнэндээ их айсан. Дайн, байлдаанд оролцож байгаа юм шиг буун дуу тасраагүй. Гэхдээ азаар бэртэж, гэмтсэн зүйлгүй. Савхин бээлийний үзүүр, дээлний ард сумны ялтас зоогдчихсон, дээлээ сэт буудуулчихсан байсан. Хэзээ тэгж буудуулснаа санахгүй байсан болохоор ухаан санаа орж гарсан байх. Цагдаагийнхан буудалцаан болсон газар хяналт шалгалт хийж, цаснаас 28 ширхэг хонгио олсон гэдэг. Тэгэхээр бид гурвын өөдөөс багадаа 28 удаа буудсан гэсэн үг шүү дээ.

-Тэд Батхаан ууланд ямар унаагаар ирсэн юм бол?

    -Тэд Улаанбаатараас такси хөлсөлж ирээд уулын ойролцоо бууж, айлын адуунаас морь бугуйлдаж унаад уул руу гарсан юм билээ. Морь унахдаа нэлээд сурамгай хүмүүс байсан. Хулгайн ан хийхдээ ч гаршсан хүмүүс байсан байх. Хустайн нуруугаар буга агнаж байгаад Батхаанд ирсэн гэж ярьж байсан, тэд. 

-Тэд өмнө нь ямар нэгэн хэрэг хийж байсан болов уу. Та тэр тухай нь мэдсэн үү?

     -Тэр гурав өмнө нь ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан байсан. Чухам ямар хэргээр ял эдэлж байсныг нь мэдээгүй.

-Цагдаа нар тэднийг хэд хоногийн дараа баривчилсан бэ. Тэдэнд хуулийн ямар хариуцлага хүлээлгэсэн бол?

     -Тэднийг гурав хоногийн дараа Улаанбаатар хотоос баривчилсан. Өвөрхангай, Сэлэнгийн хүмүүс байсан гэсэн. Тэдний нэгэнд нь 12 жилийн ял, нөгөөхөд нь 10 жил, надтай явж өөрсдийнхөө тухай мэдээлэл өгсөнд нь гурван жилийн ял өгч байсан. Одоо бүгд суллагдсан байх.

-Тэд Бүрд сумын хоёр иргэн болон та гурваас өөр хүн барьцаалсан болов уу?

    -Өөр хүн барьцаалаагүй. Бүрдний иргэдийг мэдээлэл өгсөн даруй тэднийг барихаар бид уул руу гарч, өөрсдөө барьцаалагдаад, тэднийг замд дөхүүлж өгсөн. 

-Та ямар мэргэжилтэй вэ. Эрдэнэсант суманд хэчнээн жил ажиллаж, амьдарсан бэ?

       -Би Цэргийн нэгдсэн сургуулийн хуягт танк ашиглалтын инженерээр сурч төгссөн. Тийм учраас хулгайн анчидтай хэрхэн харилцах, ямар арга хэрэглэхээ мэдэж байсан. Тийм болохоор ард иргэддээ уулын хэцээр түүдэг, гал асаахыг зөвлөж байсан гэсэн үг. Бас тэдэнтэй явахдаа мэдээлэл авсан нь цагдаа нарт ихээхэн хэрэг болсон. Би Эрдэнэсант сумандаа сургуулийн багш, хичээлийн эрхлэгч, ЗДТГ-ын дарга, Засаг даргаар нь хүртэл ажиллаж байлаа. Харин одоо хаана, ямар ажил хийж байгаагаа нууцалмаар байна. Улсад 44 дэх жилээ ажиллаж байна даа. 


Г.БАТЖАРГАЛ: БАТХААН УУЛАНД ХУЛГАЙН АНЧДАД ОЛЗЛОГДОХДОО ДЭЭЛ, ДУРАН ХОЁРОО СЭТ БУУДУУЛСАН Ч АЗААР АМЬД ГАРЧ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-10 08:59:58
    Сант: Хөх чоно, Амбантны цагаан Жигмэд нар бөлгөө олон буг хядсан даа энэ 2 жүжигчин
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-10 08:59:55
    Сант: Хөх чоно, Амбантны цагаан Жигмэд нар бөлгөө олон буг хядсан даа энэ 2 жүжигчин
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-10 08:32:10
    Х: *Бугын
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188