• Өнөөдөр 2024-05-02

АТГ-ЫН АНХНЫ ДАРГА, ТАЛИЙГААЧ Б.ДАНГААСҮРЭНГИЙН ДҮҮ Б.ДАНСАЛ: МИНИЙ АХЫН ХОЁР НҮДИЙГ УХАЖ АВААД, ОРОНД НЬ ХИЙМЭЛ НҮД ЦАВУУГААР НААГААД ЯВУУЛСАН БАЙСАН

2023-09-11,   13836

     АТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Дангаасүрэн өдийгөөс 16 жилийн өмнө буюу 2007 оны аравдугаар сарын 25-нд Австралийн Сидней хотод учир битүүлгээр амиа алдсан байдаг. Бид талийгаачийн дүү Б.Дансалтай ярилцлаа. 

-Таныг саяхан ахынхаа шарил дээр очсон гэж сонссон. Үе үе тийшээ явдаг уу?

     -Ахгүй амьдраад 16 жил өнгөрчээ. Байсан сан бол ах минь энэ хорвоод мэндлээд 72 дахь жилтэйгээ золгох байлаа. Би Алтан-Өлгийн оршуулгын газарт жилдээ хоёр удаа очиж, ахтайгаа уулздаг юм. Нэг нь ахын хорвоод мэндэлсэн өдөр буюу есдүгээр сарын 2,  нөгөөх нь буцсан өдөр нь болох аравдугаар сарын 25. Энэ жил ч ялгаагүй төрсөн өдрөөр нь очиж, уулзаад ирлээ. Гэнэтийн, учир битүүлэг зүйл гэдэг чинь хүнийг амьдаар нь тамлаж, тарчлаадаг юм байна. Сүүлийн хэдэн жил ахынхаа үхлийн шалтгааныг олохын тулд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл гутлынхаа улыг эргэтэл алхаж байна. Энэ хэрэг шийдэгдэх хүртэл, буруутанг олтлоо явах болно. Хэрэг гарсны дараа автобусанд ч сууж чадахаа больсон. Таньдаг, таньдаггүй согтуу галзуу нь ч, эрүүл, сэхээтэн нь ч “Ахын чинь хэрэг юу болсон бэ. Яагаад шийдэгдэхгүй байгаа юм бэ. Та ахынхаа хэргийн араас явж байна уу. Ахынхаа үхлийг мөнгө аваад дарчихсан юм уу” асууж шалгаагаад хэцүү байдаг байсан. Одооноос арай намжиж байгаа ч би зогсохгүй.

-16 жилийн өмнө яг юу болсон талаар мэддэг зүйлсээ тодорхой  яриад өгч болох уу? 

     -Миний ах Б.Дангаасүрэн 2006 онд АТГ-ын анхны даргаар томилогдож байлаа. 2007 онд Авлигатай тэмцэх олон улсын хуралд суухаар албаныхаа таван хүнтэй хамт яваад эргэж ирээгүй. Олон улсын хурал учраас төрийн дээд албан тушаалтнуудыг байрлуулах зочид буудал, хэрэгцээт төсвийг бүгдийг нь баталж, Дэлхийн банк санхүүжүүлсэн. Монголоос явсан зургаан хүний байрлах зочид буудлыг нэг сарын өмнө захиалсан байдаг юм билээ. Тэд БНСУ-аар дамжиж, Австралийн Сидней хот руу ниссэн. Гэтэл тухайн үеийн АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Д.Алтангэрэл Солонгост буугаад, хоол идэж байхдаа ахад “Дарга аа, зочид буудлын захиалгыг 14 хоногийн өмнө цуцалчихсан. Бид тэнд олон хоног болох учраас төсөв өндөр гарч байна. Монгол айлд гурав, гурваараа байрлахаар болсон” гэсэн байгаа юм. Энэ үг ахыг минь дээд зэргээр бухимдуулж, бачууруулсан байх. Аравдугаар сарын 24-нд Сиднейд буугаад, эхний өдрийн хуралдаа сууцгаагаад орой нь Монгол Улсын иргэн н.Түвшинжаргалынд ах, АТГ-ын ажилтан, цагдаагийн хурандаа Б.Доржпалам, орчуулагч, төслийн зохион байгуулагч А.Өлзийбаяр гэх эмэгтэй хамт очсон байдаг. АТГ-ын ажилтан Д.Алтангэрэл, Н.Гунгаа, Б.Энхтуяа нар өөр нэг монгол айлд хоносон байсан. Гэтэл маргааш өглөө нь ах ариун цэврийн өрөөнд нь уначихсан байсныг гэрийн эзэгтэй н.Эрдэнэцэцэг олсон гэсэн. 

-Амьсгал хураачихсан байсан юм уу, талийгаач? 

    -Тэд урд шөнө нь хоол идээд, нэг шил вино хувааж уугаад унтсан гэдэг. Ахын хажуу талын өрөөнд н.Түвшинжаргалын 13 настай охин хичээлээ давтаад үдэш хүртэл суусан байгаа юм. Энэ хугацаанд ах хэд хэдэн удаа ариун цэврийн өрөө орж, бие нь тавгүй байдалтай байсан гэсэн.  Т.Уянгын хэлж буйгаар “Талийгаач ариун цэврийн өрөөнөөс гараад хана түшиж яваад байсан. Бие нь ер нь л тааруу харагдсан” гэсэн. Яагаад аав, ээждээ хэлээгүй талаар асуухаар юм хэлдэггүй. Гэрийн эзэгтэй өглөө 06:15 цагт угаалгын өрөө рүүгээ ороход ах суултуурын хажууд хэвтэж байсан гэсэн. Тэгээд түргэн дуудахад, 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн байна лээ. Мөн Австралийн түргэнийхэн дуудлага авсан л бол утсаа салгадаггүй, ирэн иртлээ зөвлөгөө өгдөг юм билээ. Энэ хугацаандаа н.Түвшинжаргал, н.Эрдэнэцэцэг нарт массаж хийх, амьсгалуулах зааварчилгаа өгсөн гэсэн. Түргэн ирээд Сидней хотын Висентийн эмнэлэг рүү ахыг авч явсан. Гэхдээ хэдийнэ амьсгал хураачихсан байсан гэсэн. Миний ах хэзээ ч айлд байрлах хүн биш. Тэд л хүчээр айлд байрлуулж, хорлосон байх гэж бид харддаг. Гэхдээ хууль хяналтын байгууллагынхан ахын үхлийг аллага гэж үзээгүй учраас бид шууд тэгж ярьж чадахгүй байна. 

-Хардаж байгаа шалтгаанаа та тайлбарлаад өгч болох уу? 

    -Нэгдүгээрт, АТГ дөнгөж байгуулагдаад хэрэг шалгадаг болсон айсан үе. Ахыг нас барах үед АТГ 74 улстөрч, эрх мэдэлтэн, бизнесмэний хэргийг шалгаж байсан юм. Тэр хүмүүсийн захиалгаар хуралд хамт явсан хүмүүс ахыг минь хөнөөх даалгавар авсан байж болзошгүй сэжүүр олон бий. Зочид буудлаас эхлээд эргэлзээтэй зүйлүүд биднийг амьдын тамд унагаж байна. Ахын бие тавгүйрхээд, олон удаа ариун цэврийн өрөө орсныг гэрч мэдүүлж байхад нэг өрөөнд хамт байсан хүмүүсийн нэг нь ч мэдээгүй нь сонин. Тэр бүү хэл хоёр давхар төмөр орны доод талд нь ах, дээр нь  А.Өлзийбаяр унтсан байгаа юм. Тэр ор суугаад босоход л унтаж байгаа хэн ч сэрэхээр төмөр нь хяхтнадаг юм билээ. Гэтэл тэд мэдээгүй, сонсоогүй л гэж гүрийгээд байдаг. Хоёрдугаарт, ахын цогцсыг эмнэлэгт аваад очиход тав, зургаан хавирга нь хугарсан байсан гэсэн. Гэрийн эзэд түргэн дуудаад, массаж хийж байхдаа хавиргыг нь хугалсан гэдэг. Гуравдугаарт, ахын биед задлан шинжилгээ хийхэд хамт явсан албаны таван хүний нэг нь ч ороогүй. Бүгд л зүрх муутай, даралт ихтэй гэх шалтгаанаар татгалзаж, ахын задлан шинжилгээнд оролцоогүй. Задлан шинжилгээ хийсэн эмч нь “Танай монголчууд ямар хүн муутай юм бэ. Намайг уулзах гэхээр зугтаад, алга болчихсон” гэж байсан шүү дээ. Дөрөвдүгээрт, тэд хоёр дахь өдрийнхөө хуралд суугаагүй. Тэр бүү хэл, намайг очихоос өмнө хоёр, гурав нь Монгол руу ирчихсэн байсан. Хамт явсан хүн нь, дарга нь нас барчихаад байхад цогцсыг нь хаяад эх орондоо хүрээд ирсэн гэхээр санаанд багтдаггүй юм. Мөн тэд эхлээд ахыг зочид буудалд нас барсан гэж худлаа хэлсэн. Ахтай хамт явсан Н.Гунгаа, Б.Энхтуяа нар АТГ-ын дэд дарга Б.Сундуйсүрэн рүү утсаар ярихдаа ахыг “Зочид буудалд нас барсан” гэж  худлаа хэлсэн байдаг. 

-Шүүх шинжилгээнийх нь дүгнэлт юу гэж гарсан бэ? 

    -Австралийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр уургийн дутагдалд орж нас барсан гэж гарсан. Яагаад уургийн дутагдалд ордог вэ гэдгийг судалж үзэхээр ихэвчлэн хордуулагч бодисноос болдог юм билээ. Австралиас ирсэн задлан шинжилгээний хариу, манайхны хийсэн задлан шинжилгээний хариу тэс өөр. Автралид бол ахын цогцост задлан шинжилгээ хийхдээ бөөр, тархи,  зүрх, элэг, дэлүү гээд бүх эрхтнээс нь дээж авсан байсан. Харин Монголын шинжээчдийн дүгнэлт зүрхний цусан хангамжийн дутагдлаас болж нас барсан байж болзошгүй гэж гарч байгаа юм. Тэгээд ч цогцос ирэхээс өмнө манай эмч нар дүгнэлтээ гаргачихсан байсан. Сонин байгаа биз. Би ахынхаа цогцостой арваннэгдүгээр сарын 3-нд Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд бууж байхад Монголын эмч нар задлан шинжилгээг арваннэгдүгээр сарын 1-нд аваад, тэр өдөр нь гаргачихсан гэх бичиг баримт үйлдсэн байсан. Хэнийхээ биед шинжилгээ хийгээд, хуурамч дүгнэлт үйлдсэнийг мэдэхгүй. Австралийн эмч нарын гаргасан шинжилгээний хариу зөв болж таарна. Тэгэхээр хаанаас, юунаас хордсон байх вэ гэдгийг судалж үзэх хэрэг болж байгаа биз. Миний хардаж байгаагаар тэд уусан винонд нь л хор хийсэн байх. Ер нь тэд ахыг минь хөнөөх даалгавартай л явсан болов уу. Даалгавраа биелүүлчихээд санд мэнд биднийг очихоос өмнө Монгол руу зугтсан байх. 

-Та хэргийн тухай дуудлага аваад Сидней рүү очсон байдаг. Ахынхаа цогцсыг харахад ямар байдалтай байсан бэ? 

    -Өмсөж явсан хувцсыг нь цэмбийтэл өмсүүлээд, үсийг нь арагш нь самначихсан байсан. Яг л унтаж байгаа юм шиг харагдсан. Гэхдээ хэдийнэ задлан шинжилгээ хийгээд, бүх эд эрхтнийг нь уутанд хийчихсэн байсан. Өөрөөр хэлбэл, ахын минь цээж, хэвлийг хөндий болгоод, нэг дусал цус ч үгүй болгосон байсан гэсэн үг. Тэгээд ачаа тээврийн онгоц байхгүй учраас хайрцганд хийгээд, зорчигч тээврийн онгоцонд “Хагарах аюултай” гэж бичээд ачаад явуулсан. Бүх эд эрхтнийг нь хар уутанд хийгээд, хэвлий дотор нь хийчихдэг юм байна лээ. Бид оршуулах ёслол үйлдэхдээ эд эрхтнийг нь буцааж байрлуулсан. 

-Ахын тань нүд байхгүй байсан гэж ярьдаг юм байна лээ. Энэ үнэн үү?

    -Би ахынхаа нүдийг авах гэж Австрали руу гурван удаа захидал бичсэн. Гурвууланд нь “Нүдний талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэж хариу ирсэн. Дахиад бичнэ, ямар хариу ирэхийг мэдэхгүй. Би Австралиас гарахдаа ахынхаа нүүрэн дээр хадаг тавиад, бүх эд эрхтнийг нь шалгасан. Нүд нь яах аргагүй байрандаа байсан. Ахын шарилыг ачаагаар ирэхэд улсын хоёрдугаар төв эмнэлгийн цогцос хадгалах өрөөнд оруулсан. Тэгээд задалж үзэхэд хадаг нь хажуу тал руугаа уначихсан, нүд нь нэг л өөр харагдсан. Ойртоод хартал хоёр нүднийх нь оронд хуванцар, хиймэл нүд хийгээд, зориулалтын цавуугаар наачихсан байсан. Явдал дунд цавуу нь салаад, хуванцар нь байрнаасаа хөдөлчихсөн байсныг Монголд ирээд мэдсэн. Ахыгаа алдчихсан, дээрээс нь эд эрхтэн нь, хоёр мэлмий нь байхгүй гэхээр тэнгэр дахиад л хөмрөх шиг болсон. Хүний нутагт биеэ их барьсан, ирээд нүд нь байхгүй гэхээр нурчихдаг юм байна лээ. Ядаж “Эд эрхтнийг нь бүрэн бүтэн үлдээчихгүй яав даа” гэж гол гогдох юм. 

-Та хамт явсан хүмүүстэй нь уулзсан уу? 

    -АТГ-ын ажилтан Б.Энхтуяагаас бусадтай нь хальт уулзсан. Бүгдтэй нь уулзаж, нарийн ширийн зүйл асуухыг олон жил хүссэн ч утсаа салгаад алга болчихдог. Уулзах цаг, газар товлоод ирдэггүй. Тэдний гол зорилго нь надаас зугтаах.  Энэ хэрэгт онцгойлон үүрэг гүйцэтгэсэн хүнийг би Д.Алтангэрэл гэж боддог. Тэр хүн л заавар зааварчилгаа  өгч, хоолонд нь хор хийсэн байх магадлалтай. Ахыг уурлуулж, буудалгүй болгож, хамаг ажлыг нь зохион байгуулчихаад өөр айлд унтчихсан байгаа юм. Тухайн үеийн АТГ-ын дэд дарга Б.Сундуйсүрэн тэднийг Монголд буусан даруй мэдүүлэг авах чиглэл өгсөн байдаг. Тэр хүнд их баярлаж явдаг юм. Бусдаар би ахынхаа тухай тэднээс нэг ч үнэн үг сонсоогүй өнөөдрийг хүрч байна даа. Энэ хүмүүсийг шалгах өргөдөл өгдөг ч өнөөдрийг хүртэл шалгасангүй. Тэр бүү хэл ахын амиа алдсан айл болох  н.Түвшинжаргалыг ч шалгаагүй. Эхнэр нь юм асуухаар уйлаад л байдаг байсан. Муу аав минь ахаас хойш хоёр жилийн дараа нас барсан. Хүүтэйгээ хамт явсан хүмүүсийг “Ороод ирэх болов уу, юу болсныг ярьж өгөх болов уу” гэж их л горьдож, хүлээсэн. Даанч тэдэнд хүн чанарын өчүүхэн хэлтэрхий ч байгаагүй юм билээ. АТГ-ын дэд дарга Сундуйсүрэн хэрэг болсны дараа Д.Алтангэрэл, Х.Доржпалам хоёрыг нэг өдөр нэг тушаалаар ажлаас нь халсан. Б.Энхтуяа, Х.Гунгаа хоёрыг цалингийн тодорхой хувиар торгох шийтгэл ногдуулсан байдаг. Үүнээс өөрөөр тэд ямар ч хариуцлага хүлээгээгүй, эрх чөлөөтэй амьдарч байгаа. 

-Одоо энэ хэрэг шалгагдаж байгаа юу, хэрэгсэхгүй болгочихсон уу?

     -Надад ахынхаа үхлийн үнэн учрыг олохыг хүсэж уулзаагүй төрийн өндөр албан тушаалтан үлдээгүй. Би үе үеийн Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзсан. Нэг нь ч энэ хэргийг шийдэж өгч чадаагүй. Хэрэгсэхгүй болгочихоор нь өргөдөл гаргаж байгаад дахиад сэргээлгэсэн. Ахынхаа бурхан болсон өдрөөс өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах хүсэлтэй байгаа. Төрийн өндөр албан тушаалтнуудад дахиад хандана. 

    -Ахын тань хүүхдүүд давгүй амьдарч байгаа юу?

    -Ахын минь бага хүүхэд найман сартай өнчирч байлаа. Одоо том нь Канадад сурдаг. Гэрийнхэн нь цөм сайн. Бэр эгч маань хоёр хүүхдээ хүний дайтай хүн болгож өсгөсөн. Ах минь хоёр дахь амьдралаа зохиогоод удаагүй байсан юм. Том хүүхдүүд нь сайн явдаг. 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

    -Баярлалаа.  Заримдаа ахыгаа “Шүүхийн байгууллагадаа ажиллаж байсан ч болоосой. Яах гэж АТГ-т очив оо” гэж бодох юм. Хэрэв тэгсэн бол өнөөдөр амьд, гавьяаныхаа амралтад гарчихсан байх байсан даа. 

 

Талийгаач Б.Дангаасүрэн учир битүүлгээр харийн нутагт амиа алдаад 16 жил болсон ч түүний ар гэрийнхэн үхлийн шалтгааныг өнөөдрийг хүртэл олоогүй байна. Монголын төрийг төрийн өндөр албан тушаалтныхаа хэргийг шийдэж өгнө гэдэгт итгэсээр, Австралийн талаас ахынхаа хоёр нүдийг ирнэ гэж хүлээсээр байгаа ажээ. Б.Дангаасүрэн агсны гэр бүлийнхэн ахыгаа нутагт нэгт хүмүүстээ, тэр дундаа албатууддаа хорлогдсон гэж хардсаар өнөөдөрт хүрч байна. Мөн талийгаачийг нөлөө бүхий хүмүүсийн хэргийг шалгаж, үнэнийг нь илчилсэн учир хорлогдсон гэж үздэг ажээ. Талийгаач шүүхийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд АТГ-ыг байгуулагдахад анхны даргаар нь томилогдоод байсан юм.  

 

 

АТГ-ЫН АНХНЫ ДАРГА, ТАЛИЙГААЧ Б.ДАНГААСҮРЭНГИЙН ДҮҮ Б.ДАНСАЛ: МИНИЙ АХЫН ХОЁР НҮДИЙГ УХАЖ АВААД, ОРОНД НЬ ХИЙМЭЛ НҮД ЦАВУУГААР НААГААД ЯВУУЛСАН БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-20 00:44:57
    Иргэн : Намбарын Хаанчилын үед болсон хэрэг байх шүү!!! Яаалтчгүй МАН-АН-Н мафиууд гүйцэтгэж дээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-16 21:35:51
    Ннн: Улс байна даа.АТГ-н дарга нь төсөвгүй айлд буудаг арчаагүй төр. Очоод буух буудал хаа сайгүй л байгаа шд.Айлд буулгасан новшид их юм мэдэж байж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-11 21:18:42
    Эрдэнэ чимэг: Ер нь зохион байгуулалттай хийсэн аллага харагдаж байна Энэ бол шалгагдаж байсан хүмүүстэй холбоотой юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-11 20:35:19
    Иргэн: Тэр Алтангэрэл гэж хулгайчийг л алах хэрэгтэй бүр өөрийнхөө гараар алах хэрэгтэй тэгээд нүдийг нь ухаад хая өөр яах юм бэ хэрэг шийдэж өгөхгүй юм чинь ийм л арга хэмжээ авч өөрийгөө тайвшруул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-11 13:20:54
    Зочин: Тэр Алтангэрэлээс л юм сонсох хэрэгтэй сонсож чадахгүй бол алах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-11 12:46:46
    Би: Тухайн үеийн АТГ даргаар маш шударга хүн ирлээ гээд иргэд ам сайтай байсан .Улс төрчид их айж байсан гэж сонсогддог хоролсоноос зайлхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-11 09:47:21
    Сараа : Хундагатай архинд нь хор хийсэн байх магадлалтай. Эмнэлгийн мэргэжилтэй хүн бол ямар ам бодис хүн хордуулдаг ыг мэддэгээрээ аюултай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-11 09:39:42
    Ганбаатар: Мэдээж айлд хонох нөхцөлийг бүрдүүлсэн улсуудийг шалгана ш дээ!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188