• Өнөөдөр 2024-05-08

Н.ЭНХБАЯР: Намайг 12 хоног хуурай өлсгөлөн зарлаж байхад тэд үхчихээсэй л гэж бодож байсан

2021-02-01,   1697

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайд тав хоног өлсгөлөн зарласан билээ. Тэрбээр Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай байлгах талаас нь өөрчлөлт оруулах, Олон улсын шүүхэд Засгийн газраас нэхэмжлэл явуулах зэрэг шаардлага тавьж байсан. Түүний тэмцэл амжилттай болж, эрх баригч намынхан уг нэхэмжлэлийг Нью-Йоркийн шүүхэд явуулаад байгаа билээ. Тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатарын талбайд ирж, түүнийг дэмжсэн юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна. 

                 -Оюутолгойн гэрээг өөрчлөх тал дээр таны байр суурь ямар байна вэ. Шинээр томилогдсон Засгийн газрын тэргүүн Оюутолгойн асуудлыг нааштайгаар шийдэж чадах болов уу?

                 -“Оюутолгойн гэрээг өөрчилж, Монголын талд ашигтай болгоно, Дубайн гэрээг өөрчилнө” гэсэн гуравхан өгүүлбэр бичээд гарын үсэг зураад явуулчих зүйл дээр Ерөнхий сайд Н.Оюун-Эрдэнэ хүлээж чадалгүй гэр рүүгээ явчихсан байсан. “Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой” гээд талбай дээр УИХ-ын гишүүн өлсгөлөн зарлаж байхад шөнийн хоёр, гурван цаг хүртэл хүлээж чадаагүй. Уг нь “Миний Ерөнхий сайд болсны утга учир энэ” гээд гарын үсгээ зурчихаад “Оюутолгойг Монголын ард түмэнд авчрах нэр, төртэй үүргээ биелүүлнэ, та нар харж бай” гээд ам бардам хэвлэлийнхнийг уриад, шөнө дунд ч хамаагүй нэхэмжлэлээ явуулах байсан. Тэгээд “С.Ганбаатар гишүүн ээ, өлсгөлөнгөө зогсоогоод Монголын ард түмний төлөө хамтдаа зүтгэе” гээд хэлчихэж болох байсан. Гэтэл тэгж чадаагүй. Ерөнхий сайд гэр рүүгээ явчихсан байсан. Ийм байдлаар хандаж байгаад Оюутолгойн асуудлыг мартагнуулах, саармагжуулах ажиллагаа явагдах вий. 

                 Бид сонор сэргэг байх ёстой. Алийн болгон эдний тоглоомонд хууртаж, “Далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж” явах вэ дээ. 

                 -Та “Монголын төр “Рио Тинто”-гийн барьцаанд орсон” гэж хэлж байсан?

                 -Засгийн газраас 09.00 цагт /01.29/ нэхэмжлэлээ явуулна гэж хэлчихээд өдрийн 12.00 цаг хүртэл явуулаагүй байна гэдэг нь “Рио Тинто” компанийн гарт орчихсон байгааг баталж байгаа юм. Яагаад гэхээр “Рио Тинто” компаниасаа асууж, харилцан санал солилцож байж явуулах гээд цаг хожоод байна. Лондонд цагийн зөрүүтэй байдаг учраас тэднийг сэрэхийг хүлээж байгаа биз. Тэгэхээр үндэстэн дамнасан том компанийн барьцаанд монголчууд орчихсон байна. Энэ барьцааны цаана луйврын сонгууль болж байна, хууль шүүхийн байгууллага эздээ хамгаалах гэж ажиллаж байна. Монголчууд ядуурч байна. Энэ зөвхөн С.Ганбаатарын ажил биш. “Монголын баялгийг Монголын ард түмэнд өгөөч ээ” л гэж өлсгөлөн зарласан. Түүнээс биш, Конгод байгаа баялгийн төлөө тэмцээгүй шүү дээ. Гаднынханд барьцаалагдсан төр чинь маш аюултай шүү. Дөнгөж төрсөн эмэгтэйг нүцгэн хөөгөөд гаргадаг, ард түмнээ тоодоггүй төр шүү. Үүнийг бүгдээрээ засах хэрэгтэй. 

                 -Таныг төрд ажиллаж байх үед  Оюутолгойн асуудал яригдаж байсан. Өнөөдрийг хүртэл Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж чадаагүй байна. Цаашид энэ гэрээг өөрчилж чадах эсэх нь тодорхойгүй л байх шиг байна?

                 -40 сая тонн зэс, 2000 тонн алт, 6000 тонн мөнгөтэй орд. Зах зээлийн ханшаар аваад үзвэл 400 тэрбум ам.долларын баялаг Оюутолгойд байна. Тэр мөнгийг гаднынханд зүгээр өгөх ашиггүй гэрээ хийчихсэн. Өөрийнхөө баялгийг гаднынханд өгчихөөд өдөр бүр өөрсөд дээрээ өр бичүүлж байна. 

                 С.Ганбаатар үүний эсрэг эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавиад өлсгөлөн зарлалаа. Энэ төр засгийнхан хүн үхэхийг тоодоггүй улс. Би өөрийнхөө биеэр мэдэрсэн. Намайг 12 хоног хуурай өлсгөлөн зарлаж байхад үхчихээсэй гэж тэд бодож байсан. Ард түмэн харин намайг аварсан. Одоо ард түмэн С.Ганбаатарыг аварч байна. 

                 Хэрвээ Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол Монголын залуучуудын ирээдүй үхнэ. Монголын залуучууд эх орондоо эзэн болох тэр боломж үгүй болно. Аливаа зүйлийг хойш нь битгий тавь. Яг одоо хийж, бүтээх ёстой. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо хийх ёстой. Л.Оюун-Эрдэнэ чаддаггүй юм бол Х.Баттулга Ерөнхийлөгч нь хийх ёстой. Хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа. Бид энэ цаг хугацааг алдах юм бол хэчнээн мөнгө төлөөд ч буцааж авч чадахгүй. 

                 -Олон улсын шүүхэд явуулсан Засгийн газрын нэхэмжлэлийг хэн нэгэн сайд Засгийн газрын нэрийг бариад буцааж татсан гэх асуудал яригдаж байна. Та төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүний хувьд Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий хүмүүс нь хэн юм бэ?

                 -Тодорхой хэмжээгээр эрх үүрэг авсан, ямар нэгэн байдлаар Оюутолгойтой холбоотой хүн л тэр нэхэмжлэлийг эргүүлж татсан байх. Засгийн газарт эрх бүхий цөөхөн хүн байгаа. Тэр дундаас олоход амархан шүү дээ. Гэтэл мэдэн будилаад л, хайж байна гээд л. Хил хаалттай байгаа энэ үед гадагшаа гараад явчихна гэж байхгүй. Монголдоо л байгаа. Нэхэмжлэлийг хэн татсаныг өөрсдөө мэдэж байгаа. Тэд зориудаар нууж байна. 

                 -Монгол Ардын хувьсгалт нам /МАХН/ саяхан 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. МАН ч мөн 100 жилийн ойгоо тэмдэглэхээр бэлтгэж байгаа. Ой тэмдэглэх тал дээр маргаан гараад байх шиг байсан?

                 -МАХН байгуулагдсаны 100 жилийн ой болох гэж байна. Гэтэл Ардын намын нөхөд бидний ой, та нарын ой биш гэж ярьдаг. Түүх үзэх юм бол 1921 оны гуравдугаар сард нам байгуулагдахдаа хоёр нэрийг зэрэг ашиглана гэсэн шийдвэр гаргасан байдаг. Энэ бичиг Архивт байгаа. Дотооддоо МАН, гадааддаа МАХН гэсэн нэрийг 1921 оноос ашиглаж эхэлсэн. 1925 онд МАХН гэдэг нэрээрээ цааш явах шийдвэр гаргаад, МАН гэсэн нэрийг орхисон. 

                 1990 онд Д.Баасан лам Ардын намыг байгуулсан. Тухайн үед Сү.Батболд, У.Хүрэлсүх нар Д.Баасан ламаас тэр намыг нь аваад одоогийн Монгол Ардын Нам бий болсон. Энэ цаг мөчөөс эхлээд тоолох юм бол 1990 оноос хойш 31 жил дээр нь 1921-1925 оны хооронд Ардын нам гэж нэрлэгдсэн гэж үзвэл нийлээд 34 жил Ардын нам гэдэг нэрийг ашигласан байна. Гэхдээ дундуур нь будилсан. 

                 Харин МАХН бол будилаагүй, энэ нэрийг 100 жил хэрэглэж байгаа. Ард түмэнд танигдсан нэр бол МАХН гэсэн нэр. Тийм учраас бид 100 жилээ тэмдэглэх бүрэн эрхтэй нам. Сая бид 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. 

                 -МАХН-ын ойн хурлаар ямар асуудлууд ярилцсан бэ?

                 -Бид хов жив хөөцөлдөж, хүн ярихаасаа илүү энэ хүнд нөхцөлд гарах гарцын тухай ярилцсан. Байгалийн баялгаа ард түмэндээ өгье. Ингэж чадвал асар их хэрүүл, талцал алга болно. Гадаад, дотоодын гар хөл болсон олигархиуд алга болно. 

                 Мөн Засгийн газрын тэргүүн нь ард түмнээс сонгогдсон байх ёстой. Засгийн газрын нэг ч гишүүн парламентын гишүүн байж болохгүй. Парламент хоёр танхимтай байх ёстой. Нэг танхим нь намын жагсаалтаар, нөгөө танхим нь нам бусчуудын жагсаалтаар орох хэрэгтэй. Ингэж бие биенээ хянадаг болох ёстой юм. 

                 Дараа нь шүүх байгууллага ард түмнээс сонгогддог байх ёстой гэж үзсэн. Ийм тогтолцоог бүрдүүлж чадвал бид ард түмнээ жаргааж чадна. Төр засгаа хариуцлагатай болгож чадна. Ингээд өлсгөлөн зарлаад суух хэрэггүй болно. Бид ийм гарцыг олж харчихаад эрх баригч нарт хэлсэн. Ард түмэнд ашигтай хувилбар бол эд нарт ашиггүй. Тийм учраас сонсоогүй царай гаргаад яваад байна. 

                 -Тэгэхээр Үндсэн хуулиа дахиад өөрчлөх ёстой гэсэн үг үү?

                 -Үндсэн хуулиа дахиад өөрчлөх шаардлагатай. 

                 -У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлага хүлээгээд огцорсон асуудлыг та хэрхэн харж байна вэ?

                 -У.Хүрэлсүхийн Засгийн газар “Ковид”-той муу тэмцсэн. Дотооддоо халдвар алдсан. Эдийн засгаа муутгасан. Жижиг, дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийг бүгдийг нь золиослочихсон. Тэдэнд туслаагүй. Өөрсдөө болохоор 3.5 их наяд төгрөгөөр хөшөө дурсгал бариад дундаас нь мөнгө идээд суугаад байна. Өнгөн дээрээ хариуцлага хүлээж байна гэж хэлэхээс өөр арга байгаагүй байх. 

                 -Таныг Ерөнхийлөгч Х.Баттулгатай “гар нийлж” ажиллаж байгаа гэх зүйл яригдаж байна?

                 -Монгол Улсын төлөө бол “чөтгөр”-тэй ч нийлэхэд бэлэн байна. 

 

 

 

 


Н.ЭНХБАЯР: Намайг 12 хоног хуурай өлсгөлөн зарлаж байхад тэд үхчихээсэй л гэж бодож байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-02 17:05:05
    иргэн: ичдэггүй хар пиздаанууд юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-01 13:10:36
    biko: BOLOVSROLTOI, SETGELIIN HATTAI, CHADALTAI HUN SHUU, TAND HAMGIIN SAIN SAIHNIIG HUSYE!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-01 13:10:36
    biko: BOLOVSROLTOI, SETGELIIN HATTAI, CHADALTAI HUN SHUU, TAND HAMGIIN SAIN SAIHNIIG HUSYE!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-01 09:48:02
    Иргэн: Мундаг хүн шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188