• Өнөөдөр 2024-03-29

Ш.САЙХАНСАМБУУ: ЭНЭ ТӨРД БЭЛТГЭГДСЭН БОЛОВСОН ХҮЧИН АЛГА ДАА

2022-11-09,   682

-ХЭРВЭЭ УЛС ТӨРӨӨ ХӨӨСӨН БОЛ БИ ӨНӨӨДӨР ХОТЫН ДАРГА, САЙД ДАРГЫН АЖЛЫН АЛИЙГ НЬ Ч ХИЙХ БОЛОМЖТОЙ БАЙЛАА-

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Сайхан өвөлжиж байна уу та?

        -Тарган тавтай өвөлжиж байна. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд дэвшүүлье

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнээсээ хойш олны өмнө төдийлөн ил гарсангүй. Бизнестэй анхаараад завгүй байна уу. Улс төрд орох бэлтгэлээ хийж байна уу?

        -УИХ-ын гишүүний суудлаас буугаад би яг 10 жил болсон байна. Энэ хугацаанд улс төрийн нөхцөл байдлыг ажиглаж байна. Түүнээс өөр чадах юм алга. Би чинь төр захиргааны байгууллагад олон жил ажилласан хүн шүү дээ. Хөдөлмөрийн гараагаа эрт эхлүүлсэн. 14 настайгаасаа ажил хийж байлаа. Тухайн үедээ насанд хүрээгүй хөдөлмөр эрхэлдэг гээд нэмэгдэлтэй цалин авна.  1982 онд сургуулиа төгсөж, тухайн үеийн орон сууцны байгууллагад чамгүй олон жил ажилласан. Ингээд 1993 оноос “Нарантуул трейд” компанийг байгуулж, хувийн бизнесээ эхлүүлсэн. Уг нь би улс төрд орсон бол эрт орох байлаа. Миеэгомбын Энхболдын үед би Хотын захиргаанд байдаг байсан. Тэр үед М.Энхболд, Ч.Мөнхбаяр Ц.Батбаяр нар дүүрэгт ажилладаг байв. Би бараг дарга нь байсан гэсэн үг шүү дээ. Хотын гүйцэтгэх захиргаа, Намын төв хорооны нөөц биднийг боловсон хүчин гэж бүртгэж авдаг байлаа. Эдийн засагч Д.Жаргалсайхан бид чинь  анх ингэж улс төрийн гараагаа эхлүүлсэн. Би харин улс төрөө орхиод хувийн хэвшилд орчихсон.

      Хэрвээ улс төрөө хөөсөн бол би өнөөдөр хотын дарга, сайд даргын ажлыг хийх боломжтой байлаа. Гэвч би өөрөө өргөдлөө өгөөд гарсан. Уг нь би 1989 онд МАХН-д элсэж байлаа шүү дээ. Одоогийн улс удирдаж байгаа хүмүүс сураггүй байсан. Ингээд 2008 онд улс төрд буцаж ороод Их хурлын гишүүнээр суусан. Гэхдээ улс төр болохгүй байна гэдгийг тэр үед мэдэрсэн.

-Юу нь болохгүй байсан юм бэ. 2008 оноос хойш бас чамгүй олон жил өнгөрлөө. Тухайн үеийнхээс одоогийн улс төр өөр болж чадсан болов уу?

      -Би Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан. Тухайн үед С.Баярын Засгийн газар байлаа. 2008 онд МАХН 46-уулаа сонгогдож, Засгийн эрхийг барихаар болсон. Гэтэл долдугаар сарын 1-ны бослогоор далимдуулж, Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газар байгуулна гэж сүрдүүлсэн. Тухайн үедээ би “Нам орших уу, үгүй юү” гэдэг асуудал шүү гээд Төрийн гурван өндөрлөгт захидал хүртэл бичсэн ч амжилт олоогүй. 2008-2012 он хүртэл ганцаараа нэлээд явсан. Оюутолгойн гэрээг хийх гэж байхад нь л би улс төр бишидсэнийг ойлгож, сануулга өгсөн.

         Тухайн үедээ Оюутолгойн гэрээний 34 хувь бидэнд хэрэггүй. Эрдэнэт үйлдвэр шиг гэрээгээ хий. Оюутолгой дээр олон төрлийн татвар үүсгээд татвараа аваад сууж байгаач гэж олон удаа хэлж байлаа. Өр тавиад бидэнд ямар ч ашиггүй. Өрийн дарамтад орно гэж их сануулж байлаа. Дээр нь төмөр замын асуудал байна. Г.Батхүү агсныг салбарын сайд байх үед нь хийчих ажил байсан. Гэтэл тухайн үед нь эсэргүүцээд хийлгээгүй. Монголын төрийн хөгжил дэвшлийг үгүй хийсэн хүмүүс төрд одоо байж л байна. Салж өгөхгүй юм.

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ, УХААН СУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАТ ДАРААТАЙ ЯВУУЛЖ ДЭД САЙД, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ЯАМНЫ САЙДААР ТОМИЛДОГ

-Өнгөрсөн 30 жилийн турш манай улс төр нэг л хэвэндээ байгаад байна гэсэн үг үү?

       -Энэ төрд бэлтгэгдсэн боловсон хүчин алга. Хуучин Ерөнхийлөгч нар байна. Тэд ардчилал замаараа хөгжинө гэж ярьдаг юм. Гэхдээ тийм зүйл байхгүй. Ямар ч улс байсан АНУ, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд  төрийн алба хаагчаа бэлдэж гаргаж ирдэг юм. Мэргэжил дээшлүүлэх, ухаан суулгах үйл ажиллагааг шат дараатай явуулж байж дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны сайдаар томилдог. Одоо харин хэн хэл ам хийж, хэрүүл шуугиан дэгдээсэн нь сайд, дарга болж байна. Улс төрд бэлтгэгдсэн хүмүүс төрийн албанд ажиллах ёстой.

       Яагаад сайд, дарга болчихоод үг хэлээ олж хэлж чадахгүй байна вэ, яагаад ард түмэнд өөрсдийн үгийг оновчтой илэрхийлж чадахгүй байна гэхээр улс төрд бэлтгэгдээгүй байна. Ярихаасаа өмнө бодох хэрэгтэй. Дээр нь төрд суусан томчууд нь баяжаад байдаг, ард түмний амьдрал хэвээрээ байна. Хэдэн мал нь байгаад, гурил махтайгаа байгаа учраас тэсээд байх шиг байна. Бусад улсад ийм байгаа бол аль хэзээний гудамжиндаа гараад жагсчихсан байгаа. Тэгэхээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд манайд ямар ч хөгжил дэвшил байсангүй. Ганзагын наймаа хийж, бараа таваараа нэгэндээ зарж л амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд нэг олигтой үйлдвэр барьж, ажлын байр бий болгосонгүй. Уг нь би энэ Оюутолгойн уурхайд асар их найдлага тавьж байлаа.

      2008 онд Оюутолгойн асуудлыг хэлэлцэж эхлэхэд би УИХ-ын гишүүн байсан. Буруу замаар будаа тээх нь гэдгийг нь сануулсан ч хэн ч анхаараагүй.

-Таны санаагаар яавал зөв байх байв?

      -Нэгдүгээрт, бид татварын орлогоо авдаг байсан бол бидэнд өнөөдөр ашигтай байх байлаа. Хоёрдугаарт, нүүрс зарсан борлуулалтын мөнгө Монголоор дамждаггүй нэг аюул байна. Монголд орж ирэх ёстой валют чинь тэр чигээрээ “Айвенхоу майнз"  руу явчихаж байна шүү дээ. Бид “Рио тинто” гэж яриад л байна гэтэл хамаг гол гэрээг “Айвенхоу майнз" хийсэн. Үндсэндээ тэр үедээ манайд тэр байгууллага 250 сая ам.доллар зээлдүүлсэн. Хямралд орчихсон манай улс тэр мөнгийг нь авч цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьсан. Түүндээ баяртай байдаг юм.

        -Гал унтраах л арга хэмжээ байсан гэсэн үг үү. Одоо гэрээ хийсэн хүмүүс нь нэр, төрөө сэргээлгээд, гэмгүй болж байна?

       -Тийм. Юм үзээгүй хүмүүс эрх мэдэлд хүрэх ийм аюултай. Идэж уухын төлөө явчихдаг.

НАМАЙГ ШҮҮМЖ ХЭЛЭХЭЭР “ НАРАНТУУЛ ЗАХАА БИТҮҮЛЧИХЭЭД ШҮҮМЖИЛ” ГЭДЭГ ЮМ

              -Таны үед багаас нь улс төрд бэлтгэж, төрийн албанд оруулдаг байсан. Та улс төрд ороогүйн байж. Одоо тэгээд энэ зарчим байхаа больчихсон юм уу?

           -Бэлдэж байгаа. Уг нь гаднын улсад ч олон залуу боловсон хүчин бэлтгэж байна. Гэтэл тэд нарыг буцааж ажиллуулж чадахгүй байгаад учир байна. Дээр нь улс төрийн томилгоогоор төрийн ажлыг шийддэг болчихсон. Замбараагүй зүйл асар их байна. Намайг шүүмж хэлэхээр “Нарантуул захаа битүүлчихээд шүүмжил” гэдэг юм.

              -Эрх баригчид шүүмжлүүлэх дургүй байна уу?

      -Үнэн байх хэрэгтэй. Төрийн албаны зөвлөл гэж дампуурсан газар байна. Гаднын улсад сураад ирсэн цөөн хэдэн хүүхэд нь ажиллах гэхээр ажлын туршлагагүй гээд ажилд авдаггүй. Дотоодын сургуульд сурсныг нь ч ялгаагүй. Ингээд УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын зөвлөх туслахууд төрийн албанд ордог. Түүнээс биш төрийн жинхэнэ алба хаагч гэж байхгүй байна.

       Бидний үед өөр байсан. Улаанбаатар хотын намын төв хороонд боловсон хүчнээ бүртгэж, томилон ажиллуулдаг байлаа. Ингээд чиглэл, чиглэлээр нь сургадаг байсан. Хүнс, хөнгөн үйлдвэр, нийтийн аж ахуй, хөдөө аж ахуй гээд чиглэл тус бүрд мэргэшүүлж бэлтгэдэг байв. Одоо бол сонгуульд зүтгэсэн, улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс л төрийн албанд ажиллаж байна.

        Өөрсдөө бол үүнийгээ зөв гэж ярих байх л даа. Гэхдээ зөв байсан бол төрийн алба хашиж байгаа хүн нь зөв, оновчтой үг хэлчих байлгүй.

       -“Л.Оюун-Эрдэнэ намайг зөвлөхөөрөө авчихаасай” гэж та хэвлэлд ярьсан байсан. Төрд бэлтгэгдсэн боловсон хүчин алга гэж та хэллээ. Залуу үеийнхэн төр удирдах болоогүй гэсэн үг үү?

        -1996 онд МАН 25 суудал авч, Ц.Элбэгдорж тэргүүтэй залууст төрийн эрхийг өгч байсан. Төрд бэлтгэгдээгүй хүмүүс яаж төрийн ажлыг завхруулдгийг 1996-2000 онд хангалттай мэдэрсэн. Тэр байтугай төрийн албаны нэг хүн амиа алдсан гашуун түүх бий шүү дээ. Ингээд дараа удаагийнх нь сонгуульд зургаан суудал өгсөн байдаг. Тухайн үедээ залуу хүмүүсээр төр удирдуулах нь болохгүй гэдгийг хангалттай ойлгосон баймаар. Одоо МАН-аас өөр сонгох нам байхгүй байна.

         -Ингээд л нэг нам ганцаараа ноёрхоод байж болох юм уу?

        -Шинэ нам бүрдэж, шинэ өрсөлдөгч гарч ирье гэхээр нэгдүгээрт, олонхын дарамт байна. Хоёрдугаарт, санхүүгийн боломж байхгүй. Намын үзэл бодлоо бэхжүүлж чадахгүй байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 40 орчим нам бий. Гэтэл хүч чадалтай нам гарч ирж чадахгүй 30-аад жил болчихлоо. Ардчилсан намыг эс тооцвол. Ардчилсан нам бол эрх ашгийн үүднээс бүрэлдсэн нам шүү дээ.

       2016 оны сонгуулийн дараа бол ард түмэн нэг намыг дангаар нь сонгож болохгүй юм байна гэж ойлгосон шүү дээ. Гэхдээ сонгогчдод сонголт байгаагүй. Дээр нь төрийн эрхийг булааж авдаг. Би чинь 2020 оны сонгуулийн саналаа хакердуулсан хүн. 2020 оны сонгуулиас хойш ард түмэн шинэ улс төрийн хүчин гарч ирэхийг хүлээлээ. Гэвч гарч ирсэнгүй. Ардчилсан нам энэ байдлаараа сөрөг хүчин болох нь битгий хэл нам болж эвлэлдэн нэгдэж чадахгүй нь. Ардчилсан намынхан дотроо эрх ашгийн зөрчил нь дээд цэгтээ хүрчихсэн байна. 2024 оны сонгуульд ч МАН ялах магадлалтай байна.

       -Таны шинэ нам байгуулах ажил юу болж байгаа вэ?

      -Улсын дээд шүүх манай намыг бүртгэхгүй байна. Гишүүдийн бүртгэл зөрчилтэй гээд хүсэлтийг маань буцаачихсан. Дахиад бичиг баримтаа бүрдүүлээд хүсэлтээ өгнө. Анх “Үнэн ба зөв” гэсэн намыг  А.Отгонбаатар гэдэг залууд байгуулж өгсөн. Нэрийг нь өгөхөөс эхлээд Дээд шүүхэд бичиг баримтыг нь хүртэл бүрдүүлээд өгч байсан.

        Би 14 настайгаасаа ажиллаж, өнөөдрийг хүртэл өөрийн бизнесээ эрхэллээ. Одоо надад уул уурхай сонирхоод, бизнес хөөгөөд байх сонирхол алга. Намын бүртгэлээ хийлгэчихвэл залуучуудад зөвлөөд, улс төр хийвэл хийнэ. Бүтэх үгүйг мэдэхгүй байна. Монголын ард түмэн намайг хүлээж авах ч юм уу, гүй юм уу.

          -Зах худалдааны төвүүдийг нийслэлээс гаргаж, хотын төвлөрлийг сааруулна гэж олон жил ярилаа. “Нарантуул” олон улсын худалдааны төвийг өргөжүүлж, хөгжүүлсэн хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

      -Манайх олон удаа хотын ерөнхий төлөвлөгөө гэж батлуулсан. Нийслэлийг метротой болгоно, гэр хороололгүй болгоно, дүүжин тээвэртэй болгоно гэж ярьдаг. Гэтэл хот төлөвлөнө гэдэг чинь ярьж байгаа шиг ээ амар зүйл биш. Иж бүрнээр нь төлөвлөдөг юм. Зах худалдааны төвүүдийг гаргаад ч болчихдог юм биш.

         -Ярилцсан танд баярлалаа.

      -Баярлалаа.


Ш.САЙХАНСАМБУУ: ЭНЭ ТӨРД БЭЛТГЭГДСЭН БОЛОВСОН ХҮЧИН АЛГА ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-11 07:07:20
    er: uhaantai hun sanagddag. shudarga humuus gantsaardaad baidag daa ene niigem d
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-09 23:52:26
    иргэн: Үнэн сайхан ярьж, худлаа сайхан хийцгээх юм даа. Гоё л ярьж.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188