• Өнөөдөр 2024-04-25

М.Зоригт: Ардчилсан намд өнөөдөр Ж.Батсуурийн туршлага хэрэгтэй байна

2020-11-04,   2907

-С.ЭРДЭНЭ НАМЫН ГИШҮҮДДЭЭ МӨНГӨ ТАРААЖ ЭХЛЭХЭД ҮНЭХЭЭР ДУРГҮЙ ХҮРСЭН-

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан, “Бидний цөөхөн монголчууд” төслийг санаачлагч М.Зоригттой ярилцлаа.

-Та улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг ер нь сонирхож байна уу. Улс төрөөс бүр зайгаа авчихсан уу?

- Сонирхолгүй яах вэ, “Бидний цөөхөн монголчууд” төсөл маань монголчуудаа үзэл бодол, нас хүйс, яс, үндсээс үл хамаараад эвлэлдэн нэгтгэх төсөл. Өнөөдрийн ахуй соёл, үүх түүхийг хойч үедээ үлдээх гэсэн том зорилготой. Хэдийгээр би улс төрд идэвхтэй байсан ч, энэ төслөөс улбаалан улс төрийн аливаа үйл ажиллагаанаас хөндийрөөд дөрвөн жил гаруй болчихсон байна. Тухайн үедээ намын удирдлагууддаа нэр дэвшихгүй гэдгээ хэлж байсан. Гэхдээ иргэн М.Зоригтын хувьд улс оронд болж байгаа үйл явдалд идэвхитэй оролцож, байр сууриа сошиалаар дамжуулан илэрхийлж, бусдад сануулж явахыг хичээдэг. Тийм учраас улс орны өнөөгийн асуудал, улс төрийн нөхцөл байдлыг анзаарч харж, санаа зовдог.

-Та Ардчилсан намаас УИХ-д сонгогдож, сайдын албан тушаал хашиж явсан. Гэтэл Ардчилсан нам 2016 оноос хойш удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээлээ. Намынхаа талаар та юу хэлэх вэ?

-Үнэхээр харамсаад баршгүй байна. Монголчуудад Ардчилсан нам, Ардын нам аль аль нь хэрэгтэй. Монголчууд түвшин байя гэвэл энэ хоёр нам хүчтэй, бие, биеийгээ хурцалдаг, болохгүй бол “ташуурддаг” байх хэрэгтэй. Монгол гэрийн хоёр багана гэж болно. Нэг багана нь хазайвал гэр ойчоод өгдөг шиг нэг нам нь хазайвал төр түвшин биш болно. Ардчилсан нам өнөөдөр сул байгаа нь хэнд ч ашиггүй, ялангуяа монголчуудад. Харамсаж явдаг.

-Ардчилсан намын дотоод үйл ажиллагаанд оролцдог уу?

-Гурав бил үү, дөрвөн жилийн өмнө хөдөөнөөс орж ирээд Ардчилсан нам дээр шууд очиж байсан. Бодлогын зөвлөл нь хуралдаж байсан юм. Тухайн үед орон нутаг дахь Ардчилсан намын гишүүдийн дайсан үгийг тэдэнд уламжилсан. Тэрнээс хойш очоогүй. Намайг Ардчилсан намаа шүүмжиллээ гэж хүмүүс ярьдаг. “Хайр нь дотроо хал нь гаднаа” гэдэг үг байдаг даа. Болохгүй байгаа зүйлийг нь хэлж байх ёстой. Алдаагаа засаж, ухаажиж байж босох ёстой. Ардчилсан нам шиг үзэл баримтлалтай, олон мянган үнэнч гишүүнтэй ийм нам байхгүй.

-Энэ сард Ардчилсан намынхан даргаа сонгох хурал хийнэ гэсэн мэдээлэл байна. Намын даргын сунгаанд оролцох сонирхолтой хүмүүс олон байх шиг. Та Ардчилсан намын даргаар ямар хүн сонгогдоосой гэж хүсэж байгаа вэ?

-Ардчилсан намын анхан шатны байгууллагууд хэвийн, сайн ажиллаж байгааг орон нутгийн сонгууль харууллаа. Бараг л ялах дөхлөө шүү дээ. Харин дээрээ толгойдоо асуудал байна гэдэг нь УИХ-ын сонгуулийн дүнгээр  харагдсан байх. Аливаа улс төрийн байгууллагын гол хүч нь хөлөндөө буюу жирийн гишүүддээ байдаг. Хөл нь эрүүл байхад Ардчилсан нам удахгүй босоод ирнэ дээ. Намын даргад нэр нь яригдаж байгаа олон сайхан залуучууд байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын О.Амартүвшинд эх орноо гэсэн сэтгэл, ажил хийх авьяас байна. Мөн Увс аймгийн намын хороог эмхэлж цэгцлээд, өөрөө Их хуралд ялж, орон нутагтаа сая ялалт авчирсан О.Цогтгэрэл гээд манлайлагч залуу гарч ирж байна. Эсвэл Ардчилсан намын үзэл санаандаа үнэнч байж чаддаг, тэр үзэл санаагаараа амьдардаг, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Ц.Оюунгэрэл байна. Дурдаад байвал олон хүний нэр яригдаж байгаа. Гэхдээ өнөөдрийн энэ нөхцөл байдлаас цааш алхахын тулд тэдний хэн хэнд нь туршлага дутна.

-Тэгвэл танд дэмжиж байгаа хүн байгаа юм уу?

-Олон жил намд ажилласан, намын бүтцийг анхнаас нь бий болгож, өнөөдрийг хүртэл бат бэх авч явж байгаа хүн бол Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Батсуурь гишүүн. Олон жил Сүхбаатар аймгийн Ардчилсан намыг удирдаж, өдий зэрэгтэй авч явж байгаа. Тэр туршлага нь Ардчилсан намыг цааш авч явахад асар их хэрэг болно. Ардчилсан намын даргаар хэн сонгогдох ёстой вэ гэвэл Ж.Батсуурь л байх ёстой гэж хувьдаа бодож байна. Анхан шатны нэгж, гишүүдтэйгээ харилцаж чадах, тэднийгээ хөдөлгөж чадах, зохион байгуулах  ур чадвар Ж.Батсуурьт л байна. Ардчилсан намд өнөөдөр Ж.Батсуурийн туршлага хэрэгтэй байна.

-УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт намын дарга болох амбиц байгаа юм уу. Та энэ талаар өөртэй нь ярилцсан уу?

-Би энэ талаар өөртэй нь ярилцаагүй. Гэхдээ энэ цаг үед Ж.Батсуурь л Ардчилсан намд хэрэгтэй байна. Харин Ж.Батсуурьт тийм амбиц байхгүй шиг байна.

-Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ ажиллаж байсан. Та хоёрын харилцаа хэр байсан бэ?

-Бид тааруу харилцаатай байсан. Бие, биеийгээ хатуу үгээр хэлж л байсан. Гэхдээ С.Эрдэнэ анхнаасаа ардчиллын талд тууштай, хатуу зогсдог, гаргасан шийдвэртээ үнэнч, хүнд бэрхийг даваад гардаг, хүчтэй зоригтой. Гэхдээ сүүлд Ардчилсан намын даргын сунгаа болох үед намын гишүүдэд шуудай, шуудайгаар нь мөнгө тарааж эхлэхэд үнэхээр дургүй хүрсэн. Намын даргад нэр дэвшигч намынхаа гишүүдэд мөнгө тараана гэдэг бол аймшигтай. С.Эрдэнэ, З.Энхболд намаа удирдаж чадаагүй. Өөрөөсөө ухаантай хүмүүсийг хөөгөөд гаргачихсан. Өөрсдөө гоё болно гэж бодсон

-МАНАЙ НАМД ЗАСАГЛАХ ТУРШЛАГА ДУТСАН-

-Ардчилсан намын даргын асуудал яригдаж эхлэх үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар “Намынхаа үйл ажиллагаанд оролцоно” гэх мэдээлэл хийж байна. Энэ хүмүүсийн хийж байгаа үйлдлийг хэр зүйтэй гэж харж байна вэ?

-Ардчилсан нам одоо хэцүү цаг үед байна. Сэтгэл санаа нь намынхаа төлөө зовсондоо хэцүү үед нь гарч ирж байгаа байх. Цагийн юм цагтаа гэдэг үг байдаг. Одоо залуучууддаа боломж олгох хэрэгтэй. Баабар хэрэгтэй үед нь олон хүнд боломж олгож байсан. Өнөөдөр Элбэгээ, Алтанхуяг нар залуучуудаа дэмжээд явах хэрэгтэй. Заавал намын даргыг нь авах гэж зүтгэхгүй байлгүй дээ.

-Ардчилсан намын даргын сунгаанд оролцох уу. Та дахиж улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй юм уу?

-Намын батлах байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ тийм түвшний улс төрийн үйл ажиллагаанаас татгалзсан. Намын дотоод сонгууль болон ямар нэг сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Би дөрвөн жил гаруйн хугацаанд “Бидний цөөхөн монголчууд” төслөө хэрэгжүүлж байна. Энэ төсөл ямар хэрэгтэй юм бэ, ямар чухал гэдгийг улам бүр мэдэрч, ухаарч ойлгож байгаа учраас энэ цаг үед миний хамгийн чухал ажил энэ л болоод байна. Энэ төслөө хэрэгжүүлж байгаа үед аль нэг улс төрийн талд байж болохгүй. Аль нэг аймаг, суманд очиход нэг нам нь удирдаж байдаг. Тэднийг энэ нам, тэр нам гэж ялгаж болохгүй. Тэгвэл миний төсөл хэрэгжихгүй. Ийм үед улс төрийн оролцоо байж болохгүй юм билээ. Харин иргэн М.Зоригтын хувьд улс орныхоо хувь заяанд санаа зовдог, улс оронд минь Ардчилсан нам хэрэгтэй, босоод ирэх учиртай юм шүү гэж боддог учраас чамтай ярилцаад сууж байна.

-Иргэний Зориг Ногоон намаас Их хуралд сонгогдож байсан байх аа. Та Ардчилсан намд хэзээ элссэн юм бэ?

-Би 1989 оны Монголын Ардчилсан холбооны анхны партизануудын нэг. МОАХ-г байгуулалцаж явсан. Намайг Ардчилсан намын партизануудаас хэн нь ч нүд үзүүрлэж хардаггүй. 2003 бил үү, 2004 онд Э.Бат-Үүл ах, Баабар хоёр дуудаад цаана чинь “С.Зоригийн төрсөн дүү С.Оюуныг дээрэлхээд, ганцаардуулаад байна. Чи явж хань бол” гэж хэлсэн. Тэгээд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёрыг чихдэж аваачаад С.Оюунд өгчихсөн. Тулгаа бид хоёр анх С.Оюуны гараас Иргэний зориг Ногоон намын батлахыг авч байлаа. С.Оюундаа дөрвөн жил хань болж явсан. Тэгээд Ардчиллын төлөө үзэл санаа нэгтэй намууд нэгдэх ёстой, тусдаа явах нь буруу гэж олон хүн байр сууриа илэрхийлээд ИЗНН-ыг татан буулгаж, Ардчилсан намтай нэгтгэсэн. Ер нь би анхнаасаа л Ардчиллын хүн байсан. Бид хоёрын ярилцлагыг улс орон даяар олон, мянган хүн унших байх. Бүгдээрээ мэдэж байгаа. Зоригоо бол Ардчилсан намын хүн гэдгийг.

-2012-2016 онд Ардчилсан нам олонх болсныхоо дараа хоорондоо таарамжгүй болж, Засгийн газраа огцоруулсан. Эндээс л Ардчилсан намын уналт, ялагдлын шалтгаан эхэлсэн гэж олон хүн боддог байх?

-Ардчилсан нам бол том нам, гэхдээ залуухан. Ардчилсан нам төлөвшиж, тогтоход цаг хугацаа хэрэгтэй. Засаглах туршлага дутсан гэж боддог. Ялагдал гэдэг чинь дараагийн ялалтын өмнөх том сургамж. Ингэтлээ хямарч үзсэн Ардчилсан нам дараа дахиж, хямарч үзэхээргүй дархлаа бий болгох ёстой.

-ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДЛААС БОЛЖ УЛС ТӨРИЙН ХОРИГДЛЫГ ОЛНООР БИЙ БОЛГОЛОО-

-С.Баярцогт, Д.Эрдэнэбатаас эхлээд тантай нэг танхимд сууж явсан гишүүд хоригдож байна. Намын лидерүүд хэмээн нэрлэгдэж байсан гишүүдээ намаасаа хөөх шийдвэрийг гаргаж байсан. Нам доторх зөрчилдөөн нь дээд цэгтээ хүрсэн учраас өнөөдөр ийм байдалд хүрчихээд байгаа юм биш үү?

-Би ч гэсэн хөөгдөх тогтоолоо уншуулж байсан. Үндэсний бодлогын хороогоор ороод санал хураалтаар намайг хөөхгүй гэж үзсэн учраас би өнөөдөр намдаа үлдсэн. Тухайн үеийн удирдлага намайг хөөх санал гаргаж байсан.

Манай намын доторасуудал их байна. Үндэсний зөвлөлдөх хороо нь найман жил шинэчлэгдээгүй. Дарга удирдлагын өөдөөс үг хэлэх эрхгүй, хэлсэн хүн бүхэн буруутан болж, намаасаа хөөгдөж байсан. Тэр түүх бол саяхан.

-Аль даргын үед ийм асуудал гарч байсан бэ?

-Н.Алтанхуягийн үед ийм байсан, З.Энхболдын үед ч ийм байсан. Тэр үзэл санаа их аюултай. Нам дотроо асуудалтай байсан мэт боловч өнөөдөр Монголд улс төрийн хоригдлуудыг бий болгосон. Хөөгөөд зогсохгүй, шоронд аваачиж хийж байна. Ардчилсан намаас ч тэр, Ардын намаас ч тэр өнөөдөр улс төрийн хоригдлууд олноороо бий боллоо. Тэр үедээ намын даргаа шүүмжилснийхээ төлөө хөөгдөж байсан үед нь бид сэргэг байж, арга хэмжээ аваагүйгээс болоод улс төрийн хоригдолтой болоод сууж байна. Энэ нь өөрөө тогтолцооны гажуудал байх.

-Тогтолцооны гажуудлаас болоод хоригдсон гэж бодож байгаа гэсэн үг үү. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл хийсэн учраас хоригдож байгаа юм биш үү?

-Би хоригдож байгаа Б.Бямбасайханыг хулгай хийж, хууль зөрчих залуу биш гэж боддог. Сангийн сайдаар ажиллаж байсан олон нялх хүүхэдтэй Б.Болорыг бас хууль бус үйлдэл хийх залуу биш гэж боддог. Манай С.Баярцогт шиг эх оронч, цэвэр үзэл санаатай залуу ховор. С.Баяр гээд хамаг хар хор нь арилчихсан хүн байна. Түүх нэг өдөр энэ хүмүүсийг цагаатгана л даа. Ер нь Улс төрийн намуудын тухай хууль нь гажигтай, улс орон нь системийн доголдолтой байна. Үндсэн хуулиа засах шиг боллоо. Одоо Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

-Та тогтолцооны гажуудлын тухай яриад байна л даа. Тодруулбал?

-Бас нэг гажиг байна. Улс орон хөгжихөд гурван гол суурь байх ёстой. Улс нийгмийн зөв төлөвшил, ёс суртахуун, соёл байх ёстой. Мөнгө цаас идсэнээ ойлгоод уучлалт гуйдаг, огцордог байх ёстой. Тэр үйлдвэрийн захирал, сайд нь өргөдлөө өгдөг байх ёстой. Тэр соёл манайд байхгүй. Албан байгууллагын соёл байхгүй. Хувь хүний соёл бүр байхгүй. Өнөөдөр хүн бүр л хичээж амьдарч, хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх гэж зорих юм. Гэтэл хулгай хийдэг, худлаа ярьдаг, цүнх барьдаг, бялдууч хүмүүс нь сайхан амьдраад, нөгөө тэгш сайхан хүмүүст нь ажил, тендер олдохгүй байна шүү дээ. Энэ гажуудлаас гарахад хугацаа хэрэгтэй л дээ.

-Та Ч.Сайханбилэгийн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан. Өнөөдөр тэр хүнийг эрэн сурвалжилж байгаа. Хувь хүн талаас нь хэрхэн дүгнэдэг вэ?

-Яагаад Монголдоо ирэхгүй байгааг нь гайхаад л байна. Манай Сайхнаа их хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, уулыг эргүүлж чадах тийм тэнхээтэй залуу. Хийхээр зорьсон ажлынхаа ард заавал гардаг, тийм л гавшгай залуу. Цаг хугацаа хариулт өгөх л байх.

-Хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ?

-Холбогдоогүй удаж байна. Ямар ч холбоогүй байгаа.

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаад Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулж байсан. Саяхан Н.Алтанхуяг гишүүн мэдээлэл хийхдээ “Ч.Сайханбилэг Монголдоо ирэх” ёстойг хэлж байсан?

-Монголын шүүх засаглалд итгэхэд бэрх цаг үед амьдраад байх шиг санагддаг. Шударга бус шүүх гээд л ярих юм. Би сайн мэдэхгүй байна. Асуудал нь Н.Алтанхуягтаа байна уу, Ч.Сайханбилэгтээ байсан уу гэдгийг ярихаасаа илүү намын бодлогын түвшинд ярих хэрэгтэй байх. Би дээр хэлсэн. Ардчилсан намд засаглах туршлага дутсан.

-Та УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байхдаа сошиалд нэлээд идэвхитэй байсан. Олон ч хүнд шүүмжлүүлдэг байсан байх. Одоо ч  хэвээрээ харагддаг?

-Улстөрч, сайд байхдаа зөв үлгэр дууриалал үзүүлэх юм сан гэж хичээдэг байсан. Нэгэнт хүн ардын төлөө зүтгэх гэж улс төрийн зам сонгосон хүн бол бүхний өмнө нээлттэй байх ёстой. Бүх хүнтэй харилцдаг байх, мөнгө цаасанд шунадаггүй байх гээд олон зүйлд үлгэр дууриалал болохыг чармайдаг байсан. Тиймдээ ч нээлттэй байсан. Сайд байхдаа улсаас жолоочтой машин унаж үзээгүй.  Нөгөө хаалгагүй машинаа унаад л явдаг байсан. Төрд ямбархал, тансаглал байж болохгүй гэдгийг бусдад ойлгуулах гэж, жишиг тогтоох гэж ажилласан.

-БУРУУ ХҮРДТЭЙ АВТОМАШИНЫГ ХОРИГЛОСОН БОЛ ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ БАЙСАН-

-Та буруу  талдаа хүрдтэй автомашиныг импортлохыг хориглох хуулийн төсөл өргөн бариад бүтэлгүйтсэн. Хэр тооцоо, судалгаатай төсөл байсан бэ. Хэрвээ хэрэгжсэн бол түгжрэлийн асуудал шийдэгдэх байсан болов уу?

-Сайд байхдаа хоёр ч удаа өргөн бариад бүтэлгүйтсэн. Н.Алтанхуяг ард түмний эсэргүүцлээс айгаад хэлэлцээгүй. Улс төрийн зориг гаргана гэдэг чухал. Н.Алтанхуяг гуай их л туршлагатай, мундаг хүн. Гэхдээ зориг дутаад байдаг юм. Зориг дутдаг учраас ингээд явж байгаа байх л даа. Намайг хуулийн төсөл өргөн барьж байхад буруу талдаа хүрдтэй автомашин Монгол Улсад явж байгаа автомашины 60 хувийг эзэлдэг байсан. Бүх бодит тооцоо судалгааг нь хийгээд таван жилийн дотор буруу талдаа хүрдтэй автомашиныг оруулж ирэхийг зогсооё гэсэн бол өнөөдөр үр дүн гарчихсан байсан. Тэр үед манай намынханд улс төрийн зориг дутсан. Хэрвээ хэрэгжсэн бол өнөөдөр түгжрэлийн асуудалд толгой өвдөхгүй байх байсан.

-Та энэ удаагийн парламентын өнгийг хэрхэн харж байна вэ?

-Уг нь У.Хүрэлсүх гарч ирээд олон арван жил бугшсан идээ бээрийг нь шахаж эхэлсэн. МАН-ын 60 тэрбумын хэргийг илчилсэн. Гэвч Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гурав нэг үгтэй болоод удаж байна. Хараад байхад Их хурал нь Их хурал биш болжээ. Улсын их хурлын гишүүд нь үг хэлж чадахаа байчихсан. Цаанаас нь амыг нь үдчихдэг юм шиг байна. Дуугарах ёстой асуудал дээр дуугарахгүй байхаар амыг нь нэлээд чанга үдчихсэн бололтой. Гараа өргө гэвэл өргөчихдөг, битгий өргө гэвэл өргөдөггүй. Хуралд л сууж байх үүрэгтэй, амьгүй албатууд шиг болчихсон харагдаад байна. Энэ бол бас л гажуудал. Үүний буруутан нь нөгөө сөхөрч ойчсон Ардчилсан нам болж байна. Яагаад гэхээр бодитой сөрөг хүчин байж чадахгүй байгаа шүү дээ. Энэ байдлаараа цааш үргэлжлэх юм бол Н.Энхбаярын хаанчлалын үе рүү буцаад орох нь.

-Ардчилсан намынхан МАХН-ын дарга Н.Энхбаяртай нийлж, сонгуульд оролцсон шүү дээ?

-Үнэхээр их ичиж байсан. Баабарын хэлсэн үг байсан. “Н.Энхбаярын төлөө санал өгтлөө арай доройтоогүй ч бил үү”. Би юм хэлж чадахгүй болтлоо ичээд, дуугүй л байсан.

“Бидний цөөхөн монголчууд” төслийн ажил хэрүр дүнтэй явагдаж байна вэ?

-“Бидний цөөхөн монголчууд” төсөл коронагаас улбаатай нэлээд зогсолтод орсон. Саяхнаас үйл ажиллагаагаа идэвхижүүлж, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажилласан. Маргаашнаас /өнөөдрөөс/ Говь-Алтай аймагт ажиллах гэж байна. Энэ удаад нэг сар өвлийн улирлын ажлууд хийгдэнэ. Хүн бүхний хүсэн хүлээдэг, хамт аялдаг энэ төсөл маань ажил маань эхлэх гэж байгаад баяртай байна.

-Төсөл хэр хугацаанд үргэлжлэх юм бэ?

-Анх гурван жилийн дотор хийж дуусгана гээд их онгироо эхэлсэн юм. Сүүлдээ арван жил гэдэг болсон. Өнгөрсөн хугацаанд олон улсын төслүүдтэй хамтарч ажиллалаа. Ийм төсөл үеийн үед зогсдоггүй юм байна. Нэг өдөр би байхгүй боллоо гэхэд, дараагийн хүмүүс нь үргэлжлүүлээд л явдаг юм байна. Энэ бол нийт монголчуудын өмч. Тийм учраас олон нийтийн төсөл гэсэн статустай болгох ёстой юм байна. Ингэж бодоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах гээд цаг гуйсан. Сар гаруй хугацаанд хүлээж байна. Цаг өгөхгүй л байна. Чи бид хоёрын ярилцлагыг уншвал уулзах ч юм бил үү. Энэ бол ганцхан М.Зоригт хийх төсөл биш. Улсаараа хийх ёстой төсөл. Ерөнхий сайд соён гэгээрүүлэх тухай яриад байна лээ. Уг нь ийм төслийг дэмжих хэрэгтэй, гэхдээ тоохгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

 

 

 


М.Зоригт: Ардчилсан намд өнөөдөр Ж.Батсуурийн туршлага хэрэгтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-06 01:50:28
    Зочин: Батсуурь зоригт 2 оор дутахаар ардчилсан нам сэхэхгээргүй болжээ сүхбаатарчууд ер нь тэнэгдүү хүмүүс байдгын билээ пялдага шаацан мөнгөнд нүдээ өгсөн үхээрүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 08:45:20
    Зочин : Энэ пялдага гар хаанаас гэнэтхэн Батсуурьт сайн болчихов. Өмнө нь Сүхбаатараас гарчихаад дараа нь муриад л алга болсон. Гэтэл одоо нэг л их сайн хүн болж гэнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-04 17:16:54
    зочин: Ж.Батсуурь бол унаж боссон туршлагатай, намын эв нэгдлийг хангаж ажиллаж чадах, жинхэнээсээ улс төрд боловсорсон хүн шүү, том ах нар сайн мэдэхгүй л байх шиг бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-04 11:33:26
    ардчилсан намын гишүүн: манай намд намын дарга хийчих хүн батсууриас өөр алга байна, зоригт их зөв юм хөнджээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188