Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт бүр өнгөрөгч долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж, Капитал банкны битүүмжилсэн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргаж, Хөгжлийн банкны асуудлаар 20 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, Украинд байгаа иргэдээ татаж авах гэж “үймсэн” зэрэг улстөр, нийгэмд онцлох үйл явдал өрнөлөө.
Эргэлт.мн мэдээллийн сайт уншигч та бүхэнд өнгөрөгч долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгөв.
Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгасан. Мөн хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгосон байна.
Монгол Улс 2021 онд Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн онд 7.5 сая ам.долларын өртөгтэй Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төслийг эхлүүлэх тухай хэлэлцэж байсан бөгөөд кино зураг авалтын тодорхой хэсгийг Монгол Улсад хийж, хоёр сая орчим ам.доллар нь 100 хувь Монгол Улсад зарцуулагдах тооцоо гарч байв.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Монгол болон Унгар Улсын Засгийн газар хоорондын комиссын долоодугаар хуралдаан болж, “Кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай Монгол Улсын Соёлын яам, Унгар улсын Хүний хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол, Унгарын кино урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Тухайлбал, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн анхны кино студийг байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, мэргэжлийн кино студи, хамтарсан бүтээлийг шинэ түвшинд хүргэх, хоёр орны кино үйлдвэрлэгчид, продюсерууд болон салбарын бусад мэргэжилтнүүд уулзалтыг тогтмол зохион байгуулахаар тохиролцжээ. Мөн кино урлагийн сургууль, мэргэжлийн байгууллага хоорондын уран бүтээлчид, оюутан, судалгааны мэдээ, материал солилцох замаар кино урлагийн байгууллагууд болон сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар болсон юм.
"Бээжин-2022" олимпын наадамд ОУХМ Б.Ачбадрах гүйлтийн цанын төрөлд оролцож, 65 дугаар байр эзэлсэн. Тэгвэл Б.Ачбадрахын өвлийн олимпын нээлтийн үеэр түүний өмссөн дээл, малгайг Олон улсын олимпын хорооны музейд авах хүсэлт тавиад байв. Улмаар Б.Ачбадрах энэхүү хүсэлтийг хүлээн авч, эх орондоо ирэхийн өмнө дээл, малгайгаа тус музейн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Олимпын наадамд оролцсон Монголын тамирчдын хувцсыг үндэсний үйлдвэрлэгч “Michel & Amazonka” компани урласан юм.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэг олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны үе үеийн удирдлагуудыг цагдан хорьсон.
Тэгвэл АТГ-аас Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Д Б.Чойжилжалбуу, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчиж зээл олгосон, авсан зээлээ зориулалт бусаар ашигласан гэх үндэслэлээр цагдан хорих саналыг Нийслэлийн прокурорын газар болон шүүхэд гаргажээ. Нийслэлийн прокурорын газраас шүүхэд ирүүлсэн саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцжээ.
-Яллагдагч Б.Чойжилжалбууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг ...дарамталсан, ...сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн түүнд 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
-Харин яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэрчийг ....дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Капитал банкны битүүмжилсэн хөрөнгийг хураах шийдвэр гарсан.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Капитал банкны битүүмжлэгдсэн хөрөнгө дотор үйлчилгээний объект 44 ширхэг, үнэлгээ 52.4 тэрбум, мөн 1.9 тэрбумын үнэлгээтэй долоон үйлдвэр байгаа. Түүнчлэн 32 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 46 орон сууцыг битүүмжлээд байна. Мөн 82 ширхэг нэгж талбарын дугаартай, 26.6 тэрбумын үнэлгээтэй газар, 2.3 тэрбум төгрөгийн дөрвөн ширэг зоорь хураасан. Мөн баригдаж дуусаагүй 656 сая төгрөгийн үнэлгээтэй гурван барилга, пермийн барилга, агуулах, гарааш, нийтдээ 195 ширхэг барилгыг хурааж аваад байна. Эдгээр барилгыг ЭМДЕГ, НДЕГ-т хувааж өгөх болно. Энэ ажлыг ойрын хугацаанд хийж дуусгана. Мөн өр барагдуулахад 49 тэрбум төгрөг дутаж байгаа. Эл хөрөнгийг нээж илрүүлэх, улсын хохиролгүй болгох ажлыг цагдаагийн байгууллага хийнэ” гэсэн юм.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчийг монголчууд зодож дарамтлан, концесс эзэмших эрхээсээ татгалз гэж сүрдүүлсэн хэрэг гарсан талаар жиргэсэн билээ. Тэрбээр уг асуудлаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байх үеэрээ тайлбар өгөхдөө “Энэ бол 2021 онд үйлдэгдсэн хэрэг. Одоогоор хэргийг прокурорт шилжүүлж, шүүхэд шилжүүлэх шатандаа явж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч иргэнийг Улаанбаатар хотын төвөөс автомашинд нь хоёр хүн сууж хотын зах руу гарч байгаад эрх чөлөөнд нь халдаж, зодож, улмаар концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардаж, гарын үсэг зуруулаад, түүнийгээ Төрийн ордны шуудангаар концесстэй холбоотой байгууллага руу явуулсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, замын концесс эзэмшдэг компанийг концессоосоо татгалзахыг сүрдүүлсэн. Үүнд гадаадын иргэд бас давхар холбогдож шалгагдаж байгаа. Бид ингэж гадаадын хөрөнгө оруулагчдын эрхэд халддаг, айлган сүрдүүлдэг, Монгол Улсад оруулж ирэхийг хориглодог байдал сүүлийн 10 жилийн хугацаанд хэрээс хэтэрсэн. Уг байдлыг таслан зогсоох ёстой” гэсэн юм.
Олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын жин, зайд медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгодог.
Энэ онд тамирчдын урамшуулалд нэг тэрбум 848 сая төгрөг зарцуулах тооцоотой. Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах хөрөнгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг тус хорооны даргад даалгажээ.
Шадар сайд С.Амарсайхан “Эрдэнэс Медипас” эмнэлгийн хувьчлалын талаар мэдээлэл өгөх үеэрээ
“Эрдэнэт Медипас” эмнэлгийн хувьчлалыг цуцалж, Эрүүл мэндийн яаманд шилжүүллээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлаар өнгөрсөн хугацаанд хийсэн бэлтгэл ажил, хийсэн судалгаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Засгийн газрын тэргүүн танилцуулсан. Энэ хүрээнд “Эрдэнэт Медипас” эмнэлгийн барилгыг ойрын хугацаанд хүлээж авна. Тус эмнэлгийг хувьчилж авсан цагаас хойш Эрдэнэт үйлдвэрээс нийтдээ 12.7 тэрбум төгрөгийг энэ эмнэлэг авсан байдаг. Ингээд буцагаад 6.6 тэрбум төгрөгийг эмнэлгийн төлбөр гээд үйлдвэр рүү шилжүүлсэн асуудал байна. Мөн өнгөрсөн хугацаанд хувьчилж авсан байгууллагад нь буцааж өгөх шаардлагыг хүргүүлэхэд 30 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхгүй бол эмнэлгийг буцааж өгөхгүй гэдэг асуудал яригдсан. Төр өмчөө хулгайд алдаад буцаагаад хуулийн дагуу авахдаа төлбөр төлөх асуудал байж болохгүй. Тийм учраас бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, Төрийн өмчит тус эмнэлэг буцаж ирэхээр болж байна” гэв.
Монгол Улсын Хөгжлийн банкны ажлын явцын мэдээлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаарх мэдээллийг өчигдөр Хөгжлийн банкны удирдлагууд танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад холбогдох хариултуудыг өгөв. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нартай 55 удаагийн уулзалт хийж 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ:
-“Томоохон зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгах, ханшийн хөрвөлт хийе төгрөг рүү хөрвүүлэн төлөе зэрэг хүсэлтүүдийг тавьж байна. Чанаргүй зээлийг бид барьцаа хөрөнгөтэй, барьцаа хөрөнгөгүй гэж 2 ангилан авч үзэж шийдвэрээ гаргаж байгаа. Бидний зүгээс баримталж байгаа зарчим бол барьцаа хөрөнгийн асуудал хүндэрсэн, барьцаа гэх зүйлгүй, зориулалтын бусаар ашигласан бол хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлэнэ. Уурхай, үйлдвэр зэрэг барьцаа хөрөнгөтэй байгууллагуудыг бизнесийн зарчмаар дэмжиж, цаашид ажиллуулахын тулд менежментийн өөрчлөлт хэрэгтэй.” гэв.
2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 24-ний өдрийн хооронд дараах ажлууд хийгдсэн байна.
МУХБ-ны Гүйцэтгэх захирлын тушаалаар Хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж, МУХБ-аас санхүүжүүлсэн нийт 66 зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн зарцуулалт, барьцаа хөрөнгийн чанар, байдлыг газар дээр нь хянан шалгаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хяналт шалгалтын ажлын гүйцэтгэл 75 хувьтай байна.
Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг өнгөрөгч 10 хоногийн хугацаанд МУХБ-нд байрлан ажиллаж байгаа бөгөөд нийт 27 удаагийн уулзалтаар 21 мянган орчим хуудас цаасан суурьт баримт бичиг, 26 мянган хуудастай дүйцэхүйц файл материал, нийт 47 мянга орчим хуудас бүхий баримт бичгүүдийг хүлээлцсэн.
Энэ хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкнаас АТГ газарт болон Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт тухайн зээлдэгч бүрийн хувийн хэрэгт багтаж байгаа баримт бичгүүд болох зээлийн хорооны шийдэр, ТУЗ-ын тогтоол, холбогдох дүгнэлт, танилцуулгууд багтсан нийт 20 мянган орчим хуудас бүхий цаасан суурьт баримт бичгийг хүлээлгэн өгсөн.
Хөгжлийн банкнаас олгосон хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан нийт 52 зээл нь Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэг хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хууль бусаар олгосон эсэх, хахууль авч, төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор дээрх холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлэгчидтэй холбоотой нийт 55 удаагийн биечлэн уулзалт хийсэн. Мөн энэ хугацаанд АТГ-ын мөрдөн шалгах хүрээнд Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчид болон холбоотой этгээдийн 170 орчим дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоож, битүүмжлэн шалгаж байна.
\Монгол Улсын Засгийн газар Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит бус хуралдаан зарлаж, хуралдсан. Тус хуралдааны дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Украинд манай улсын 68 оюутан сурч, 22 иргэн амьдардаг. Одоогоор иргэд маань халдлагад өртөөгүй байна. Бидний зүгээс эдгээр хүнтэй холбогдож, нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмжийг өгсөн. Өнөөдрийн байдлаар 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. Үлдсэн оюутнуудтай холбогдоход, янз бүрийн шалтгааны улмаас эх орондоо ирэх шийдвэрээ гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Тус оюутнуудын ихэнх нь төгсөх курс болон хлэний бэлтгэлд суудаг юм байна. Тэгээд шууд эх орондоо хүрээд ирнэ гэхээр буцаад Украинд очиж сургуулиа төгсөх боломжгүй болчихож магадгүй, зарим нь хүнд хэцүү байдалтай байхад нь Монгол Улсын оюутнууд бүгд эх орондоо буцах гэж байна гэсэн шалтгааныг хэлж байна.
Харин бид дахин оюутнуудтайгаа холбоо барихад эх орондоо ирье гэдэг саналыг хэлсэн. Гадаад харилцааны яам сарын өмнөөс Украинд эрсдэлтэй, нөхцөл байдал хүндэрвэл оюутнуудаа хэрхэн татан авах талаар эрсдэлийн төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Одоогоор Украины нисэх буудал нь ажиллахгүй, олон улсын нислэгээ цуцалсан байна. Бид эхний ээлжид хоёрдугаар сарын 26,27-ны нислэгт 21 суудал захиалсан байна. Тэгээд оюутнуудынхаа зардал мөнгөний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Мөн зургаан оюутныг ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй тохиолдолд харин газраар ирэх буюу Польш Улсаар дамжуулж авах арга хэмжээг авч байна" гэх мэдээлэл өгсөн юм.
ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Капитал банкны хөрөнгийг хураах шийдвэр гарч, Хөгжлийн банкны асуудлаар 20 албан тушаалтныг чөлөөлж, Украинаас иргэдээ татаж авах гэж “үймсэн” ДОЛОО ХОНОГ |
|
2024-12-11 13:15:32
2024-12-11 11:38:18
2024-12-11 11:16:58
2024-12-11 11:16:53
2024-12-11 10:57:24
2024-12-11 10:35:47
2024-12-11 09:49:34
2024-12-11 09:02:28
2024-12-11 09:00:00
2024-12-11 08:36:26
2024-12-11 08:14:14
2024-12-11 07:00:05
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 06:00:00
2024-12-11 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |