• Өнөөдөр 2024-05-03

БЯМБААГИЙН НАЙЗУУД: Бид бол хамгийн галзуу найзууд

2022-03-04,   720

      Б.Сод-Эрдэнэ, Д.Үүрийнцолмон, А.Ренчиндаваа гурав хоёр наснаасаа эхлэн дотно нөхөрлөж, хамтдаа хичээл, дугуйландаа явдаг үй зайгүй найзууд. Тэд нэгэнтэйгээ ноцолдож, биесээ үүрч дүүрч, уурлуулж, гомдоож, басхүү аргадсаар арав гаруй жил найзалж яваа. Нэг нь жаахан дуу муутай бол нөгөө нь шулуун шударга, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, харин үлдсэн нэг нь хөгжилтэй зүйлс ярьж найзуудыгаа инээлгэдэг гэсэн. Гурван өөр ертөнц мөртлөө найз гэсэн ганцхан утгад нэг ертөнц мэт нэгдэн нийлж, “Найзтайгаа байхад хэзээ ч уйдахгүй” хэмээн ярих тэднийг “Бямбаагийн найзууд” нэвтрүүлгийнхээ тав дахь дугаарын зочноор урилаа. Бидний яриа "Winner" жүдогийн академи дээрээс эхэлсэн юм.

-ТЭДНИЙ СОНИРХОЛ-

-Сайн байна уу, юуны өмнө та гуравт энэ өдрийн мэнд хүргэе, хэзээнээс жүдогоор хичээллэх явах болсон тухайгаас яриагаа эхлэх үү?

   -Б.СОД-ЭРДЭНЭ: Бид гурав нийт гурван дугуйланд явж байсан. Спортын төв ордонд хоёр жил, Цагаанбаатар академид хоёр сар явж байгаад, одоо "Winner" клубэд явж байна. Одоогоор Д.Үүрийнцолмон бид хоёр шар бүстэй байгаа.  Харин А.Ренчиндаваа бол ногоон бүстэй, жүдогоор хичээллээд дөрвөн жил болж байгаа болохоор бид хоёрт мэх зааж өгч, их тусална, хамтдаа бэлтгэлээ хийнэ.

 -А.РЕНЧИНДАВАА: Би жүдогоор хичээллээд таван жил болж байна. Жүдо академид хоёр жил, "Шинэ бадрах" дэвжээнд гурван жил, Цагаанбаатар академид хоёр сар суралцаад, одоо Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг багшийн "Winner" академид суралцаж байна.

 -Д.ҮҮРИЙНЦОЛМОН: Спортын төв ордоны жүдогийн клубэд хоёр жил суралцаад, Цагаанбаатар академид хоёр сар яваад, одоо мөн Одоогоор нэг барьцтай болон хоёр барьцтай өчиг гэсэн хоёр мэх сурсан байгаа.

-Мөн морин хуурын дугуйланд явдаг гэсэн. Ер нь та гурвын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

   -Б.СОД-ЭРДЭНЭ: Өглөө босоод хичээлээ хийгээд, өдөр хичээлдээ явах бэлтгэлээ хийж, долоо хоногийн хоёр өдөр дугуйлантай байдаг. Тухайлбал, пүрэв гарагт жүдогийн клуб ордог бол баасан гарагт морин хуурын дугуйландаа явдаг. Бусад үед харин хичээлдээ анхаарлаа хандуулдаг. Морин хуурын дугуйланд Д.Үүрийнцолмон бид хоёр хамт суралцаж байгаа.

 -А.РЕНЧИНДАВАА: Миний хувьд мөн хоёр найзтайгаа адилхан, ихэнх цагийг хичээлээ хийж өнгөрүүлдэг. Өдөр 13:30 цагаас хичээлдээ яваад, 18:00 цагт хичээлээ тарж, гэртээ очоод, гэрийн даалгавраа хийдэг. Зарим үед хичээл ихтэй байвал өглөө үлдсэн даалгавраа хийгээд явдаг. Аль болох хичээл, дугуйлангаа хослуулж, сайн суралцахыг хичээдэг.

 -Д.ҮҮРИЙНЦОЛМОН: Би мөн Б.Сод-Эрдэнэтэй хамт морин хуурын дугуйланд явдаг. Тэгээд хичээлдээ яваад, жүдогийн академид хоёр найзтайгаа хмат явдаг. Хичээлийнхээ хажуугаар долоо хоногт хоёр удаа дугуйланд явна. Мөн сургууль дээрх давтлага, сургалтдаа сууна өдөрт завгүй өнждөг. Хичээл ороод, найзуудтайгаа уулзаж, дугуйландаа явах сайхан байна.

  Ийнхүү тэдний сонирхол ижил төдийгүй, бие бялдар болон урлагаар өөрсдийгөө хөгжүүлэхээр дугуйлан, клубд хамрагдаж байгаа тухайгаа ярилаа. Аав, ээжийнх нь хувьд тэднийг гэртээ ухаалаг утас оролдож цаг хугацааг өнгөрүүлэхээс илүүтэй жүдогийн дугуйланд явж, морин хуурын дугуйланд явуулсан нь тэд хичээлийнхээ хажуугаар бусад зүйлсийг хийх цагаа хувиарлахаас гадна давхар биеэ даах чадварт суралцаж байгаа нь энэ аж.

-НӨХӨРЛӨЛ-

   Анх тэд хоёр настайгаасаа эхлэн найзалсан бөгөөд үеэлүүд гэнэ. Анх найзалж, нэгнийгээ харж байсан тухайгаа тэд "Хоёр настай жаахан байхдаа нэгнийгээ харж байсан болохоор "Энэ хэн бэ" гэж гайхаж байсан.Тэгээд л хамт тоглож, хамтдаа сургуульд суралцсан" гэсэн юм. Түүнээс хойш арав гаруй жилийн хугацаанд нэгэнтэйгээ дотно найзалсан байна. Үргэлжлүүлэн найзтайгаа хамт юу хийдэг, найзыгаа санахаараа ямар байдаг талаар ярилцлаа.

-Хамтдаа байхаараа юу хийдэг вэ. Хамт байхдаа хийж байсан дурсамжтай, хөгжилтэй зүйлээсээ ярьж өгөөч?

   -Б.СОД-ЭРДЭНЭ: Хамт байхдаа гадуур гарч кино үзнэ, хоол иднэ, тоглоом тоглоно. Бид гурав хамт гадауур гарахаар Д.Үүрийнцолмон найз маань бид хоёрт хөгжилтэй зүйлс ярьж, инээлгэдэг. Алхаж явахад зөндөө инээдтэй юм ярьж, бид гурав хамт элгээ хөштөл гудамжинд инээдэг. Ер нь байнга инээдтэй зүйл ярьж, асуулт асууна. А.Ренчиндаваа бид хоёр ихэндээ жаахан сонсож байгаад, сүүлдээ залхаад тоохгүй, тэгэхээр Д.Үүрийнцолмон жаахан уурлана. Заримдаа "Чи жаахан дуугүй байж болох уу" гэж бид хоёр гуйдаг. Гэхдээ хааяа найзыгаа санахаараа хөгжилтэй ярьсан зүйлийг нь үгүйлж, найзынхаа яриаг сонсох юм сан гэж боддог.

  -Тэгвэл найзтайгаа удаан уулзахгүй байж байгаад санаж байсан тохиолдол бий юу?

-Б.СОД-ЭРДЭНЭ: Хөдөө явсан үед жаахан санадаг. Найзгүй байх хамгийн уйтгартай байдаг. Хэдийгээр дүү  болон аав, ээж, гэр бүлийнхэн минь байсан ч найзтайгаа байхаар илүү хөгжилтэй, сонирхолтой байдаг болохоор найзтайгаа удаан уулзахгүй болохоор их санадаг. Тэгээд утсаар яриад "Чи хэзээ ирэх юм бэ, хурдан ирээрэй, чамайг ирэхээр хамтдаа хөгжилтэй зүйлс хийе" гээд ярьдаг.

 -А.РЕНЧИНДАВАА: Найзтайгаа уулзахгүй болохоор их ганцаарддаг учир өдөр бүр уулзаж, хамтдаа тоглож, хичээлээ хийж, хөгжилтэй зүйлс ярьдаг.

 

 -Д.ҮҮРИЙНЦОЛМОН: Найзуудыгаа байхгүй болохоор тусалж дэмжих хүнгүй болоод ганцаарддаг. Найзтайгаа хамт байхаар хичээл болон бусад зүйлсээ хамт хийдэг, гадуур гарч алхана, тоглоно, инээдтэй зүйл ярьж сууна гээд их хөгжилтэй, гоё байдаг. Харин найзуудтайгаа уулзахгүй удаж, хөдөө явахаар үед нь хурдан ирээсэй гэж хүлээдэг.

Үргэлжлүүлэн тэднээс "Найзыгаа гомдоож байсан уу" гэж асуухад " Хааяа хичээлд дээр очоод өөр хүүхэдтэй юм яриад тоохгүй байхаар нь гомддог. Тэгээд л жаахан байж байгаад гомдсоноо мартчихсан, хамт тоглож байдаг"  хэмээн өгүүлнэ. Балчир жаахан биедээ тэд хэдийн нэгнээ үгүйлж, нэгнээрээ дутдаг найзууд болжээ. Найз, нөхөрлөл гэдгийг бүрнээ таниагүй гэнэн, томоогүй насандаа тэд харин ч чин үнэн, хиргүй тунгалгаар нэгэндээ өмөг, түшиг болж, найз гэж үргэлж хамт байж, хөгжилтэй зүйлс ярьж, хааяахан гомдоож, тэгээд гомдсоноо ч мартаад инээлдэн тоглож явна. Тэдний хариулт бүр үнэн, өөрсдөдөө бодогдсон, мэдрэгдсэн бүхнээ л хуваалцаж байгааг уншигч та ч мөн анзаарч байгаа байх. Үргэлжлүүлэн бидний яриа найз гэж юу болох, найздаа баярлаж явдаг гэх сэтгэлийн үгсээр өрнөлөө.

-Найзынхаа юунд хамгийн их баярлаж явдаг вэ?

   -Б.СОД-ЭРДЭНЭ:  Үргэлж хажууд минь байж, хааяа хүүхдүүдээс "Найзыг минь яаж байна" хэмээн өмөөрч, хамт тоглож, дуртай зүйлсийг минь хийхэд тусалдагт хоёр найздаа баярлаж явдаг. Мөн өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд минь сонсож, уурласан үед минь инээдтэй зүйл ярьж аргадаж, тайвшруулдагт баярладаг. Найзуудтайгаа байхад би хэзээ ч уйддаггүй, жаахан уйдахаараа л найзуудыгаа дуудаж, хамтдаа гадуур гарч, сонин хачин хөгжилтэй зүйлсийг ярьж, хааяа сахилгагүйтэж, ноцолддог. Мөн жүдогийн мэхээ хамтдаа хийж, хамт барилдаж, хаана ч хамт байдаг найзууддаа баярлаж явдгаа дахин илэрхийлье.

   -А.РЕНЧИНДАВАА: Намайг юм ярихгүй байх үед ойлгодог найзууддаа баярлалаа. Би найзуудтайгаа байхдаа өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, хөгжилтэй байдаг. Харин өөр хүмүүсийн дунд орохоороо дуу муутай болдог. Үүнийг найзууд маань мэдэж, намайг ойлгож, хайрладаг. Би ч мөн хоёр найзынхаа шулуун шударга, сэргэлэн цовоо зан чанарыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг.  Бид гурав хамт байхаараа галзуурдаг. Гэнэт орилно, инээлдэнэ, элдэв төрх байдал гаргана. Тэгээд л инээлдэж, элгээ хөштөл инээнэ. Д.Үүрийнцолмон найзтайгаа байхад бол үргэлж инээнэ, бид хоёрыг заримдаа элгээр явуулах гээд байдаг юм.

 -Д.ҮҮРИЙНЦОЛМОН: Миний хөгжилтэй яриаг сонсож, асуултад минь хариулдаг найзууддаа баярлалаа. Хааяа жаахан тоохгүй байдаг ч хоёр найз минь л миний хөгжилтэй яриаг сонсдог. Сонссон, уншсан, мэдсэн зүйлээ найзууддаа ярих гээд би заримдаа бүр яардаг. Маргааш хурдан болоосой, хичээл дээр очоод мэдсэн хөгжилтэй зүйлсээ найздаа ярья гэж бодоод л унтдаг.

   -Том болоод хамтдаа хийхийг мөрөөддөг зүйлээсээ бидэнтэй хуваалцаач?

   -Б.СОД-ЭРДЭНЭ:  Том болоод цагдаа болно гэж боддог. Яагаад гэвэл би цэрэг, хүчний байгууллагад ажиллах сонирхолтой. Тэр ч утгаар жүдогоор хичээллэж, чанга биетэй болохыг хүсэж байгаа. Тэгээд эх орон, ард түмнийхээ эрүүл энх, амгалан байдлын төлөө зүтгэсэн цагдаа болно гэж боддог. Харин найзуудтайгаа хамт лиго тоглоом тоглож, мөнгөтэй болно гэж бодож байгаа.

   -А.РЕНЧИНДАВАА: Дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан жүдочин болно гэж боддог. Тэгээд нэг мэхэндээ дахин унахгүй, унасан ч дахин хүчтэй барилдаж чаддаг тамирчин болохыг боддог. Мэдээж тамирчин болохыг тулд ялж, ялагдаж сурах хэрэгтэй гэж башг минь хэлдэг. Гэхдээ аль болох унахгүйг хичээж барилдаад, эх орныхоо нэрийг өргөсөн мундаг тамирчин болохыг мөрөөддөг. Тэр дундаа Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг шиг тамирчдаас үлгэр дууриалал авч, тэдэн шиг мундаг тамирчин болохыг зорьдог.

   -Д.ҮҮРИЙНЦОЛМОН:  Миний хувьд хөлбөмбөгчин болохыг хүсдэг. Тэгээд мөн эх орныхоо нэрийг гаргасан тамирчин болохыг боддог. Хөлбөмбөг бол миний хамгийн дуртай зүйл. Мөн л спортын хүн болохын тулд жүдогоор хичээллэж байгаа. Спортын хүн ямар төрлөөр хичээллэхээс гадна спортоор хичээллэж, биеэ хөгжүүлж байх нь хамгийн чухал. Энэ ч утгаар жүдогоор хичээллэж, мөн хөлбөмбөг үздэг.

       Нэг ижил сонирхолтой, нэгнийгээ юу л хийнэ хамт хийх хүсэлтэй байдаг ч хүсэл мөрөөдлийг нь асуухад угтаа өөр, өөр сонирхол, мөрөөдөлтэй нь анзаарагдаж байв. Гэхдээ гурван өөр салбарт, мэргэжил эзэмшсэн ч найзуудтайгаа үргэлж хамт байж, хамтдаа дуртай зүйлсээ хийсээр байх болно гэдгээ амлалт болгон үлдээж байлаа. Дээр хэлсэнчлэн тэдний нас найз, нөхөрлөлийн үнэ цэнэ, утга учрыг гүн гүнзгий ухаарч, таних хэмжээнд очоогүй ч тэд хэдийн найзалж, нөхөрлөхийн хөлөг онгоцондоо суусан байгааг уншигч та бидний ярианаас мэдсэн байх. Үүний баталгаа болгож, тэдэнтэй ярилцаж дуусаад, төгсгөлд нь "Найз гэж та гурвын хувьд хэнийг хэлэх вэ" гэж асуухад "Найз гэдэг бол миний хамгийн үнэтэй, үнэ цэнэтэй зүйл" хэмээн нэгэн дуугаар, чин үнэнээсээ хариулсан юм. Нөхөрлөл хэмээн гурвуулаа нийлэн зассан үүрнээс цагаан инээд, гэгээн бодлоороо өдөлж ниссэн тэдний цаашдын зам хиргүй, бат бөх, гэгээн тунгалаг байх болтугай.


БЯМБААГИЙН НАЙЗУУД: Бид бол хамгийн галзуу найзууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188